Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 107

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Шүүгдэгч: С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914002080152 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, Урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, С.Ц

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.Ц нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ноён нэртэй кароакед Д.Уг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч С.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2019 оны 02 дугаар сарын 08-нд У, И, У, Н бид нар хамт Ноён караоке руу 2 цаг аваад дуулаад 1 болоод У яваад өгсөн...Тэгээд надтай маргаад үг хаяад байсан. нөгөө хүүхдүүдийг нь би за болгоомжтой явцгаа гээд гаргасан. Өрөөнд У, И, Н бид 4 үлдсэн. Тэгээд У над руу хэл амаар дайраад байхаар нь би нэлээн удаан суусан. Тэгээд би гэнэт уурлаад босож ирээд Уг гараараа нүүр рүү нь 1 удаа цохиод газар унахаар нь дээрээс нь шанаа хэсэг рүү 2 удаа дэвссэн. Тэгээд Н намайг аваад гарахаар нь би яваад өгсөн. У намайг цохиогүй би түүнийг уурлаад цохисон. гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ц мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч Д.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би гэрээсээ Ц намайг ирж авсан. Тэгээд У, И, Н, Ц бид 5 хамт Ноён караоке руу орсон. Тэгээд тэнд бид нар 1 шил 0.75 литрын архи авч уусан. Тэгээд У яваад өгсөн. Ц тэнд хүмүүстэй маргалдаад байсан. Тэгээд тэрнээсээ болж Ц бид 2 маргасан. Би Цыг боль гэж гэсэн. Тэгээд би караокены өрөөнд сууж байхад Н, И, Ц бид 4 байсан. Тэгтэл Ц намайг гараараа миний шанаа руу 1 удаа цохисон. Тэгээд газар унахад дээрээс олон удаа өшиглөсөн. Тэгээд би ухаан алдсан. Нэг сэрэхэд караокены өрөөн дотор И ганцаараа надтай хамт байсан. Н Ц 2 байгаагүй. Тэгээд И бид 2 эмнэлэг рүү явсан. тэр өдөртөө Цтай дахин уулзаагүй... Би гомдолгүй. Эвлэрлийн гэрээ байгуулсан. Нэхэмжилсэн зардлаа бүрэн авсан. гэх мэдүүлэг /хх-ийн 50-53/

4. Гэрч М.Иын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

… Тухайн өдөр би найз Ц, У, Цын найз охин Н 3-ыг би Дунд захаас орой 21 цаг өнгөрч байхад очиж авсан...Тэгээд Ц, У 2 бие биенийхээ өөд өөдөөс тулаад босоод зогссон байхаар нь би “маяглаад бай боль” гээд салгаж суулгасан. Тэгтэл удалгүй гэнэт Ц босож ирээд Уг гараараа нүүр хавьд нь нэг удаа цохисон. У тэгтэл 'ямарч мэдрэлгүй газар унасан. Ц дахиад цохих гээд очихоор нь би салгасан. Намайг Цыг холдуулах гээд салгаж байх хооронд Ц Угийн нүүр рүү нь 3-4 удаа хөлөөрөө дэвссэн. Тэгээд Цыг би холдуулсан чинь Н Цын аваад гарсан. Тэр 2 эргэж орж ирээгүй шууд явсан. Би Уг сэргээх гэж нилээн удсан. Тэгээд би Уг сэргээгээд эмнэлэг явья гэсэн чинь У эмнэлэг явахгүй гэрт хүргээд өг гэхээр нь би гэрт нь хүргэж өгсөн. Зодоон болоход Ц, У, Н бид 4 караокены өрөөнд байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/

5. Гэрч У.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Ц Уг гараараа эхлээд 1 удаа цохисон чинь У газар унасан. Тэгэхэд нь Ц Угийн дээрээс 2-3 удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /54-55/

6. Гэрч Г.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... би цааш 03 номерын өрөөнд ороход маргаж байсан 2 залуугийн 1 нь нөгөөдөхөө унагаачихсан дээрээс нь толгой орчимд нь өшиглөсөн ...гэх мэдүүлэг /58-59/

7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 132 дугаартай шинжээчийн:

1. Д.Угийн биед тархи доргилт баруун нүдний ухархайн доод, урд дээд хана болон хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, чамархай, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 15-16/ болон хавтаст хэргийн 65-68 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч С.Цын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 45-49 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч С.Цын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 84-85 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Иймд шүүхээс шүүгдэгч С.Ц нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ноён” нэртэй кароакед Д.Уг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Угийн мэдүүлэг, гэрч М.И, У.Н нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 132 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Ийм учраас шүүхээс шүүгдэгч С.Цыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч С.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч С.Цд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Д.У нь нэхэмжлэх зүйлгүйгээ бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч С.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Цын эзэмшлийн Iphone маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч С.Цд буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч С.Ц нь урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан боловч уг торгуулийг төлж ялыг эдэлж дуусан бөгөөд түүнийг урьд нь ял шийтгэгдэж байсан гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өндөр овогт Сангисүрэнгийн Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Цыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан С.Цд хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, зааснаар ялтан С.Ц нь хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч С.Ц нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч С.Цын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч С.Цд хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ