| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2016/00910/и |
| Дугаар | 910 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 910
2016 оны 10 сарын 10 өдөр Дугаар 181/ШШ2016/00910 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Алтан тэвш АОС 4 тоотод оршин суух, Гуулин овогт Баньдхүүгийн Болорхүү /РД:ХБ81022231/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Залуучуудын гудамж-25 байрлах, “Хобби бүрэн дунд сургууль” ХХК /РД:5890373/-д холбогдох,
Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баасансүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Баньдхүүгийн Болорхүү нь өөрийн төрсөн хүүхэд Б.Анирланг төлөөлж 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр суралцагчийн төлөөлөгчийн хувиар “Хобби бүрэн дунд сургууль” ХХК-тай гэрээ байгуулж, 1,000,000 төгрөгийг тус байгууллагын дансанд нь урьдчилан байршуулсан.
Гэтэл гэрээнд заасны дагуу 2016 оноос 2017 оны хичээлийн жилд тус сургуульд суралцах боломжгүй болсон тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай хүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тус сургуулийн захиргаанд албан бичгээр гаргасан.
Гэвч тус сургуулиас гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т “Бүртгэлийн хураамжаа төлж гэрээ байгуулсан суралцагч өөр сургууль руу шилжин суралцах тохиолдолд бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй” гэх зохицуулалтын дагуу урьдчилан байршуулсан мөнгийг буцаан олгохгүй гэсэн хариу өгчээ.
Дээрх хариуг дараах үндэслэлээр эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна.
- Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу сурч боловсрох, суралцах сургуулиа чөлөөтэй сонгох нь хүний эрх байдаг. Гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу “Гэрээ байгуулагчид гэрээг нэг талын санаачлагаар цуцлах эрх нээлттэй ба сургуулийн захиргаанд өргөдөл, холбогдох бичиг баримтыг гаргаж өгнө” гэсний дагуу гэрээг цуцлах саналыг тухайн байгууллагаас гэрээний дагуу гэрээг цуцлах саналыг тухайн байгууллагаас гэрээний дагуу авах үйлчилгээг авахаас өмнө гаргасан.
- Гэрээ байгуулах үед энэ тухай огт мэдээгүй, өөрсдийн бэлдсэн бэлэн гэрээг өгсөн тул тус сургуульд итгэсний үндсэн дээр гэрээний зүйл бүрийг нягт шалгаагүй.
- Гэтэл гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т “Бүртгэлийн хураамжаа төлж гэрээ байгуулсан суралцагч өөр сургууль руу шилжин суралцах тохиолдолд бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй” гэх зохицуулалт нь дээрх 8 дугаар зүйлийн 8.1-т заасан гэрээ цуцлах тухай зохицуулалт нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг зөрчсөн илт хууль бус зохицуулалт болжээ.
- Өөрөөр хэлбэл гэрээ байгуулагч нь гэрээнд өөрт ашигтай нэг зүйл заалтыг баримтлан гэрээлэгчид ямарваа нэг үйлчилгээ үзүүлээгүй байж урьдчилан төлсөн хураамжийг төлөхгүй гэдэг нь өөртөө давуу байдал бий болгож бусдыг мөлжих явуургүй арга байна гэж үзэхээр байна.
Гэрээний энэхүү заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2.5, 202.2.8-д хүчин төгөлдөр бус байхаар заасан стандарт нөхцөлд хамаарч байх тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, урьдчилан төлсөн 1,000,000 төгрөгийг тус байгууллагаас буцаан гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Б.Болорхүү нь өөрийн төрсөн хүүхэд болох Б.Анирлангийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд охиноо 2 дугаар ангид үргэлжлүүлэн суралцуулахаар тус сургуультай “Хобби бүрэн дунд сургууль” ХХК, суралцагчийн хууль ёсны төлөөлөгчийн хооронд байгуулах гэрээг харилцан тохиролцож, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан болно.
Уг гэрээний дагуу дараагийн хичээлийн жилд суралцуулах хүсэлтэй эцэг эхчүүд бүртгэлийн хураамжаа төлөөд гэрээ байгуулдаг. Бүртгэлийн хураамжийг сургууль нь тухайн жилийн сургалтын үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангахад зарцуулдаг ба тухайн хичээлийн жилд хэдэн хүүхэд суралцах, хэдэн багш ажилтан ажиллуулах зэрэг олон талын төлөвлөгөө тооцоо хийж, үйл ажиллагаа цаашид явагддаг юм.
Гэрээг эрх зүйн бүрэн чадамжтай, эрх үүрэг бүрэн ухамсарласан хоёр талын хүсэлт сонирхол болон сайн дурын үндсэн дээр Иргэний хууль болон бусад хууль тогтоомжийн зүйл заалтуудыг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан гэж ойлгож байгаа болно.
Нэхэмжлэгчийн зүгээс гэрээ байгуулах үед гэрээний 6.4-т заасан “Бүртгэлийн хураамжаа төлж гэрээ байгуулсан суралцагч өөр сургууль руу шилжин суралцах тохиолдолд бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй” гэсэн заалтын энэ тухай огт тайлбарлаагүй, сургуульд итгэсэндээ гэрээний зүйл заалтыг нягталж шалаагүй гэх зэргээр өгч буй тайлбар нь бүртгэлийн хураамжийг буцааж авах үндэслэл болж чадахгүй юм. Гэрээний зүйл заалт нэг бүрийг сайтар уншиж танилцах нь нэхэмжлэгчийн өөрийнх нь үүрэг.
Иймд гэрээний 6.4-т Бүртгэлийн хураамжаа төлж гэрээ байгуулсан суралцагч өөр сургууль руу шилжин суралцах тохиолдолд бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй гэсэн заалтын дагуу Б.Болорхүүгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Болорхүү нь хариуцагч “Хобби бүрэн дунд сургууль” ХХК-д холбогдуулан “Хобби бүрэн дунд сургууль” ХХК, суралцагчийн хууль ёсны төлөөлөгчийн хооронд байгуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, урьдчилан төлсөн 1,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Хобби бүрэн дунд сургууль” ХХК, суралцагчийн хууль ёсны төлөөлөгчийн хооронд байгуулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “Хобби бүрэн дунд сургууль” ХХК нь 2016-2017 оны хичээлийн жилд Монгол Улсын сургалтын стандартын шаардлага хангасан хөтөлбөр болон БСШУЯ-аас баталсан англи хэлний гүнзгийрүүлсэн хөтөлбөрийн дагуу суралцагчид монгол, англи хос хэлээр сургалт явуулах, Б.Болорхүү нь сайн дурын үндсэн дээр суралцагч Б.Анирланг сургалтад хамруулах, сургалтын төлбөр 8,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Ашгийн төлөө боловсролын сургалтын байгууллага болох “Хобби бүрэн дунд сургууль” ХХК нь суралцагч Б.Анирланд бага боловсрол олгох сургалтын үйлчилгээг үзүүлэх, Б.Болорхүү үйлчилгээний хөлс буюу сургалтын төлбөрт 8,000,000 төгрөг төлөхөөр тохирсон шинжээс нь дүгнэхэд шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзлээ.
Хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч Б.Болорхүү нь 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг төлсөн ба 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрээ цуцлах тухай хүсэлтийг хариуцагч “Хобби бүрэн дунд сургууль” ХХК-д гаргаснаар гэрээ цуцлагдсан болох нь зохигчдын тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтад маргаагүй.
Харин талууд нэхэмжлэгчээс төлсөн 1,000,000 төгрөгийг буцааж өгөх эсэх асуудалд маргасан.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 8.2-т “Гэрээ байгуулагчид гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрх нээлттэй ба сургуулийн захиргаанд өргөдөл, холбогдох бичиг баримтыг өгнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч гэрээ цуцлах тухай өргөдлийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчид гаргаж, гэрээнээс татгалзсан нь гэрээ болон Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасан зохицуулалтад нийцжээ.
Гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаварыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан.
Үүнээс үзвэл гэрээнээс татгалзсан нэхэмжлэгч Б.Болорхүү нь хариуцагч “Хобби бүрэн дунд сургууль” ХХК-аас урьдчилан төлсөн 1,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж үзнэ.
Хэдийгээр талууд гэрээний 6.4 дэх заалтаар “Бүртгэлийн хураамжаа төлж гэрээ байгуулсан суралцагч өөр сургууль руу шилжин суралцах тохиолдолд бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бүртгэлийн хураамж 1,000,000 төгрөгийг тухайн жилийн сургалтын үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангахад зарцуулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү 1,000,000 төгрөгийг бүхэлд нь суралцагч Б.Анирлангийн хичээлийн жилийн бэлтгэлд зориулагдсаныг нотлох баримтгүйн дээр гэрээний уг заалт нь гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож, шаардах эрхийг өөртөө олгосон стандарт нөхцөл байх тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д зааснаар хүчин төгөлдөр бус байна.
Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болно.
Гэрээний стандарт нөхцөлд хамаарах хэсгүүдийн аль нэг нь хүчин төгөлдөр бус байх, эсхүл гэрээний гол бус нөхцөл болсон тохиолдолд гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр байхаар Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.5-д заасан тул шүүх нэхэмжлэгчийн шаардлагаар зохигчдын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй.
Иймд шүүх Б.Болорхүүгийн гаргасан “Хобби бүрэн дунд сургууль” ХХК, суралцагчийн хууль ёсны төлөөлөгчийн хооронд байгуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Хобби бүрэн дунд сургууль” ХХК-аас 1,000,000 төгрөг гаргуулж Б.Болорхүүд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан “Хобби бүрэн дунд сургууль” ХХК-аас 1,000,000 төгрөг гаргуулж Б.Болорхүүд олгож, “Хобби бүрэн дунд сургууль” ХХК, суралцагчийн хууль ёсны төлөөлөгчийн хооронд байгуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах Б.Болорхүүгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА