| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0801/Э |
| Дугаар | 805 |
| Огноо | 2019-08-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 805
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа, улсын яллагч М.Амарзаяа, шүүгдэгч Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ө овогт Т-ын Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908026100931 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар 27-ныөдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ө овогт Т-ын Х, Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, эмэгтэй, 28 настай, тусгайдунд боловсролтой, ойжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг, Тавин гудамжны *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч ам бүл дөрөв, нөхөр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны **** тоотод түр оршин суудаг,регистрийн дугаар ***,урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
ШүүгдэгчТ.Х нь согтуугаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хадам ээж болох С.С-ыг “миний хүүг цагдаад барьж өглөө, чи манайхаас зайл” гэж агсам тавилаа гэх асуудлаас үүдэн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны *** тоотод үсдэж, гараараа нүүрэн тус газарт нь цохиж, хөл рүү нь өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь баруун зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус хуралт, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, духны баруун хэсэг, зүүн бугалга, баруун мөрөнд цус хуралт, баруун өвдөг, баруун гуянд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Ө овогт Т-ын Х нь2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны *** тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “миний хүүг цагдаад барьж өглөө, манайхаас зайл гэж хэллээ” гэсэн шалтгаанаар хамт амьдарч байсан хадам эх С.С-ны нүүр лүүгараараа цохиж, хөл рүү нь өшиглөж,түүний бие махбодод“...баруун зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус хуралт, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, духны баруун хэсэг, зүүн бугалга, баруун мөрөнд цус хуралт, баруун өвдөг, баруун гуянд зулгаралт...”бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1.Шүүгдэгч Т.Х-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;
2.Хохирогч С.С-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр намайг гэртээ байхад манай бэрийн ээж С, төрсөн эгч С нар нь С аймгийн Бугант сумаас ирсэн. Тэгээд дэлгүүрээс архи дарс, пиво аваад ууцгаасан. Тэгтэл манай дүү Г-тэй эхнэр нь болох Х хэрэлдсэн байсан. Х цагдаа дуудаад цагдаа нар хүүг минь аваад явсны хойно манай бэр Х намайг зодож ийм болгосон байна. Намайг үсдээд, татаж байсныг санаж байна. Миний 2 нүд хавдаж, толгой хөшиж өвдөөд байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7-8 дугаар хуудас),
3.Гэрч Т.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С нь манай дүү Х-г муусайн гуйлгачин гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл Х тэсэлгүй, очоод үсдэж аваад нүүр лүү нь цохиж, зодоод байхаар нь би салгаад ээж, дүү, ах нарыгаа аваад гэрээс нь гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10дугаар хуудас),
4.Гэрч Ё.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай худ С нь хүү Г-тэй архи булаацалдаад, Г нь уурлаж агсам тавиад, гэрийнхээ юмыг тараагаад байсан болохоор Х цагдаа дуудаад нөхрийгөө өгөөд явуулсан. Тэгтэл худ С нь агсам тавиад, охин Х-г доромжлоод байсан. Х хадам ээжийгээ үсдэж, нүүр лүү нь цохиж зодсон. С тэднийг салгаж авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12 дугаар хуудас),
5.Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С нь өөрөө эхлээд Х-г хэлэх, хэлэхгүй үгээр доромжлоод байсан болохоор Х хадам ээжийгээ зодсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14 дүгээр хуудас),
6. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийнхүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5495 дугаартай “...С.С-ны биед баруун зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус хуралт, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, духны баруун хэсэг, зүүн бугалга, баруун мөрөнд цус хуралт, баруун өвдөг, баруун гуянд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 18 дугаар хуудас),
7. Шүүгдэгч Т.Х-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 30 дугаар хуудас), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 40 дүгээр хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 31 дүгээр хуудас), эд хөрөнгөтэй эсэхийг шалгасан дэлгэрэнгүй лавлагаа (хх-ийн 32 дугаар хуудас), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 33 дугаар хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 34 дүгээр хуудас);
8. Шүүгдэгч Т.Х-ийн яллагдагчаар өгсөн: ”...Тухайн өдөр би хадам эхийгээхөдөөгөөс ирсэн манай ээж С, эгч С,хүргэн Б нарын хажууд агсам тавиад, хэл амаар доромжлоод байхаар нь зодсон нь үнэн. Өмнө нь зодож байгаагүй, харин ам мурийж, муудалцах асуудал байдаг байсан. Харин сүүлд тэвчээр алдаад л зодчихсон юм. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28 дугаар хуудас) зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.С-ны биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Т.Х-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч С.С-ны биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Хохирогч С.С нь шүүгдэгч Т.Х-ийн хадам эх бөгөөд гэмт хэрэг гарах үед тэд хамт амьдарч байсан байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Т.Х нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан” гэж үзэх үндэслэл болж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчилнэ.
Хохирогч С.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ агсамнаж, бусдыг доромжилсон нь энэ гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон байх боловч шүүгдэгч Т.Х-ийн хадам эхийгээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүйг дурдах нь зүйтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Х-г“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч С.С нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Х-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байгааг тус тусэрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээгхоёр сарын хугацаагаар авах саналтай байна...” гэв.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ял дээр нэмж нэг сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээрбусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ө овогт Т-ын Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-д хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Т.Х нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Х-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж, нэг сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Х-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА