| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2023/01566/И |
| Дугаар | 207/ма2025/00100 |
| Огноо | 2025-09-23 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 207/ма2025/00100
| 2025 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 207/МА2025/00100 |
Г.”““““““гийн хүсэлттэй
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2025/00036 дугаар шийдвэртэй,
Хүсэлт гаргагч: Г.”““““““гийн хүсэлттэй,
Төрөөс Хууль бусаар цагдан хоригдсон хугацааны хохирол 1,920,000 төгрөг, цагдан хоригдож байх хугацааны цалин 2,787,396 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 18,720,000 төгрөг, эрүүгийн хэргийн хохиролд тооцож өгсөн хашаа байшингийн анхны үнэлгээ 35,720,800 төгрөгөөр тооцож, нийт 61,648,196 төгрөг гаргуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг,
Хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.”““““““, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.Болортуяа цахимаар, төрийн төлөөлж Орхон аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ц.Мөнхтуяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу Монгол улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг, Г.Мөнхсайхан, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.”““““““ шаардлагын үндэслэлээ:
.... Иргэн Г.”““““““ миний бие 2015 оны 12 сараас хойш өнөөдрийг хүртэл маш их хохирч сэтгэл санааны хямралаас болж элэгний хавдар өвчтэй болсон. Учир гэвэл иргэн Зандарьяагийн гомдлоор 2015 оны 12 сараас хойш Орхон аймгийн Цагдаагийн газарт Залилах гэмт хэрэг үйлдсэн гэх байдлаар шалгагдаж 2017.08.16-ны өдрөөс хойш 64 хоног цагдан хоригдож 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар бусадтай бүлэглэн хохирчихоод онц их хэмжээний хохирол учруулан залилсан хэмээн буруутгагдаж байсан. Гэвч Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.12-ны өдрийн 119 тоот тогтоолоор Г.”““““““ намайг шүүгдэгч Г.”““““““ын бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх үйлдэлд санаатай хамтран оролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй, Г.”““““““д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож цагаатгасан юмаа. Иймд нэхэмжлэгч “““““““ миний бие Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх заалтын дагуу төрөөс дараах хохирлыг нэхэмжилж байна. Хууль бусаар хоригдсон 64 хоног 64*30000 = 1.920.000 төгрөг, тухайн үед буюу 2017.08.16-ны өдрөөс 2017.10.18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 2.787.396 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөг, 2015.10.21-нээс Эрүүгийн хэрэг үүсгэж 2016.02.24-нөөс таслан сэргийлэх арга хэмжээ авч 2018.10.21-ний өдөр Улсын дээд шүүхийн тогтоол гардан автал таслан сэргийлэн арга хэмжээтэй З жил болсноос үүссэн сэтгэл санааны хохирол 36сар*520,000₮=18.720.000₮, эрүүгийн хэргийн хохиролд тооцож өгсөн хашаа байшингийн анхны үнэлгээ 35,720,800 төгрөгөөр тооцож, нийт 61,648,196 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ням-Очир хариу тайлбартаа:
...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; үүрэгтэй байхаар заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авсан, мөн байгуулсан гэрээг хавтаст хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа нотлон ирүүлсэн гэх боловч гэрээгээр тохиролцсон хөлсийг төлсөн баримт байхгүй, сэтгэл санааны хохирлын хэмжээг тодорхойлсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, бусад нэхэмжилж буй төлбөрийн хэмжээг юунд үндэслэн гаргаж буй нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлд "Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана. гэсэн бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж заасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Орхон аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа авах гэрээ байдаггүй, өмгөөлөгч Г.Шинэбаяр луу шилжүүлсэн зүйл байхгүй тул өмгөөллийн хөлс нэхэмжлэх үндэслэлгүй, Г.”““““““ нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажил хийгээгүй нь нийгмийн даатгалын лавлагаагаар тогтоогддог. Дундаж цалин 3, 4, 5, 6, 7 дугаар саруудад 698,500 төгрөг, 702,000 төгрөг, 691,000 гэх мэт суутгагдсан байна. Ажилгүй байсан хугацааны цалинг яаж тооцсон нь тодорхойгүй, үндэслэл муутай байна. Хэрэгт өгсөн баримтаар тооцохоор 2,787,396 төгрөг гаргах боломжгүй байна. Сэтгэл санааны хохирол 18,720,000 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй. Харин хашаа байшингийн үнэ 35,720,800 төгрөг нь эрүүгийн хэрэг болон цагдан хоригдсон хугацаатай хамааралгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2025/00036 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохиролд 9 477 166 /есөн сая дөрвөн зуун далан долоон мянга нэг зуун жаран зургаан мянган/ төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч Солгой овогт “““““““гийн “““““““д олгож, хүсэлтийн шаардлагаас үлдэх 52 171 030 /тавин хоёр сая, нэг зуун далан нэгэн мянга гучин/ төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал давж заалдсан гомдолдоо:
…Анхан шатны шүүх гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг Г.”““““““гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зөв тайлбарлан хэрэглээгүй байна. Нэхэмжлэгч Г.”““““““ нь нийт 61,647,396 төгрөгийг Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Гэсэн хэдий ч анхан шатны шүүх цагдан хоригдсон 64 хоног цагдан хоригдсон гэм хорын хохирол биш эрүүгийн хэрэгт шалгагдаж эхэлсэн хугацаанаас хяналтын шатны шүүхээс тогтоол гардан авсан хугацаа буюу 2015 оны 10 дугаар сарын 21- ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 7,960,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.”““““““гийн нэхэмжлэлтэй хэрэгт шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134, 135 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг удирдлага болгоогүй нь алдаатай болжээ. Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5 дахь заалтад заасан “энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгождахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байх тул шүүхийн 00036 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гарга гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.”““““““ шүүхэд “...өөрт учирсан гэм хорыг арилгуулахаар төрд холбогдуулан хохирол 61,648,196 төгрөг” гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...өмгөөлөгчийн хөлс төлсөн баримт, сэтгэл санааны хохирлын хэмжээг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх, прокурор Н.Дүүрэнжаргал “...өмгөөллийн хөлс гэж гэрээнд гараар бичсэн боловч шилжүүлсэн баримт байхгүй, хашаа байшингийн үнэ нь цагдан хоригдсонтой хамааралгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэх тайлбар тус тус гаргаж, мэтгэлцсэн байна.
3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хохирол9,477,166 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 52,171,030 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4.Тус аймгийн Прокурорын газраас нэхэмжлэгч Г.”““““““г 2015 оны 10 дугаар сард бусдыг залилах гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэж, 2017, 2018 онд шүүхээр шийтгэгдэж улмаар түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан үйл баримт тогтоогджээ.
5.Төрөөс эрх олгогдсон тусгай ажилтан, байгуууллага эрүүгийн хэрэгт шалгагдаж буй этгээдийг хуулийн дагуу шалгах, хуульд заасан эрхийн хязгаарлалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй хэдий ч зохих журмын дагуу явуулсан ажиллагааны үр дүнд тухайн этгээдийн гэм буруу нотлогдоогүй тохиолдолд дээрх эрхийн хязгаарлалт хууль бусд тооцогдож улмаар үүнээс үүсэх эрх зүйн үр дагаварыг хуульд “хууль бус ажиллагаа”-нд хамааруулдаг. Иргэний хуулийн 498 дугаар 498.4.-т зааснаар тухайн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиодолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй. Харин нэхэмжлэгч Г.”““““““ нь өөрт учирсан гэм хорын хэмжээг нотлох, шүүх гэм хорыг хэдий хэмжээгээр хангах эсэхийг шийдвэрлэдэг болно.
6. Нэхэмжлэгч Г.”““““““ нь өөрт учирсан эд хөрөнгийн болон эдийн бус гэм хор учирсан гэж үзэж “Төрөөс Хууль бусаар цагдан хоригдсон хугацааны хохирол 1,920,000 төгрөг, цагдан хоригдож байх хугацааны цалин 2,787,396 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 18,720,000 төгрөг, эрүүгийн хэргийн хохиролд тооцож өгсөн хашаа байшингийн анхны үнэлгээ 35,720,800 төгрөгөөр тооцож, нийт 61,648,196 төгрөг“-ийг төрөөс гаргуулна гэж тодорхойлжээ.
7.Нэхэмжлэгч Г.”““““““г цагдан хоригдсонтой холбоотойгоор түүнд учирсан хор уршиг, гэм хорын хэмжээг 2024 оны 01 дүгээр 29-ний өдрийн “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ” -гээр гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна гэж тогтоосон нь түүний сэтгэцэд учирсан хор уршиг удаан хугацаагаар үргэлжилсэн гэж үзэхээр байх тул сэтгэл санааны хохирлыг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд арилгуулахаар шийдвэрлэх боломжтой.
8. Шүүх нэхэмжлэгч Г.”““““““д сэтгэл санааны хохирлын хэмжээг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг өдөрт тооцох жишгээр тогтоож шийдвэрлэснээс үзвэл тухайн гэм хорын агуулга нь эд хөрөнгийн шинжтэй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн цагдан хоригдсон болон таслан сэргийлэх арга хэмжээтэй байх үед мөрдөгдөж байсан буюу 2015 оноос 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны хөдөлмөр хөлсний доод хэмжээгээр тооцож нийт 7,960,000 төгрөг, 2 сарын цалин 1,517,166 төгрөгөөр тус тус тооцож, төрөөс гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ гэж үзнэ.
9. Харин эд хөрөнгийн хохирол гэж хашаа байшингийн үнэ- 35,720,800 төгрөг нэхэмжилснийг шүүхээс уг хашаа байшинг тэрээр бусдад Худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн болохыг тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөг төлсөн болох нь нотлогдоогүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас 52,171,030 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
10. Шүүх нэхэмжлэгч Г.”““““““гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3.-т зааснаар онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг, төрийн нэрийн өмнөөс прокурорыг оролцуулсан тул прокурор Н.Дүүрэнжаргалын гаргасан “...шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134, 135 дугаар зүйлийг шийдвэрийн тогтоох хэсэгт удирдлага болгоогүй нь алдаатай болсон, хохирлыг тооцохдоо эрүүгийн хэрэг үүсгэсэн өдрөөс шүүхийн шийдвэрийг хүлээн авсан өдөр хүртэлх хугацаагаар тооцож 7,960,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм
11.Иргэдийн төлөөлөгч “...Г.”““““““д сэтгэл зүйн хохирол болох мөнгийг төрөөс гаргах нь зүйтэй. Бусад нэхэмжлэл шаардлага хангахгүй гэж үзэж байгаа тул олгох шаардлагагүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасан бол прокурор Н.Дүүрэнжаргал нь “...нэхэмжлэгчийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж таслан сэргийлэх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нь тогтоогдож байгаа учир сэтгэл санааны хохирол болох 18,720,000 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэх тайлбарласан болохыг дурьдав.
12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, эргэлзээгүй талаас нь үнэлж, холбогдох хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2025/00036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, прокурор Н.Дүүрэнжаргалын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал нь давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ