Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 202/МА2025/00021

 

Г.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Дорноговь аймгийн * сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 137/ШШ2025/00369 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн * тоотод оршин суух, * нэгдсэн эмнэлэгт их эмч ажилтай, * /утас: * /,

Хариуцагч: Дорноговь аймгийн * тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, *  /утас: * /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 11,250,531 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг нэхэмжлэгч Г.Оын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Мөнхбүрэнгийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.О /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Э.Тулгаа /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэзаяа нар оролцов.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч Г.Оын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Г.О нь шүүхэд 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон: “Миний хүү Л.* нэ 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ангийн хүүхэд болох * тай муудалцаж, дээрээсээ даруулаад нуруу нугасны гэмтэл авч, 2 хөлд саажилт үүсэж, хагалгаанд орсон. Үүний дараа тус сум дундын шүүхэд нэхэмжлэл гарган эмчилгээний зардал болох 5,000,000 төгрөг гаргуулж авсан. 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр дахин  хүүхдүүд муудалцсан. Нуруугаа дахиад гэмтээлгэх нь гэсэн айдас төрж * ын нүүрэн тус газар цохисон, хэд хэдэн удаа цохисон тухайгаа хэлсэн. Уг зодооноор тархины доргилт авч эмчилгээ хийлгэсэн. Иймд 2023 онд нэхэмжилж авсан эмчилгээнээс хойших бүх зардал буюу эм тариа, эмчилгээ, бензиний төлбөр болох 4,107,031 төгрөгийг төлүүлэхийг хүсэж байна.” гэжээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихдээ “…хүү * нийн биед физик эмчилгээ болон сэргээн засах эмчилгээг Улаанбаатар хот руу явж хийлгэдэг байсан эм тариа эмчилгээний зардалд 3,382,740 төгрөг, унаа бензиний зардалд 723,298 төгрөг, нийт 4,160,031 төгрөгийг зарцуулсан. Мөн сэтгэл санаа бие махбодод учирсан гэмтэл буюу 2023 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөгжлийн доод хэмжээ болох 505,000 төгрөгийг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 7,144,500 төгрөг, нийт 11,250,531 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үүгэж тайлбарласан.

3.Хариуцагч * , түүний өмгөөлөгч Э.Тулгаа нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “энэ хэргийг прокурор дээр эрүүгийн хэрэг нээхээс татгалзсан, Шүүх шинжилгээний үндэсний төв гэм буруугийн дүгнэлт гаргадаггүй, тухайн хүнд ямар гэмтэл учирсан бэ гэдгийг тогтоодог учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээрх зардлыг төлөхгүй” гэсэн агуулгаар маргасан.

4.Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Оын нэхэмжлэлтэй хариуцагч * гаас гэм хорын хохиролд 11,250,531 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 209,924 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5.Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Г.О “...хүний сэтгэцийн эрүүл мэндийг тухайн цаг хугацаанд үүсээд шууд арилж болдог мэтээр ойлгож дүгнэсэн нь эргэлзээ төрүүлж, нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг нягтлан үзэлгүйгээр үндэслэлгүйгээр хэт нэг талыг барьсан, ...иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг өөр шүүхээр шийдүүлж өгнө үү” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

6.Анхан шатны шүүх зохигчийн хуулиар олгосон эрхийг зөрчөөгүй, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн бөгөөд маргааны үйл баримтын талаар Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тусгайлсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг, хариуцагч хариу тайлбар, татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талуудын шүүхэд гаргаж өгсөн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь:

7.1.Тус хэрэгт:

-Дорноговь аймгийн * сум дахь сум дундын прокурорын газрын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоолоор иргэн Г.Оын “2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр манай хүүхэд Л.* нэ 3 дугаар сургуулийн 8а ангид сурч байхдаа ангийн хүүхэд нь үл мэдэх шалтгаанаар нуруу дээр нь дарж хөдөлж болохгүй” гэх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулаад …Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан. /хх-105-106/

-Дорноговь аймгийн * сум дахь сум дундын прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолоор иргэн Г.Оын гаргасан “2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр манай хүүхэд Л.* нэ сургууль дээрээ байхад ангийн хүүхэд нь үл ялих зүйлээс болж нуруун дээр нь дарж гэмтээсэн байна” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгахад …Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр эрүүгийн 242000157 дугаартай хэргийг хаасан байна. /хх-111-112/

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.Оаас гаргасан “2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүү Л.* нийг ангийн хүүхэд нь үл ялих зүйлээс болж нурууг нь гэмтээсэн” гэх гомдлоор 2 удаа эрүүгийн журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, насанд хүрээгүй * ын үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, эрүүгийн журмаар мөрдөн шалгах ажиллагаа дуусгавар болсон, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. 

7.2.Хариуцагч * гийн хүү *  2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Г.Оын хүү Л.* нийн эрүүл мэндэд гэм хорын хохирол учруулсан үндэслэлээр нэхэмжлэгч Г.О гэм хорын хохиролд 4,041,164 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, зохигч талуудын хүсэлтэд үндэслэн Дорноговь аймгийн * сум дахь шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 137/ШШ2023/00284 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдаж шийдвэрлэсэн нь шүүхийн эцсийн шийдвэр болсон байна. /хх-41-44/

Дээрх шийдвэрийн дагуу 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.О хүлээн авсан болохоо өөрөө нэхэмжлэлдээ, хариуцагч хариу тайлбараараа нотолсон ба талууд энэ талаар маргаагүй зэргээс үзэхэд хариуцагчийн хүү * ын 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Г.Оын хүү Л.* нийн эрүүл мэндэд гэм хор учруулсны хариуцлага буюу гэрээний бус үүргийн хариуцлага дээрх шүүхийн шийдвэрээр дуусгавар болсон гэж үзнэ.

7.3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Г.О нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай.

Учир нь гэм хорын хариуцлагыг хүлээхэд хуульд заасан 3 үндсэн нөхцөл хангагдах учиртай:

1.бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хохирол учирсан байх

2.хууль бусаар санаатай/болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл хийсэн байх

3.хохирол нь гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-тэй шалтгаант холбоотой буюу уг үйлдлийн улмаас үүссэн байх.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн хүү Л.* нэ эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг бөгөөд түүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан эмнэлгийн болон бусад зардлууд гарсан байх боломжтой.

Харин 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш хүү * ын зүгээс хүү Л.* нийн эрүүл мэндэд үйлдэл, эс үйлдлээрээ гэм хор учруулсан, түүний улмаас дээрх зардал гарсан буюу шалтгаант холбоотой болох тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч Г.О нь бусдын хууль бус үйлдлээс гэм хор учирсан үндэслэлээр шаардсан нэхэмжлэл түүний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар нотлогдоогүй, хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

7.4.Нэхэмжлэгч Г.О нь сэтгэцэд учирсан хохирлыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1009 дугаартай ”Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр: Лхагвасүрэнгийн * нийн сэтгэцэд 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэх баримтад үндэслэн хэдий ч гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн заалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн харилцаанд хэрэглэхээр хуульчилсан тул дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагад энэ хууль үйлчлэхгүй. /хх-109-110/

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүү Л.* нийн сэтгэцэд учирсан хор уршиг болох 7,144,500 төгрөгийг хариуцагч * гаас гаргуулахаар шаардах эрх хуулиар үүсээгүй гэж үзнэ.

8.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Оын хариуцагч * гаас гэм хорын хохиролд 11,250,531 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Оын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Г.О нь давж заалдах гомдол гаргахдаа 196,358 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нь үндэслэлтэй бөгөөд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хангаагүй учир түүний төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн * сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 137/ШШ2025/00369 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Оын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Г.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний   хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд энэ магадлал эцсийн шийдвэр болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

 

 

ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА

 

 

Д.МӨНХБҮРЭН