Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 207/ма2025/00096

 

 

2025 09 09 207/МА2025/00096

 

 

      “““““““гийн нэхэмжлэлтэй,

       хариуцагч Б.”““““““д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 312/ШШ2025/00827 шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “““““““гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.”““““““д холбогдох,

Нэмэлт цалин 10,213,640 төгрөг, 13 дугаар сарын цалингийн зөрүү 479,856 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 15,383,611 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч Б.”““““““ы шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Орхон, хариуцагч Б.”““““““, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг цахимаар, нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “““““““ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:

2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б.”““““““ы жолоодож явсан Тоуоtа-Sai загварын “““““““улсын дугаартай машинд мөргүүлж зүүн талын хөлийн шагай хэсэг, баруун дотор гадна хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан. Ингээд хагалгаанд орж, хадаас хадуулан 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эмнэлэгт хэвтэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажилдаа орсон. Энэ хугацаанд нэмэлт цалин нийт 3020$ буюу 10 509 600 төгрөг, 13-р сарын цалингийн зөрүү 479 856 төгрөг нэхэмжилнэ. Мөн ОХУ-д эмчийн үзлэгт орж, баруун шагайны хоёр ясны хугарал буруу бороолсон гэсэн оноштой болсон. Улмаар эмнэлгийн нарийвчилсан үзлэгийн явцад шагайн үений 2-р шатны артроз оношлогдсон бөгөөд үений мөгөөрс бүрэн гэмтсэн тул хоёр шагайн үений хиймэл үеэр солих мэс засал шаардлагатай болсон. Иймд эмчилгээ, оношилгоо, нөхөн сэргээх эмчилгээний зардал 101 514 рубль буюу 4,359,011.16 төгрөг, нийт 15,383,611.2 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.”““““““ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарын агуулга:

...Нэхэмжлэлээс 479,856 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч бусад хэсгийг төлөхгүй гэсэн. Учир нь би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирлыг төлж байгаа, одоо нэмж мөнгө төлөх ёсгүй. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ мөнгийг төлүүлэхгүйгээр шийдсэн, 101 514 рублийг төлөхийг зөвшөөрөхгүй. Би буруу бороолуулаагүй, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Зам тээврийн осол гаргаж түүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь үнэн. Харин уг гэмтэл буруу бороолж түүний улмаас эрхтэн солиулахад хүргэсэн тийм хүнд гэмтлийг учруулаагүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 312/ШШ2025/00827 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч Б.”““““““аас 14,705,716 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “““““““ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 677,895 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас 231,479 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.”““““““ давж заалдсан гомдолдоо:

…Би 10,509,600 төгрөгийг өгөх ёсгүй гэж болдож байна. Гэмтлийн улмаас гарсан эмчилгээ оношилгоо, нөхөн сэргээх зардал болох 4,359,011,16 төгрөг мөн нэхсэн. Баруун шагайны 2 ясны хугарал буруу боройлсон гэсэн оноштой болсон  гэж байна. Би буруу боройлсонтой холбоотой ямар буруутай гэж, миний хувьд хагалгааны зардал, бүх нэхэмжилсэн мөнгийг өгсөн, энэ хүн гамаа сайн барьж эмчилгээ хийлгэсэн үү, 13 дугаар сарын цалингийн зөрүү болох 479,856 төгрөгийг өгөх үндэслэлтэй гэж үзэж, бусад мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, ажилдаа явж байгаад осолдсон болохоор үйлдвэрийн осол гээд Эрдэнэт үйлдвэрээс цалинг бүгдийг төлөх ёстой. Орчуулагч нь хөндлөнгийн хүн биш. Орчуулагчийн саналыг үнэлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “““““““ нь  шүүхэд  анх 2024 оны 09 дүгээр сард  “ цалингийн зөрүү 3020$ буюу 10,213,640 төгрөг, 13 дах сарын цалин 479,856 төгрөг гаргуулах,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “...нийт хохирол 15,383,611 төгрөг гаргуулах“ тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч Б.”““““““ нь “...нэхэмжлэлээс 479,856 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, бусад хэсгийг төлөхгүй...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

3. Шүүх Б.”““““““аас хохирол 14,705,716 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “““““““д олгож, нэхэмжлэлээс үлдэх 677,895 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Б.”““““““ Тоуоtа-Sai загварын “““““““улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа осол гаргаж улмаар нэхэмжлэгч “““““““г мөргөж  биеийн зүүн талын хөлийн шагай хэсэгт хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан,  уг хэргийг эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэсэн, тэрээр  шүүхийн шийтгэх тогтоолоор төлөх ёстой хохирол 5,816,700 төгрөг төлсөн, шүүхийн шийтгэх тогтоол,  2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ДШМ/44 дугаар магадлалд “...хохирогч цалин олговорт -3020 долларын ханшийн талаарх Монгол банкны ханшийн мэдээлэл хавтаст хэрэгт авагдаагүй тул гаргуулах боломжгүй...” гэсэн дүгнэлт  хийж уг хохирлыг  шийдвэрлээгүй тул  нэхэмжлэгч шаардах эрхтэй.

5. Түүнчлэн нэхэмжлэгч “““““““гийн баруун хөлний  шагайны 2 ясны хугарлын талаар 2024.07.02-ны өдрийн Клиника Эксперт Иркутск ХХК-нийн баталгаат MRI буюу баруун шагайн үеийн компьютер томографын дүгнэлт “...ЯС: гадна болон дотор шагай нь  хугаралын дараа буруу эдгэрэлтийн түвшинд дунд зэргийн гажсан, ясны эдэд хадаасны дараах согогууд байна” гэж тогтоогдсон, мөн  эмч Шобогоров Дмитрий Александровичийн гаргасан зөвлөмжинд ”...эмийн бус болон эмийн эмчилгээ хийлгэх , баруун шагайны 10 дугаар үеийн лазер эмчилгээ хийлгэх” -ийг тодорхой зааснаар  тэрээр 2024 оны 7, 8 дугаар саруудад  зохих оношлогоо,  эмчилгээ  сувилгаа хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан баталгаат MRI -ийн дүгнэлт,  эмч Шобогоров Дмитрий Александровичийн эм зүйн зөвлөмж, Русь сувилал амралтын газрын тодорхойлолт, Клиника Эксперт Иркутск ХХК-ийн эмнэлгийн төлбөртэй үйлчилгээ үзүүлэх гэрээ, эмийн төлбөр хийсэн баримт  зэрэг баримтуудаар нотлогдсон, түүнчлэн цаг хугацааны хувьд Давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэгдэхээс өмнө эмчлүүлсэн, хариуцагчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас дахин эмчлүүлсэнтэй холбоотой гарсан хохирол, эдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тул түүнд учирсан  гэм хорыг хариуцагч арилгах үүрэгтэй.   /хх-ийн 34, 42-44, 58, 76-78, 82 тал/     .

5. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийн хувьд гэмтэл авсан хөлийг хадуулсан боловч бороолж эдгэхдээ зөрүү үүссэн байгаа нь хариуцагчийн буруугаас болоогүй гэж хариуцагч маргасан бөгөөд энэ нь түүний гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул татгалзал үндэслэлгүй... “ гэсэн дүгнэлт хийж,  хариуцагчаас хохирол 14,705,716 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар зохигч өөрөө нэхэмжлэлийн шаардлага, татгалзлалын үндэс болсон нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, шүүх талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй.

 7.Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1.-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж зааснаар ослын улмаас  нэхэмжлэгч  “““““““ гэмтэл авч хөлийн баруун шагайн хэсгийг хадуулсан,  уг гэмтэл нь буруу бороолж эдгэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдлээс болсныг ногтолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул хохиролыг хэмжээг багасгах боломжгүй харин  хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй тайлбар, татгалзлалаа нотолж чадаагүй гэж үзнэ.

8. Иргэдийн төлөөлөгч “...нэхэмжлэгчид учирсан хохирол нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас бий болсон тул хохирлыг гаргуулах нь зүйтэй...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

9. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй  байх тул  хариуцагч Б.”““““““ы шүүхэд гаргасан гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 312/ШШ2025/00827 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.”““““““ы шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй  орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Б.”““““““ы давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,479 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.ҮҮРИЙНТУЯА   

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТТӨР

 

                                                 ШҮҮГЧ                                     Б.ОЮУНЦЭЦЭГ