Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 394

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: “Үйзэн-Ивээлт” ХХК-ний Өвөрхангай салбарын захирал Д.Амартүвшингийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг, 24-07 тоотод оршин суух, Бумбаа овгийн Лхүндэвцэрэнгийн Болормаад холбогдох

“1438500 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Үйзэн ивээлт ББСБ” ХХК-ийн Өвөрхангай салбарын захирал Д.Амартүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Болормаа нь манай байгууллагаас 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 500000 төгрөгийн зээлийг 15/39 тоот зээлийн гэрээгээр сарын 10 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээл авснаас хойш байгууллагад зээлийн хүү болон зээлийн төлбөрөөс огт төлөөгүй болно. Л.Болормаад байнга утасдаж, сануулж мэдэгдэл хүргүүлж, удаа дараа биечлэн уулзаж байсан боловч сүүлдээ утсаа ч авахаа больсон. Л.Болормаагаас өнөөдрийг хүртэл ашигласан хоногийг хүү 766670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 153330 төгрөг, зээлийн үндсэн төлбөрт 500000  төгрөг, нотариатын зардал 18500 төгрөг, нийт 1438500 төгрөг нэхэмжилж байна. Иймд Л.Болормаагаас 1438500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгэрэл болон хариуцагч Л.Болормаа нар шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Төлбөл зохих 1438500 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү болох 153330 төгрөгийг нэхэмжлэгч тал авахгүйгээр, 1285170 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр бид хоорондоо тохиролцож эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй гэдгээ ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Үйзэн-Ивээлт ХХК нь хариуцагч Л.Болормаад холбогдуулан “1438500 төгрөг гаргуулах”тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгэрэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 153330 төгрөгийг хариуцагчаас гаргуулахгүй байхаар талууд эвлэрсэн нь зохигчдийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Үйзэн-Ивээлт ХХК хариуцагч Л.Болормаагаас 1438000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1285170 төгрөгийг хариуцагч Л.Болормаагаас гаргуулах нэхэмжлэлийн хүрээнд зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Болормаагаас 18983төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 18983 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 37966 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                           А.ҮҮРИЙНТУЯА