| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 101/2016/06465/и |
| Дугаар | 1810 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 1810
Т.Д-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/05477 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Т.Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Л.Г-д холбогдох
3 816 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Д ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О ,
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч Л.Г-д бэлнээр 1 500 000 төгрөг, дансаар 1 500 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож нотариатаар зээлийн гэрээ байгуулж зээлсэн боловч одоо болтол нэг ч төгрөг өгөхгүй гэрээгээ зөрчиж байгаа учир Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар Л.Г-тай хийсэн гэрээнээс татгалзаж байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсгүүдэд зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 3 816 000 төгрөгийг хариуцагч Л.Г-аас нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Л.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч Т.Д гээс 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дүү Л.Т-д 1 500 000 төгрөгийг өөрийн нэр дээр зээлж өгсөн. Дүү Л.Т 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хүү болох 150 000 төгрөгийг сар болгоны 15-ны өдөр надад өгч би өөрийн биеэр Т.Д д өгдөг байсан. Т.Д гээс 10 хувийн хүүтэй мөнгийг маш олон удаа авч хүүг хангалттай өгдөг байсан. Ингээд Т.Д гээс өөрөө мөнгөний хэрэгтэй болж 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1 500 000 төгрөгийг 0.6 хувийн хүүтэй зээлж авахад (нотариатаар) орж 1 500 000 төгрөгийг (бэлнээр) авсан. Тэгээд 1 500 000 төгрөг бэлнээр өгөхдөө урьд нь авсан 1 500 000 төгрөгийг бэлнээр авсан гэж гарын үсэг өг гэж тулган шаардаж, 1 500 000 төгрөгийн гарын үсэг зуруулж авсан. Ингээд дүү Л.Т-д авч өгсөн 1 500 000 төгрөгийн хүүг нэхэмжлэгч Т.Д д өөрийн биеэр хангалттай авч өгсөн учраас дүү Л.Т гийн өгч байсан 1 500 000 төгрөгийн хүү болох 150 000 төгрөгийн гарын үсэгтэй баримтыг хавсаргав. Өөрийн биеэр авсан 1 500 000 төгрөгийг боломжоороо төлөх хүсэлтэй байгаа гэрээ хийж авсан хугацаа нь ч дуусаагүй байгаа тул бөөнд нь өгөх ямар ч боломжгүй байгааг харгалзаж үзнэ үү. Өөрөө 10 хувийн хүүтэй мөнгөний өрөнд орсон (маш их өртэй) гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Г-аас 3 816 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Д д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Л.Г-аас 76 006 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Д д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Л.Г Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/05477 тоот шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэн эс зөвшөөрч. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлд тус тус заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.
Хариуцагч Л.Г нь дүү Л.Т гээс өгсөн нэхэмжлэгч Т.Д гээс зээлж авсан 1 500 000 төгрөгийн хүү болох 2 250 000 төгрөгийг 2 жил гаран төлж барагдуулсан байдаг. Л.Г гийн дүү Л.Т гийн 1 500 000 төгрөгийн хүү болох 2 250 000 төгрөгийн мөнгө төлсөн нотлох баримтыг шүүх харгалзан үзээгүй байна. Үүнд:
1. Шүүх гэрээгээр тохиролцсон хугацаанд ямар нэг төлбөр төлөөгүй талаар нэхэмжлэгч тайлбарлах ба хариуцагч энэ талаар маргаагүй байна. Энэ үйл баримтын тухай талууд маргахгүй байна гэж дүгнэлт хийсэн байна. Гэхдээ шүүхээс хариуцагч урьд эхэлж зээлж авсан 1 500 000 төгрөгийн хүү болох 2 225 000 төгрөгийг төлснийг шүүх харгалзаж үзээгүй, нотлох баримтыг дутуу үнэлэн дахин төлүүлэхээр шийдснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёр тал мөнгө төлсөн гэж байсныг шүүх анхаарч үзсэнгүй.
Шүүхээс зээлдүүлэгчийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нотлох баримтыг үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхээс хууль зүйн буруу дүгнэлт гаргах үндэслэл болсон байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүшиин 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан тохиолдолд тухайн гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцаах үр дагавартай байна. Зээлийн гэрээгээр шилжүүлсэн 3 000 000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах нь зүйтэй байна гэж үзсэн нь үндэслэл муутай шийдвэр болсон.
2. Хариуцагч Л.Г нь 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ энэ зээлийн гэрээг нэхэмжлэгчийг шүүхэд өгнө гэж бодоогүй, яагаад гэвэл Л.Г анх 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1 500 000 төгрөгийн зээлийг дүү Л.Т-д авч өгсөн. Л.Т гөөс 1 500 000 төгрөгийн зээл авч өгсний дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Л.Г нэхэмжлэгч Т.Д гээс өөрөө 1 500 000 төгрөг зээлэх болоод урд авсан 1 500 000 төгрөгийг нийлүүлж бичиж байна гэхэд нь анзааралгүй дүү зээлсэн мөнгөө өөрөө төлнө гэж бодож 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурснаас л хохирч байна. Би тэр үед юу ч бодоогүй. Намайг хуурч 3 000 000 төгрөг дээр зуруулж, бусдын зээлсэн мөнгийг надаар төлүүлэхээр анхаарч үзэлгүй анхан шатны шүүх шийдсэнд гомдолтой байна. Өөрийн зээлээ л төлнө.
Л.Т нь зээл авсан тухай, зээлийн хүүг нь төлсөн баримтаа шүүхэд өгч, би өөрийн авсан 1 500 000 төгрөгөө өөрөө хариуцна гэсээр байхад шүүхээс анхаарч үзэлгүй, анхан шатны шүүхээс хэргийг үнэн бодитой шийдвэрлэж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзнэ үү. Өөрийн зээлээ л төлнө.
3. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэсэн заалтын дагуу тэдний хооронд хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэрээ байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах боломжтой байсан.
4. Зээлийн гэрээгээр бол зээлээ бодитоор авсан зээл байх ёстой. Хариуцагч Л.Г 1 500 000 төгрөгийг өөрөө гардаж авсан. Дүү Л.Т 1 500 000 төгрөгийг Т.Д гээс зээлж авсан гэдгийг нэхэмжлэгч Т.Д сайн мэдэж байж, ашиг хонжоо олох гэсэн башир аргаар зээлийн гэрээг дахин хийснийг шүүхээс анхаарсангүй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаас үзэхэд нэхэмжлэгч Т.Д гээс хариуцагч Л.Г нь 1 500 000 төгрөг л зээлж авсан нь нотлогдож байхад 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.
Миний бие анхан шатны шүүх хуралд өөрийн биеэр оролцож чадаагүйн улмаас дээр бичсэн нөхцөл байдлыг шүүхэд тайлбарлах боломжгүй байсныг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзнэ үү.
Миний хувьд анхан шатны шүүхээс хэргийг бодитой үнэнд нийцээгүй шийдсэн учраас дахин анхан шатны шүүхрүү буцааж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Ийм учраас дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэн, давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байх боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглээгүй байна.
Хариуцагч Л.Г-д холбогдуулан нэхэмжлэгч Т.Д нь зээлийн гэрээнээс татгалзаж, зээлд шилжүүлсэн 3 000 000 төгрөг олох байсан орлого 816 000 төгрөг, нийт 3 816 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 1 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг нь эс зөвшөөрч маргасан байна.
Талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 3 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээ байгуулагдсан байх ба шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.
/хэргийн 6 дугаар тал/
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1 500 000 төгрөгийг бэлнээр, мөн өдөр түүний нэр бүхий Хас банкны дансанд 1 500 000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн болох нь бэлэн мөнгө хүлээн авсан талаар хариуцагчийн бичсэн тайлбар, орлогын баримт, үндсэн төлбөр хүүд 430 000 төгрөг төлөхөөр тохиролцсон дээрх гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
/хэргийн 4, 5 дугаар тал/
Хариуцагч Л.Г нь нэхэмжлэгчээс 1 500 000 төгрөг авсан, 2014.06.15-ны өдөр дүү Л.Т-д 1 500 000 төгрөгийг авч өгснийг уг зээлийн гэрээнд оруулан бичсэн гэх боловч үүнийгээ баримтаар нотлож чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь бэлнээр 1 500 000 төгрөг авсныг шүүхэд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд харин гэрээ байгуулсан өдөр бэлэн бусаар дансаар шилжүүлсэн орлогын баримтыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй байна.
Хариуцагчийн дүү Л.Т нь нэхэмжлэгчээс 1 500 000 төгрөг зээлж, хүүг нь төлсөн гэх бичгээр гаргасан тайлбар хэрэгт авагдсан байх боловч дээрх гэрээний дагуу шилжүүлсэн 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд хамааралтай болох нь баримтаар нотлогдоогүй байна. Энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээнээс татгалзсан гэх үндэслэлээр хариуцагчид шилжүүлсэн 3 000 000 төгрөгийг буцаан шаардсаныг шүүх хохирол гэж үзэж хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь заалтыг хэрэглэсэн нь буруу болжээ. Хариуцагч зээлийн гэрээний 9-д заасны дагуу сар бүрийн 1-нд 430 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байгаа нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн 3 000 000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны гэрээгээр тохиролцсон 6 хувийн хүүгийн хэмжээгээр тооцон 816 000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар олох ёстой байсан орлого гэж үзэх үндэслэлтэй тул мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иймд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/05477 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Г-аас 3 816 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Д д олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 006 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
С.ЭНХТӨР