| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0684/Э |
| Дугаар | 714 |
| Огноо | 2019-09-14 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 714
2019 09 19 2019/ШЦТ/714
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
хохирогч З.Эрдэнэцогтын өмгөөлөгч Г.Энхболд,
шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэгсийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагааншувуу овгийн Б.Б д холбогдох эрүүгийн 1903007310328 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Цагааншувуу овгийн Б.Б , 1995 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч ажилтай, ам бүл 7, эцэг, эх эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн 4-1776 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ПЮ.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны 22 цаг 45 минутын үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Засгийн газрын авто баазын хойд талын автобусны буудлын зохицуулдаггүй явган хүний гарцан дээр “Honda Insight” маркийн 07-97 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч З.Эрдэнэцогтыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах ажлаасаа гарч гэр рүүгээ явсан. Чингэлтэй дүүргийн Засгийн газрын авто баазын хойд зам дээр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ жолоодон зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байхад 3 дугаар эгнээний урд талд хар өнгийн жижиг суудлын тэрэг явж байсан. Тухайн үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаа хүн ойрын болон алсын зайнд харагдаагүй. Тухайн үед гарц ойртон ирэхэд би хурдаа хасаж хүн харагдахгүй болохоор нь буцаад хөдлөх үед гэнэт хар машины урдуур хүн гарч ирсэн. Тэгээд шууд зогсоох арга хэмжээ авсан боловч хэтэрхий ойрхон тулаад ирчихсэн байсан учраас мөргөлгүйгээр зогсож амжилгүй мөргөж зогссон. Тэгээд шууд машинаасаа буугаад нөгөө хүн дээр очин хөдөлгөлгүй 103 дуудсан. Удалгүй түргэний машин ирээд авч явсан. Үүний дараа цагдаа нар ирж хэмжилт хийгээд явсан. Хохирогч З.Эрдэнэцогтод 2.630.000 төгрөгийг төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-11/,
Хохирогч З.Эрдэнэцогт нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...зам гарахаар явган хүний гарцаар гарч байтал нэг машин ирж байсан тэгээд л мэдэхгүй. Тэгээд би эмнэлэгт сэргэсэн. Цагдаа хүүхэд л намайг машинаараа дайрчих шиг болсон... ” гэх мэдүүлэг /хх 40-41/,
Гэрч Х.Баасанжав нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 01 цагийн үед манай дүү Ганцэцэг рүү Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс цагдаа яриад аав Эрдэнэцогтыг машины аваарт орсон талаар хэлж мэдэгдсэн. ...Хэрэг болсноос хойш 3 хоногийн дараа замын баруун талын авто засварын газрын камерын бичлэгийг үзэхэд аав Эрдэнэцогт ганцаараа Баянбүрдийн автобусны буудлын явган хүний гарцан дээр явж байгаад машинд мөргүүлсэн байсан. ...машинд мөргүүлснээс хойш түүний эрүүл мэндийн байдал ерөнхийдөө дунд байгаа...” гэх мэдүүлэг /хх 45-46/,
Гэрч С.Галбадрах нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...автобусны буудал дээр байх өөрийн эзэмшлийн ТҮЦ-нд худалдаа хийгээд байж байхад гаднах зам дээр машин мөргөлдөх шиг дуу чимээ гарахаар нь гараад хартал Хонда Инсайт маркийн саарал өнгийн машин гарцан дээр 60 орчим насны эрэгтэй хүнийг мөргөөд газар унагаасан байсан. Мөргөсөн жолооч нь цагдаа хүн байсан бөгөөд мөргүүлсэн хүнийг хөдөлгөхгүй түргэн цагдаа дуудсан. ...машины жолооч ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /хх 51-52/,
Иргэний хариуцагч Ц.Алтангэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би дээрх автомашиныг найз Буян-Өлзийд 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зарсан, гэхдээ машины нэрийг түүний нэр дээр шилжүүлээгүй байсан. Миний хувьд иргэний хариуцагчаар татагдах үндэслэл байхгүй... ” гэх мэдүүлэг /хх 58-59/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 8023 дугаар дүгнэлтэнд: “...З.Эрдэнэцогтын биед духны хөндийн баруун дотор ялтсаас баруун нүдний ухархайн дээд хананаас үргэлжилсэн, 2 талын нүдний хажуу хана, баруун нүдний хажуу хананаас суурь ясны бага далавч руу шүргэсэн хугарал, 2 талын хацар ясны нумын 2 талын чамархай руу үргэлжилсэн хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн доод хана, 2 талын гайморын хөндийн хажуу ханануудын хугарал, хоншоор яс, тагнай дайрсан хугарал, цээжний баруун талд 5, 6, 7-р хавирга, 6, 7-р хавирга хоёрлосон зөрөөтэй хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, няцарсан шарх, баруун тохой, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун өвдөг, зүүн өвдөгт зулгаралт цус хуралт, орчиндоо цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх 62/,
Автотээврийн үндэсний төвийн үндэсний төвийн техникийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дугуйн тоормосны хүчний зөрүү, дугуйн хээний гүний хэмжээнүүд стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Урд салхины шил баруун гарын баганатай ойр хэсгээр цохигдон цацарч хагарсан, урд капот баруун гар талын урд хэсгээр хонхойсон, тээврийн хэрэгслийн дагалдах хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд салхины шил баруун гар талын баганатай ойр хэсгээр цохигдсон цацарч хагарсан, урд капот баруун гар талын урд хэсгээр хонхойсон эвдрэл гэмтлүүдтэй байна. Дээрх эвдрэл гэмтлүүд нь зам тээврийн осол гаргахад нөлөөлөхгүй. Урд салхины шил баруун гар талын баганатай ойр хэсгээр цохигдон цацарч хагарсан, урд капот баруун гар талын урд хэсгээр хонхойсон нь зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Хонда маркийн Инсайт загварын автотээврийн хэрэгсэл шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Тоног төхөөрөмж дээр болон жолоодлого хийн шалгаж үзэхэд уг автотээврийн хэрэгслийн дугуйн тоормос бүрэн ажиллагаатай байна. Урд салхины шил баруун гар талын баганатай ойр хэсгээр цохигдон цацарч хагарсан, урд капот баруун гар талын урд хэсгээр хонхойсон нь зам тээврийн ослын дараа үүссэн эвдрэлүүд байна. Хонда маркийн Инсайт загварын автотээврийн хэрэгслийн дугуйнуудын хээ нь стандартын шаардлага хангаж байна...” гэх дүгнэлт /хх 66-73/,
Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тухайн зам нь голдоо төмөр хашлагатай бөгөөд голоор нь явган хүний гарцтай эсрэг урсгалаас хүн гарч ирж байгаа нь харагдахгүй байсан...” /хх 87-90/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 184/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 95/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 136/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 132/, сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 21/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 3798, 3796 дугаар дүгнэлтүүд /хх 28, 30/, Гэмтэл согог үндэсний төвийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №08410 дугаар өвчний түүх /хх 110-126/, хохирогч З.Эрдэнэцогтын эмчилгээнд зарцуулсан хохирлын баримт /хх 158-166/, хохирогч З.Эрдэнэцогтын эрүүл мэндийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 138-153, 155-157, 172/, хохиролын мөнгө хүлээлгэж өгсөн баримт зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны 22 цаг 45 минутын үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Засгийн газрын авто баазын хойд талын автобусны буудлын зохицуулдаггүй явган хүний гарцан дээр “Honda Insight” маркийн 07-97 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч З.Эрдэнэцогтыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч З.Эрдэнэцогтын “...зам гарахаар явган хүний гарцаар гарч байтал нэг машин ирж байсан тэгээд л мэдэхгүй. Тэгээд би эмнэлэгт сэргэсэн... ” гэх мэдүүлэг /хх 40-41/, гэрч Х.Баасанжавын “...машинд мөргүүлснээс хойш түүний эрүүл мэндийн байдал ерөнхийдөө дунд байгаа...” гэх мэдүүлэг /хх 45-46/, гэрч С.Галбадрахын “...автобусны буудал дээр байх өөрийн эзэмшлийн ТҮЦ-нд худалдаа хийгээд байж байхад гаднах зам дээр машин мөргөлдөх шиг дуу чимээ гарахаар нь гараад хартал Хонда Инсайт маркийн саарал өнгийн машин гарцан дээр 60 орчим насны эрэгтэй хүнийг мөргөөд газар унагаасан байсан...” гэх мэдүүлэг /хх 51-52/, иргэний хариуцагч Ц.Алтангэрэлийн “...Би дээрх автомашиныг найз Буян-Өлзийд 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зарсан, гэхдээ машины нэрийг түүний нэр дээр шилжүүлээгүй байсан. Миний хувьд иргэний хариуцагчаар татагдах үндэслэл байхгүй... ” гэх мэдүүлэг /хх 58-59/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 8023 дугаар дүгнэлт /хх 62/, Автотээврийн үндэсний төвийн үндэсний төвийн техникийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 66-73/, шүүгдэгч Б.Б гийн “...Тухайн зам нь голдоо төмөр хашлагатай бөгөөд голоор нь явган хүний гарцтай эсрэг урсгалаас хүн гарч ирж байгаа нь харагдахгүй байсан...” /хх 87-90/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Ингэхдээ түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүх шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхийг тус тус дурдав.
Хэрэгт хураагдан ирсэн 02447297 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.Б д буцаан олгож, Б.Б гийн №1165831 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч З.Эрдэнэцогтын өмгөөлөгч Г.Энхболд нь шүүх хэлэлцүүлэгт “...хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд одоогоор нэхэмжлэх зүйлгүй...” гэснийг дурдаж, энэ хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул хохирогч З.Эрдэнэцогт нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагааншувуу овгийн Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Б д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Хэрэгт хураагдан ирсэн 02447297 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.Б д буцаан олгож, Б.Б гийн №1165831 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шүүгдэгч Б.Б нь хохирогч З.Эрдэнэцогтод эмчилгээний зардалд 2.630.000 төгрөгийг төлсөн, хохирогч З.Эрдэнэцогт нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН