| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01725/И |
| Дугаар | 207/ма2025/00097 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 207/ма2025/00097
| 2025 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 207/МА2025/00097 |
“““““““ ХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Т.”““““““д холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 312/ШШ2025/00814 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “““““““ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.”““““““д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,471,103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.”““““““ы шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Болортуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болор-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “““““““ны нэхэмжлэлийн шаардлагын агуулга:
...”““““““ овогтой “““““““ нь 2018 оны 12 сарын 27-ны өдөр ЗГ4015107205 тоот зээлийн гэрээ байгуулан 13,800,000.0 /арван гурван сая найман зуун мянган төгрөг/ төгрөг, 60 /жар/ сарын хугацаатай, сарын 1,4% /нэг аравны дөрөв/ хувийн хүүтэй цалингийн зээл авсан болно. Зээлдэгч Т.”““““““ нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 2024 оны 09 сарын 17-ны өдрийн байдлаар 1241 хоног хугацаа хэтэрч, үндсэн зээл 9,800,773.54 /есөн сая найман зуун мянга долоон зуун далан гурван төгрөг тавин дөрвөн мөнгө/-н төгрөг, зээлийн хүү 6,221,559.8 /зургаан сая хоёр зуун хорин нэгэн мянга таван зуун тавин есөн төгрөг наян мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 448,769.73 /дөрвөн зуун дөчин найман мянга долоон зуун жаран есөн төгрөг далан гурван мөнгө/, нийт 16,471,103.07 /арван зургаан сая дөрвөн зуун далан нэгэн мянга нэг зуун гурван төгрөг долоон мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд “““““““ овогтой “““““““аас 16,471,103.07 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагийн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:
Т.”““““““ нь 2020 онд орцондоо унаад бэртэл авсан. Үүнээс болж дух нь цөмөрсөн, тархиндаа хагалгаа хийлгэсэн. Түүнээс хойш баруун хөл, гар саажилттай, ярих, ойлгохын хэлгүйдэл гэсэн оноштой, толгой нь маш их өвддөг. Бидний хэдэн найзууд илүүчлээд болгож байдаг. Харж хандах өөр хүн байхгүй. Зээл авсан нь үнэн. 2021 оны 05 дугаар сараас эхлэн хугацаа хэтэрсэн байна. Анхнаасаа хууль, дүрмийнхээ дагуу явсан бол ийм их хэмжээний хүү, алданги бодогдохгүй байсан гэж бодож байна... гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00814 шийдвэрээр:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., 208 дугаар зүйлийн 208.6.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т.”““““““аас 10,559,462,74 төгрөг гаргуулан “““““““ны Орхон салбар Пирамид тооцооны төвд олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,911,640 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,306 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.”““““““аас улсын тэмдэгтийн хураамжаар 183 901 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “““““““ны Орхон пирамид тооцооны төвд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Т.”““““““ давж заалдсан гомдолдоо:
…Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний авсан зээл “““““““ ХХК-нд даатгалтай байсан. Энэ талаар намайг хэлэхэд ач холбогдол өгөөгүй. “““““““аас гэрээгээ авах гээд өгөөгүй. Би хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, эмч нарын комиссын дүгнэлттэй. Энэ талаар бие даан өөрөө хөөцөлдөх чадваргүй. Энэ байдлыг ашиглан “““““““ болон “““““““ нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж, шүүгчид буруу ойлголт төрүүлж хэргээ ашигтайгаар шийдвэрлүүлсэн. Би 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлээ авахдаа зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс зээл төлж дуусах хүртэл 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хойшлуулсан. Гэтэл ач холбогдол бүхий гэрээг “““““““ болон “““““““ гаргаж өгөөгүй иргэн намайг хохироосон. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэр дээр огноо андуурч 2024 гэж бичигдсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “““““““ ХК тус шүүхэд зээлийн гэрээний үүрэгт 16,471,103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Т.”““““““ “...зээл авсан нь үнэн, бэртэж гэмтээд асаргаанд байсан, гэнэтийн ослын даатгалын гэрээний дагуу явсан бол ийм их хэмжээний хүү, алданги бодогдохгүй байсан...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.
3. Шүүх хариуцагч Т.”““““““аас 10,559,462,74 төгрөг гаргуулан “““““““ны Орхон салбар Пирамид тооцооны төвд олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,911,640 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Т.”““““““ нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 13,800,000 төгрөгийг сарын 1,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан, 2021 оны 05 сараас эхэлж гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч банкнаас 2023 оны 10 сард мэдэгдэх хуудсаар зээлийн төлбөр нийт 10,151,951 төгрөг төлөхийг мэдэгдсэн, зээлийн гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сард дууссан, зээлдэгч хаягандаа байхгүй байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаснаар 2024 оны 04 дүгээр сарын 16-ны №612 шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн түүнчлэн хариуцагч Т.”““““““ нь 2020 оны 11 дүгээр сард унаж бэртсэний улмаас тархины хагалгаанд орж улмаар хөдөлмөрийн чадвар 70 хувиар алдаж, группд байдаг болох нь тус тус тогтоогдсон байна.
5. Шүүх зээлдүүлэгч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3.4.-д зааснаар гэрээнд заасан үүргээ зөрчсөн, тэрээр хүнд өвчний улмаас группд орсон гэдгийг банк мэдсээр байж зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаагүй, зээлийн хүүг зориудаар нэмэгдүүлсэн гэсэн дүгнэлт хийж зээлийн төлбөрийг нийт 16,471,103.07 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын байдлаар тодорхойлж хариуцагч Т.”““““““аас зээлийн төлбөрт нийт 10,559462,74 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “““““““анд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,911,640 хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болор-Эрдэнэ нь шүүх хуралдааны шатанд “...Зээлийн гэрээ байгуулах үедээ хариуцагч даатгалын Мандал компанитай гэрээ байгуулсан, бичиг баримтаа даатгалын компанид аваачиж өгсөн гэдэг, зээлийн төлбөрийг тус компаниар төлүүлж учрыг олоорой гэж банканд хэлж байсан” гэх тайлбар гаргаж, талууд мэтгэлцсэн боловч хариуцагч гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
7. Иймд хариуцагч Т.”““““““ы гаргасан “...ач холбогдол бүхий гэрээг “““““““ болон “““““““ гаргаж өгөөгүй иргэн намайг хохироосон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00814 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.”““““““ы шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Т.”““““““ давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,306 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ