| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/00832/И |
| Дугаар | 151/ШШ2016/01061 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 151/ШШ2016/01061
| 2016 оны 10 сарын 06 өдөр | Дугаар 151/ШШ2016/01061 | Төв аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, МАН-ын байр “Төв хөгжил” Банк бус санхүүгийн байгууллага /РД:2053845/-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, 29-р байр, 1-р орц, 5 тоотод оршин суух, Цэцэгдалай овогт Ашвааны Уртнасан /РД:НЭ65052500/, Цэцэгдалай овогт Уртнасангийн Навчаа /РД:НЭ89121807/ нарт холбогдох,
зээлийн гэрээний үлдэгдэл 9.873.645 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Төв хөгжил банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Б.Гэрэлмаа, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагч А.Уртнасан, түүний өмгөөлөгч Ш.Дуламжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэгч “Төв хөгжил” Банк бус санхүүгийн байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Уртнасан, У.Навчаа нар нь 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 7.500.000 төгрөгийн зээлийг сарын 5.0 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатайгаар бизнесийн зориулалттайгаар авсан. Дараа нь зээлийн гэрээний хугацааг 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгасан. Тэд авсан зээлийг гэрээнд заасан хувиарын дагуу төлж явах ёстой ч удаа дараа гэрээгээ зөрчиж, манай ажилд хүндрэл учруулж байна. Иймд зээлийн үлдэгдэл 5.609.980 төгрөг, хүүгийн төлөөгүй байгаа үлдэгдэл 3.562.337 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 671.328 төгрөг, урьд нь эвлэрүүлэн зуучлалын албанд төлсөн тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг, нийт 9.873.645 төгрөгийг У.Навчаа, А.Уртнасан нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Уртнасан, түүний өмгөөлөгч Ш.Дуламжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед А.Уртнасан авсан зээлийн төлбөрөө “Төв хөгжил” ББСБ-ын нягтлан Өлзийбуянд өгсөн байдаг. Өлзийбуянгаас мөнгөө авахаар тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж, эвлэрлийн гэрээг байгуулсан байгаа. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй эвлэрх саналтай байна. Үндсэн зээлийн төлбөр 5.609.980 төгрөгийг авсан учраас төлнө. Харин зээлийн хүү хэтэрхий өндөр байна. 3.562.337 төгрөгийн 50 хувийг төлөөд, нэмэгдүүлсэн хүү 671.328 төгрөгийг 50 хувийг төлье, мөн эвлэрүүлэн зуучлалын 30.000 төгрөгийг төлье гэжээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Төв хөгжил” Банк бус санхүүгийн байгууллага нь А.Уртнасан, У.Навчаа нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, мөн эвлэрүүлэн зуучлалд хандсан 30.000 төгрөг нийт 9.873.645 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч У.Навчаа нь А.Уртнасанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу мөн хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан бүхий л эрх үүргийг эдлэх эрхийг итгэмжлэлээр олгосон байна. /хх-23/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүх хуралдааны явцад хариуцагч эвлэрэх хүсэлт гаргасаны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 9.843.645 төгрөгөөс 1.781.168 төгрөгийг хасч, үлдэх 8.092.476 төгрөгийг хариуцагч 3 сард багтаан төлөхөөр эвлэрч, эвлэрлийн гэрээг байгуулсан тул шүүх, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. /хх 47/
Зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Төв хөгжил” Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй, А.Уртнасан, У.Навчаа нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын 9.843.645 төгрөгөөс 1.781.168 төгрөгийг татгалзаж, үлдэх 8.092.476 төгрөгийг 3 сарын дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59.5-д зааснаар нэхэмжлэгч талаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172448 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч А.Уртнасан, У.Навчаа нараас 144429 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төв хөгжил банк бус санхүүгийн байгууллагад буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ