| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00395/И |
| Дугаар | 395 |
| Огноо | 2016-09-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 395
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 23-23 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, 31 настай, Захирагч овгийн Уртнасангийн Пүрэвжаргалын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг Өндөр өнц гэх газар оршин суух, Жамцай овгийн Тогтохын Жанцандоржид холбогдох
“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэвэлмаа, нарийн бичгийн даргаП.Дониддолгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Пүрэвжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Т.Жанцандоржтой 2004 онд танилцан дотносож 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр охин Цэндийг төрүүлж 2007 оны 2 сарын 20-ны өдөр гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд Жанцандорж нь архи ууж, агсан согтуу тавьж сэтгэл санааны дарамтанд оруулдаг байсан ба хөөж тууж охин бид хоёрыг хамт байх аргагүй байдалд хүргэсэн. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, Т.Жанцандоржоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Миний бие одоогоор 7 сартай жирэмсэн учир яаралтай гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид хоёр тусдаа амьдраад 8 жил гаруй болж байна. Одоо бид хоёр тус тусдаа амьдралтай болсон тул эвлэрүүлэн зуучлах хугацаа шаардлаггүй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэвэлмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Т.Жанцандорж манай охин У.Пүрэвжаргал нар тусдаа амьдраад 8 жил болж байна. Т.Жанцандорж өөр хамтран амьдрагтай болоод удаж байна. Манай охин ч гэр бүлтэй болсон. Охин маань удахгүй төрөх гэж байгаа учраас би итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцож байна. Т.Жанцандорж У.Пүрэвжаргал нар цаашид хамтран амьдрахгүй учраас Т.Жанцандорж, У.Пүрэвжаргал нарын гэрлэлтийг цуцалж, Т.Жанцандоржоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Пүрэвжаргал нь хариуцагч Т.Жанцандоржид холбогдуулан “Гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
У,Пүрэвжаргал, Т.Жанцандорж нар нь 2007 оноос эхлэн гэр бүл болж, 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр охин Ж.Цэнд төрсөн болох нь зохигчдын тайлбар, 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №22 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, охин Ж.Цэндийн №37 тоот төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар гэсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Охин Ж.Цэнд нь эх У.Пүрэвжаргалын асрамжинд байдаг болох нь зохигчдын тайлбар, Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 393 тоот тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолтуудаар нотлогдож байгаа ба Ж.Цэндээс санал авахад ээжтэйгээ хамт амьдрах хүсэлтэйгээ илэрхийлсэн тул охин Ж.Цэндийг төрсөн эх У.Пүрэвжаргалын асрамжид үлдээж, төрсөн эцэг Т.Жанцандоржоос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж шийдлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Жанцандорж нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй мөн шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 72 дугаар зүйлийн 72.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч У.Пүрэвжаргал нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүйгээ илэрхийлж, хэрэг хянан шийдьэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулсан байх тул нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Т.Жанцандоржоос 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар хариуцагч Т.Жанцандоржоос 28626 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар Захирагч овгийн У. П, Жамцай овгийн Т.Ж нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Ж.Ц- төрсөн эх У.П-н асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар охин Т.Ц-г 11-16 нас, /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Ж-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Нэхэмжлэгч эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Гэрлэлт цуцласан шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногийн дотор шийдвэрийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Эрдэнэд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар хариуцагч Т.Ж-с 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогын дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Ж-с 28626 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай
6. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА