| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/00952/И |
| Дугаар | 151/ШШ2016/01060 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 151/ШШ2016/01060
| 2016 оны 10 сарын 06 өдөр | Дугаар 151/ШШ2016/01060 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж,
Нэхэмжлэгч: ?
Хариуцагч: ?
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ?, түүний өмгөөлөгч Ш.Дуламжав, хариуцагч ?, түүний өмгөөлөгч Ч.Ням, шүүх хуралдааны нарын бичгийн дарга А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ? шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 онд Улаанбаатар “Тэмүүжин менж” ХХК-д ажиллаж байхдаа анх танилцаад 2008 онд гэр бүл болсон. 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүү Х.Хөгжил төрсөн. Төрснөөс хойш нэг жижиг байшин барьж амьдарсан. Тусдаа гараад Оюу толгойд тэтгэлэгтэй суралцаад дараа нь гар утасны засвар ажлуулдаг байсан. 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр охин Х.Сондор төрсөн. Ингээд охин төрөхөд Солонгос руу гэрээгээр явсан. Манай эхнэр бага охиноо төрүүлээд оёдлын үйлдвэрт ажилд орсон. Ороод утсаа салгачихаад алга болдог байсан. Гэрийнхэн бүгд л өөр хүнтэй болж байх шиг байна гэцгээдэг байсан. Би ажиллах гэрээгээ дуусгалгүй 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Монголд ирсэн. Ирээд хамт байхын тулд байр түрээслээд амьдрах гэж үзсэн боловч хэрүүл маргаан их байсан учраас салсан. 2014 оны намар ? бүх эд хөрөнгөө аваад явсан. Түүнээс хойш тусдаа амьдарсан. Тухайн үед 2 хүүхдээ сайн хүн болгоорой гээд надад үлдээгээд явсан. Би хүүхдүүдээ өөрөө өсгөж байгаа. 2014 оны 10 сараас “Сондор 3 шагай” ХХК гэж компани нээгээд ажлуулсан. Хамтран амьдрагчтайгаа тоног төхөөрөмж оруулж ирэхдээ анх ажлын шугамаар танилцаж байсан. Бүх зүйлээ хамт хийдэг байсан. 2015 оноос хамтарч амьдарсан. Компаниас олсон ашгаараа байшин барьсан. ? намайг хуурч, итгэл алдаж, өөр хүнтэй болсон учраас салсан. Иймд гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч ? шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 онд гэрлэлтээ батлуулж байсан. 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүү Х.Хөгжил төрсөн. Төрөөд нэг сар өөрийн ээж дээр байж байгаад ? очиж амьдарсан. Хадам аавын нэг жижиг өрөөнд хамт амьдардаг байсан. 2012 онд охиноо төрүүлэхэд ? Солонгос явсан. Би охиныгоо 1 жил харж байгаад ажилд орсон. Ажил их байдаг учраас заримдаа оройтож ажилладаг байсан. Заримдаа бүр хонож ажилладаг байсан. ? 2014 онд Солонгос улсаас ирэхдээ, ирлээ гэдгээ ч хэлээгүй байж байгаад ирсэн. Одоо хамт амьдарч байгаа хүүхэнтэйгээ Солонгост танилцчихаад ирсэн. ? бас намайг зоддог байсан. Солонгос явчихсан байхад 2 хүүхэдтэйгээ, хадмуудтайгаа хамт амьдардаг байсан. Намайг тухайн үед ? байхгүй байхад хадмууд хөөгөөд би гэрийнхнийгээ дуудаад гэрлүүгээ явж байсан. Хадам аав архи уучихаарай их муухай авиртай, намайг яаж жаргаж хүүхдээ олсон бэ гэж хэлсэн ч удаа байдаг. Гэр бүл салах болсон шалтгаан бол тэр хүүхэнтэй танилцаад ирснээс болсон. Би салахгүй гэж судсаа хүртэл ханаж байсан. Д.Хүрэлшагай Улаанбаатар хотод найз нартайгаа ажил хийж байна гээд ирдэггүй байсан. Заримдаа би гуйж байж, заримдаа уурлаж байж ирдэг байсан. Ингээд би хоёр хүүхдээ аваад явсан. Гэтэл ? манайд ирээд бөөн зодоон болж байж хүүхдүүдийг маань хүчээр авч явсан. Тэгэхэд хадам ээж намайг хүүхдээ авах гэтэл над руу нулимаад аваад явсан. Одоо хүүхдүүдтэй маань огт уулзуулдаггүй. Сургууль дээр нь хулгайгаар очиж уулздаг. Заримдаа бүр өвдөг сөгдөөд гуйх нь холгүй би хүүхэдтэйгээ уулздаг. Миний охин ааштай, хүү бол их дөлгөөхөн. Тэр хамтран амьдарч байгаа хүүхэн нь миний хүүхдийг яаж байгааг ?мэдэхгүй. ? архи уудаг, архи ууж агсам согтуу тавьдаг гэрт хүүхдүүддээ өсгөмөөргүй байна. Одоо надад найз залуу байгаа. Намайг 2 хүүхэдтэйг мэддэг. Одоо хамт амьдаръя гэдэг. Тиймээс би хүүхдүүдээ өөр дээрээ аваад амьдарч чадна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ? нь ? холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2007 онд гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлэн хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүү Х.Хөгжил, 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр охин Х.Сондор нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн баталгаа /хх 4/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 5/ зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2014 оноос хойш тусдаа амьдарч, өөр гэр бүлтэй болсон, цаашид хэн аль нь хамт амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан арга хэмжээг авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Хүүхдийн асрамжийн хувьд: Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр хүү Х.Хөгжил, Х.Сондор нарыг аав ? асрамжид үлдээж. ? нь хүү Х.Хөгжил, Х.Сондор нарыг төрсөн эх ? хүссэн үед нь уулзуулж байхаас гадна сард хоёроос доошгүй удаа хагас, бүтэн сайн өдрүүдэд төрсөн эх ?г дээр байлгаж байх үүргийг хүлээж эвлэрч, хоёр хүүхдийн асрамжийн үүргээ сайн биелүүлж байхаар харилцан тохиролцсон байна. /хх-39/
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй, мөн нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар, ?, Г? нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүү Х.Хөгжил, 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр охин Х.Сондор нарыг эцэг ?асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, мөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, эрхийг нь хамгаалах үүрэг хэвээр үргэлжлэхийг эцэг ?, эх ?нарт үүрэг болгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.? 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д?олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Эрдэнчимэгт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ