Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Шүүгдэгч: Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914002470177 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт Б.Ж,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Ж нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг 5-204-13 тоотод тоотод 2019 оны 02 сарын 28-ны өдөр О.Аийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... “Б ах 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр яриад “хоол унд хийж байна уу” гэхээр нь би “хүрээд ир бэлэн бууз байна жигнээд идчих” гэсэн. Тэгээд Б ах ирэхдээ А гээд байгаа залуу болон Билгүүн гэдэг залуустай 3-уулаа орж ирсэн. Тэр 3 орж ирэхдээ 1 ширхэг том пивотой орж ирээд бүгдээрээ уусан. Тэрийг ууж дуусчихаад Б, ******* 2 “дахиад 1 юм аваад ирье” гээд явсан. Манайд А бид 2 үлдсэн. Би Аийг жаахан үл ойшоож “наад 2 чинь ирэхгүй” яв гэсэн. Тэгтэл А гэрээсээ хөөлөө гээд бид 2 маргасан. Тэгж маргалдаж байгаад А миний хөл рүү хамж дайраад унагаахаар нь би босож ирээд яагаад байгаа юм гэхэд болихгүй байхаар нь би гал тогооны хажууд байдаг хөргөгчний тэнд яс хөрөөдчихөөд тавьсан байсан яс хөрөөддөг хутганы набор дотор байдаг хөрөөгөөр Аийг айлгах гээд далайгаад чичсэн. Би Ад хөрөө хүрсэн гэж бодоогүй байсан. Тэгээд А гараад явсан. Тэгтэл цагдаа ирсэн.. Тухайн үед Аийг цагдаа ирэхээс өмнө Б, Б нар ирчихсэн байхад нь шархаа үзүүлчих яасан юм гэхэд А үзүүлэхгүй байсан. Тэгээд худлаа ярьж байгаа юм болов уу гэж бодсон. Маргааш нь би Атэй уулзаж цуг эмнэлэг явж боолтыг нь солиулахад Аийн нурууны орчимд эсгэсэн байхаар нь би Аийг хөрөөгөөр эсгэсэн юм байна гэж ойлгосон. гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч О.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... “Би 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр найз Б, Б 2-той хамт байж байгаад Б руу Ж залгаад хүрээд ир хоол ид гэж дуудсан. Тэгээд Б, ******* бид 3 хамт Ж очсон. Тэднийд ороод хоол идэж авч очсон пивоо уугаад дуусгасан. Тухайн үед би нэг их уугаагүй. Тэгтэл Б, Б 2 гараад ахиад пиво аваад ирье гэж явсан. Жийнд бид 2-уулханаа үлдсэн. Тэдний гэрт анх ороход хүн байхгүй гаднаас Б ******* бид 3 л орсон. Тэгээд Б ******* 2-ыг явсаны дараа Ж бид 2 юм ярьж сууж байгаад хүн танина танихгүй гэж яриад түүнээс болж маргасан. Бид 2 тэгээд барилцаж аваад Ж намайг “чамайг дуудаагүй гар зайл” гэхээр нь “чадахгүй“ гээд дахиад муудалцаж бид 2 зууралдаж түлхэлцэж ноцолдсон. Тэгтэл Ж гал тогооны хэсгээсээ хутга гаргаж ирээд над руу дайрахаар нь би хутгыг нь бариад авах гэсэн чинь миний зүүн бөөрний орчимд хутгаараа чичиж зүссэн. Тэгэхээр нь би гараад зугатаасан. Гутал куртикээ өмсөөгүй. Тэгээд орцонд гараад Б, ******* 2 руу залгаад дуудсан. Тэр 2 ирээд гутал куртикийг Жийнхоос авч гарч ирээд бид нар эмнэлэг дээр очиж оёо тавиулсан... гэх мэдүүлэг / хх-ийн 11-13/,

...Бид 2 эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

4. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                                        

…2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би найз Б, А нартай хамт 2-3 пиво уусан. А тухайн үед нэг их уугаагүй. Тэгээд Ж гэдэг хүн Бтой яриад хоол ирж ид гэхээр нь Б, А бид 3 тэдний гэрт нь очихдоо 1 том пиво авч очсон. Жийнх нь 2-р сургуулын арын 5 давхар байранд байсан. Бид нар ороход Ж нь гэртээ ганцаараа байсан. Жтой би гэрт нь ороод л танилцсан өмнө танидаггүй Б танидаг юм шиг байсан. Тэгээд гэрт нь бид 4 хоол идэнгээ 1 пиво уусан. Пиво ууж дуусаад Бгийн эхнэр дуудаад байхаар нь Б бид 2 дахин пиво аваад ирье гээд гарч явсан. Гэрт нь Ж А 2 хүлээгээд байж байя гээд үлдсэн. Биднийг анх гэрт нь ороход Ж нь уучихсан юм шиг байсан гэхдээ тэгж сүрхий согтуу байгаагүй. Ж А 2 гэрт үлдэхдээ согтолт нь гайгүй зодоон цохион хийхээргүй юм яриад үлдсэн юм. Б бид 2 Бгийн эхнэр нь дуудаад байхаар нь пиво аваад ирье гээд худлаа яриад гарсан юм. Тэгээд Б бид 2 Бгийн эхнэртэй нь уулзаад Б эхнэрээ хоолонд оруулаадахая гээд хоолны газар орсон. Тэгтэл А байн байн над руу залгаад байсан. Би эхлээд утсаа авахгүй байсан чинь сүүлдээ бүр байнга залгаад байхаар нь утсаа аваад ярьсан чинь эхлээд “ирэх болж байна уу” гэсэн. Би арай болоогүй байна гэж хэлчихээд утсаа салгасан чинь удалгүй дахин дахин залгаад байхаар нь би утсаа авахгүй нилээн байж байгаад утсаа авсан чинь А “хурдан хүрээд ир намайг хутгалчихлаа” гэхээр нь би тоглож байна гэж бодоод утсаа салгаад хэсэг байж байгаад Б бид 2 гараад явж байгаад А дахин залгаад байхаар нь утсаа авсан чинь А орцонд байгаа бололтой цуурайтаад байсан ба “хурдан хүрээд ирээ би цус алдаад байна” гэсэн. Тэгэхээр нь Б бид 2 очиход А Жийн орцонд нь гуталгүй оймстойгоо дээгүүрээ цамцтайгаа айсан бололтой цонхийсон царайтай шатны бариул налаад баруун талын бөөр, ууц орчимд нь ярагдсан жаахан цус болсон байхаар нь би үүрч гараад машинд суулгаад Б бид 2 Жийнд ороод “яаж байгаа юм яасан юм Аийг яагаад хутгалсан юм” гэхэд Ж халамцуу байдалтай “үгүй би хутгалаагүй юу яриад байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь Б бид 2 Аийн гутал, күртик 2-ыг нь аваад гарч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/

5. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 05-ний өдрийн 187 дугаартай шинжээчийн:

1. О.Аийн биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн аль ч үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 21-22/ болон хавтаст хэргийн 59-62 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Ж урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 47-51 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Жамъяндорж эзэмшлийн хөөрөг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 72-73 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Ж нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг 5-204-13 тоотод тоотод 2019 оны 02 сарын 28-ны өдөр О.Аийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч О.А болон гэрч Б.Билгүүнтэй нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 187 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Жийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Б.Жид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Жид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Жийн эзэмшлийн хаш хөөргийг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг хаш хөөргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Жид хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ж нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Харин энэ хэрэгт шүүгдэгч Б.Жийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж нь өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Б.Жийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Б.Жийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Жид хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, зааснаар ялтан Б.Ж нь хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Б.Ж нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.    

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Жийн эзэмшлийн хаш хөөргийг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг хөөргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Жамъяндоржид буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Жид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ