| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 320/2025/00969/И |
| Дугаар | 225/МА2025/00036 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 225/МА2025/00036
| 2025 оны 10 сарын 29 өдөр | Дугаар 225/МА2025/00036 |
Д.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
О.Бын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 320/ШШ2025/01018 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч:Д.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Ж.Б, П.Б нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 30,000 юань буюу 13,007,700 (арван гурван сая долоон мянга долоон зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...П.Б, Ж.Б нар 0000 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр зарна. Урьдчилгаа 30,000 юань өгчих, үлдэгдэл төлбөрийг нь сар бүр цалингаасаа төлөөд яв гэх санал тавьсныг Д.Ц хүлээн зөвшөөрч 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр бэлэн 30,000 юань буюу 13,007,700 төгрөг өгсөн. Мөнгө өгснөөр талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. 0000 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээн авч уг автомашины зөвшөөрлийн гэрчилгээ гаргахыг хүлээгээд байж байтал өөр хүн ирээд автомашиныг аваад явсан. Үүний дараа Ж.Б, П.Б нартай холбогдож автомашиныг танихгүй хүн аваад явлаа гэхэд автомашины эзэн болох хятад хүн аваад явлаа. Өөр автомашинаар сольж өгнө гэсэн тайлбарыг хэлж байсан. Одоо өөр автомашин болон урьдчилгаанд өгсөн 30,000 юань байхгүй. ...Иймд хариуцагч нараас хувь тэнцүүлэн 13,007,700 төгрөгийг гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Б, Ж.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлд дурдсан Horth benz маркийн 0000 ӨМҮ дугаартай машиныг манай нөхөр Б хятадаас унаж оруулж ирээд Цд өөрсдийн биеэр хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч Д.Ц болон хариуцагч П.Б, Ж.Б бидний хооронд тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй болно. Ийм учраас бид дээрх мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 320/ШШ2025/01018 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч П.Б, Ж.Б нараас 13,007,700 (арван гурван сая долоон мянга долоон зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Цд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,989 (хоёр зуун хорин хоёр мянга есөн зуун наян ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б, Ж.Б нараас 222,989 (хоёр зуун хорин хоёр мянга есөн зуун наян ес) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Цд олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О давж заалдах гомдолдоо: ....хариуцагч П.Б, Ж.Б нар нь 0000 ӨМҮ дугаартай тээврийн хэрэгслийг Хятадаас оруулж ирээд Д.Ц түүний хамтран амьдрагч Баатар нарт хүлээлгэн өгсөн бөгөөд тэд ч өөрсдийн эзэмшилдээ хүлээн аваад багагагүй хугацааг өнгөрүүлсэн байхад шүүх нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
...хэрэгт авагдсан баримтууд дотор 0000 ӨМҮ дугаартай Horth benz маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Галбын Түмэн Хөлөг ХХК байгаа тул нэхэмжлэлийг хариуцах жинхэнэ хариуцагч нь П.Б, Ж Б нар биш байна. Мөн Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан Үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг гуравдагч этгээд үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд уг хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлэх үүрэгтэй. Энэ зүйлд энэ хуулийн 492, 493 дугаар зүйлийн холбогдох заалт нэгэн адил хамаарна гэсэн байхад шүүх энэ байдлыг харгалзан үзэлгүй хэт өрөөсгөл дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчим алдагдахад хүрчээ.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 320/ШШ2025/01018 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
2.Нэхэмжлэгч Д.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь хариуцагч П.Б, Ж.Б нарт холбогдуулан тээврийн хэрэгсэл худалдан авахаар урьдчилан шилжүүлсэн 30,000 юань буюу 13,007,700 (арван гурван сая долоон мянга долоон зуу) төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан.
3.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ...Horth benz маркийн 0000 ӨМҮ дугаартай машиныг Б хятадаас унаж оруулж ирээд Цд өөрсдийн биеэр хүлээлгэж өгсөн, ...бидний хооронд тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй, ...нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5.Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж үзэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх үндэслэл болно.
6.Нэхэмжлэгч Д.Ц тээврийн хэрэгсэл худалдан авахаар 30,000 юань /13,007,700 төгрөг/ бэлнээр хариуцагч П.Б, Ж.Б нарт өгсөн талаар зохигч маргаагүй, харин хариуцагч нар ...мөнгийг хятад эзэнд өгсөн, ... нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
7.Зохигчийн худалдах, худалдан авахаар тохиролцсон гэх Horth benz маркийн 0000 ӨМҮ дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Галбын түмэн хөлөг ХХК байх ба уг компани хариуцагч нараар зуучлуулан болон нэхэмжлэгчтэй өөртэй нь дээрх тээврийн хэрэгслийг худалдахаар тохиролцсон гэх байдал баримтаар тогтоогдоогүй байна.
8.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч П.Б, Ж.Б нар нь Horth benz маркийн 0000 ӨМҮ дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбогдох гэрээ, хэлцэл хийх эрх бүхий этгээд болох нь тогтоогдоогүй тул ...хятадаас унаж оруулж ирээд Цд өөрсдийн биеэр хүлээлгэж өгсөн, ...өөрсдийн эзэмшилдээ хүлээн аваад багаггүй хугацааг өнгөрүүлсэн. гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Учир нь, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д зааснаар Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах... эрхтэй бөгөөд өмчлөгч зөвшөөрөл, итгэмжлэл олгоогүй тохиолдолд бусдын өмчлөлийн зүйлтэй холбогдох аливаа гэрээ, хэлцлийг өмчлөгч биш этгээд бусадтай хийх эрхгүй.
9.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл, тайлбараа холбогдох баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэсэн үндэслэлээр 30,000 юань /13,007,700 төгрөг/-ийг тэднээс буцаан шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж зохиуцуулсан.
Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг, үүрэг гүйцэтгэгч этгээд гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг, үүрэг үүсээгүй гэж хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг тус тус ойлгоно.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээх бөгөөд хариуцагч нар татгалзлаа нотолж чадаагүй байна.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. гэж, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно. гэж тус тус зохицуулсан.
Тодруулбал, өөр этгээдийг хариуцагчаар татах эсэх, хариуцагчийг солих эсэхийг нэхэмжлэгчийн, гуравдагч этгээд оролцуулах эсэхийг тухайн этгээдийн болон зохигчийн хүсэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ийм хүсэлт гаргаагүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээх авах үндэслэлгүй.
12.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
13.Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
14.Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.1-д зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхээр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх ба мөн хуулийн 757 дугаар зүйлийн 757.1-д заасан ...ердийн журмаар явуулах тухай захирамж гаргаагүй атал шийдвэрт ердийн журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсан нь буруу байх тул шийдвэрийн Тогтоох нь: хэсэгт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 320/ШШ2025/01018 дугаар шийдвэрийн Тогтоох нь: хэсгийн 116, гэсний дараа 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, гэсэн нэмэлт оруулж, 3 дахь заалтыг 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурддсугай. гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Хариуцагч Ж.Бын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,989 /хоёр зуун хорин хоёр мянга есөн зуун наян ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Б.СОСОРБАРАМ