Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 151/ШШ2016/01093

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 151/ШШ2016/01093

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Угтаалцайдам сум 2-р баг, Асгат уушиг 2-р гудамж 12 тоотод оршин суух, 28 настай, Боржигон овогт Ганболдын Золзаяа /РД:НТ89090609/,

            Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ууганбат нь 2013 оны 8 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хот Тахилтад 2 айлын газар зарна гээд Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд өргөдөл өгсөн байгаа, кадастрын зураг нь гарсан гэж хэлээд 6 сая төгрөгийн 3 сая төгрөгийг бэлнээр 3 сая төгрөгийг дансаар шилжүүлж авсан. Бид авсан газар дээрээ хашаа барихаар очсон боловч “Номин” ХХК-ийн газар гээд хүмүүстэй маргалдсан тэгээд М.Ууганбаттай холбогдоод газраа буцаагаад мөнгөө буцааж авахаар болсон. Уг нь холбогдоод мөнгийг маань өгнө гэдэг. Сүүлдээ утсаа авахаа больсон. Гэр орон аав ээж, эхнэртэй нь ажил болон гэрийн хаягаар нь “Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 16-р хороо Согоотын 20-р гудамжны 280 тоот, Сэлэнгэ аймаг, Мандал сум, Хэрх 4-р баг, Холбоо толгойн 2-17 тоотод” очиж уулзсан. Эхнэр Хишигбуян нь Улаанбаатар их дэлгүүрийн худалдагч хийдэг. Ар гэрийнхэн нь очиж уулзахад хэлэхгүй нуугаад байдаг. Өнөөдрийг хүртэл газар ч байхгүй, мөнгөө ч буцааж авч чадахгүй байна. Иймд М.Ууганбатын хаана байгааг мэдэхгүй, 91115085 дугаарын утас нь холбогдохгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.  

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Г.Золзаяа нь М.Ууганбатыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Ууганбат болох нь мөн Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 16-р хороо Согоотын 20-р гудамжны 280 тоот, Сэлэнгэ аймаг, Мандал сум, Хэрх 4-р баг, Холбоо толгойн 2-17 тоотод тус тус оршин суух хаягийн бүртгэлтэй боловч тус хаягтаа оршин суудаггүй нь тус сумын Засаг даргын тодорхойлолт, Сэлэнгэ аймаг, Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 998 дугаар захирамжаар  нотлогдон тогтоогдож байна.

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Боржигон овогт Мягмарсүрэнгийн Ууганбат /РД:МИ82032433/-г эрэн сурвалжилж, мөн зүйлийн 155.4-т зааснаар түүний оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Төв аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Боржигон овогт Мягмарсүрэнгийн Ууганбат /РД:МИ82032433/-г эрэн сурвалжилсугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Төв аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

            3. Боржигон овогт Мягмарсүрэнгийн Ууганбат /РД:МИ82032433/ нь Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 16-р хороо Согоотын 20-р гудамжны 280 тоот, мөн Сэлэнгэ аймаг, Мандал сум, Хэрх 4-р баг, Холбоо толгойн 2-17 тоотод оршин суудаг, 96000230, 91115085 дугаарын утастай, 5032425409 дугаарын данстай, эхнэр Хишигбуян нь Улаанбаатар их дэлгүүр костюмын худалдагч ажилтай болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУУЛ