| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/00414/И |
| Дугаар | 207/ма2025/00099 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 207/ма2025/00099
2025 09 11 207/МА2025/00099
“““““““ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Х.”““““““т холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00920 шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “““““““ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.”““““““т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 29,075,055 төгрөг гаргуулах, “““““““ ХХК-ийн урд гудамж 00 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн “““““““дугаартай 90мкв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баатархишигийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баатархишиг, цахимаар, хариуцагч Х.”““““““, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“““““““ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:
2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Х.”““““““т 30,0 сая төгрөгийн зээл олгож, Орхон аймаг Баян-Өндөр сум 2-р баг, “““““““ХХК-ийн урд гудамж 0 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн “““““““дугаартай 90 мкв талбайтай авто зогсоолыг барьцаалсан.Х.”““““““ нь зээлээс 7,479,840 төгрөгийг төлж үлдэгдэл 22,520,160 төгрөгийг төлөхгүй хугацаа хэтэрсэн. Иймд хүү 4,734,938 төгрөг, алданги 1,819,957 төгрөг нийт 29,075,055 төгрөгийг гаргуулж өгнө үү, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.”““““““ын шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
Нэхэмжлэлээс нийт 13,256,724 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгээс татгалзсан. Би цалингаа суутгаад явж байсан, ээлжийн амралтын мөнгө, томилолтын зардал авах ёстой... гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 312/ШШ2025/00920 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х.”““““““аас 17,859,957 төгрөг гаргуулан “““““““ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,215,098 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч төлбөрийг сайн дураар төлөхгүй бол “““““““ ХХК-ийн урд гудамж 0 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн “““““““дугаартай 90 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,326 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.”““““““аас 247,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “““““““ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч Д.Баатархишиг давж заалдсан гомдолдоо:
Тус шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч “Сод Монгол Групп” ХХК- ийн гаргаж өгсөн хариуцагчийн цалинг 2,380,000 төгрөгөөр тооцож байсан, хөдөлмөрийн гэрээнд мөн 2,380,000 төгрөг гэж тусгасан байх ба Х.”““““““ нь тус байгууллагад 2024 оны 8 дугаар сарын 02-ныг хүртэл ажиллаад хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх тул энэ хүртэлх хугацааны цалин бодогдсон гэж үзэв” гэжээ. Тухайн үед үндсэн цалин хөлсийг 1,900,000 төгрөг гүйцэтгэлийн үр дүн урамшуулалаас хамаарч нэмэгдлийг 20 хувиар хүртэл олгохоор тохиролцсоныг шүүхээс буруу дүгнэсэн. Мөн тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дахь хэсэгт талууд нэг сард 1,5 хувийн хүүг тохирсон байх ба 30,000,000 төгрөгийн 6 сарын хүү 2,700,000 төгрөг болж байна. Хариуцагчийн нэг сарын сарын цалин 2,380,000 төгрөг байх ба 6 сарын цалин нийт 14,280,000 төгрөг, үүн дээр ээлжийн амралтын цалинг 2,380,000 төгрөгөөр бодоход нийт 16,600,000 төгрөг олгох ёстой. Нийт зээл 30,000,000 төгрөгөөс 16,660,000 төгрөгийг хасахад 13,340,000 төгрөг үлдэх бөгөөд 6 сарын хүү, 2,700,000 төгрөг, алданги 1,819,957 төгрөг нийт 17,859,957 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ” гэсэн нь үндэслэлгүй. Учир нь зээлийн гэрээний хугацааг 6 сараар тооцож буй огт үндэслэлгүй талууд анх зээлийн гэрээг бичгээр байгуулахдаа эцсийн хугацааг 2025 оны 2 дугаар cap дуусах хүртэл тохиролцсон. Мөн хариуцагчийн нэг сарын цалинг буруу тооцсон буюу нэрлэсэн цалин хөлснөөс суутгагдах нийгмийн даатгалын шимтгэл 26 хувь, хувь хүний орлогын албан татвар 10 хувь зэргийг хасаж тооцоололгүйгээр дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарыг хүртэл зээлийн гэрээний дагуу зээлийн хүү болон алдангийг тооцож хариуцагчаас нэхэмжилж байхад шүүхийн зүгээс үндэслэлгүйгээр буюу зээлийн хүү алдангийг 2024 оны 08 дугаар cap хүртэл тооцож буй нь үндэслэлгүй. Учир нь хариуцагчийн хувьд хөдөлмөрийн чадвартай, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой бөгөөд цалин орлогоосоо зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээний хамгийн гол нөхцөл болох эргэн төлөлтийн хуваарийг талууд харилцан тохиролцож баталгаажуулсан байдаг. Шүүхийн зүгээс дээрх байдлаар үндэслэлгүй дүгнэлт хийснээс улбаалан нэхэмжлэлийн шаардлагаас 11,215,098 төгрөгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт гомдол гаргах үндэслэл болж байна. Хариуцагчийн 2024 оны 2 дугаар сард 441,381.85 төгрөг, 3 дугаар сард 571,200 төгрөг, 4 дүгээр сард 571,200 төгрөг, 5-р сард 571,200 төгрөг, 6-р сард 571,200 төгрөг 7-р сард 678,516 төгрөг нийт 3,404,697 төгрөгийг ажилтны нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн. Хариуцагчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбогдуулж маргадаггүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.т зааснаар давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “““““““ХХК нь “Зээлийн гэрээний үүрэгт 29,075,055 төгрөг гаргуулах, “““““““ ХХК-ийн урд гудамж 00 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн “““““““дугаартай 90мкв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Х.”““““““ “...нэхэмжлэлээс нийт 13,256,724 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгээс татгалзсан. Би цалингаа суутгаад явж байсан, ээлжийн амралтын мөнгө, томилолтын зардал авах ёстой...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.
Шүүх хариуцагч Х.”““““““аас 17,859,957 төгрөг гаргуулан “““““““ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,215,098 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Х.”““““““ нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Зээлийн тухай гэрээ” байгуулж, 30,000,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээл авсны дараа 2024 оны 8 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөнөөр уг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон байна.
Шүүх хариуцагч Х.”““““““аас зээлийн төлбөр нийт 17,859,957 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрөөс биш анх авсан зээл 30,000,000 төгрөгнөөс зээлийн хүүг тооцсон, ээлжийн амралтын мөнгийг шууд 2,380,000 төгрөг гэж тус тус тооцсон нь буруу байна.
Хариуцагч Х.”““““““ нь 2024 оны 8 сард ажлаас чөлөөлөгдөх үед түүнд олгогдох цалин, ээлжийн амралтын цалин олговорт хэдэн төгрөг олгогдсон, зээлийн төлбөрөөс хэдэн төгрөг суутгасан зэрэг нь тодорхойгүй байх тул хариуцагчийн гаргасан “...миний 8 сарын цалин, томилолтын зардал,ээлжийн амралтын мөнгийг авах ёстой ч зээлэнд суутгасан, гарахдаа санхүүгийн тооцоо хийгээгүй” гэх тайлбар, татгалзлалыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй тул 15,360,550 төгрөг үндсэн зээлийн төлбөрийг 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар буюу 8 сарын зээлийн төлбөр бүрэн төлөгдснөөр тооцож тэрээр зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 15,360,550 төгрөгийн үлдэгдэлтэй, энэ үеэс зээлийн төлбөр төлөгдөөгүйгээс үүргийн зөрчил үүсч эхэлсэн гэж үзэхээр байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дуусгавар болсон, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрөөс зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг 2024 оны 8 сараас хойш 6 сараар тооцоход зээлийн хүүгийн төлбөрийг 1,382,449 төгрөгөөр, харин 2025 оны 1 дүгээр сар хүртэл алдангийн хэмжээг тооцоход нэхэмжилж буй 1,819,957 төгрөгнөөс илүү байх тул алдангийг нэмж гаргуулах үндэслэлгүй тул зээлийн төлбөрт нийт 18,562,956 төгрөг /15,360,550+1,382,449+1,819,957төгрөг/-ийг хариуцагч Х.”““““““аас гаргуулж нэхэмжлэгч “““““““ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,512,098 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс хариуцагч Х.”““““““аас зээлийн төлбөр нийт 29,075,055 төгрөг гаргуулахаар нэхэмжлэхдээ үндсэн зээлийн үлдэгдлийг 22,520,160 төгрөг гэж тооцсон нь баримтаар тогтоогдохгүй, мөн 8 сарын зээлийн төлбөрийг хэрхэн хасч тооцсон нь тодорхой бус энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Баатархишигийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол “...шүүх хариуцагчийн 6 сарын цалин нийт 14,280,000 төгрөг, үүн дээр ээлжийн амралтын цалинг 2,380,000 төгрөгөөр бодоход нийт 16,600,000 төгрөг олгох ёстой. Нийт зээл 30,000,000 төгрөгөөс 16,660,000 төгрөгийг хасахад 13,340,000 төгрөг үлдэх бөгөөд 6 сарын хүү, 2,700,000 төгрөг, алданги 1,819,957 төгрөг нийт 17,859,957 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ” гэсэн нь үндэслэлгүй, цалингаас суутгагддаг татварыг хасч тооцоогүй, 2025 оны 1 сар хүртэлх хугацааны зээлийн хүү, алдангийг нэхэмжилсэн байхад 2024 оны 8 сар хүртэл тооцсон нь буруу, хариуцагч нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбогдуулж маргадаггүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...”-ын зарим хэсгийг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00920 шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.”““““““аас зээлийн нийт төлбөрт 18,562,956 төгрөг гаргуулан “““““““ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,512,098 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,
Шийдвэрийг 3 дахь заалтанд “...247,250 төгрөг” гэснийг “...183,144 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баатархишигийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,392 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ