Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 116

 

Б.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар магадлалтай, Б.Г-д холбогдох 2222001500166 дугаартай хэргийг Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Отгонбаатарын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, ... овогтой ... Г.

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Б.Ц-ас 2 өрөө байрны төлбөр 40.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүх шүүгдэгч Б.Г-г бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солхыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Отгонбаатар бичсэн эсэргүүцэлдээ “... 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор: “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасан гэмт хэрэг үйлдэж хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүний эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан журмаар өршөөлд хамруулахгүй гэж ойлгон хэрэглэнэ гэсэн тайлбараар хуулийн зохицуулалт нь ямар нэгэн салаа утгагүй ойлгомжтой байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Гторгуулийн ял буюу хорихоос өөр төрлийн ял оногдуулсан байхад давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэжээ.

Мөн Магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Дундговь аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 2023/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгохдоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл заалтыг үндэслэл болгосон, эрүүгийн хэргийг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон гэх боловч өршөөл үзүүлэх тухай хуулийн ямар зүйл заалтыг үндэслэл болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байгаа тул Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн 2023/ДШМ/10 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Дундговь аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 2023/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж хэлсэн саналдаа “... миний хувьд давж заалдах шатнаас Б.Г-д хууль зүйн туслалцаа үзүүлж, өмгөөлөгчөөр оролцсон. Миний үйлчлүүлэгч давж заалдах шатны шүүхэд “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн агуулгаар гомдол гаргасан байдаг. Магадлалаар Өршөөл үзүүлэх хуулийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өмгөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүхээс оролцсон учир хэргийн өмнөх нөхцөл байдал болон тодорхой зүйлүүдийн талаар шүүх дээр маргаж оролцоогүй. Давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн. Өршөөл үзүүлэх тухай хууль бол яллагдагч, шүүгдэгч нарт нэг удаа хэрэглэдэг онцгой хууль бөгөөд шүүх, прокурор хоёр хэрэглэж байгаа. Б.Г- нь яллагдагчаар татагдсан үеэс хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байсан хугацаанд яагаад прокурорын зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж тухайн асуудлыг энэ хүнд ашигтайгаар шийдвэрлэж болоогүй юм бэ гэдэг нөхцөл байдал харагддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөн шалгах ажиллагаанд яллах болон цагаатгах талыг ижил тэгш бүрдүүлэх ёстой. Мөн Үндсэн хуульд “хууль тэгш үйлчлэх ёстой” гэж заасан бөгөөд уг хэрэгт оролцогчийн эрх ашиг зөрчигдсөн нөхцөл байдлын талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна” гэв.

Прокурор О.Сарангэрэл шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Дундговь аймгийн прокурорын газраас хяналтын журмаар гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 07 сараас 11 сарын хооронд 2 өрөө байрны урьдчилгаа гэж 40,000,000 төгрөгийг хохирогч Б.Ц-ыг хуурч бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулж залилж авсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүх Эрүүгийн хууль зөв хэрэглэсэн байна. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байна. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 07 дугаартай тогтоолоор “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасан гэмт хэрэг үйлдэж хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүний эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан журмаар өршөөлд хамруулахгүй гэж ойлгож хэрэглэнэ гэжээ. Давж заалдах шатны шүүх Б.Г-ид холбогдох хэргийг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэлтэй талаар дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу Б.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийг хянав.

Дундговь аймгийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г нь зохиомол байдлыг зориуд бий болгож өөрөө орон сууц барьж байгаа мэтээр танил Б.Ц-ыг хуурч, 40.000.000 төгрөгөөр зарагдаж байгаа орон сууцыг 37.000.000 төгрөгөөр зарна хэмээн залилж үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг хангах, хуульд нийцсэн шийдвэр гаргах замаар хэрэгждэг болно.

Давж заалдах шатны шүүх нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсний улмаас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй байна хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь шүүгдэгч Б.Г нь төрсөн дүү Б.О, хүргэн Ж.Д нарын хамтран эзэмшдэг “Хаан” банк дахь ... дугаартай дансаар 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 3.000.000 төгрөг хохирогч Б.Ц-аас авч ашигласан болох нь /хэргийн 1 дүгээр хавтас 6, 116-120 дахь тал/ “Хаан” банкны депозит дансны хуулгаар нотлогдсон байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5-д заасан гурван жилийн хугацаа өнгөрөөгүй тул прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г-ийг яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

Гэтэл давж заалдах шатны шүүхээс “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заагдсан хөөн хэлэлцэх хугацааг Б.Г-ид холбогдох эрүүгийн хэрэг хүчинтэй байх нөхцөлийг бүрдүүлж заавал шийдвэрлүүлэх санаа бүхий байжээ гэж үзэх үндэстэй” хэмээн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүйгээс гадна хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Түүнээс гадна давж заалдах шатны шүүх нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг Улсын дээд шүүхээс уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тайлбарласан тогтоолоос зөрүүтэй хэрэглэж, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Г-ийн 2019 оны 07 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд үйлдсэн залилах гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үйлчлэлд хамаарахгүй байтал өршөөлд хамаарах мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч мөрдөгч, прокурор, шүүгч хэн боловч хууль дээдлэх зарчмын дагуу хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн заалтыг чанд сахиж хэлбэрэлтгүй мөрдөх үүрэгтэй бөгөөд хуульд заасан журмыг баримтлаагүй, хуулийг зөрчиж гаргасан шийдвэрийг хүчингүй болгох учиртай.    

Иймд Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Отгонбаатар бичсэн эсэргүүцлийг хүлээн авч давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд Б.Г-ид холбогдох хэргийг хуулийн ямар зүйл, хэсгийг журамлан, үндэслэл болгож журамлан хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй, хэт ерөнхий байдлаар дүгнэснийг буруутган тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Отгонбаатар хяналтын журмаар бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

                 ДАРГАЛАГЧ                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                            ШҮҮГЧ                                                    Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                     М.ПҮРЭВСҮРЭН

                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                      Б.ЦОГТ