Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Шүүгдэгч: С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914009220183 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт С.Ц,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.Ц нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 11-605 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Сг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч С.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тухайн өдөр Б.С эмнэлэгт хэвтэж байгаад өглөө 10 цагийн орчимд өөрөө гэртээ хүрээд ирсэн. Тухайн үед гэрт би ганцаараа хоол цай хийчэхээд хүргэж өгөх гэж байхад Б.С хүрээд ирсэн. Тэгээд хоолны халуун савнаас болж бид маргасан. Тухайн үед жаахан архи уучихсан байсан. Тэгээд намайг пивар шанагаар толгой орчимд цохисон. Тэгээд шанага нь хугарсан. Тэгэхээр нь би зөрүүлээд хацар нүүр орчимд нь 2-3 удаа гараараа алгадаж цохисон чинь хамраас нь цус гарсан. Тэгээд цусаа арч гэсэн чинь Б.С өөрөө зүтгэсээр байгаад гараад явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ц мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Б.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Тухайн өдөр би эмнэлэгт хэвтэж байгаад гэр рүүгээ хоолоо авах гээд очиход С.Ц гэрт согтуу байсан ба “би хүргэж өгөхийн хооронд ирлээ” гээд намайг хоолоо идэхийн хооронд гараараа миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. тэгээд миний хамраас цус гарсан. Өөр зүйл болоогүй. Би С.Цыг “болно ш дээ” гээд уйлахад С.Ц больсон. Би тэгээд гараад цагдаа дээр ирж дуудлага өгсөн. Тухайн үед 12 цаг өнгөрч байсан.С.Ц архи уучихсан байсан. Гэрт тухайн үед өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг / хх-ийн 11-13/,

 ......Би зодуулахаасаа өмнө маргаж байх үедээ Цыг гэр байдаг шанагаар нэг удаа цохисон. Шанага хугарсан...Шанага хугарахаар нь хаячихсан. Хогонд ачуулсан. 1500 төгрөгийн үнэтэй шанага юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг / хх-ийн 41-42 /,

4. Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Ц миний төрсөн ах юм. Архи дарс нэг их уугаад байдаггүй юм. Стой амьдраад 4 жил гаран болж байна гэх мэдүүлэг / хх-ийн 43-44 /,

5. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 242 дугаартай шинжээчийн:

1. Б.Сгийн биед 2 нүдний дээд зовхи, хамар, доод эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 09-10/ болон хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Цын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 37-40 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Цын эзэмшлийн гар утас битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхээс хэвтэст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлснээр улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Цыг гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Сг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч С.Ц нь Б.Сг урьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож байгаагүй бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулаагүй байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдгээр хүндрүүлэн зүйлчлэхдээ уг гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамруулан ойлговол зохино.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч С.Ц нь тохиолдын шинжтэй нөхцал байдлын улмаас нэг удаагийн үйлдлээр хамтран амьдрагч Б.Сг хөнгөн хохирол учруулсан байх тул хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч С.Ц нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 11-605 тоотод байх гэртээ гэрг бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Сг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.С болон гэрч С.Б нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 242 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Ийм учраас шүүхээс шүүгдэгч С.Цыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч С.Цад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч С.Цад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч С.Цын орлого олох боломж, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч С.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар жаран нас хүрээгүй байгаа тул нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хориглосон заалтад хамрагдахгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Цын эзэмшлийн Nokia маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч С.Цад хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Ц нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч С.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт С.Цад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч С.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт С.Цыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан С.Цад хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, зааснаар ялтан С.Ц нь хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэргийн учир шүүгдэгч С.Ц нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.       

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч С.Цын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч С.Цад буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ