Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01821

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/04723 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг гаргуулж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

*******-тай 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Тус гэрээний 3.1-д ******* хотхоны Б блокийн 1-р орцны 1 давхрын 5 тоот, 103.7 м.кв, Е загварын орон сууцны үнэ болох 127,840,861 төгрөгийн төлбөрийг бүрэн төлснийг баталгаажуулаад тухайн байрыг 30 хоногийн дотор холбогдох баримт бичгийн хамт хүлээлгэж өгөх үүргийг хүлээсэн.

Гэрээний 4.1-т 127,840,861 төгрөгийг захиалагч буюу нэхэмжлэгчийн холбогдох дансанд шилжүүлсэн тохиолдолд захиалагч зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсанд тооцохоор заасан ч энэ тохиролцоо хэрэгжээгүй.

Иймд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Цемент худалдан авах үнийг баталгаажуулах зорилгоор орон сууц худалдах агуулгатай гэрээ байгуулсан. Гэтэл ******* нь манайд нийлүүлэх цементүүдээ хүлээлгэж өгөөгүй, энэ талаарх баримт байдаггүй. Орон сууцны төлбөрийг төлөөгүй атлаа орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул *******-д Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг гаргуулж өгөхийг даалгах тухай *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 797,154.31+70,200 нийт 867,354.31 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Гэрээний 2.1-т зааснаар талууд анхнаасаа орон сууц худалдах, худалдан авах харилцаанд орох зорилготой гэрээ байгуулсан. Мөн гэрээний 3.1-т төлбөрийг захиалагч нь гүйцэтгэгчид төлсөн гэж заасан нь гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн болохыг баталгаажуулсан заалт ба төлбөр бүрэн төлөгдсөнтэй холбогдон үүсэх үр дагаврыг хариуцагч зөвшөөрснийг илтгэнэ.

Гэрээний 4.1-т зааснаас үзвэл 127,840,861 төгрөгийн төлбөрийг хариуцагч төлсөн тохиолдолд нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг өөр зүйлээр сольж хүлээн авах болохоо хүлээн зөвшөөрсөн, төлөөгүй тохиолдолд орон сууцыг хүлээлгэн өгөх болохоо хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Талууд гэрээгээр орон сууцны үнийг төлсөн болохыг баталгаажуулсан тул нэмэлт нотлох баримт шаардлагагүй.

Хариуцагч 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид эвлэрэн хэлэлцэх саналыг ирүүлэхдээ *******-ийн үйлдвэрлэн гаргадаг цементийн бүтээгдэхүүнийг бусдад зуучлан зарсан болохоо хүлээн зөвшөөрсөн.

Хариуцагчийн хариу тайлбар нь эрүүгийн гэмт хэргийн мөрдөн байцаалтын явцад өгсөн гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн шинжтэй үйлдлээс өөрт ашиг хонжоо олох зорилгоор *******-ийн нэрийн бүтээгдэхүүнийг бусдад үнийг нэмэгдүүлэн зарсан болохоо хүлээн зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч зөвхөн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлыг барагдуулах зорилгоор орон сууц захиалгаар барих, бариулах гэрээг байгуулсан.

Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөр төлсөн болохоо баримтаар нотлоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, ******* хотхоны Б блокийн 1-р орцны 1 давхрын 5 тоот, 103.7 м.кв, Е загварын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг гаргуулж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч төлбөр бодитоор төлөгдөөгүй гэж эс зөвшөөрч маргасан.

 

2.1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нотлох үүргийн хуваарилалтыг үндэслэлтэй хийсэн. Харин талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон байгааг давж заалдах шатны шүүх залруулан дүгнэх боломжтой байна.

3. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан гэрээгээр ******* нь Хан-Уул дүүрэг, Нисэхийн уулзвар, ******* цогцолборын хойно байрлах ******* цогцолбор хотхонд баригдаж буй орон сууцнаас Б блок 1-р орц, 1-р давхар, Е д загварын орон сууц 54 тоот 103.7 м.кв талбайтай орон сууцыг барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, ******* нь 127,840,861 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Гэрээний 3.1-д нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг төлж барагдуулсан болохыг заажээ.

 

3.1. Хариуцагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууц, түүнтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр.

Энэ дүгнэлтийн хүрээнд шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

3.2. Өмнө дурдсанчлан гэрээний 3.1-д нэхэмжлэгч нь орон сууцны үнэ 127,840,861 төгрөгийг төлсөн болохыг тодорхой заасан байна.

Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь орон сууцны үнэ төлөгдөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь орон сууцны үнийг хэзээ, ямар хэлбэрээр төлсөн, мөн гэрээнд төлбөр төлөгдсөн гэж заах болсон үндэслэлийг нотлох үүргийг хүлээнэ.

Гэвч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна.

 

3.3. Нэхэмжлэлд 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, 05 дугаар сарын 08, 15-ны өдөр болсон шүүх хуралдаан нэхэмжлэгчийн нотлох баримт гаргаж өгөх, хууль зүйн туслалцаа авах хүсэлтээр хойшилсон.

Цаашлаад хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын зүгээс шинээр хүсэлт, нотлох баримт гаргаагүй.

 

3.4. Гэрээнд төлбөр төлөгдсөн гэж заасан боловч тухайн төлбөр хэзээ, ямар хэлбэрээр төлөгдсөн болохыг үнэн зөв, эргэлзээгүй байдлаар тогтоох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэх юм.

 

3.5. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэж байх тул холбогдох гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргасны дараа нотлох баримт ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлэхгүй байх зохицуулалтад нийцэхгүй тул үнэлэхгүй орхисон болохыг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/04723 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 343 дугаар зүйлийн 343.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 867,354 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Т.БАДРАХ