Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 804

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Ганбаатар, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Р.Энх-Оюун, иргэдийн төлөөлөгч П.Баасандалай, шинжээч Ц.Ганболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Л.Батаанарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос З овогт Ц-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908021160665 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

З овогт Ц-ийн Б, Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг Баянхонгор аймаг Богдын ** дугаар багт оршин суух хаягтай боловч , тухайн хаягтай оршин суудаггүй, регистрийн дугаар ****,Урьд:

- Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 02 дугаар сарны 20-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнссэн.

-Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарны 30-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 4 жил, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн  57 дугаар зүйлийн 57.1 дэххэсэгт зааснаар түүнд оногдуулсан 4 жилийн хорих ялыг 7 жилийн хорих ялд багтааж биечлэн эдлэх хорих ялыг 7жилийн хугацаагаар тогтоосон. 2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 276 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 10 сар 19 хоногийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ц.Б нь Д.С-ийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны баруун хойд талд 2019 оны 04 дүгээр сарын 14-ний орой 18 цагийн үед Д.С-ийн шанаан тус газар цохиж унаган дагз ясны шугаман, самалдаг ясны хугарал, дух чамархай, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, дух чамархайн дэлбэнгийн няцралт, дагзны хуйхны цус хуралт, бүхий гэмтэл учруулан алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч З овогт Ц-ийн Б нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний оройн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны баруун хойд талд гудамжинд архидан согтуурч байхдаа амь хохирогч Д.С-той “архины хэрүүл хийж агсамналаа, өөрийг нь цохих гэлээ” гэсэн шалтгаанаар муудалцаж, улмаар шанааруу нь нэг удаа цохиж унаган, түүний бие махбодод “...дагз ясны шугаман, самалдаг ясны хугарал, дух чамархай, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, дух чамархайн дэлбэнгийн няцралт, дагзны хуйхны цус хуралт...” бүхий гэмтэл учруулж, хүнийгалсан”үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Вэст баарны үүдэнд бид нар архи уугаад байж байхад Галя гэх эгч ирсэн. Галя эгч 2 шил 0.75 литрийн хэмжээтэй архи авч өгсөн. Бид бүгдээр 28 дугаар байрны ард очоод 2 шил архиа хувааж уусан. Манай найз Т-аа архи аягалсан. Нэг хүнд 2, 2 хундага ирээд дууссан байх. Талийгаач эхлээд Тамираатай “надад архи ирсэнгүй” гэх шалтгаанаар хэрэлдсэн. Б ах битгий хэрэлдээд байж гэж хэлсэн. Тэнд 11 хүн байсан. Би бүгдийг танина. Би талийгаачийг “би таныг танихгүй юм байна. Та битгий хэрүүл хийгээд бай, зайл” гээд хэлчихсэн юм. Талийгаач намайг “энэ сохор нохойн гөлөг” гэж хэлсэн. Миний уур хүрээд бид хоёр нэлээн удаан хэрэлдсэн. Би тэгээд цохичхоод явсан. Талийгаач саваад унасан нас барна гэж төсөөлөөгүй. Маш их харамсаж байна. Талийгаач эрүүл байсан. Биеэ хариуцах чадваргүй байсан гэдгийг би гайхаж байна. Талийгаач анх ирэхдээ Вэст баарны үүдэнд архи ууж эхлэхээс өмнө Б ахтай “авгайтайгаа муудалцаад ирлээ, ганц юм уучихмаар байна” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг;

2.Хохирогч Б.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би хэргийн талаар 6 хоногийн дараа мэдсэн. Шүүх эмнэлэг рүү очиж цогцсыг таньсан. Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтэс дээр мэдүүлэг өгсөн. Хэргийн талаар камерын бичлэг болон хавтаст хэрэгтээ танилцсан. Камерын бичлэгт бүх зүйл ойлгомжтой байсан. Бидэнд ахыгаа алдсандаа маш хүнд байна. Хууль ёсны дагуу хэргийг шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна. Нэхэмжилж байгаа оршуулгын зардалд баримттайгаар 2,085,760 төгрөг, баримтгүйгээр 3,040,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг;

3.Шинжээч Ц.Ганболдын шүүх хуралдаанд өгсөн: “...Талийгаачийн биеэс илэрсэн согтолтын зэрэг нь согтолтын хүчтэй зэргийн согтолтод хамаарна. Хүмүүсийн бие организмаас шалтгаалаад үйлдэл хийх чадвар нь идсэн хоол хүнс, биеийн жин, архи даах чадвараас хамааран харилцан адилгүй.Хүчтэй зэргийн согтолттой хүн ямар нэгэн тодорхой үйлдэл хийж чадна. Хүчтэй зэргийн согтолттой хүний үйлдэл хийх чадварттодорхой хэмжээгээр өөрчлөлт орох боловч үйлдэл хийх чадвартай байна. Өөрөөр хэлбэл,хүний эсрэг хариу үйлдэл хийж чадна гэсэн үг. Хүчтэй зэргийн согтолттой хүн өөр лүү нь дайрахад хамгаалах үйлдэл хийх чадвартай байдаг. Шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтэл нь арагш дагзаараа савж унахад үүсэх боломжтой. Цусан дахь промилл нь 2.5-3 хүртэл байвал согтолтын хүчтэй зэрэгт хамаардаг. Согтолтын зэрэг ньбага, дунд, хүчтэй, хүнд гэсэн дараалалтай байна...”гэсэн мэдүүлэг;

4. Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 07 цагийн үед байрны гаднах хогоо хамж яваад тэр хүнийг харсан, наах нь талд нь очоод хөөе босооч гэхэд ерөөсөө хөдлөхгүй байсан. Тэгээд цагдаа дуудсан. Урд өдөр нь 16 цагийн үед байх нар дээр байхад манай байрны баруун хойд талд нэлээн олон хүн байсан. Нэлээн орой 22 цаг өнгөрч байхад би 31 дүгээр байрны жижүүр Жавзаагийн хамт ирж үзэхэд нэг хүн байсан. Яг доошоо харсан чигтээ аягүй чангаар хурхираад унтаж байсан. Тэгээд өглөө нь харахад яг оройны байрлалаар хэвтэж байсан....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32-33 дугаар хуудас),

            5.Гэрч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын эхээр яг өдрийг нь санахгүй байна. Хархорины Пирамид төвийн гадаа Магнай, Пүүжээ хоёртой таараад хамт дэлгүүр орохоор явж байгаад Пирамидын баруун талын дэлгүүрийн тийшээ талийгаач дээр явж очсон.Тэгээд байж байтал миний зүс таньдаг С, Д, Т Б бас нэг танихгүй хүүхэн, нэг зүс таньдаг өндөр залуу Поло баарны цаанаас тойроод гарч ирээд бид 4 дээр ирсэн. Тэгээд бид хэд мөнгөө нийлүүлээд 2 шил архины мөнгө болгоод КРС-ийн ар талд байдаг дэлгүүрээс 2 шил архи аваад хойшоо 12 давхар байрны ард орж архиа уусан. Эхний 1 шил архиа ууж дуусаад байж байтал талийгаач залуу, М-тай маргалдаад байсан, учир нь тэр хоёр нэг нутаг усны хүмүүс гэж байсан. Гэтэл П ах тэр хоёрыг битгий хэрэлдэж маргалдаад бай гэж хэлээд хэрүүлийг нь болиулсан. Тэр хооронд бид хэдийн ууж байсан архи бараг дууссан. Тэгээд бид хэд одоо эндээс салцгаая, олуулаа уугаад бөөгнөрөөд байхаар олны анхаарал татаад байна, тарья гээд зарим нь хойшоо, зарим нь урагшаа салаад яах гэж байтал С гэгч, талийгаач залуугийн шанааруу гараараа нэг удаа хүчтэй цохиод газар унагасан.Талийгаач газар унахдаа толгойгоороо газар хүчтэй саваад унасан, түс гээд аймаар хүчтэй савагдаж унасан. Талийгаач С-д цохиулаад газар унаад хөдлөхгүй байсан. Би талийгаачийг хөдлөхгүй байхаар нь нэг очих гэсэн боловч айгаад байсан болохоор ойртолгүй шууд явсан. Нөгөө хэд ч гэсэн тэндээс явсан... миний мэдэхээр С л талийгаачийг цохиж газар савуулж унагасан, бусад хамт байсан хүмүүс миний мэдэхийн зодож цохисон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 40 дүгээр хуудас);

6.Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд архиа хувааж уугаад байж байхад талийгаач агсан тавиад байсан. Тэгээд би талийгаачийг яах гээд агсан согтуу тавиад байгаа юм залуу хүмүүстэй гэсэн. Тэгээд С хүмүүсрүү чамаас айхгүй гэж агсан тавьсан. Тухайн үед миний бие өвдөөд байсан. Тэгээд би доошоо тонгойгоод сууж байсан. Тэгээд гэнэт хартал С хэвтэж байсан. Би яг яаж байгаад унасан талаар бол хараагүй. ...Миний харж байснаар бол С-тэй маргаад байсан. Нэг мэдсэн талийгаач газар хэвтэж байсан. Би тасраад унтсан байна гэж бодсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28 дугаар хуудас);

7.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 945 дугаартай:“...2684 дугаартай дүгнэлтэд цусанд 2.7, шээсэнд 3.1 промилл спиртийн зүйл илрэв. Талийгаачид дагз ясны шугаман, самалдаг ясны хугарал, дух, чамархай, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, дух чамархайн дэлбэнгийн няцралт, дагзны хуйхны цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу арагш савж унахад үүснэ Талийгаачид үхэлд хүргэх өвчин үгүй байна. Дагз самалдаг яс хугарч дух чамархай бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалтын улмаас нас баржээ. Нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ. Цусны 3-р бүлэг байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 79-80 дугаар хуудас);

            8.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх- ийн 3-14 дүгээр хуудас),Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны гаднах камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт диск(хх-ийн 121 дүгээр хуудас);

            9.Шүүгдэгч Ц.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 165 дугаар хуудас), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 95 дугаар хуудас);

            10. Шүүгдэгч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Вест баарны гадаа байж байсан чинь нэг эмэгтэй 0.75 литрийн Монгол гэдэг архи 2 шилийг авч Б, Т, Б, П, А, талийгаач нартай хамт хойшоо явж байрны дунд архиа тойруулаад уугаад сууж байхдаа би талийгаачид хандаад би таныг танихгүй юм байна, та яв гэсэн чинь талийгаач “...чи муу нохойн гөлөг хэн юм бэ, энийг чинь алчих уу М...” гээд Б ахад хандаж юм яриад байсан. Тэр үед би талийгаач руу харсан чинь халаасаа ухаад байх шиг байсан. Би тэр үед чамайг би танихгүй гээд бид хоёр маргаад би баруун гараараа талийгаачийн толгой хэсэгрүү нэг л удаа цохисон чинь талийгаач хойшоо саваад унасан. Тухайн үед миний уур хүрээд л цохисон, гэхдээ үхчихнэ гэж би бодоогүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 93 дугаар хуудас);

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Б нь иргэн Д.С-ийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны баруун хойд талд 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр орой 18 цагийн үед Д.С-ийн шанааруу цохиж унаган алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь хүнийг санаатай алах гэсэн зүйл дээр маргахгүй байгаа. Харин хэргийн хүндрүүлэх зүйл заалт буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэх зүйл заалтад маргаж байна. Хохирогч тухайн үед Б, Б нартай маргалдсан талаарх гэрч А болон Т-ын мэдүүлгийг судаллаа. Хохирогч Б-ийг түлхсэн, цохисон болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдал гэдэг нь тодорхой эсэргүүцэл үзүүлж чадахгүй байгааг хэлдэг. Шинжээч эмчийн хэлж байгаагаар шүүгдэгч нь хүчтэй зэргийн согтолттой байсан. Энэ нь дунд зэргийн согтолтодхамаарна. Хохирогч өөрийн үйлдлийг мэдэж үйлдэх боломжтой. Үүнийг шинжээч эмч тусгай мэдлэгийн хүрээнд ойлгомжтой ярьсан. Хохирогч нь тухайн үед биеэ хамгаалах чадвартай байсан байна. Хүмүүстэй харилцаж, босож явж, хэрүүл хийж байгаа нь өөрийн биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадвартай байсан нь гэрч нарын мэдүүлгээс тодорхой байна. Тиймээс хүндрүүлэх зүйл ангийг хэрэгсэхгүй болгож хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж өгнө үү...” гэв.

 Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдэг ньхохирогч бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй үйлдэл бүхий эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд ойлгож мэдсэн бөгөөд тэрхүү нөхцөл байдлыг далимдуулж буюу зориуд ашиглан хүнийг алсан ухамсарт үйлдлээр илэрнэ.

Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдалд бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалж, хянах чадваргүй нөхцөл байдлыг хамааруулна. Өөрөөр хэлбэл, согтуурсан эсэх, согтуурсан хэр хэмжээг анагаахын шинжлэх ухаанаар тодорхойлох боломжтой боловчхохирогч согтуурсны улмаас идэвхтэй үйлдэл хийх чадваргүй, өөрийгөө хамгаалах боломжгүй болсон нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож, хэргийнүйл баримтад хууль зүйн дүгнэлт өгсний үндсэн дээр тодорхойлох учиртай.

   Хохирогч Д.С нь амь хохирох үедээ хүчтэй зэргийн согтолттой байсан болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 945 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон боловч тухайн хэрэг гарах үед тэрээр идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийж, бусадтай марган агсамнаж, хэрүүл маргаан үүсгэж байсан болох нь гэрч М.Б-н: “...Тэгээд С хүмүүсрүү чамаас айхгүй гэж агсан тавьсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28 дугаар хуудас); шүүгдэгч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би талийгаачид хандаад би таныг танихгүй юм байна, та яв гэсэн чинь талийгаач “...чи муу нохойн гөлөг хэн юм бэ, энийг чинь алчих уу М...” гээд над руу дайраад байсан. Би тэр үед “чамайг би танихгүй” гээд бид хоёр маргаад би баруун гараараа талийгаачийн толгой руу нэг удаа цохисон чинь талийгаач хойшоо саваад унасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 93 дугаар хуудас) гэсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх туламь хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж алсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдсэн болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасангэмт хэргийн хүнийг алсан шинжийг бүрэн хангаж байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02116 0665 дугаартай хэргийн зүйлчлэлийг анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд мөн зүйлийн 1 дэххэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Б-ийг “хүнийг алах” гэмт хэрэгүйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэххэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г нь“...Оршуулгын зардалд зарцуулсан 2,085,760 төгрөгийн зардал нь хууль ёсны нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Б-ээс 2,085,760 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-т олгож, хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтгүй нэхэмжилж буй бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд тусгалаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Б гэмт хэрэг үйлдэхэд амь хохирогчийн зүй бус байдал зохих хэмжээгээр нөлөөлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 88 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсарган хадгалуулах саналтай байна...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 8-15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэлтэй гэмт хэрэг. Шүүгдэгч нь өмнө хоёр удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Шинэ хуулиар ялтай байдал гэх зүйл байхгүй болсон учраас шүүх үүнийг харгалзан үзэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлж болохоор байна. Шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргаагүй. Мөн мэдүүлгүүд нь тогтвортой байдаг. Тиймээс тус зүйл ангийн хорих ялын хамгийн доод хэмжээгээр ял шийтгэж өгнө үү...” гэв.

            2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэх эрүүгийн эрх зүйн ойлголтыг халсан шалтгаан буюу хуулийн үзэл баримтлал нь урьд гэмт хэрэг үйлдэж шийтгүүлсэн ялтай байдал нь дахин үйлдсэн гэмт хэргийн шинжид (хүндрүүлэх) хамааруулж, дахин яллаж байсан зохицуулалтыг хүчингүй болгоход оршино. Харин ялтай байдал гэх хууль зүйн ойлголтыг халсан нь урьд гэмт хэрэг үйлдэж байсан хүн, хуулийн этгээдийггэмт хэрэг үйлдэж байгаагүй гэж үзэх хууль зүйн үр дагавар үүсгэхгүй.

            Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлж болохоор байна...” гэсэн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар арван хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Б нь2019 оны 04 дүгээр сарын 24-өөс 26-ны хооронд сэжигтнээр хоёр хоног, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл наян зургаан хоног буюунийт 88 хоног цагдан хоригдсон байх тулэнэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул түүндурьд авсан “цагдан хорих” таслан арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтолхэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар нэг ширхэг компакт дискийг энэ хэргийг архивдхадгалах хугацаагаар хэрэгт нь хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10,37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2.З овогт Ц-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэххэсэгт заасанхүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.-д арван хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан арван хоёржилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн цагдан хоригдсон 88 (наян найм) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг архивд хадгалах хугацаагаар хэрэгт нь хавсарган үлдээсүгэй.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ээс 2,085,760 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г нотлох баримтгүй бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.

8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.Б-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэххорих ялын хугацааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Б-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА

     ШҮҮГЧИД                                          Г.ГАНБААТАР

                                                                                                            М.МӨНХБААТАР