Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Шүүгдэгч: Э.Х, нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914002620166 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Э.Х

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Х нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 4-5-6 тоотод 2019 оны 03 сарын 09-ний өдөр Р.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би хотоос ирээд хоёр хонож байсан юм. Тэгээд ажлын ах нартай ойрд уулзаагүй байсан. Тэр үед дуучин Б утсаар захидал илгээж хоёулаа Т ахынд чинь очих уу гэж хэлсэн тэгээд 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Б ахынд 16 цагийн үед очсон тэнд Т, Р.О, Б, О нар байсан бид нар тэнд хоол идэж тоглоом тоглож байсан тухайн үед намайг очиход нэг том шилтэй Соёрхол нэртэй архи ууж байсан юм би хоёр шил архи авч очсон юм тэгээд Б ахынд шөлтэй хоол идэж, хөзөр тоглож архи уусан тухайн үед би архи уудаггүй мөн сэтгэл хөөрсөн байсан тэгээд юу болсон талаар мэдэхгуй нэг мэдэхэд О ахын толгой руу цохисон тэгээд дээр гарчихсан байхад Т ах салгасан тэгээд эмнэлэг дуудаж эмнэлэг цагдаа дуудсан байсан би тухайн үед цагдаа дээр ирж эрүүлжүүлэхэд хоносон. Би Р.Оы толгой руу нь нэг удаа цохиж мөрөнд нь нэг удаа юмаар цохисон одоо юугаар цохисон талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед Т, Р.О, Б, О бид нар байсан юм бүгдээрээ архи ууж зарим нэг юу болсон талаараа мэдэхгүй тасарчихсан байсан юм. Тоглоом дээрээсээ болж маргалдсан байх тэрнээс биш бид хоёр найз нөхөд гэж явдаг бид хоёр нэг мэргэжилтэй тийм болохоор би хуурай ах гэж хүндэлж явдаг юм. Би ийм зүйл хийсэндээ гэмшиж байна Р.О ахаас уучлалт гуйж эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй, гэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч Р.Оы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр амралтын өдөр байсан учир аймгийн театрын дуучин Б хоол хийж байна ирж хоол ид гэхээр нь би дуучин О түүний найз охины хамт очоод хоол болох зуур хөзөр тоглож салхинд гарах талаар ярилцаж байсан юм. Тэр зуураа ганц шил архи тойруулж байхад Х гаднаас ирээд Өвөрмонгол явсан талаар нь ярилцаж байсан юм. Х архинд явж хоёр шил архи авчирсан тэгээд хоол болж хоол идээд нэлээд согтож зарим нэг тасарсан байх тэгээд тоглож сууж байгаад сүүлд Х бид хоёр үлдсэн тэгээд би тоглоом хийж үгээр өдсөн байх нэг мэдэхэд Х тас хийтэл намайг цохисон эрүүний орчимд дагз орчимд цохиж би ухаан балартаж унасан. Тэгээд нэг сэрэхэд миний хамраас цус гарчихсан урд энгэр цус болчихсон сууж байсан. Тэгтэл нэг нь гар чинь яасан гэхээр нь би харахад миний баруун гар мөр онгойчихсон цус гарч байсан тэгээд ухаан санаа орж гараад байж байхад нэг мэдсэн цагдаа ирсэн байсан би манарсан байдалтай байсан тэгээд ухаан алдаж нэг сэрэхэд нэгдсэн эмнэлэг хүлээн авах дээр миний толгойнд оёо тавьж байсан... Намайг Х цохисон би эхний цохилтонд ухаан алдаж юу болсон талаар одоо сайн санахгүй байна архи ууж байхад бид хоёр л үлдсэн байсан юм. Миний толгой өвдөж дүүрч хүзүү хөшиж өвдөж байна хамар гэмтсэн байсан мөн баруун мөрөн дээр зүсэгдсэн шархтай оёо тавьсан. Х болон бид нар бүгдээрээ архи уусан байсан би нилээд согтуу гэхдээ ухаантай байсан. Тухайн үед дуучин Т, Б, О, Х нар байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 23-25 /,

4. Гэрч Н.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                                   

…2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр эхнэр хүүхдээ ажил дээрээ хүргэж өгчихөөд Г.Б ахынд хоол хийж нэг шил архи тойруулаад байж байхад гаднаас О, О нар ирээд хоол унд хийж идэж хөзөр тоглож байхад Х, Жанцанхорол гэдэг залуутай хоёр 0.5- тай архи барьж орж ирсэн хамт орж ирсэн Жанцанхорол гэдэг залуу нь яваад өгсөн. Тэгээд бид нар тэр архи ууж инээж хөхрөөд янз бүрийн юм яриад байж байсан Б, О нар хойт өрөөнд унтаж байсан байх тэпгэл миний утасны цэнэг дуусаж би хойт өрөөнд утсаа цэнэглэж байхад гэнэт Р.О, Э.Х хоёр байсан өрөөнөөс чимээ гарахаар нь би яваад ортол Оы дээр Х гарчихсан байхаар нь би очоод салгатал Оы толгой болон мөрнөөс нь цус гарахаар нь би эмнэлэг дуудсан тэгж байхад цагдаа ирсэн тэгээд цагдаа дээр ирж Хийг эрүүлжүүлсэн намайг яв гэсэн би цагдаагаас эмнэлэгийн хүлээн авах дээр ирэхэд Оы эхнэр ирчихсэн байсан тэгээд'би яваад өгсөн. Би тэр хоёрыг дээр доороо орчихсон байхыг харсан цохиж байхыг хаагүй шууд очоод салгахад Оы толгой мөрнөөс цус гарч байсан. Э.Х гартаа нэг хутга барьчихсан байсан жижиг эвхдэг тонгорог байсан тэр хутгаар зүсэгдсэн байх би ямар шалтгааны улмаас зүсэгдсэн талаар хараагүй болохоор мэдэхгүй байна. Э.Х тухайн үед согтуу байсан цагдаа дээр ирэхэд гайгүй байх шиг байсан гэхдээ нилээд согтуу байсан хэтэрхий их согтуу байсан болохоор тийм зүйл хийсэн байх гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

5. Гэрч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                                   

 …2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өдөр 11 цагийн орчимд Хтэй би утсаар ярьсан Тынд очно хамт очье гэж ярьж байсан тэгээд манай нэг ах дараа нь Т манайд ирсэн тэгээд бид гурав байж байгаад хоол хийж идэх гэж хийх зуураа нэг шил архи задалсан тэгж байхад О, О хоёр манайд ирсэн тэнд бид нар идэж ууж нөгөө архи тойруулж уусан нилээд орой болсон байсан би тухайн үед Хтэй утсаар ярьсан тэгээд хүрээд ир гэсэн Хийг ирэх хооронд би унтчихсан байсан тэгээд би харанхуй шөнө болчихсон байхад хүмүүс бужигнаад байхад сэрсэн тэгээд харахад Р.О цээж нүцгэн сандал дээр сууж байсан зүүн мөр язарсан шархтай цус тусалж байсан манай гэрийн хоёр газарт цус болчихсон байдалтай байсан тэгтэл удалгүй цагдаа ирээд манайд байсан хүмүүсийг авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

6. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн 210 дугаартай шинжээчийн:

1. Р.Оы биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун мөр, зулайд шарх, хамарт зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 10-11/ болон хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Э.Х урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 41-45 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Э.Хийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 75-76 дүгээр хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч Э.Х нь 2019 оны 03 сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 4-5-6 тоотод иргэн Р.Оыг зодож, хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Р.Оы мэдүүлэг, гэрч Н.Т, Г.Б нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 210 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эвхдэг бор иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцсон прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн тогтоол, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Э.Хийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Э.Хэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Э.Хэд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохиролыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Хийн эзэмшлийн Huawei маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Э.Хэд буцаан олгож шийдвэрлэв.

Харин уг хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бор иштэнй эвхдэг тонгорогийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Х нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Хэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй эвлэрсэн талаар бичгээр хүсэлт гаргасан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э.Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б овогт Э.Хийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Э.Хэд хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, зааснаар ялтан Э.Х нь хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Э.Х нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.    

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Э.Хийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Э.Хэд буцаан олгосгуай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эвхдэг хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Хэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Хэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ