Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2026/0014

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Монгол Улсын Засгийн газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, танхимын тэргүүн:Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                            Г.Банзрагч

    П.Соёл-Эрдэнэ

    Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                                 Д.Батбаатар

Нарийн бичгийн дарга:                Б.Зэнээмэдрээ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 221/ШШ2025/0027 дугаар шийдвэртэй хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, М.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар, П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, Б.Г, Д.А, Д.Д, Т.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.Түвшинтөгс, Т.Цэрэндагва, Д.Отгонбаяр нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.“К” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Концессын гэрээ цуцлах тухай” *** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Концессын тухай хуулийн 24.2.3, 24.2.4, “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээний 11.2,11.3 дахь заалт, 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн мэдэгдлийг тус тус үндэслэн 1 дэх заалтаар Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концесс эзэмшигч “К” ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан концессын гэрээг цуцалж, 2 дахь заалтаар энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн *** дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын 1 дэх хэсгийн 5 дахь заалт, “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн *** дүгээр тогтоол, “Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн *** дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцож, 3 дахь заалтаар Концессын гэрээг цуцалсантай холбоотойгоор “Д” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “К” ХХК-аас шилжүүлж авах арга хэмжээ авахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Ж, Тагнуулын ерөнхий газар (П.О), Цагдаагийн ерөнхий газар (Ж.Б), Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Ц)-т тус тус даалгажээ.

3.Нэхэмжлэгчээс “...Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” *** дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд албан ёсоор хэрэгжиж байгаа үйл ажиллагаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д “Хууль ёсны итгэл хамгаалах” гэж заасны дагуу Төрийн эрх бүхий байгууллагуудын тогтоол шийдвэрүүд болон гэрээний эрхээр бидний хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой. Монгол улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Концессын гэрээ цуцлах тухай” *** дугаар тогтоолоор гэрээг гэнэт нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцлах шийдвэр гаргасан нь манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлуудыг зөрчиж байна. Уг тогтоолоор “гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй” гэх үндэслэл зааж концессын гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Шийдвэрт хамаарах нөхцөл байдлыг тодруулаагүй. Ямар баримтад үндэслэж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзсэн нь тодорхой бус. Бодит бүх нөхцөл байдалд нийцээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь заалтыг зөрчсөн. Концессын гэрээний 11.2-т “Концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран 2-оос дээш жилийн хугацаагаар төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид хэрэгжих боломжгүй гэж үзсэн тохиолдолд эрх бүхий этгээд гэрээ цуцлах саналыг Засгийн газарт хүргүүлж шийдвэрлүүлнэ” гэж заасныг актын хууль зүйн үндэслэл болгосон байна. Гэрээ цуцлах үндэслэл нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэх үндэслэл эсэх, эсвэл Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалт, Концессын гэрээний 11.2 дахь заалт байсан эсэх нь тодорхой бус байна. Маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэсэн заалтад нийцэхгүй байна.” Концессын гэрээ цуцлах тухай тогтоол гарсантай холбоотойгоор Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаар тогтоолоор баталсан жагсаалтын 1 дэх хэсгийн 5 дахь заалт 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн *** дүгээр тогтоол, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн *** дүгээр тогтоолууд нь эерэг үйлчлэл бүхий Захиргааны актууд байсан бөгөөд эдгээрийг хууль бусаар хүчингүй болгосон. Хууль болон Концессын гэрээний дагуу Концессын гэрээг эрх бүхий этгээд цуцлах эрхтэй бөгөөд Засгийн газар эрх бүхий этгээд биш юм. Гэрээг цуцлах журам баримтлаагүй, хууль ёсны итгэл хамгаалах зарчим зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцлах бол энэ талаар бидэнд урьдчилан мэдэгдэж, зөрчлийг арилгах талаар нэмэлт хугацаа олгож бид гэрээний зөрчлийг арилгах боломжтой байсан. Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн *** дүгээр тэмдэглэлийн 12-т Д аймагт хэрэгжих уул уурхай металлургийн цогцолбор төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гангын үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх төлөвлөгөөг боловсруулан баталж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллахыг Уул уурхайн хүнд үйлдвэрийн яаманд төсөлд шаардлагатай эрчим хүчний дэд бүтцийн асуудлыг судалж үе шаттай шийдвэрлэх арга хэмжээ авахыг Эрчим хүчний яаманд, Үйлдвэрлэлийн барилга байгууламжийн зориулалтаар газар ашиглах эрхийг олгохыг Д аймгийн Засаг даргад даалгасан. Үүний дагуу холбогдох тушаалууд гарч шаардлагатай арга хэмжээнүүд авагдаж байсан. Энэ хүртэлх хугацаанд Засгийн газар Концессын гэрээний эрх бүхий этгээдийн зүгээс биднийг Концессын гэрээний үүргээ зөрчсөн тухай огт мэдэгдээгүй, аливаа зөрчил гаргасан гэж үзээгүй, зөрчил арилгахыг шаардсан зүйлгүй байсан. Харин ч манай хэрэгжүүлж буй төслийг дэмжих үүднээс дээрх шийдвэрүүдийг гаргаж дэмжиж байсан. Бид дээрх эрх бүхий этгээдүүдийн шийдвэрүүдэд итгэж үнэмшсэний үндсэн дээр зардал гаргаж, итгэл үнэмшилтэй ажиллаж байсан. Гэтэл үүнээс хойш Засгийн газар өмнө гаргасан шийдвэрүүдээ үгүйсгэн гэнэтийн шийдвэр гаргасан нь хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Засгийн газар төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах боломжтой өөр хувилбаруудыг шийдвэр гаргахаасаа өмнө судалж үзсэнгүй. Концессын гэрээний 12.1-д гэрээний зөрчлийг арилгах, нэмэлт хугацаа тогтоох, чиглэл өгч биелэлтийг хангуулах, шаардлага хүргүүлэх, арга хэмжээ авах боломжтой буюу Засгийн газар сонгох боломжтой байсан. Засгийн газрын зүгээс Концессын гэрээг анх байгуулсан хууль ёсны зорилгод тохироогүй ба Захиргаа өөрийн эцсийн зорилгод нийцүүлж иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг аль болох бага хэмжээнд хөндсөн шийдвэр байх ёстой. Гэрээнд заасны дагуу Концессын зүйлийг ашиглах явцад бий болсон бүтээгдэхүүн аливаа хөрөнгө нь Концесс эзэмшигчийн өмч байтал тэдгээр хөрөнгүүдийг улсад буцаан аваад байна. Концессын гэрээ цуцалсан эсэхээс үл хамааран манай компанийн хөрөнгийн өмчлөх эрхэнд халдаж буй нь хууль бус юм. Засгийн газрын *** дугаар тогтоолд Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдлийг үндэслэл болгосон. Гэвч тухайн мэдэгдэл нь Захиргааны акт биш бөгөөд эрх зүйн үр дагавар шууд үүсгэхгүй ... гэж;

хариуцагчаас “...Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас холбогдох гэрээ хууль тогтоомжийн дагуу гэрээг цуцалсан. Концессын гэрээний 11.2-т заасан концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаа эс үйлдэхүйгээс хамааран 2-оос дээш жилийн хугацаагаар төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид хэрэгжих боломжгүй гэж үзсэн тохиолдолд эрх бүхий этгээд энэхүү гэрээг цуцлах саналыг Засгийн газарт хүргүүлж шийдвэрлэнэ гэж, мөн гэрээний 11.3-т хэрэв энэхүү гэрээний 11.2-т заасны дагуу Засгийн газрын шийдвэрээр гэрээг цуцлагдсан тохиолдолд нөхөн олговор олгохгүй гэж заасныг үндэслэсэн. Д ТӨХК нь гурван орд газар бүхий ил уурхай үйл ажиллагаа явуулдаг, 2015-2019 онуудад алдагдалтай, 2019-2021 онуудад 3 жил дараалан ашигтай ажилласан. 2021 оны санхүүгийн тайлангаар нийт 432.4 тэрбум төгрөгийн орлого олж 39.8 тэрбумын ашигтай ажилласан боловч 630.9 тэрбум төгрөгийн өртэй, эргэлтийн хөрөнгийн дүн 481.7 тэрбум, эргэлтийн бус хөрөнгийн дүн 143.6 тэрбум, эздийн өмч дүн -5.6 тэрбум төгрөг байгаа нь тус концесс эзэмшигч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, Д ТӨХК-ийг эрсдэлд оруулсныг харуулж байна. Том татвар төлөгчийн газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн битүүмжлэх мэдэгдэх хуудас, мөн өдрийн Нийслэлийн прокурорын газрын 243 дугаар зөвшөөрлийн дагуу, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах газрын мэдэгдлээр компанийн арилжааны банкнууд дахь дансыг битүүмжилсэн. Үүний улмаас үйл ажиллагаа явуулах, ажилчдын цалин хөлс, улсад төлөх татвар төлбөр зэргийг төлөх боломжгүйд хүрсэн. Концесс эзэмшигч нь хуульд заасны дагуу татвар хураамж биелүүлэх үүргээ биелүүлээгүй, дээрх нөхцөл байдлуудын улмаас Концессын тухай хуулийн 24.2.3, 24.2.4 дэх заалтуудыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар бүрэн эрхийн хэмжээ хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн. Мөн гэрээний 2.1.1-т заасан орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жилдээ 3,0 саяас доошгүй тонн төмрийн Х олборлох, 1,5 саяас доошгүй тонн төмрийн хүдрийн хуурай болон нойтон аргын баяжмал үйлдвэрлэх, 2.1.2-т жилд 500 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийг ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, мөн 6.2-т заасан төслийг санхүүжүүлэх зорилгоор дотоодын болон гадаадын санхүүгийн байгууллага болон зээлдүүлэгчээс зээл авах гэж заасан эрхээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомж зөрчиж, Д ТӨХК-ийн нэрээр худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний төгрөгийн болон ам.долларын зээл авч Концесс эзэмшигч өөрийн компанийн данс руу шилжүүлэн авсан үйлдэл нь гэрээний үүргээ зөрчсөнийг тод харуулж байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй хууль бус үйлдлийн улмаас хэн нэгэн этгээдэд хохирол учруулсан цаашлаад улс орны эдийн засаг санхүүд хохирол учруулсан үйлдэл нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд хамгаалагдахгүй гэж үзэж байна. Ажлын хэсгийн дүгнэлт тайлангаар Концесс гэрээний зүйлийн хэсгүүд 2.1.1-2.1.6 хэрэгжилт 75 хувьтай, гэрээний 2.1.2, 2.1.3 дахь хэсгүүд хугацаандаа хэрэгжээгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Мөн Авлигатай тэмцэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай” албан бичгийг үндэслэсэн. Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хангалттай үндэслэл бүрдсэн үйл баримт байгаа болно” гэж тус тус тайлбарлан маргажээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 7, Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3, 24.2.4 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “ ... Засгийн газрын “Концессын гэрээ цуцлах тухай” 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:

5.1.Нэхэмжлэгч “К” ХХК-ийн төлөөлөгч Э.Шээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар дараах давж заалдах гомдлыг гаргажээ. Үүнд:

5.1.1.Концессын гэрээний 11.2-т заасны дагуу Засгийн газрын шийдвэрээр Гэрээ цуцлагдсан тохиолдолд нөхөн олговор олгохгүй” гэж заасан нөхцөл бүрдсэн эсэхийг шүүх дүгнэх шаардлагатай болох юм. Энэ нь Захиргааны хэргийн шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн.

5.1.2.Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч нь дараах байдлаар гүйцэтгэж байсан болно. Х уул, Төмөр толгой, Т оруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жилдээ 3.0 саяас доошгүй тонн төмрийн Х олборлох, жилд 1.5 саяас доошгүй тонн төмрийн хүдрийн хуурай болон нойтон аргын баяжмал үйлдвэрлэх үйлдвэр байгуулах үүргийг биелүүлсэн эсэх асуудалд шүүхээс дүгнэлт өгөөгүй, орхигдуулсан байдаг. Концессын гэрээний 11. 2 дахь хэсэгт заасан “төсөл зогссон, хэрэгжих боломжгүй болсон” гэх нөхцөл байдал үүсээгүй. “К” ХХК-ийн өмчлөлийн тоног төхөөрөмж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүд мөн “Д”-ийн эзэмшил, ашиглалтад хадгалагдаж үлдсэн. Үүний улмаас шүүх маргаан бүхий актыг хянахдаа, нөхөх олговрыг олгохгүй гэх агуулгатай Концессын гэрээний 11.2, 11.3-т заасныг хамтад нь дүгнэж байгаа тохиолдолд нэмж тодруулах зүйлсийн цар хүрээ нь Захиргааны шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байгааг анхаарч үзэхийг хүсье.

5.1.3.Жилд 500 мянгаас доошгүй тонн хoчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих үүргийн гүйцэтгэлийг хангахад өөрөөс хамаарах бүхий л арга хэмжээг авч ажилласан. Монгол Улсын хэмжээнд 160-180 мВт цахилгаан эрчим хүчээр шинэ үйлдвэрийг хангах боломжгүй байсан. Энэ талаар Засгийн газар хүлээн зөвшөөрч байсан тул 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын *** дугаартай тэмдэглэлээр гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, цахилгааны болон газрын асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байдаг. Концесс эзэмшигчээс үл хамаарсан нөхцөл, шалтгааныг Засгийн газар хамтран шийдвэрлэхээр ажиллаж байсан тул Концессын гэрээний 11.2-т заасан “концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаа” үүсээгүй билээ.Хаягдал төмрийг боловсруулах пресс хайчны тоног төхөөрөмжийн угсралт, барилга байгууламжийг 2018 оны 1 сард техникийн комисст хүлээлгэж өгсөн, Төвийн төвлөрсөн халаалтын шугамд 2017.11.03-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Цахилгаан соронзон холигч, хэлбэлзүүлэгч ширээ, зэс талсжуулагч шинээр суурилуулах ажлыг 2019 онд хийж гүйцэтгэсэн зэрэг олон дэд төслийг амжилттай дуусгасан байдаг билээ.

5.1.4.С аймгийн Х суманд орших Т ордоос Х өртөө (Б төмөр зам) чиглэлийн 33.4 км 1520 мм царигтай төмөр зам, ачиж буулгах терминал байгуулах үүрэг биелэгдсэн эсэх талаар шүүхээс ямар нэг дүгнэлт өгөөгүй. Энэхүү төмөр зам, ачиж буулгах терминалын хамт барьж байгуулан Улсын комисст хүлээлгэн өгч, байнгын ашиглалтад оруулсан. Улмаар Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн *** дугаар тогтоолоор энэхүү төмөр зам, ачиж буулгах терминалыг төрийн өмчит “М" ТӨХК-ийн өмчлөлд шилжүүлэн авч үйл ажиллагааг хэвийн явуулж байна.

5.1.5.С аймгаар дайран өнгөрөх олон улсын авто замын Д дөрвөн замын уулзвар хүртэл 95 км хатуу хучилттай авто зам барих үүргийн гүйцэтгэсэн эсэх талаар шүүхээс мөн дүгнэлт өгөөгүй бид авто замыг барьж байгуулан, Улсын комисст хүлээлгэн өгч, байнгын ашиглалтад оруулсан. Энэхүү үүргээ гүйцэтгэж дуусгавар болсон тухайгаа тайлан, мэдээндээ тусгаж эрх бүхий этгээд болох тухай үеийн Үндэсний хөгжлийн газарт хүргүүлж байсан боловч бидэнд хариу өгдөггүй байсан.

5.1.6.С аймгийн Е сумаас Х сумын Т уурхай хүртэл 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам (50 км), өргөтгөл, дэд станц барих үүргийн хүрээнд цахилгаан станцын өргөтгөл хийх, 50 км урттай Цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийг амжилттай хийж гүйцэтгэсэн. Энэхүү үүргээ гүйцэтгэсэн эсэх асуудалд шүүхээс дүгнэлт өгөөгүй. Үүргээ бүрэн гүйцэд биелүүлсэн болохоо уламжилж, холбогдох нотлох баримтыг хүргүүлсэн.

5.1.7.Нэхэмжлэгчид хууль ёсны итгэл хамгаалах зарчим үйлчлэхгүй гэж алдаатай шийдвэрлэсэн нь дээрх гэрээний биелэлтийг дүгнэлгүй орхисонтой холбоотой шүүх нэхэмжлэгч талаас дээр дурдсан гэрээний үүргийн гүйцэтгэл болон үргэлжлэн явагдаж буй ажлын явцын тухай баримт шүүхэд ирүүлсэн байгааг шийдвэртээ огт үнэлээгүй.

5.1.8.Шүүх “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй Концессын гэрээг цуцлахад Засгийн газрын тухай хуулийн 8.7 дахь хэсэг хамаарахгүй бөгөөд энэ тохиолдолд илүү нарийвчилсан зохицуулалттай хуулийг баримтлах ёстой гэж үзэж байна. Концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаа байхгүйг илтгэх бөгөөд нөхөх олговрын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, гэрээ цуцлах процессын дагуу цуцлах учиртай билээ.

5.1.9.Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3, 4, 5, 6, 7 дахь хэсэгт дүгнэсэн үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үндэслэл атал шүүхээс үйл баримтыг дурдаж дүгнэсэн боловч тус үйл баримттай уялдаа холбоогүй дүгнэлтийг 9 дэх хэсэгт хийсэнд гомдолтой байна.

5.1.10.Процессын алдаатай шийдвэрийг хүчин төгөлдөр мэт үзсэн шүүхийн дүгнэлтийн хууль зүйн логик зөрчлийн тухайд шүүх концессын гэрээг цуцлах шийдвэрийг “Засгийн газар” бус “Эдийн засаг хөгжлийн яам” гаргах учиртай талаар дүгнэсэн нь үндэслэлтэй. Маргаан бүхий актаар Концессын гэрээний 11.2 дахь хэсгийг үндэслэж, нөхөх олговор олгохгүй байхаар шийдвэрлэсэн тул шүүхээс нэхэмжлэгчийг хөрөнгө оруулалтын үр өгөөжөө хүртсэн эсэх, зардлаа нөхсөн эсэх асуудлаар дүгнэлт хийх шаардлага үүссэн боловч шүүх дүгнээгүй.

5.1.11.Маргаан бүхий акттай холбогдуулан Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдаас Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагчид хандсан 2022.04.13-ны өдрийн 1/2100 дугаартай “Хариу өгөх тухай” албан бичгээр маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан өгсөн саналдаа ... концессын гэрээний хэрэгжилтэд үнэлгээ хийх, хяналт тавих бүрэн эрхтэй байна гэсэн заалтуудын хэрэгжилтийн хүрээнд гарсан баримтуудаас нотлох баримт бүрдсэн эсэхийг нягтлах,... мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд буюу эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримт, нөхцөл байдлыг гэрээ цуцлах үндэслэлийн нотолгоо болгох боломжгүйг анхаарах, ...Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д нийцүүлэн концесс эзэмшигчид хүргүүлэхийг Б.Жавхлан сайдад даалгахаар өөрчлөн тусгах” гэж санал хүргүүлж байсан нь хууль зүйн үндэслэлтэй. Гэвч хариуцагч нь Хууль зүй дотоод хэргийн сайдаас хүргүүлсэн гурван саналын алийг нь ч хүлээж аваагүй, биелүүлээгүй байгааг анхаарч үзэн, Засгийн газар өөрийн гаргасан алдаатай шийдвэрээ хянан үзэж, дахин шинэ акт гаргах боломж олгож өгөхийг хүсье.

5.1.12.Концессын гэрээний нөхцөл нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр “К” ХХК-д бүтээгдэхүүнээр төлөх ёстой 94 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Концессын гэрээний хүрээний хөрөнгө оруулалтад тооцож, Концессын гэрээнд туссан төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг концесс эзэмшигч хариуцах буюу төрөөс дахин нэмэлт хөрөнгө шаардаж, төсөвт дарамт учруулахгүйгээр төслийг хэрэгжүүлж бүтээн байгуулалт хийгдэнэ. Уг гэрээ 30 жилийн хугацаанд хэрэгжиж, хугацааны эцэст “К” компани концессын зүйл буюу Дийг улсад үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгөх нөхцөлийг тодорхойлсон. Энэ нь концессын “барих-ашиглах-шилжүүлэх” гэсэн төрөлд хамаарах юм.

5.1.13.Концесс эзэмшигч хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд 93.4 тэрбум төгрөг оруулсан байсан нь Концессын гэрээ хэрэгжиж ирсэн хугацаанд нийт 630 гаруй тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн хэмжээнд ирсэн. Энэ нь гангийн үйлдвэр баригдах урьдач нөхцөл буюу уул уурхайн хэсэгт хэрэгжих нэгдүгээр үе шатны ажил бүрэн хэрэгжсэн.Үүний үр дүнд Дийн тайлагнадаг татварын хэмжээ 3 тэрбум төгрөгөөс 80 тэрбум төгрөг болтлоо өссөн нь үргэлж санхүүгийн хүндрэлтэй явж ирсэн компанийн улсад өгөх өгөөжийг үлэмж нэмэгдүүлж, ажлын байрны тогтвортой байдлыг бий болгож чадсан онцгой үр дүнтэй ажил болсон.

5.1.14.Төслийн хоёрдугаар үе шат болох Гангийн үйлдвэр баригдахад 2013 оны Концессын жагсаалтад орсон байсан цахилгаан станцын төслүүд явагдахгүй гацсанаар уг төсөл эрчим хүчний эх үүсвэрийн боломжгүй нөхцөл байдал үүссэн. Үүнийг шийдвэрлэх зорилгоор гангийн үйлдвэр баригдах технологийн замналыг өөрчилж, эрчим хүчний хэрэглээ багатай технологи сонгон шинээр хийлгэж уг ТЭЗҮ-ийг 2021 оны 12 дугаар сард батлуулсан бөгөөд үүний дагуу цаашид нэмж оруулах хөрөнгө оруулалт 507 сая ам.доллар буюу 1.5 их наяд төгрөг байхаар төлөвлөгдсөн байна.

5.1.15.Засгийн газар гэрээг дүгнээгүй, бүх хөрөнгийг хурааж авсан байдаг. Үүний улмаас хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа боловч Шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэж, маргааны үндэслэл бүрт дүгнэлт өгөөгүй нь маргааны нэмж тодруулах зүйлийн цар хүрээ хэт өргөн байгаатай холбоотой юм.

5.1.16.Засгийн газар концессын гэрээ цуцлах шийдвэр гаргахдаа гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийгээгүйгээс урьд гаргасан шийдвэр, хяналт шалгалтын тайлангуудаас зөрүүтэй дүгнэлт хийсэн. Төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан, мэргэжлийн дүгнэлт гараагүй нөхцөл байдлыг шүүх анхаарч үзсэнгүй. Ажлын хэсгийн төлөвлөгөө хугацааны дагуу хэрэгжиж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог бөгөөд хуваарийн дагуу шинэ ТЭЗҮ батлагдсан, Гангийн үйлдвэр байгуулах газар шорооны ажил 2022 оны 2 дугаар улиралд эхлэх хуваарьтай, 2024 оны эцэст барьж байгуулж дуусгах хуваарьтай байгааг шүүх анхаараагүйд гомдолтой байна.

5.1.17.Хуваарийн дагуу хэрэгжиж, хугацаа нь болоогүй байхад шүүхээс “хэрэгжээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Харин Засгийн газар 2020.09.23-ны өдрийн *** дугаартай тэмдэглэлээр төслийг дэмжиж, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаж, “М I” төслийг Шинэ сэргэлтийн бодлогод багтааж, 14 мега төслийн нэгд багтааж, ТЭЗҮ-ийг баталсан шийдвэр гаргасан атлаа газар шорооны ажил эхлүүлэх, үйлдвэрийн нээлтэд бэлдэж байх мөчид өмнө гаргасан шийдвэрээс зөрүүтэй дүгнэлт хийн, зарим үүргийн хугацаа нь болоогүй, ихэнх үүрэг биелэгдсэн байхад “... үүргээ гүйцэтгээгүй” гэж дүгнэсэн нөхцөл байдлыг Захиргааны ерөнхий хуулийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу шалгаж тогтоогоогүй байдаг.

5.1.18.Засгийн газрын өмнө гаргасан шийдвэр, тогтоол, тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгавраа гэнэт өөрчилсөн нөхцөл байдлыг Шүүх хянахдаа, нэхэмжлэгчийг “үүргээ гүйцэтгэсэн эсэх” асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, 75%-ийн биелэлттэй амжилттай хэрэгжиж байсан гэрээг цуцлахад хамтад нь шийдвэрлэх шаардлагатай бусад асуудлыг орхигдуулсан нь маргаан бүхий актыг хянахад шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.

5.1.19.Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтныг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шүүхээр шийдвэрлээгүй, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 33 дахь хэсэгт “нийтийн албан тушаалтан нь авлигын эсрэг хууль, концессын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Засгийн газрын *** дүгээр тогтоолыг үндэслэн ... тус компанид хууль бус эдийн засгийн давуу байдал бий болгосон” гэжээ. Шүүхийн энэхүү дүгнэлт нь Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байгаа мэтээр Мөрдөгчийн мэдэгдлийг үндэслэх хэсэгт дүгнэлт болгосон нь “шүүхээс гэм буруутай эсэхийг тогтоогоогүй” байгаа нөхцөлд үндэслэлгүй юм.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

5.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б гомдолдоо:

5.2.1.Шүүх маргаанд дүгнэлт өгөөгүй, хэргийн нотлох баримтуудыг судлаагүй.Тодруулбал, шийдвэрийн 20 дугаартай хэсэгт (1) Эдийн засаг, Хөгжлийн сайдын албан бичгийг хавсралтын хамт, (2) Мөрдөгчийн мэдэгдлийг, 28 дугаартай хэсэгт (3) Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалыг, 29 дугаартай хэсэгт (4) Ажлын хэсгийн 2019.6.25-ны өдрийн Тайланг болон (5) Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын Ажлын хэсэг байгуулах тухай 268 дугаартай Тушаалыг, (6) 31 дугаартай хэсэгт Д ТӨХК-ийн 2022.7.18-ны өдрийн албан бичиг, (7) Татварын ерөнхий газрын даргын 2022.9.10-ны өдрийн албан бичгийг, (8) АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны даргын 2022.4.07-ны өдрийн албан бичгийг тус тус эшилсэн байна.

5.2.2.Шүүх маргаан бүхий захиргааны актын утга, агуулгыг зөв тайлбарлаж чадаагүй. Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлэхдээ ч, шүүх хуралдаанд тайлбарлахдаа ч Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн *** дүгээр тогтоол болон Концессын гэрээг хууль бус байсан гэж тайлбарлаагүй. Ийм атал шүүх энэ агуулгаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5 дахь заалтыг зөрчсөн хэрэг юм.

5.2.3.Шүүх хэрэглэх ёсгүй хуулиудыг хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9, 12, 14, 15, 16 дугаартай хэсгүүдэд Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8.7, 7.2, 30.1 дэх заалтууд, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4.1, 4.4, 9 дүгээр зүйлүүдийг үндэслэл болгосон байна. Маргаан бүхий захиргааны актаар Концессын тухай хуулийн 24.2.3, 24.2.4 дэх заалтуудыг үндэслэл болгож, Гэрээ цуцлах шийдвэрийг гаргасан. Засгийн газрын нийтлэг бүрэн эрх, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь заалт зэрэг ерөнхий зохицуулалтууд нь энэхүү маргаанд хэрэглэвэл зохих хуулиуд биш юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дэх хэсэгт ерөнхийлөн зохицуулсан хууль байхгүй бол Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх учиртай. Гэтэл маргаан бүхий харилцааг зохицуулсан тухайлсан хууль болох Концессын тухай хууль байсаар атал, Засгийн газар тус хуулийн тодорхой заалтыг үндэслэл болгож маргаан бүхий актыг гаргасан атал шүүх ерөнхийлөн зохицуулсан хуулийг Үндсэн хуультай хамт хэрэглэж байгаа нь үндэслэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дэх хэсэгт заасан хууль хэрэглээний аргачлалд нийцэхгүй.

5.2.4.Гэрээ цуцлах үндэслэлийн хувьд Засгийн газрын бүрэн эрх ялгамжтай бөгөөд шүүх Засгийн газрыг бүрэн эрхтэй гэж дүгнэхдээ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 6.2, 8.7, 7.2, 30.1 дэх заалтууд, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4.1, 4.4, 9 дүгээр зүйлүүдийг үндэслэл болгосон. (Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9, 12, 14, 15. 16 дугаартай хэсгүүдэд) Гэвч хуулийн эдгээр заалтууд нь тухайлсан Концессын гэрээний харилцаанд хамааралтай хуулийн зохицуулалт биш буюу нарийвчилсан зохицуулалт биш юм. Гэвч Концессын тухай хуулийн 24.2-т заасан үндэслэл бий болсон гэж Засгийн газар үзвэл тус үндэслэлээр Гэрээг цуцлахаар шийдвэрлэж, Засгийн газрын тус шийдвэрийг үндэслэл болгон эрх бүхий этгээд Гэрээ цуцлах шийдвэр гаргах учиртай юм. Концессын тухай хуулийн 24.2.3, 24.2.4-т заасан концессын гэрээ цуцлах үндэслэл тус бүрийн хувьд Засгийн газрын бүрэн ялгаатай болохыг шүүх зөв дүгнээгүй, аль ч үндэслэлийн хувьд Концессын гэрээ цуцлах шийдвэрийг Эрх бүхий этгээд гаргах бүрэн эрхтэй болохыг шүүх хүлээн зөвшөөрсөн дүгнэлт хийсэн ч маргаан бүхий актыг хууль ёсны гэж үзсэн нь логик зөрчилдөөнтэй байлаа.

5.2.5.Концессын гэрээний 11.2, 11.3-т заасан үндэслэл бүрдсэн эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй. Гэрээний 11.2-т зааснаар концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран 2-оос дээш жилийн хугацаагаар төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид хэрэгжих боломжгүй бол гэрээ цуцлахаар байна гэж дурдсанаа тухайн асуудалд огт хамааралгүй хуулийн зохицуулалт болох Захиргааны ерөнхий хуулийн 56.3, Концессын тухай хуулийн 24.2.4 дэх заалтуудыг иш татаж, үндэсний аюулгүй байдал болон нийтийн эрх ашгийн үүднээс гэрээ цуцлах бүрэн эрхтэй гэх дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болсон.

5.2.6.Давж заалдах шатны шүүхийн энэхүү алдаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.4-т “Үндэслэх хэсэгт ... захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана ” гэж заасныг зөрчсөн хэрэг байлаа.

5.2.7.Концесс эзэмшигч нөхөн олговор авах эсэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3-т заасан үндсэн эрхийн асуудал. Иймд Концессын гэрээний 11.2-т заасан үндэслэлээр гэрээг цуцалсан нь үндэслэлтэй эсэх, тийнхүү үндэслэл бүрдсэн эсэх талаар шүүх тодорхой дүгнэлт хийж, энэ талаарх маргааныг шийдвэрлэх учиртай.

5.2.8.Концесс эзэмшигч Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх талаарх маргаанд шүүх бодит, хангалттай дүгнэлт өгч чадаагүй тухай болон Шүүхийн шийдвэрийн 29 дэх хэсэгт үндэслэл болгосон 2019.06.25-ны өдрийн тайлан нь захиргааны актыг зөвтгөх үндэслэл болж чадахгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 24.1, 24.2, 24.4. 40.2.3, 40.4 дэх заалтуудын дагуу захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахын өмнө бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох үүрэгтэй. Тодруулбал, Концессын тухай хуулийн 6.2.8-д “концессын гэрээний хэрэгжилтэд үнэлгээ хийх, хяналт тавих” бүрэн эрхийг концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэх тухай заасан. Концессын гэрээний 8.1 дэх хэсэгт “Эрх бүхий этгээд нь ... энэхүү Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллуулж болно ” гэж заасан. Тийм ч учраас тухайн Ажлын хэсгийн Тайлангийн 4.1 дугаартай хэсэгт “... эрх бүхий мэргэжлийн багаас бүрдсэн ажлын хэсгийг томилж шалгах шаардлагатай байна ” гэж, “Дээрх дүгнэлтийг үндэслэн дараах саналыг дэвшүүлж байна” хэсгийн 1 дугаарт “Иймд ... Концессын гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, цаашид арга хэмжээний талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий холбогдох төрийн байгууллагуудын төлөөллийг татан оролцуулж мэргэжлийн дүгнэлт гаргуулах” гэж тусгасан байна.

5.2.9.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын Тушаалаар томилсон дээрх Ажлын хэсгийн Тайлангийн 3.1.1 дэх хэсэгт “Концессын гэрээний концессын зүйлийн хэсгүүдийн хэрэгжилт 75 хувьтай, гэрээний 2.1.2, 2.1.3 дэх хэсгүүд хугацаандаа хэрэгжээгүй байна” гэж тусгасан. Гэхдээ тус хэсгийн дээд талд буюу 3.1 дугаартай хэсэгт “Ажлын хэсэг нь ... хэрэгжилтийн байдлыг урьдчилсан байдлаар дүгнэж, санал боловсруулав” гэж тусгасан. Ажлын хэсгийн Тайлангийн 3.1.4 дэх хэсэгт товч тусгасан. Тодруулбал, Тайлангийн тус хэсэгт “Төслийг цаашид хэрэгжүүлэхэд шийдвэрлэх шаардлагатай дараах гол тулгамдсан асуудлууд байна. Үүнд ... газар эзэмшлийн асуудлыг шийдэх. цахилгаан хангамжийн эх үүсвэрийн асуудлыг шийдэх. тээвэр ложистикийн асуудлыг шийдэх” гэсэн байна. Харин Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн *** дугаартай Тэмдэглэлийг гаргаж, төсөлд шаардлагатай цахилгаан хангамж болон газрын асуудлыг шийдвэрлэхийг сайд, Засаг дарга нарт үүрэг болгосон. Энэ нь, төслийн үйл ажиллагаа удаашралтай байгаа нь төрөөс шалтгаалсан болохыг хүлээн зөвшөөрсний нотолгоо, илрэл билээ. Эрх бүхий этгээд тухайн үед гэрээ цуцалсан бол нэхэмжлэгч нь түүнээс хойш тодорхой зардал, мөнгө гаргахгүй байх байсан.

5.2.10.Захиргааны ерөнхий хуулийн 52.2, 52.2.4, 58.1 дэх заалтуудын дагуу болон Концессын гэрээнд иш татсан ёсоор Концессын гэрээг цуцлах харилцаанд ИХ-ийн үндсэн зохицуулалтууд үйлчлэх юм. ИХ-ийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан. Үүний дагуу Концессын гэрээний 2.1.2, 2.1.3-т заасан үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй явдалд Концесс эзэмшигчийн гэм буруу байхгүй бол түүнийг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй билээ.

5.2.11.Концессын гэрээний 10.1 -т “Дараах тохиолдолд сөрөг нөлөө бүхий арга хэмжээ гэж үзнэ” гэж, 10.2-т “Сөрөг нөлөө бүхий арга хэмжээ нь Концесс эзэмшигчийн Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хязгаарлаж, сөргөөр нөлөөлсөн нь батлагдсан тохиолдолд энэхүү хэмжээнд Концесс эзэмшигчийг гэрээг зөрчсөн гэж үзэхгүй” гэж, 10.3-т “Сөрөг нөлөө бүхий арга хэмжээний үр дүнд Концесс эзэмшигч нь ... ажлыг гэрээгээр тохирсон хугацаанд дуусгах боломжгүй болсон бол энэхүү гэрээ болон нэмэлт гэрээний хугацааг тухайн саатуулсан хугацаагаар сунгана ” гэж тус тус заасан.

5.2.12.Концессын гэрээний 2.1.2, 2.1.3 дахь хэсэгт заасан үүргийн хэрэгжилт удаашралтай байсанд Концесс эзэмшигчийн гэм буруу байгаагүй, Засгийн газар, түүний харьяа байгууллагуудын буруутай үйл ажиллагаа байсан нь дараах байдлаар тус тус харагддаг. Эрчим хүчний сайдын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Хүсэлт дэмжих тухай албан бичигт шинээр баригдах жилд 500 мянган тонн хүчин чадал бүхий гангийн үйлдвэр бүхий уул уурхай, металлургийн цогцолборын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах боломжгүй гэдгийг илэрхийлсэн байна.

5.2.13.Бидний маргаан юу гэхээр Концессын гэрээний 2.1.2, 2.1.3-т заасан ажлууд удааширсан шалтгаан нь Концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй, Концесс эзэмшигчээс үл хамаарах (улсаас хамаарах) шалтгаанаас болсон талаар маргаж байгаа. Үүний гол шалтгаан нь цахилгаан хангамж болон үйлдвэр барихад шаардлагатай газрын асуудал билээ. Гэтэл шүүх үүнд бодит дүгнэлт хийж чадаагүй. Шүүхийн шийдвэрийн дээрх хэсэгт “Захиргааны байгууллагыг цахилгаан эрчим хүч болоод газрын асуудлыг шийдвэрлээгүй гэж тайлбарлаж маргаж байгаа нь үндэслэлгүй байна” гэдэг ганц өгүүлбэрээс өөр үндэслэл, дүгнэлт олж харсангүй.

5.2.14.Эндээс товч дүгнэхэд, шүүх нэхэмжлэгчийн маргаж буй (1) маргаан бүхий захиргааны актыг гаргахын өмнө Концессын гэрээний хэрэгжилтийн байдлыг үнэлж дүгнээгүй буюу бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэх үндэслэл болон (2) Концессын гэрээний хэрэгжилт удааширсан нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй гэх үндэслэл, маргаанд шүүх бодит дүгнэлт, няцаалт хийж чадсангүй.

5.2.15.Гэрээ цуцлах хуульд заасан журмыг баримталсан эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй.Концессын тухай хуулийн 2.1-т “Концессын тухай хууль тогтоомж нь ... ИХ... хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 58.1-т “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ” гэж. Концессын гэрээний 15.7-д “Энэхүү гэрээний хугацаанд ... Иргэний хуулийн 5.2 дахь хэсгийг баримтлан концесс эзэмшигчийн эрх ашиг, сонирхлыг дурдуулсан аливаа өөрчлөлт оруулахгүй гэж тус тус заасан. Эдгээр зохицуулалтуудын дагуу Концессын гэрээний харилцаа нь Иргэний хуулийн дагуу зохицуулагдана.

5.2.16.Иргэний хуулийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй ” гэж заасан. Тухайн тогтоосон хугацаанд гэрээний зөрчлийг арилгаагүй бол гэрээ цуцлах боломжтой. Концессын гэрээний 15.3, 15.4 дэх заалтуудад гэрээний хүрээнд аливаа мэдэгдэл хүргүүлэх бол ямар хаягаар, хэрхэн хүргүүлэхийг заасан.Иргэний хуулийн 225.4.3-т “үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай” бол гэрээг цуцлахгүй тухай заасан. Үйлдвэр барихад шаардлагатай газрыг эзэмшүүлээгүй, цахилгаан хангамжийн эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлээгүй, домен зуухны үйлдвэрийн ТЭЗҮ-г батлахтай холбоотой цаг хугацаа алдсан зэрэг төрөөс шалтгаалсан, буруутай үйл ажиллагаа байсан. Иймд төр өөрөөс шалтгаалах ажлуудыг хийгээгүй мөртлөө Концесс эзэмшигчийг буруутгах, үүнтэй холбоотой гэрээ цуцлах үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 225.4.1-т үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээг цуцлах үндэслэлгүй тухай заасан. Иймд Засгийн газар. Эрх бүхий этгээд нь гэрээний ялимгүй зөрчлийн улмаас гэрээг цуцлах үндэслэлгүй юм.

5.2.17.Концессын тухай хуулийн 5.3 дахь заалт зөрчигдсөн эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй.Засгийн газрын зүгээс маргаан бүхий Тогтоолыг гаргахдаа Концессын тухай хуулийн 5.3, 5.4 дэх заалт, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6.3-6.5 дахь заалтууд, Концессын гэрээний 2.4, 3.3, 3.5 дахь заалтуудыг зөрчсөн. Гэтэл маргаан бүхий Тогтоолоор Концессын гэрээг цуцлахдаа нэг ч төгрөг, нэг ч эд хөрөнгийг Концесс эзэмшигч авах эрхгүй, бүх өмч, хөрөнгийг төр авах эрхтэй гэх агуулгаар шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар Концессын гэрээг цуцлах бол ядаж аль өмч, хөрөнгүүд төрд үлдэх, аль өмч, хөрөнгүүд Концесс эзэмшигчид үлдэх вэ гэдгийг шийдвэрлэх учиртай. Шүүх бидний энэхүү үндэслэл, маргаанд нэг ч дүгнэлт өгсөнгүй. Шүүхийн шийдвэрийн 36 дугаартай хэсэгт “... Гэрээг цуцалсантай холбоотой нэхэмжлэгч нь ... гэрээнээс үүссэн хохирлоо нэхэмжилж маргасан байна” гэсэн.

5.2.18.Засгийн газрын хуралдаан зохих журмын дагуу хийгдсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй. Маргаан бүхий Тогтоолыг батлан гаргахдаа Засгийн газар нь Засгийн газрын хуралдааны журмыг зөрчсөн. Тодруулбал, 7.1-т “Хэлэлцүүлэх асуудлыг холбогдох материалын хамт хуралдаанд оруулахаас 7-оос доошгүй хоногийн өмнө ... Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ” гэж заасан. Эдийн засаг, хөгжлийн яамнаас маргаан бүхий Тогтоолын төслийг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ирүүлсэн.Засгийн газрын хуралдааны журмын 5.1, 5.1.1-т зааснаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудалд зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулсан байх шаардлага тавигддаг. Концессын гэрээг цуцлах эсэх асуудал хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд байгаагүй тухай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичгийг шүүхэд ирүүлсэн. Тус албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдын баталсан Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө нотлох баримтаар ирсэн хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй байсан.

5.2.19.Авлигатай тэмцэх газрын Мөрдөгчийн мэдэгдэлтэй холбоотой шүүхийн дүгнэлт тодорхой бус байна.Маргаан бүхий Тогтоолыг гаргахдаа Авлигатай тэмцэх газрын Мөрдөгчийн 48 дугаартай Мэдэгдлийг үндэслэл болгосон эсэх нь тодорхой бус байгаа. Мөрдөгч нь Концессын гэрээний хэрэгжилтийг үнэлж дүгнээд байгаа эсэх, Засгийн газар нь Мөрдөгчийн Мэдэгдлийн дагуу Концессын гэрээний үүрэг зөрчигдсөнийг тогтоосон эсэх нь тодорхой бус байгаа.

5.2.20.Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид нь “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай 2014 оны *** дүгээртэй Тогтоолыг хүчингүй болгох агуулгаар шийдвэр гаргаагүй” гэж тайлбарласан атал шүүх “Авлигатай тэмцэх газрын албан бичгийн дагуу ... Засгийн газар 2014 оны *** дүгээртэй тогтоолоо дахин хянан үзсэн ” гэсэн нь авцалдаагүй байв.

5.2.21.Концессын тухай хуулийн 24.2.2-т заасан үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт гараагүй. Нэхэмжлэгч нь Концессын тухай хуулийн 26.4.5-д Хууль тогтоомжоор ногдуулсан татвар, хураамж төлөх нийтлэг үүргээ мөн Концессын гэрээний 6.33-т заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна” гэж тайлбарласан байна. Шүүхийн энэхүү дүгнэлтүүд нь дараах байдлаар тус тус үндэслэлгүй юм.

5.2.22.Концессын тухай хуулийн 27.1.2-т зааснаар Концессын зүйлийг бусдад шилжүүлэхийг болон гэрээнд заагаагүй, концессын зүйлийг санхүүжүүлэхээс бусад зорилгоор концессын зүйлийг барьцаалахыг хориглосон. Нэхэмжлэгч нь Концессын зүйлсийг бусдад шилжүүлээгүй. Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан гэх боловч үүнд Концессын зүйлийг барьцаалаагүй. Концесс эзэмшигч нь хуулийн тус зохицуулалтыг зөрчсөн гэдгийг харуулах нотлох баримт байхгүй. Тийм ч учраас шүүхийн шийдвэрийн 23, 24 дугаартай хэсэгт ямар нэгэн нотлох баримтыг иш татаагүй байна.

5.2.23.Концессын тухай хуулийн 26.4.5-д хууль тогтоомжоор ногдуулсан татвар, хураамжаа төлөх үүргийг Концесс эзэмшигч хүлээж байгаа. Энэ нь Концесс эзэмшигч болох “К” компани өөрийн татвар, хураамжаа төлөх тухай ойлголт юм. Харин Концессын зүйл гэж болох “Д” ТӨХК-ийн татварыг “К” компани төлөх тухай ойлголт биш шүүхийн шийдвэрийн 23, 24, 30, 31 дугаартай хэсгүүдэд дурдагдсан асуудал нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй зүйлс юм.

5.2.24.Концессын тухай хуулийн 24.2.2-т “Концесс эзэмшигч нь хууль тогтоомжийг удаа дараа буюу ноцтой зөрчсөнийг эрх бүхий байгууллага тогтоосон” бол Эрх бүхий этгээд Гэрээ цуцлах шийдвэр гаргах талаар заасан. Шүүхийн шийдвэрийн дээрх хэсэгт заасан дүгнэлтүүд нь хуулийн энэхүү хэсэгтэй холбоотой асуудал юм. Гэвч маргаан бүхий захиргааны актыг энэ үндэслэлээр гаргаагүй.

5.2.25.Хууль ёсны итгэл хамгаалах зарчим үйлчлэхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, тодорхой бус байна. Шүүхийн шийдвэрийн 11 дэх талд “Нэгэнт эрх бүхий байгууллагаас концесс эзэмшигч нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болохыг тогтоож, шийдвэрээ хүчингүй болгосон тухайн тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим нэхэмжлэгчийн хувьд үйлчлэхгүй” гэж дүгнэсэн. Шүүхийн энэхүү дүгнэлт нь ойлгомжгүй, үндэслэл муутай болсон.

5.2.26.Концессын тухай хуулийн 24.2.4-г заасан үндэслэл нь тус хуулийн 24.2.3-т заасан үндэслэлтэй шууд хамааралгүй тухай буюу нийтийн эрх ашгийн тухайд хуулийн 24.2.4-т заасан үндэслэл нь тус хуулийн 24.2.3-т заасан “гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй” гэх үндэслэлээс тусдаа ойлголт, үндэслэл билээ. Гэтэл шүүх хуулийн тус хоёр заалтыг тусад нь авч үзээгүй. Концессын тухай хуулийн 24.2.3 болон 24.2.4-т заасан үндэслэлүүдийг ялгамжтай байдлаар авч үзэж тайлбарлаж чадаагүй.

5.2.27.Хэрэв Концесс эзэмшигчийг Гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй явдлыг хуулийн 24.2.4-т хамруулан тайлбарлавал хуулийн тус заалтыг өргөжүүлж, буруу тайлбарласан хэрэг болно. Үүний үр дүнд Засгийн газар нь Концессын тухай хуулийн 24.2.3-т заасан үндэслэлээр ч Гэрээг цуцлах шийдвэр гаргах бүрэн эрхтэй болно. Гэтэл Концессын гэрээг үнэлэх, дүгнэх, гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэлээр Концессын гэрээг цуцлах нь гагцхүү Эрх бүхий этгээдийн бүрэн эрх юм.

5.2.28.Засгийн газар 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай *** дугаартай Тогтоолоо дахин хянан үзэж, гэрээ цуцалсан нь хуульд нийцсэн талаар шийдвэрийн дээрх хэсэгт дурдсан. Иймд Засгийн газрын 2014 оны *** дүгээртэй Тогтоол нь хууль бус бөгөөд нийтийн эрх ашгийг зөрчсөн мэтээр энэхүү дүгнэлт ойлгогдож байна. Гэтэл хариуцагч тэр агуулгаар маргаагүй, маргаан бүхий захиргааны акт гаргаагүй байдаг. Концессын гэрээний явцад нийтийн өмч үнэгүйдсэн эсвэл төрд хохирол учирсан зүйл байхгүй. Концессын гэрээг цуцлах тухай шийдвэр гаргаснаар нийтийн эрх ашиг хамгаалагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа.

5.2.29.Маргаан бүхий захиргааны актад түүнийг гаргах болсон бодит үндэслэлийг “Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй” гэж дурдсан байдаг. Үүнээс өөрөөр ямар нийтийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгааг дурдаагүй. Үндсэн хуулийн 16.3-т “төр, түүний байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж заасан. Иймд маргаан бүхий Тогтоолын үр дүнд Үндсэн хуулийн 16.3 дахь заалт, концесс эзэмшигчийн хөрөнгө оруулалтаа буцаан авах эрх зөрчигдсөн болно.

5.2.30.Маргаан бүхий захиргааны актаар концесс эзэмшигчийн хөрөнгө оруулалтыг ч төр өөрт авсан байх тул Үндсэн хуулийн 16.3 дахь заалт үйлчлэх юм. Дээрх бүгдээс нэгтгэн дүгнэхэд, давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул түүнийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, өмгөөлөгч П.Е нар гомдолдоо:

5.3.1.Шүүх захиргааны актад тусгаагүй, талуудын маргаагүй үндэслэл болох Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2.5, 4.1 дэх хэсгийг хэрэглэн нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасныг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр болжээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актад тусгагдаагүй үндэслэл болох Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8.7-д “Засгийн газар нь үндэсний баялаг, төрийн өмчийг хамгаалах арга хэмжээ авч хуулиар олгож буй эрх хэмжээний дотор төрийн өмчийн эд хөрөнгийг захиран зарцуулна ” гэж заасны дагуу маргаан бүхий тогтоолыг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэсэн хууль бус үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гайхан эргэлзэж байна.

5.3.2.Маргаанд хэрэглэгдэх хууль хэрэглээний тухайд шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Концессын тухай хуулийн 24.2.3, 24.2.4-д тус тус ялган заасан хэм хэмжээг маргааны хувьд хамтатган нэг заалт мэт буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна. /Тухайлбал, Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 16, 18, 21, 35 дахь хэсэг/

5.3.3.Концессын гэрээний 11.2 дахь хэсэгт гэрээний үүргийн зөрчилтэй холбогдох гэрээ цуцлах хууль зүйн нөхцөл, үр дагаврыг зохицуулсан бөгөөд урьдчилсан нөхцөлийн хувьд 1-д үүргийн зөрчил гарсан бол гэрээ цуцлах нөхцөлийг гэрээнд тусгайлан заасан байх, 2-т концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/ байх, 3-д үүнээс хамааран төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид хэрэгжих боломжгүй болсон байхыг шаардана. Гэвч шүүх эдгээр урьдчилсан нөхцөл хангагдсан эсэх талаар үндэслэл бүхий тодорхой дүгнэлт хийгээгүй.

5.3.4.Концессын тухай хуулийн 24.2.4-т зааснаас үзвэл үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашиг гэсэн 3 өөр ойлголтын /аль нэгийн, эсхүл хамт/ хувьд Засгийн газар гэрээ цуцлах асуудлаар шийдвэр гаргах эрхийг ерөнхий байдлаар олгосон тул үүнийг маргаан бүхий тохиолдолд хэрхэн хэрэглэх талаар гэрээ цуцлах тогтоол гаргах үеийн үйл баримт, бодит нөхцөл байдалд тулгуурлан шүүхээс тайлбар хийх замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байсан. Гэтэл хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ тухай шийдвэртээ үндэслэл бүхий дүгнэлт, тайлбарыг хийж чадаагүй байна.

5.3.5.Улмаар шүүх Концессын тухай хуулийн 24.2.3, 24.2.4 дэх заалтуудад өөрөөр тусгагдсан эрх бүхий этгээдийн санаачилгаар гэрээг цуцлах тохиолдлуудыг нэг ойлголт мэтээр “...нэхэмжлэгчийн хувьд гэрээний нөхцөлүүдийн зарим хэсгийг гүйцэтгээгүй нь гэрээг цуцлах үндэслэл болж, Засгийн газрын маргаан бүхий тогтоолоор гэрээг цуцлах арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь Концессын тухай (2010 оны) хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.4-т нийцжээ” /Үндэслэх хэсгийн 35/ гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

5.3.6.Гэрээний үүргийн гүйцэтгэл буюу концесс эзэмшигчийн буруугаас төслийн хэрэгжилт зогсонги байдалд орж, цаашид хэрэгжих боломжгүй болох нөхцөл болон нийтийн эрх ашгийн үүднээс гэрээг цуцлах нөхцөл нь хуулийн системчлэлийн хувьд хоорондоо ялгаатай 2 өөр ойлголт бөгөөд хэрэглээний хувьд Концессын тухай хууль, Концессын гэрээнд заасан урьдчилсан нөхцөл хангагдсан эсэхийг Улсын дээд шүүхээр гомдлыг шийдвэрлүүлэх хүрээнд нэг мөр тайлбарлуулахыг хүсэж, энэхүү гомдлыг гаргаж байна.

5.3.7.Концессын тухай хуулийн 24.2.3, Концессын гэрээний 11.2-т заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй. Концессын гэрээний 2.6-д заасан хугацаанд гэрээний зарим хэсэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаандаа хэрэгжээгүй байдаг. Гагцхүү гэрээний 11.2-т заасан гэрээ цуцлах урьдчилсан нөхцөл хангагдаагүй буюу төслийн үйл ажиллагаа нэхэмжлэгчээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас удааширсан нь үнэн боловч үүнд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байгаагүй, төсөл зогсонги байдалд ороогүй, цаашид хэрэгжих боломжгүй болоогүй гэдгийг нотлох баримтуудын хүрээнд тайлбарлан мэтгэлцсэн боловч шүүх үүнийг баримтаар няцааж чадаагүй. Шүүхийн шийдвэрт энэ тухай үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шийдвэрийн Үндэслэх хэсгийн 26-д хийсвэрээр нэхэмжлэгчийг буруутгасанд гомдолтой байна.

5.3.8.Концессын тухай хуулийн 24.2.4-д заасан гэрээг цуцлахаар шийдвэрлэх нөхцөл үүсээгүй. Шүүх Концессын тухай хуулийн 24.2.4 дэх заалтыг гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбон тодорхой бус, хэт ерөнхий, хийсвэр байдлаар дүгнэж буй нь Засгийн газарт хуулиар хэмжээгүй эрх олгосон мэт шийдэл болж байна. Ийнхүү хариуцагчийн шийдвэрийг үндэсний аюулгүй байдалтай холбон зөвтгөж, таамаглан дүгнэх болсон шалтгаан нь Засгийн газрын зүгээс анх акт гаргахдаа үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашгийн талаар ямар ч бодит судалгаа хийж, дүгнэлт гаргаагүй, үндэслэлээ шийдвэртээ бичээгүйтэй холбоотой биз.

5.3.8.Учир нь 2016 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 52.2-т “Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно” гээд 52.2.4-д “концессын харилцаанд” гэж заасан байсан нь маргаан бүхий акт гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан зохицуулалт тул тус концессын гэрээний харилцаанд Концессын тухай хууль, Иргэний хууль болон Захиргааны ерөнхий хууль хамт хэрэглэгдэнэ.

5.3.9.Концессын тухай хуулийн 24.2.4 дэх заалтыг огт үндэслэл болгоогүй, хуулийг тайлбарлах, гэрээний талуудын өмнөөс гэрээнд хяналт тавих чиг үүрэггүй мөрдөгчийн мэдэгдлээр бодит нөхцөл байдлыг тогтоосон гэж үзэхгүй.

5.3.10.Мөрдөгч талуудын хэрэгт хөндлөнгөөс оролцох, хууль тайлбарлах, дүгнэлт гаргах эрхгүй. Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай *** дүгээр тогтоолыг хянан үзэхийг болон Концессын тухай хуулийн 24.1.4, Концессын гэрээний 11.2-т зааснаар гэрээг дуусгавар болгох үндэслэл тогтоогдож байгаа үндэслэлээр холбогдох арга хэмжээг авхуулахаар Засгийн газарт даалгасан байдаг.

5.3.11.Мөрдөгчийн хэрэгжүүлэх чиг үүрэг, эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсгүүдэд заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх процессын хувьд мөрдөгч зөвхөн өөрт олгогдсон эрхийн хүрээнд хуулийг хэрэгжүүлж үйл баримтыг сэргээн тогтоох, нотлох баримт цуглуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, мөрдөгч гэрээний биелэлт хангагдсан эсэх, гэрээ цуцлах үндэслэл зөв. буруу эсэх, гэрээний талуудын хүлээх үүрэг. гэрээний эрх зүйн үр дагаврыг шүүхийн өмнөөс тодорхойлох ёсгүй.

5.3.12.Мөрдөгч хууль тайлбарлах эрхгүй. Мөрдөгчийн мэдэгдэл нь Концессын тухай хууль, Концессын гэрээнд заасан гэрээг дуусгавар болгох үндэслэл тогтоогдож байна гэж хууль тайлбарлан дүгнэлт хийсэн шинжтэй байдаг бөгөөд гэрээний зорилго, талуудын эрх үүргийг “үүрэг зөрчигдсөн”, “нийтийн эрх ашигт харшилсан” гэх байдлаар өөрийн субьектив байр суурь, үнэлгээг хийж, биелүүлэхийг даалгаж Засгийн газарт тулгасан, түүнийг нь хариуцагч хяналтгүйгээр үндэслэж гэрээ цуцлах шийдвэр гаргасныг шүүх бодит нөхцөл байдал тогтоогдсон мэтээр үнэлж буйд гомдолтой.

5.3.13.Мөрдөгчийн мэдэгдэлдээ бичсэн гэрээний үүрэг зөрчигдсөн, төр, нийтийн эрх ашигт их хэмжээний хохирол, хор уршиг учруулсан гэх дүгнэлт нь бодит эдийн засгийн тооцоо, гэрээнд хяналт тавих чиг үүрэгтэй салбарын мэргэжлийн яам, бусад оролцогч байгууллагын дүгнэлт, хөрөнгө оруулалтын хэмжээ, үр ашиг, улсад хохирол учирсан бол бодит хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт, түүнийг зөв гэж эцэслэн тогтоосон шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэргүйгээр гарсан урьдчилсан таамгийн шинжтэй субьектив дүгнэлт атал түүнийг нягталж шалгах ажиллагааг мэргэжлийн байгууллага, гэрээний талын зүгээс огт хийлгүйгээр гэрээ цуцлах арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

5.3.16.Нийтийн эрх ашиг гэрээний хувьд зөрчигдөөгүй. Стратегийн орд гэх үндэслэлийн тухайд Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 13-16, 19-21 дэх хэсгүүдэд Концессын гэрээний 2.1.1-д тусгагдсан зарим ордыг Улсын Их Хурлын 2007 оны “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтад заасан стратегийн орд тул Үндсэн хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу Засгийн газар нь “...гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй ... Монгол Улсын Засгийн газар үндэсний баялаг, төрийн өмчийг хамгаалах арга хэмжээг нийтийн эрх ашгийн үүднээс авах үүрэг хүлээнэ” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

5.3.17.“К” ХХК нь анх 2010 оноос “Д” ХК-д хөрөнгө оруулж эхлэхэд тус компанийн эзэмшлийн Т ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоол хүчин төгөлдөр хэвээр байсан бөгөөд хөрөнгө оруулалт, Концессын гэрээнүүдийн үр дүнд стратегийн гэх тодотголтой “Д” ХК-ийн эзэмшлийн тус ордуудад олборлолт явуулах боломж бүрдэж, тоног төхөөрөмж, баяжуулах үйлдвэрүүд, шаардлагатай цахилгаан хангамж, дэд бүтэцтэй болж Концессын гэрээний 2.1.1, 2.1.4, 2.1.5, 2.1.6-д заасан үүргүүд бүрэн биелэгдсэн байдаг.

5.3.18.Гэрээний үүрэг хугацаандаа хэрэгжээгүй тул нийтийн эрх ашиг зөрчигдсөн гэж шүүхээс дүгнэсэн байх боловч бодит нөхцөл байдлыг үнэлэлгүйгээр үүргээ хугацаандаа хэрэгжүүлээгүй үндэслэлээр нэг талыг буруутган төслийг зогсоосон явдал нь нийтийн эрх ашгийг хамгаалахгүй.

5.3.19.Үүнтэй төсөөтэй тохиолдлыг Улсын дээд шүүхийн 2023.11.22-ны өдрийн 87 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байх бөгөөд Концессын гэрээг хэрэгжүүлэх явцад концесс эзэмшигч “К” ХХК-д ногдох татварын үүргийг зохицуулсан хэсэг боловч хариуцагчийн зүгээс “Д” ХК-ийн борлуулалтын орлогод ногдсон 2020-2022 онуудын албан татварыг “К" ХХК хариуцах байсан мэтээр тайлбарлаж. шүүх тус тайлбарыг нь хүлээн авсан нь буруу юм.

5.3.20.Хөрөнгө оруулалт, Концессын гэрээний үр дүнд “Д” ХК-ийн үйл ажиллагаа өргөжсөнөөр 2009 оны эцсийн байдлаар 3 тэрбум төгрөгийн татвар тайлагнадаг байсан компани 80 тэрбум төгрөгийн татвар тайлагнадаг болж улсад төлдөг татвар нь их хэмжээгээр нэмэгдсэн. Хэдийгээр 2020-2022 оны үе бол бүх нийтээр цар тахлаас үүдэлтэй Концессын гэрээний 9.2.3-д заасан давагдашгүй хүчин зүйлийн цаг хугацаа болно.

5.3.21.Мөн татварын хариуцлага болон гэрээний хариуцлагыг нэгийг нь нөгөөд халдаан хэрэглэх ёсгүй бөгөөд гэрээ цуцлах үйл ажиллагаатай шууд шалтгаант холбоогүй. Татвар болон арилжааны зээл зэрэг аж ахуйн шинжтэй асуудлыг маргаан бүхий актыг гаргахад Засгийн газар нь бодит нөхцөл байдлыг тогтоон үндэслэл болгоогүй болно.

5.3.22.Хууль ёсны итгэл хамгаалах зарчим хэрэгжих ёстой.Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 11-д “Нэгэнт эрх бүхий байгууллагаас концесс эзэмшигч нь хууль болоод гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болохыг тогтоож, шийдвэрээ хүчингүй болгосон тухай тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим нэхэмжлэгчийн хувьд үйлчлэхгүй” гэсэн нь дараах байдлаар Захиргааны ерөнхий хуульд нийцэхгүй байна.

5.3.23.Хэдийгээр маргаан бүхий актын 2 дахь заалтаар Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” *** дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон боловч тус эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болсонд тооцоход 1-д тухайн акт нь хууль бус байх, 2-т Захиргааны ерөнхий хуулийн 48.2.1-48.2.5-д заасан хүчингүй болгох тохиолдлуудын аль нэг нь үүссэн байх шаардлагатай.

5.3.24.Сонсох ажиллагаа хийгээгүй асуудлыг шүүх буруу дүгнэсэн. “Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх”, “гарцаагүй байдал”, “хойшлуулшгүй ажиллагаа” зэрэг шалгуур нь заавал бодит баримт, тооцоо, үнэлгээгээр нотлогдох ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1, 28.1.2 дахь заалтыг буруу хэрэглэсэн нь уг заалтын онцгой шинж, хязгаарлагдмал хэрэглээг алдагдуулсан, нэхэмжлэгчийн сөрөг нөлөөлөл бүхий акт гаргах үйл явцад тайлбар гаргах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан дүгнэлт болсон байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.2-т заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6.Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолтой холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас бичгээр тайлбар ирүүлсэн бөгөөд хэргийн оролцогчид шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.

ХЯНАВАЛ:

7.Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрийн зарим дүгнэлтийг өөрчлөн нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

8.Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг батлах тухай” *** дугаар тогтоолоор “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн *** дүгээр тогтоолоор концессын гэрээг “К” ХХК-тай байгуулах эрхийг Эдийн засаг хөгжлийн яамны сайдад, “Д” ТӨХК-ийн удирдлагын эрх ба хөрөнгийг концессын гэрээний хугацаанд концесс эзэмшигчид шилжүүлэхийг Төрийн өмчийн хороонд тус тус үүрэг болгож шийдвэрлэснээр Эдийн засгийн хөгжлийн яам 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ (Шинэчлэн сайжруулах-барих-ашиглах-шилжүүлэх, барих шилжүүлэх)”-г “К” ХХК-тай байгуулжээ.

9.Уг гэрээгээр:

  • Х уул, Т, Т ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жилдээ 3,0 саяас доошгүй тонн төмрийн Х олборлох, жилд 1,5 саяас доошгүй тонн төмрийн хүдрийн уурхай болон нойтон аргын баяжмал үйлдвэрлэх үйлдвэр,
  • Жилд 500,0 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр,
  • Д ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тонн-д хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх /төмрийн Х боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах/
  • С аймгийн Х суманд орших Т ордоос Х өртөө /Б төмөр зам/ чиглэлийн 33,4 км 1520 мм царигтай төмөр зам, ачиж буулгах терминал,
  • С аймгийн Х суманд орших Т ордоос С аймгийн С сумаас Улаанбаатар чиглэлийн олон улсын авто замын Д дөрвөн замын уулзвар хүртэл 95 км хүнд даацын хатуу хучилттай авто зам,
  • С аймгийн Е сумаас Х сумын Т уурхай хүртэл 110квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам /50км/, өргөтгөл, дэд станц барих, гэрээний хугацаа 30 жил, үүнээс гэрээний зүйлийг барьж, ашиглалтад оруулах хугацааг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 жил байхаар, концессын төлбөрийн нийт хэмжээ “Д” ТӨХК-иас 2009-2013 оны хугацаанд улсын төсөвт хамгийн өндөр ногдол ашиг төлсөн нэг жилийн ногдол ашгийн дүнг энэхүү гэрээний хугацаатай үржүүлсэнтэй тэнцүү буюу 63,8 тэрбум төгрөг байхаар тус тус харилцан тохиролцжээ.

10.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар тогтоолоор Концессын тухай хуулийн 24.2.3, 24.2.4, “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээний 11.2, 11.3 дахь заалт, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн мэдэгдлийг үндэслэн “Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концесс эзэмшигч “К” ХХК-тай байгуулсан дээрх концессын гэрээг цуцалж, Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын 1 дэх хэсгийн 5 дахь заалт, “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн *** дүгээр тогтоол, “Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн *** дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцож, Концессын гэрээ цуцалсантай холбоотойгоор “Д” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “К” ХХК-иас шилжүүлж авах арга хэмжээ авахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагчид, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.

Маргаан бүхий актыг гаргасан талаар:

11.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар тушаалаар Концессын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг үндэслэн Эдийн засгийн хөгжлийн яам /хуучин нэрээр/ болон “К” ХХК-ийн хооронд 2014 онд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээний хэрэгжилттэй танилцаж, дүгнэлт гаргах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг удирдамжийн хамт баталсан. Уг ажлын хэсгээс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн үйл ажиллагаатай танилцсан ажлын хэсгийн тайлан[1] гаргаж, үүнд:

“3.1.1.“Концессын гэрээний зүйлийн хэсгүүд /2.1.1-2.1.6/-ийн хэрэгжилт 75 хувьтай, гэрээний 2 дугаар бүлгийн 2.1.2, 2.1.3 дахь хэсгүүд /төмрийн Х боловсруулах, эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх/ ажлууд хугацаандаа хэрэгжээгүй.

3.1.2. ...Энэ нь гол анхаарлаа уурхайдаа хандуулаад үйлдвэрлэлдээ төдийлөн анхаарал тавихгүй ажиллаж байна гэж дүгнэхээр байна.

3.1.4.Төслийг цаашид хэрэгжүүлэхэд шаардлагатай дараах гол тулгамдсан асуудлуудыг “төслийн хөрөнгө оруулалтыг шийдэх, газар эзэмшлийн асуудлыг шийдвэрлэх, цахилгаан хангамжийн эх үүсвэр, тээвэр, ложистикийн асуудлыг шийдвэрлэх” гэж тодорхойлоод, дараах саналууд гаргасан байна. Үүнд:

“4.1. ...Өмч хөрөнгө, хөрөнгө оруулалтын бодит гүйцэтгэл, санхүүгийн үйл ажиллагаанд санхүү, аудит, барилга, авто зам, төмөр зам, эрчим хүч болон уул уурхайн улсын байцаагчийн эрх бүхий мэргэжлийн багаас бүрдсэн ажлын хэсгийг томилж шалгах шаардлагатай.

4.1.Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний явц удаашралтай, гэрээнд заасан зарим концессын зүйлийн хэсэг хугацаандаа хэрэгжээгүй байх тул цаашид авах арга хэмжээ /гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж төслийг үргэлжлүүлэх, эсвэл гэрээг цуцлах/-г эцэслэн тодорхойлох шаардлагатай.

1.Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн хэрэгжүүлэх концессын гэрээний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, цаашид авах арга хэмжээний талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий холбогдох төрийн байгууллагуудын төлөөллийг татан оролцуулж, мэргэжлийн дүгнэлт гаргуулах...

2.Засгийн газар, Эрх бүхий байгууллагын шийдвэрээр цуцалсан тохиолдолд концесс эзэмшигчид төлөх нөхөн олговрын хэмжээг тогтоох ажлын хэсгийг байгуулах.

...гэрээг цаашид цуцлах тохиолдолд Концессын тухай хууль болон гэрээнд заасны дагуу концесс эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээр хийх, тус концессын гэрээг шилжүүлж авах, эсхүл цуцлах аль ч тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн оруулсан хөрөнгө оруулалт болон төрөөс гаргасан өмнөх хөрөнгө оруулалтын зардлыг бодитой тогтоож, нөхөн төлбөрийг тогтоох асуудал хамгийн түрүүнд хийгдэх болно. Иймд уг нөхөн төлбөрийн зардлыг тооцоолох хүрээнд төрийн холбогдох эрх бүхий байгууллагуудын төлөөллийг оруулсан ажлын хэсгийн байгуулах нь зүйтэй байна...” гэжээ.

12.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаас “Д аймагт хэрэгжих уул уурхай, металлургийн цогцолбор төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор гангийн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад, төсөлд шаардлагатай цахилгаан эрчим хүчний дэд бүтцийн асуудлыг судалж, үе шаттай шийдвэрлэх арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайдад, үйлдвэрлэлийн барилга байгууламжийн зориулалтаар газар ашиглах эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох арга хэмжээ авахыг Д аймгийн засаг дарга нарт даалгасан” шийдвэр гаргасны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А-268 дугаар тушаалаар “Уул уурхай, металлургийн цогцолбор төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө боловсруулан батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, концессын гэрээнд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг бүхий” ажлын хэсгийг холбогдох асуудал хариуцсан албан тушаалтнууд болон концесс эзэмшигчийн төлөөлөлтэй байгуулж, удирдамж, ажлын төлөвлөгөөг баталсан байна.

13.Дээрх ажлын хэсэг 2020 оны 11 дүгээр сарын 04, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрүүдэд хуралдсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй, хуралдааны тэмдэглэл нь албажилгүй өнөөг хүрсэн байна.[2]

14.Үүний зэрэгцээ Үндэсний аудитын газраас “Д-С-ийн бүсэд Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний хэрэгжилт”-д гүйцэтгэлийн аудит хийгдэж, “эрх бүхий этгээд холбогдох хууль болон гэрээгээр хүлээсэн албан үүргээ бүрэн биелүүлээгүй буюу гэрээний дагуу концесс эзэмшигчээс ирүүлсэн тайлан, мэдээг нягталж, гэрээний хэрэгжилтэд тавих чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй нь Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.8-д “Концессын гэрээний хэрэгжилтэд үнэлгээ хийх, хяналт тавих, концессын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх”, концессын гэрээний 6.4-т “Эрх бүхий этгээд нь энэхүү гэрээний хэрэгжилтэд хяналт тавина” гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна” гэх дүгнэлт гарч, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж, хууль тогтоомжийг мөрдөж ажиллах талаарх аудитын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 649/А01160094 АГГ-2021/09-ШТА-ГА дугаартай албан шаардлагыг Концессын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байжээ.

15.Түүнчлэн, уг тайланд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг хариуцан хэрэгжүүлэх байгууллагын бүтэц, зохион байгуулалт удаа дараа өөрчлөгдсөнөөс концессын зүйлийн хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлага суларч зарим төслийн хэрэгжилт удааширсан. Концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь концессын гэрээний хэрэгжилтэд үнэлгээ хийх, хяналт тавих, төсөл арга хэмжээний гүйцэтгэлийг хугацаанд нь гаргуулан авч тайлагнах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй. Улсын комиссын актаар байнгын ашиглалтад хүлээн авсан төслийн барилга, байгууламжийн өмчлөгчийн асуудлыг хууль, журмын дагуу шийдвэрлээгүй. Засгийн газраас “Уул уурхайн металлургийн цогцолбор төсөл”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлийг УУХҮЯ болон ЭХЯ-д даалгасны дагуу гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө баталсан боловч хэрэгжилт нь удаашралтай байгаа” талаар дүгнэсэн байна.

16.Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас “Д-С-ийн бүсэд Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах концессын гэрээ”-ний хэрэгжилтэд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж, дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, биелэлтийг тогтоосон хугацаанд Үндэсний аудитын газарт хүргүүлэхийг мэдэгдсэн байх бөгөөд Төрийн худалдан авах ажиллагааны газраас Үндэсний аудитын газрын албан шаардлагын хариуд “Эрх бүхий этгээд нь холбогдох төрийн захиргааны байгууллагын төлөөллийг оролцуулан энэхүү гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, Эрх бүхий этгээдээс концессын гэрээгээр хэрэгжиж буй төслүүдийн явц, цаашид авах арга хэмжээний саналыг Монгол Улсын Шадар сайдад танилцуулж, түүний дагуу Монгол Улсын Шадар сайдын 2021 оны *** дугаар тушаалаар “Д”-т Концессын тухай хууль тогтоомж, гэрээний хэрэгжилтийг шалгах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий “ажлын хэсгийг холбогдох яам, төрийн захиргааны байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын хэсгийн санал дүгнэлт эцэслэн гараагүй” талаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар албан бичгээр мэдэгдэж байсан байна[3]”.

17.Улмаар Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай Засгийн газрын 2014 оны *** дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцож, холбогдох арга хэмжээ авахыг эрх бүхий этгээдүүдэд даалгасан” агуулгатай тогтоолын төсөлд санал авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлснээр маргаан бүхий акт батлагдсан байна. 

18.Дээрх болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар Эдийн засгийн хөгжлийн яам, “К” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ”-нд заасан гэрээний зүйлийг барьж, ашиглалтад оруулах 4 жилийн хугацаа өнгөрснөөс хойш Концессын гэрээний биелэлт хангалтгүй байгаа талаар гэрээний оролцогч талуудаас гадна Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд удаа дараа яригдаж, төрийн хяналтын байгууллагаас гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийгдэж санал, дүгнэлтийг гаргаж байсан, мөн эрх бүхий этгээд болон төрийн захиргааны байгууллага, концесс эзэмшигч нарын төлөөлөлтэй ажлын хэсэг байгуулж, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө боловсруулан батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, концессын гэрээнд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудаар хэлэлцээ хийх, шаардлагатай баримт бичгийг боловсруулах зэргээр тухай бүр ажиллаж байсан нь тогтоогджээ. 

19.Үүний зэрэгцээ Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээнд хяналт тавих чиг үүрэг бүхий албан тушаалтнууд нь албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэлгүй “К” ХХК-д давуу байдал бий болгосон” гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ““К” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан нь “Д” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг концессын гэрээний дагуу авч улсад их хэмжээний хохирол учруулсан, их хэмжээний хөрөнгийг хувьдаа завшсан, мөнгө угаасан байж болзошгүй” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.

20.Тухайн эрүүгийн хэрэгт Концессын гэрээг байгуулахад оролцсон Монгол Улсын Засгийн газар болон холбогдох эрх бүхий бусад байгууллагуудад ажиллаж байсан албан тушаалтнууд, түүнчлэн “К” ХХК, уг компанийн удирдах албан тушаалтнуудыг холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах тухай” мэдэгдлийг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ирүүлж, “концессын гэрээ дуусгавар болох үндэслэл тогтоогдож байх тул холбогдох арга хэмжээг авхуулахаар” мэдэгдэл ирүүлсэн байжээ.

Нэг. Маргаан бүхий актыг хүчингүй болгуулах үндэслэлийн талаар:

21.Концессын тухай (2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон) хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.4-т “үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн үүднээс концессын гэрээг цуцлахаар Засгийн газар шийдвэрлэх”-ээр, 24.2.3-т “концесс эзэмшигч концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болох”-оор, “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээний 11.2-т “Концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/-наас хамааран 2-оос дээш жилийн хугацаагаар төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид хэрэгжих боломжгүй гэж үзсэн тохиолдолд Эрх бүхий этгээд энэхүү Гэрээг цуцлах саналыг Засгийн газарт хүргүүлж шийдвэрлүүлнэ”, 11.3-т “Хэрэв энэхүү Гэрээний 11.2-т заасны дагуу Засгийн газрын шийдвэрээр Гэрээ цуцлагдсан тохиолдолд нөхөн олговор олгохгүй” гэх заалтуудыг тус тус үндэслэн маргаан бүхий актаар Концессын гэрээг цуцалсан, эдгээр үндэслэлээ хариуцагчаас:

- “2015-2019 онуудад алдагдалтай, 2019-2021 онуудад ашигтай ажилласан боловч 2021 оны санхүүгийн тайланг дэлгэрүүлэн авч үзвэл, нийт 432,4 тэрбум төгрөгийн орлого олж, 39,8 тэрбумын ашигтай ажилласан боловч 630,9 тэрбум төгрөгийн нийт өртэй, эргэлтийн хөрөнгийн дүн 481,7 тэрбум, эргэлтийн бус хөрөнгийн дүн 143,6 тэрбум, эздийн өмчийн дүн -5,6 тэрбум байгаа нь концесс эзэмшигч гэрээний үүргээ биелүүлээгүй, “Д” ТӨХК-ийг эрсдэлд оруулсан”

- “Гэрээний 2.1.1 “Х уул, Т, Т ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жилдээ 3,0 саяас доошгүй тонн төмрийн Х олборлох, жилд 1,5 саяас доошгүй тонн төмрийн хүдрийн уурхай болон нойтон аргын баяжмал үйлдвэрлэх үйлдвэр, 2.1.2-т /Жилд 500,0 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийг ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй”,

- “Хууль тогтоомж зөрчиж “Д” ХК-ийн нэрээр Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний төгрөгийн болон ам.долларын зээл авч, концесс эзэмшигч өөрийн компанийн данс руу шууд шилжүүлэн авсан” гэж тайлбарлажээ.

22.Нэхэмжлэгч эдгээр үндэслэлүүдийг эс зөвшөөрч, “концесс эзэмшигчийн эрхийг хууль ёсны дагуу хэрэгжүүлж байсан, шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, төсөлд шаардлагатай цахилгаан эрчим хүчний хангамж, үйлдвэрлэлийн барилга байгууламж барихад шаардагдах газрын асуудлыг шийдвэрлээгүй, засгийн газрын тогтоолын бодит болон хууль зүйн үндэслэл тодорхой бус, ... гэрээг цуцлах бүрэн эрхгүй, ... гэрээг цуцлах журам баримтлаагүй, ... хууль ёсны итгэл хамгаалах зарчим зөрчигдсөн, ... захиргааны байгууллагаас сонгох боломжийг буруу хэрэгжүүлсэн” гэх зэрэг агуулгаар маргасан байна. 

23.Концессын гэрээний агуулга, гэрээний зүйл, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзвэл, Монгол Улсын Засгийн газар нь 2013 онд “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, 2014 онд Д, С-ийн бүс нутагт байрлах нөөц нь тогтоогдсон “Х уул”, “Т”, “Т” гэх ашигт малтмалын /төмөр/ ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар жилдээ 3,0 саяас доошгүй тонн төмрийн Х олборлож, олборлосон төмрийн хүдрээр жилд 1,5 саяас доошгүй тонн төмрийн хүдрийн уурхай болон нойтон аргын баяжмал үйлдвэрлэх үйлдвэртэй болох үндсэн зорилгоор төрийн өмчийн “Д” ТӨХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үүний тулд дэд бүтцийг сайжруулахаар С аймгийн Х суманд орших Т ордоос Х өртөө чиглэлийн 33,4 км 1520 мм царигтай төмөр зам, ачиж буулгах терминал болон С аймгийн Х суманд орших Т ордоос С аймгийн С сумаас Улаанбаатар чиглэлийн олон улсын авто замын Д дөрвөн замын уулзвар хүртэл 95 км хүнд даацын хатуу хучилттай авто зам барьж байгуулах, С аймгийн Е сумаас Х сумын Т уурхай хүртэл 110 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам /50км/, өргөтгөл, дэд станц барих онцгой эрхийг 30 жилийн хугацаагаар нэхэмжлэгч “К” ХХК-д “Концессын гэрээ”-ээр олгож, “Д” ТӨХК-ийн удирдлагын эрх ба хөрөнгийг “К” ХХК-д шилжүүлжээ.

24.Уг “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ”-ээр дээр дурдсан төрийн өмчийн “Д”-ийг өргөжүүлэх “жилдээ 3,0 саяас доошгүй тонн төмрийн Х олборлож, олборлосон төмрийн хүдрээр жилд 1,5 саяас доошгүй тонн төмрийн хүдрийн уурхай болон нойтон аргын баяжмал үйлдвэрлэх, ... эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр” барьж ашиглалтад оруулах хугацааг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 жил байхаар, концессын төлбөрийн нийт хэмжээ 63,8 тэрбум төгрөг байхаар харилцан тохиролцсон байна.

25.Концесс эзэмшигч “К” ХХК нь гэрээний үндсэн 4 жилийн хугацаа буюу 2014-2018 онд “жилд 1,5 саяас доошгүй тонн төмрийн хүдрийн уурхай болон нойтон аргын баяжмал үйлдвэрлэх үйлдвэр, жилд 500,0 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр, Д ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх /төмрийн Х боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах/” үүргээ биелүүлээгүй, өнөөг хүртэл үйлдвэр баригдсан нөхцөл байдал байхгүй, энэ талаар талууд маргаагүй.

26.Иймд, хариуцагч Засгийн газар маргаан бүхий тогтоолоор Концессын гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн нь Концессын тухай /2010/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.4-т “… нийтийн эрх ашгийн үүднээс концессын гэрээг цуцлахаар Засгийн газар шийдвэрлэх”-ээр,  24.2.3-т “концесс эзэмшигч концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болох”-оор заасантай нийцсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

27.Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар нь 2013 онд “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, төрийн өмчийн “Д” ТӨХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэртэй болох зорилгоор 2014 онд Концессын гэрээгээр “К” ХХК-нд тодорхой хугацаанд төслийг хэрэгжүүлэх онцгой эрх олгосон хэдий ч өнөөг хүртэлх хугацаанд энэ зорилго биелэгдээгүй байх тул “нийтийн эрх ашиг”-ийн үүднээс уг гэрээг цуцалсан нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Концессын тухай хуульд нийцсэн гэж үзэхээр байна.      

28.Нэхэмжлэгчээс ийнхүү үүргээ биелүүлээгүй үндэслэл шалтгааныг               “... төмрийн үйлдвэр барих /гэтэл/... эрчим хүчний эх үүсвэр байхгүй, Монгол Улсын хэмжээнд 160-180 мВт цахилгаан эрчим хүчээр шинэ үйлдвэрийг хангах боломжгүй ..., мөн газрын асуудал тодорхойгүй байсан” гэх агуулгаар тайлбарласан, гэвч 2014 онд талуудын хооронд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ”-нд уг төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах эрчим хүчээр хангах үүргийг Засгийн газар хүлээхээр заагаагүй, түүнчлэн “төсөл хэрэгжүүлэх газар”-тай холбоотой шийдвэрлэх асуудлыг тухайлан тодорхойлоогүй байх тул энэ үндэслэлээр Засгийн газрыг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

29.Түүнчлэн, 2014 онд байгуулагдсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ” нь цаашид бодит нөхцөл байдалд үргэлжлэн хэрэгжих боломжгүй болсон нь дараах байдлаар тогтоогдов.

а/ Маргаан бүхий тогтоолоор концессын гэрээг цуцалж, Засгийн газрын 2013 оны *** дугаарын тогтоолын “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын 1 дэх хэсгийн 5 дахь заалт, “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” 2014 оны *** дүгээр тогтоол, “Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох тухай” 2015 оны *** дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцож, Концессын гэрээ цуцалсантай холбоотойгоор Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тодорхой арга хэмжээ авахыг даалгасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 123 дугаар тогтоолоор “Д” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг шилжүүлэх тухай” Төрийн өмчийн хорооны 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 207 дугаар тогтоолыг хүчингүй болгож, “Д” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “К” ХХК-аас буцаан авахаар шийдвэрлэсэн нь өнөөдөр бүрэн хэрэгжсэн.

б/ Концессын гэрээг байгуулахад оролцсон Монгол Улсын Засгийн газар, эрх бүхий этгээд болон бусад албан тушаалтнуудад холбогдох албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “К” ХХК-д давуу байдал бий болгож “Д” ТӨХК-д их хэмжээний хохирол учруулсан, “К” ХХК, уг компанийн удирдах албан тушаалтнуудад холбогдох өөртөө болон “К” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтнуудад нөлөөлж эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх Эрүүгийн 17410003600244 дугаартай хэрэг шүүхээс мөрдөн байцаалтад буцаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцсан байгаа зэрэг нөхцөл байдлаас харвал тухайн гэрээний харилцааг үргэлжлүүлэх боломжгүй, цаашид хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.

30.Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Концессын гэрээг цуцлах тухай” *** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Хоёр. “... сонсох ажиллагаа явуулаагүй” гэх гомдлын талаар:

31.Захиргааны ерөнхий хуулийн Гуравдугаар бүлэгт захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлэх, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, сонсох ажиллагааг явуулах зэрэг захиргааны шийдвэр гаргах ажиллагааг зохицуулсан, хуулиар тогтоосон эдгээр журмууд нь захиргааны байгууллага шийдвэр гаргахад чухал ач холбогдол бүхий нөхцөл байдлыг урьдчилан бодитоор зөв тогтоох, үүний тулд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг “сонсох”, ингэснээр гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон байдлаар гарах нөхцөлийг бүрдүүлэх агуулгыг илэрхийлнэ.

32.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд “оролцогчийг сонсох” зорилго нь нэг талаар тухайн шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн зүгээс өөрийн байр сууриа илэрхийлэх, баримт гаргах болон учир шалтгаанаа тайлбарлах зэргээр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжийг олгох, нөгөө талаас захиргааны байгууллагад “зорилгодоо нийцсэн”, “бодит нөхцөлд тохирсон” хууль ёсны шийдвэр гаргахад туслах агуулгатай.[4]

33.Энэ тохиолдолд 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас “концессын гэрээ байгуулах эрх олгосон тогтоолоо хүчингүй болсонд тооцож, гэрээг цуцлах” шийдвэр гаргахдаа энэ талаар концесс эзэмшигчид урьдчилж мэдэгдсэн, саналыг нь сонссон талаар баримт хэрэгт авагдаагүй хэдий ч энэ үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Концессын гэрээ цуцлах тухай” *** дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

34.Тодруулбал, концесс эзэмшигч “К” ХХК нь гэрээнд заасан хугацаанд гэрээгээр хүлээсэн, хийж гүйцэтгэх ёстой ажил үүргийг бүрэн гүйцэтгээгүй, энэ нь гэрээг цуцлах үндэслэл болох талаар Концессын тухай хууль (2010)-ийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-д “концесс эзэмшигч концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болсон”, тухайн гэрээний 12.3-д “Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу энэхүү Гэрээ дуусгавар болох эсхүл цуцлагдана”, 11.2 “Концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаа /үйлдэл эс үйлдэхүй/-наас хамааран 2-оос дээш жилийн хугацаагаар төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид хэрэгжих боломжгүй гэж үзсэн тохиолдолд Эрх бүхий этгээд энэхүү Гэрээг цуцлах саналыг Засгийн газарт хүргүүлж шийдвэрлүүлнэ” тус тус заасан, нэгэнт энэ үндэслэл бүрдэж, гэрээ цуцлагдсан тул уг шийдвэрийг “сонсох ажиллагаа явуулаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгохгүй. 

35.Түүнчлэн уг асуудлаар нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох зэрэг захиргааны шийдвэр гаргах ажиллагааг 2019 оноос буюу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар тушаалаар уг концессын гэрээний хэрэгжилттэй танилцаж, дүгнэлт гаргах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан цаг хугацаанаас эхлэн хариуцагч хэрэгжүүлж ирсэн, уг үйл ажиллагаанд гэрээний талууд хамтран оролцож байсан нь дээрх байдлаар тогтоогдож байх тул “огт мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргасан” гэх үндэслэлгүй.

Гурав. Нөхөх олговортой холбоотой шүүхийн дүгнэлтийн талаар: 

36.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар тушаалаар байгуулагдсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ”-ний хэрэгжилттэй танилцаж, дүгнэлт гаргах, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн үйл ажиллагаатай танилцсан ажлын хэсгийн тайлан[5] гаргасан, уг тайлангаас үзвэл:

-“төслийн хөрөнгө оруулалтыг шийдэх, газар эзэмшлийн асуудлыг шийдвэрлэх, цахилгаан хангамжийн эх үүсвэр, тээвэр, ложистикийн асуудлыг шийдвэрлэх”, “өмч хөрөнгө, хөрөнгө оруулалтын бодит гүйцэтгэл, санхүүгийн үйл ажиллагаанд санхүү, аудит, барилга, авто зам, төмөр зам, эрчим хүч болон уул уурхайн улсын байцаагчийн эрх бүхий мэргэжлийн багаас бүрдсэн ажлын хэсгийг томилж шалгах”, “Засгийн газар, Эрх бүхий байгууллагын шийдвэрээр цуцалсан тохиолдолд концесс эзэмшигчид төлөх нөхөн олговрын хэмжээг тогтоох ажлын хэсгийг байгуулах”, “...гэрээг цаашид цуцлах тохиолдолд Концессын тухай хууль болон гэрээнд заасны дагуу концесс эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээр хийх, тус концессын гэрээг шилжүүлж авах, эсхүл цуцлах аль ч тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн оруулсан хөрөнгө оруулалт болон төрөөс гаргасан өмнөх хөрөнгө оруулалтын зардлыг бодитой тогтоож, нөхөн төлбөрийг тогтоох” санал дүгнэлтүүдийг гаргаж байжээ.

37.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаас “Д аймагт хэрэгжих уул уурхай, металлургийн цогцолбор төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор гангийн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад, төсөлд шаардлагатай цахилгаан эрчим хүчний дэд бүтцийн асуудлыг судалж, үе шаттай шийдвэрлэх арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайдад, үйлдвэрлэлийн барилга байгууламжийн зориулалтаар газар ашиглах эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олох арга хэмжээ авахыг Д аймгийн засаг дарга нарт даалгасан”, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А-268 дугаар тушаалаар “... төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө боловсруулан батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, концессын гэрээнд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг бүхий” ажлын хэсгийг холбогдох асуудал хариуцсан албан тушаалтнууд болон концесс эзэмшигчийн төлөөлөлтэй байгуулж, ажиллах удирдамжийг, мөн 12 дугаар сарын 08-ны өдрийн *** дүгээр тушаалаар ажлын хэсгийн төлөвлөгөөг тус тус баталж, уг ажлын хэсэг 2020 оны 11 дүгээр сарын 04, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрүүдэд хуралдсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй, хуралдааны тэмдэглэл нь албажилгүй өнөөг хүрсэн зэрэг баримтуудаас үзвэл хариуцагч Монгол Улсын Засгийн газар концессын гэрээг цаашид үргэлжлүүлэх эсэхийг гэрээнд заасан хугацаанд нь, тухайн үед нь нэг мөр тодорхой шийдвэрлээгүйгээс Концесс эзэмшигч хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байна.

38.Тодруулбал, маргаан бүхий тогтоолоор гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд “хаягдал төмрийг боловсруулах пресс хайчны тоног төхөөрөмжийн угсралт, барилга байгууламжийг 2018 оны 1 сард техникийн комисст хүлээлгэж өгсөн, төвийн төвлөрсөн халаалтын шугамд 2017.11.03-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Цахилгаан соронзон холигч, хэлбэлзүүлэгч ширээ, зэс талсжуулагч шинээр суурилуулах ажлыг 2019 онд хийж гүйцэтгэсэн” гэх зэргээр концессын гэрээг хэрэгжүүлэхээр зорилгоор тодорхой үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийсэн байх тул гаргасан зардал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэл хамгаалах” зарчмын агуулгад хамаарч хамгаалагдана.

39.Иймд, “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээний 11.2-т “Концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/-наас хамааран 2-оос дээш жилийн хугацаагаар төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид хэрэгжих боломжгүй гэж үзсэн тохиолдолд Эрх бүхий этгээд энэхүү Гэрээг цуцлах саналыг Засгийн газарт хүргүүлж шийдвэрлүүлнэ”, 11.3-т “Хэрэв энэхүү Гэрээний 11.2-т заасны дагуу Засгийн газрын шийдвэрээр Гэрээ цуцлагдсан тохиолдолд нөхөн олговор олгохгүй” гэж заасныг энэ тохиолдолд шууд хэрэглэхгүй, олон жилийн хугацаагаар “төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон” нь дан ганц “К” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа гэж үзэхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу.

40.Тухайлбал, анхнаасаа “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай цахилгаан хангамжийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх талаар болон үйлдвэр барих газрын асуудлын талаар гэрээгээр тодорхой тохироогүй, гэрээний үүрэг хугацаандаа биелэгдээгүйн улмаас асуудал үүсэж, “цахилгаан хангамж”, “газар”-ын асуудал үүсэхэд эрх бүхий этгээдээс шийдвэрлэж өгөх агуулгатай шийдвэрүүдийг дээрх байдлаар удаа дараа гаргаж байсан байх тул зөвхөн төсөл хэрэгжүүлэгчийн буруутай үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/-ны улмаас гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэж үзэхгүй, төсөл хэрэгжүүлэх хүрээнд концесс эзэмшигчээс оруулсан хөрөнгө оруулалт болон өр төлбөр, хасагдах зардлуудыг бодитой тогтоон нөхөн төлбөрийн асуудлыг хариуцагч Засгийн газар шийдвэрлэх үүрэгтэй, энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

41.Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д “Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна”, 104.3-т “Захиргааны байгууллага нөхөх олговрын хэмжээг иргэн, хуулийн этгээдтэй харилцан тохиролцож болно”, 104.4-т “Нөхөх олговрын хэмжээний талаар маргаан гарвал захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч “К” ХХК нь нөхөх олговортой холбоотой асуудлаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 221/ШШ2025/0027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 (хоёр зуун арван мянга зургаан зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Д.МӨНХТУЯА

                ШҮҮГЧИД                                                              Г.БАНЗРАГЧ

                П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                    Ц.ЦОГТ

                                                                                                    Д.БАТБААТАР

 

[1] ХХ-1-119 дэх тал.

[2] ХХ-4-147-1*** дэх тал.

[3] ХХ-6-67 дэх тал.

[4] “Хос гүн” ХХК ба Байгаль орчин аялал жуулчлалын сайд128/2024/0141/З, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2025/0023

[5] ХХ-1-119 дэх тал