Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 224/МА2025/00031

 

О.А-ийн нэхэмжлэлтэй,

М.Б-д холбогдох иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Алтан, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

     Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 318/ШШ2025/00397 дугаар шийдвэртэй,

    О.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б-д холбогдох, 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч М.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.А, хариуцагч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         1. Нэхэмжлэлийн шаардлага: 8,500,000 төгрөг гаргуулах тухай

        2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Би 2018 онд иргэн М.Б-тэй тохиролцож, Улаангом сумын х байрны 10 айлын орон сууцанд 76.17 мкв байрыг худалдан авсан. Уг байрны урьдчилгаанд Улаангом сумын х багийн х тоот хашаа, байрыг 16,000,000 төгрөгөөр үнэлж нэрийг нь шилжүүлэн өгсөн. Мөн үлдэгдэл 13,500,000 төгрөгт, х улсын дугаартай, Прадо жип машиныг манай найз авна, би зараад өгье гээд аваад явсан. Уг машиныг зарах эрх нь манай эхнэр О.Б-д байсан. 2019 онд Хас банкнаас манай байрыг суллах тухай албан бичиг ирсний дагуу байраа судалж үзэхэд уг байрыг зарах эрх Хас банканд байсан. Энэ үед М.Б ипотекийн зээл гарахгүй байгаа, гарахаар нь зээлд хамруулна гээд хүлээлгэж байсан. Энэ учраа Хас банкны удирдлагад хэлэхэд М.Б-д хамааралгүй, манайхаас худалдаж авах ёстой. Мөн танай хашаа, байшинг М.Б 16,000,000 төгрөгийн зээлд тавьсныг манайх мэдээд битүүмжилсэн. Одоо үлдэгдэл мөнгөө хийгээд зээлд хамрагдаж байраа худалдан авч болно гэсний дагуу Хас банктай 2019 онд гэрээ хийж, худалдан авсан. Үлдэгдэл мөнгийг цалингийн зээл авч төлсөн. Тухайн үед М.Б-ээс машинаа нэхэмжлэх гэсэн боловч М.Б нь гадаад гарсан, хаашаа явсан нь тодорхойгүй байсан. Иймд одоог хүртэл дээрх автомашины мөнгийг гаргуулж авч чадаагүй тул анхан шатны шүүхэд хандаж байна” гэжээ.

     3. Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие О.А-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна. Учир нь О.А нь миний барьж гүйцэтгэсэн 10 айлын орон сууцнаас 3 өрөө орон сууц худалдаж авахдаа хашаа байшин болон машинаа оролцуулж авах захиалгын гэрээгээр тохиролцож, тус орон сууцаа худалдаж авсан. Одоо ч тэр орон сууцандаа амьдарч байгаа байх. Хас банкны барьцаанд тавьж би өөрийн үнээр худалдах эрхтэй гэрээний зохицуулалттай тохиролцоог энэ хүн 50 саяар худалдаж авах ёстой гэж андуураад яваа юм шиг байна. О.А-тай анхны тохиролцсон нөхцөлөөр байраа худалдан борлуулж гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэлийг нь хүлээн авах боломжгүй” гэжээ.

    4. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 318/ШШ2025/00397 дугаар шийдвэрээр:

       - Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б-ээс 8,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.А-д олгож;

        - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 150,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

      5. Хариуцагч М.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Шүүхээс, нэхэмжлэгч О.А нь байрны урьдчилгаанд оролцуулан тооцож өгсөн Prado маркийн машинаа буцаан нэхэмжлэхэд хариуцагч нь нэхэмжлэлийг үгүйсгээгүй гэх шалтгаанаар 8,500,000 төгрөгийг надаас гаргуулж О.А-д олгуулахаар шийдвэрлэжээ.

      Миний бие байрны үнэ ханшаа өөрөө тогтоож, худалдан борлуулах эрх нь Хас банктай хийсэн нөхцөл тохирох гэрээгээр нотлогдоно.

     О.А нь анх хашаа байшин болоод машин урьдчилгаанд тохирч өгсөн гэдгээ мэдүүлгээрээ өөрөө баталж байгаа.

    О.А-тай анх тохирсон хэмжээгээрээ би урьдчилгаагаа авч, О.А байраа авсан. Гэрээ хангагдсан тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй.

     Нэхэмжлэгчээс яг хэдэн сая төгрөгийн ипотекийн зээл авсан, урьдчилгаа төлбөр нь хэний данснаас яаж байршсаныг тодруулж өөрт нь ойлголт өгнө үү.

       Давж заалдах хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...”  гэв.

    6. Хариуцагч М.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдолдоо тодорхой бичсэн байгаа. Анх нэхэмжлэгч О.А-тай орон сууцаа худалдах, худалдан авах гэрээгээр өөрийнх нь хашаа байшин болон машиныг урьдчилгаанд нь авсан, Хас банканд 50,000,000 төгрөгийн байрны зээлэнд хамруулахаар тохиролцсон.

      Тухайн үед би Хас банктай нөхцөлд хүрэх гэрээ болох нэг байрыг нь 50,000,000 төгрөгийн үнэлгээтэйгээр 5-6 байрыг Хас банкны нэр дээр шилжүүлээд өөрийн нэр дээрх зээлүүдийг бүгдийг нь хаачихсан, хүү тооцогдохгүй гэдэг шалтгаанаар Хас банктай хийсэн нөхцөл тохирох гэрээнд би худалдах байрныхаа үнийг тохирч худалдан авагчдад өөрийнхөө үнээр харилцах нөхцөлтэй гэрээ хийсэн. Баримтад нь нөхцөл тохирох гэрээ нь байгаа, судалж үзээрэй.

    Хас банктай хийсэн нөхцөл тохирох гэрээний дагуу би О.А-д байраа өөрийн тогтоосон үнээр худалдан борлуулсан байхад надаас мөнгө гаргуулахаар шүүх шийдвэрлэсэнд гайхаад давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан” гэв.

     7. Нэхэмжлэгч О.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ээлжийн амралтаар ирчхээд Хаан банкны үүдэнд явж байтал Б гэх манай эхнэрийн шавь надтай ирж уулзаад, та байр сонирхооч урьдчилгаанд нь хашаа байшин, машинаа өгч болно гэсэн. Маргааш нь буцах ажилтай байсан учраас эхнэрийг очиж үзэж сонирхоорой гээд явсан.

       Эхнэр маань байрыг үзээд таалагдаж байна гээд хашаа байшингаа тэр өдрөө нотариатаар гэрээ байгуулаад 14,000,000 төгрөгөөр шилжүүлж өгсөн. Манай  машиныг худалдах, худалдан авах гэрээг хийх эрх надад байсан бөгөөд Б нь надтай уулзахдаа, манай найз машиныг чинь сонирхоод байна,  найздаа зараад, танай 8,500,000 төгрөгийн цалингийн зээлийг хаачихъя гэж хэлсэн. Би эхнэртээ машин зарж борлуулах итгэмжлэлийг хийж өгөөд явсан.

     Би Хас банкны байр юм уу, М.Б-ийн байр юм уу гэдгийг сайн мэдэхгүй байсан юм. Таны 8 хувийн зээл бүтэхгүй байна гээд л яваад байсан. Тэгж байгаад миний прадо жийп машин маань Улаанбаатарын дугаартай байсан гэнэт Увсын дугаартай болсон явж байсан. Би тухайн үед ажлаасаа чөлөө аваад Увс аймагт ирээд энэ хүнийг хайгаад олсон. Миний машины номерыг яаж шилжүүлснийг мэдэхгүй, мөн миний машиныг унагаачихсан байсан, Би шууд наадахыг чинь хүлээн зөвшөөрөхгүй гээд явсан.

      Дараа жил нь Хас банкнаас та байраа суллаж өгнө үү гэсэн 2 удаагийн албан мэдэгдэл манайд ирсэн. Би дахиж ирээд Хас банктай очиж уулзсан. Тэгсэн таны байр манай Хас банкны нэр дээр байгаа. Таны хашаа байшингийн мөнгө гэдгийг бид нар мэдэж байсан. Тухайн үед М.Б нь 2 хувааж манай дансанд хөрөнгөө зарангуут бид нар битүүмжлээд авсан. М.Б-ээс та машинаа салгаж аваарай. Манайхаас хэрэв байраа авахаар бол манайх 50,000,000 төгрөгөөр энэ байрыг үнэлж авсан, 50,000,000 төгрөгөөр ав, урьдчилгаа нь таны 16,000,000 төгрөг байна, үлдсэн мөнгийг нь та цалингийн зээлээ хаагаад авч ирж манайхаас худалдаж авч болно гэснийх нь дагуу би Хас банкнаас 60,000,000 төгрөгөөр байрыг худалдаж авсан. Энэ тухай миний банкны хуулга, зээлийн баримтад байгаа. Хариуцагчийг хайхад гадаад явсан байсан. Цагдаагийн байгууллагад өргөдөл өгөх гэхэд холбогдогч нь байхгүй учраас хойшлуулсан байсан. 2025 онд энэ хүнийг ирсэн байсныг мэдээд цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулсан. Прокуророос таны асуудал иргэний хэргийн шүүхэд хандах асуудал гэсний дагуу оршин суугаа хаяг нь тодорхой байгаа учраас би иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

      1. Хариуцагч М.Б-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 318/ШШ2025/00397 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.

    2. Нэхэмжлэгч О.А нь хариуцагч М.Б-д холбогдуулан 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

    3. Анхан шатны шүүх Иргэний хуулъийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч М.Б-ээс 8,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.А-д олгохоор шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. 

     4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах  үндэслэлтэй гэж  давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

    4.1. Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг зөв тодорхойлоогүй буюу зохигчдын маргаж буй маргааны үйл баримт хэрэгт тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

     Нэхэмжлэгч О.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Би 2018 онд иргэн М.Б-тэй тохиролцож, Улаангом сумын х багийн 10 айлын орон сууцанд 76.17 мкв байрыг худалдан авахаар уг байрны урьдчилгаанд Улаангом сумын х багийн х тоот хашаа, байшинг 16,000,000 төгрөгөөр үнэлж нэр дээр нь шилжүүлэн өгсөн. Мөн өөрийн х улсын дугаартай, Прадо жип машиныг 13,500,000 төгрөгөөр үнэлж өгсөн. Тухайн үедээ М.Б нь машиныг манай найз худалдаж авна, би зараад өгье гэж хэлээд аваад явсан.

      2019 онд Хас банкнаас манай байрыг суллах тухай албан бичиг ирсний дагуу байраа судалж үзэхэд уг байрыг зарах эрх Хас банканд байсан. Хас банкнаас манайд хандаж, танай хашаа, байшинг М.Б 16,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсныг манайх мэдээд битүүмжилсэн, танайх одоо үлдэгдэл мөнгөө төлөөд ипотекийн зээлд хамрагдаж байраа худалдан авч болно гэсний дагуу Хас банктай 2019 онд гэрээ хийж, уг байраа худалдан авсан. Үлдэгдэл мөнгийг цалингийн зээл авч төлсөн. Одоо машины үнэ 8,500,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж,

      - нэхэмжлэгч О.А анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2018 онд М.Б-тэй орон сууц худалдан авах аман гэрээ хийсэн байсан. Гэтэл тухайн байр Хас банкны нэр дээр барьцаанд байсан. Хас банкнаас би 60,000,000 төгрөгийн зээл авч байрыг худалдаж авсан.Тухайн үед би машинаа 13,500,000 төгрөгөөр, хашаа байшингаа 14,000,000 төгрөгөөр үнэлж урьдчилгаанд өгсөн. Анх гурван өрөө байрыг 68,500,000 төгрөгөөр М.Б-ээс авахаар тохиролцсон. Нийт 87,500,000 төгрөг болсон. Энэ талаар М.Б-д ойлгуулах гэж үзсэн боловч ойлгохгүй байгаа тул шүүхэд хандсан. М.Б байр барьж, хөдөлмөр хийсэн байж магадгүй гэж бодоод би хариуцагчаас 8,500,000 төгрөг нэхэмжилсэн” гэж,

     - хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...О.А нь миний барьж гүйцэтгэсэн 10 айлын орон сууцнаас 3 өрөө  худалдаж авахдаа хашаа байшин болон машинаа оролцуулж авахаар захиалгын гэрээгээр тохиролцож, тус орон сууцаа худалдаж авсан, одоо тэр байрандаа амьдарч байгаа. О.А-тай анхны тохиролцсон нөхцөлөөр байраа худалдан борлуулж гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарлажээ.

       Талуудын дээрх тайлбаруудаас үзэхэд, 2018 онд О.А нь М.Б-ийн барьсан 10 айлын орон сууцнаас 76.17 мкв 3 өрөө байрыг 68,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 14,000,000 төгрөгөөр тооцож, хашаа, байшин, 13,500,000 төгрөгт тооцож автомашинаа тус тус өгсөн үйл баримт хэрэгт тогтоогдсон байна.

        4.2. Нэхэмжлэгч нь Хас банкнаас 42,000,000 төгрөгийн зээл авсан болох нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хас банк болон иргэн О.Б, О.А нарын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ээр, мөн Хас банкинд байрны үнэд 60,000,000 төгрөг төлсөн нь тус тус нотлогдсон.

       Хэрэгт авагдсан, О.Б-ийн Хас банкны дансны хуулга баримтад 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр М.О-с урьдчилж төлсөн байрны урьдчилгаа буцаан шилжүүлэв гэх утгаар 8,000,000 төгрөг, мөн өдөр байрны урьдчилгаа шилжүүлэв гэх утгаар 10,000,000 төгрөг тус тус О.Б-ийн дансанд орсон талаар тусгагдсан байх бөгөөд уг 10,000,000 төгрөгийг хэнээс, ямар зорилгоор шилжүүлсэн, түүнчлэн хариуцагч М.Б нь нэхэмжлэгчийн байрны урьдчилгаанд зориулж Хас банкинд хэчнээн төгрөг төлсөн нь тус тус хэрэгт тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгч нь Хас банкнаас 60,000,000 төгрөгийн зээл авч байрны үнэд төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй, зөвхөн 42,000,000 төгрөгийн зээлийн гэрээний баримт авагдсан байна.

       Дээрх байдлаар талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй, түүнчлэн хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

   5. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 150,950 /нэг зуун тавин мянга есөн зуун тавь/ төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч М.Б-д олгох үндэслэлтэй байна.           

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

    1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 318/ШШ2025/00397 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч М.Б-ийн давж заалдах гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,950 /нэг зуун тавин мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Б-д олгосугай.           

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ОТГОНХИШИГ

                       ШҮҮГЧ                                 Д.КӨБЕШ

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.АЛТАН