Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2025/01673

 

*******, *******нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/03981 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******, *******нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний хохирол, гэм хорын хохиролд нийт 113,766,663 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* нь 2021 оны 06 сарын 23-ны өдөр ******* ХХК-тай 25/04 тоот Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулан Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* ам /*******/ хаягт байрлах ******* хотхоны ******* тоот хаягт байрлах 219.11 м.кв талбайтай амины орон сууцыг захиалсан. Нэхэмжлэгч нар амины орон сууцаа хүлээн авч, дотоод засварыг хийж байрандаа орсон. 2022 оны 05 capд төлбөрийг бүрэн төлж дуусгасан. ******* ХХК нь 2023 оны 05 сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч *******ийн нэрээр гаргаж өгсөн. Гэтэл 2023 оны 11 сарын 19-22-ны өдрүүдэд буюу нэхэмжлэгч нар орон нутаг зорчсон үед байрны шатны доод талын шалан доорх халаалтын далд шугам задарч халуун ус алдаж, тухайн сууцанд байсан гэрийн тавилга, эд хогшилд их хэмжээний хохирол учирсан. Нэхэмжлэгч нар уг гэмтлийн талаар мэдсэн даруй хариуцсан орон сууцны контор болох ******* ХХК-д мэдэгдэж ус хаалгах арга хэмжээг авч, мөн өөрт учирсан хохирлыг 2023 оны 11 сарын 27-ны өдөр ******* ХХК-аар үнэлгээ хийлгэхэд эд хөрөнгөд 26,958,718 төгрөгийн хохирол, амины орон сууцанд 24,220,530 төгрөгийн хохирол тус тус учирсныг үнэлж тогтоосон. Нэхэмжлэгч нар Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-ний 3.3-д гүйцэтгэгч нь орон сууцны чанарт барилгын хууль тогтоомжийн дагуу баталгаа гаргах ба баталгаат хугацаанд гарсан аливаа техник, инженерийн шугам сүлжээний тоноглолын зэрэг ашиглалтын буруугаас шалтгаалаагүй, гүйцэтгэгчийн гаргасан алдаанаас үүдэлтэй эсвэл үйлдвэрийн чанараас шалтгаалсан доголдлыг арилгана гэж заасны дагуу удаа дараа "*******" ХХК-д хандахад бидэнд одоо хамаагүй, орон сууцны контор хариуцна гэсэн хариуг өгсөн. Тус Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* ам /*******/-нд байрлах ******* хотхоны хэд хэдэн амины орон сууцны шугамд гэмтэл гарч, ус алдах тохиолдлууд ихээр гарсаар байгаа бөгөөд хариуцагч анхнаасаа чанарын доголдолтой амины орон сууц хүлээлгэн өгснөөс үүдэн хохирол учирсан гэж үзэж байна.

Иймд эд хөрөнгийн шууд хохирол 98,966,663 төгрөг, сарын 2,800,000 төгрөгөөр орон сууц түрээсэлсэн төлбөрт 14,000,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 800,000 төгрөг, нийт 113,766,663 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ. 

2. Хариуцагчийн тайлбарын агуулга: *******тэй 2021 оны 06 сарын 23-ны өдөр 25/04 тоот Орон сууц захилга, хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулан ******* хотхоны ******* тоот амины орон сууцыг 750,000,000 төгрөгөөр тооцон худалдсан. Нэхэмжлэгч нар орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний 3.3-т заасны дагуу гомдол гаргасан боловч ******* хотхон нь 2017 оны 05 сард баригдсан ба 2018 онд барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлд хүрснийг холбогдох байгууллагууд баталсны дагуу дутуу барилгын гэрчилгээ 70 хувьтай гарсан. Улмаар 2020 оны 03 сард барилгын ажил бүрэн дууссанаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь ******* ХХК-ийн нэр дээр гарсан. Энэ хугацаанаас эхлэн барилгын чанарын баталгааны хугацаа тоолоход 2023 оны 03 сард дууссан. 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс уг хотхоныг *******ТӨХК-тай гэрээ байгуулан халаалт, хэрэгцээний халуун усаар хангаж эхэлсэн. Улмаар халаалтын улирлын хугацаанд шугам болон халаалтын зүгшрүүлэлтийг манай компани хариуцан хянаж байсан ба 2020 оны 03 сард ******* ХХК-д хотхоны иж бүрэн гадна болон дотор халаалт, агаар сэлгэлт, цэвэр ус ариутгах татуургын шугам сүлжээний зангилаа шугам үзелийг хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш 2023 оны 03 cap хүртэл тус ******* ХХК-тай хамтран тус халаалт цэвэр ус болон ариутгах татуургын шугам сүлжээг хянаж засаж залруулж явсан. Тус хотхоны гадна халаалт болон цэвэр усны шугамыг ОХУ-д үйлдвэрлэсэн ******* ХХК-ийн борлуулдаг цайран трубагаар хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч ******* тухайн байрыг засалгүйгээр гэрээ хийх өдөр ямар байсан түүгээр нь хямдралтай үнээр худалдан авсан бөгөөд дотор заслын ажил хийх явцад шугамд нөлөөлөхүйц ямар алдаа гаргасныг бид мэдэх боломжгүй. Захиалагч ******* нь 25/4 тоот гэрээнд заасан графикт төлбөрийг 2022 оны 04 сард төлж барагдуулах үүргээ биелүүлээгүйн улмаас компани эдийн засгийн хүндрэлд орсон учраас банканд барьцаалан зээл авсан. Улмаар 2022 оны 10 сарын 17-ны өдөр буюу 6 cap хэтрүүлэн төлбөрөө бүрэн төлж дууссанаар бид тухайн үл хөдлөх хөрөнгийг банкнаас чөлөөлөх ажил эхэлсэн болно. Манай компани нь барилга барьдаг компани бөгөөд ямар нэгэн барилгын материал үйлдвэрлэдэггүй, зөвхөн Монгол улсад ашиглах худалдан борлуулахыг зөвшөөрөн гаалийн бүрдүүлэлт хийсэн цаашлаад тухайн барилгын материал нь Монгол улсын барилгын стандарт нормд нийцсэн чанарын шаардлага хангасныг холбогдох эрх бүхий төрийн байгууллагуудын нотолсон сорилт шинжилгээний дүн бүхий материалыг ашигладаг болно. Манай компани тухайн материалыг Монгол улсад нэвтрүүлсэн Хил гаалийн байгууллагаас эхлэн, чанарын дүгнэлт гаргасан Барилгын хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн лаборатори, манай компанид нийлүүлсэн ******* ХХК, мөн найдвартай ажиллагаа бүхий үзелээр дамжуулан хэрэглэгчид халаалт, дулаан түгээж буй ******* ТӨХК, тус хотхоны дэд бүтцийн ашиглалт хариуцагчаар ажиллаж буй ******* ХХК-уудтай хуулийн хүрээнд маргаан үүсгэн хууль хяналтын байгууллагад хандан буруутай этгээдийг тогтоосны дараа нэхэмжлэгч талын хохирлыг барагдуулж өгнө.

Иймд нэхэмжилж буй төлбөрийг төлөх хууль эрх зүйн үндэслэлгүй гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 16,335,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, *******нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 97,431,163 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч *******, *******нарын 884,734 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 239,627 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, *******нарт олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.7-д зааснаар хариуцагч ******* ХХК нь эд хөрөнгө хүлээлгэн өгөх үедээ буюу анхнаасаа биет байдлын доголдолтой хөрөнгийг нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгч гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаснаас үүдэн тухайн эд хөрөнгөд их хэмжээний ус алдаж гэм хорын хохирол учирсныг Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасныг үндэслэл болгон шийдвэрлэх байтал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д ...******* ХХК-ийн гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй ба үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоогүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно гэж заасан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

4.2. Түүнчлэн чанаргүй бараа бүтээгдэхүүнээс үүдэн гарах гэм хорын хохирлыг тухайн үйлдвэрлэгч нь шууд хариуцан барагдуулах үүргийг Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.1-д заасан бөгөөд тухайн амины орон сууцыг ******* ХХК нь барьж байгуулан нэхэмжлэгч нарт түлхүүр хүлээлгэн өгөхдөө орон сууцны шугам сүлжээ, үндсэн хийц, цахилгаан тоноглол зэргийг бүхэлд нь хийж гүйцэтгэсэн. Гэтэл хүлээлгэн өгсөн чанар байдлын доголдолтой эд хөрөнгөөс нэхэмжлэгч нарт их хэмжээний хохирол учирсан байтал гэм хор учруулсан байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.3. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаас харахад худалдагч чанарын доголдолтой эд хөрөнгө шилжүүлснээс үүдэн худалдан авагчид учирсан аливаа хохирол, зардал, түүн дундаа гэм хорын хохирол учирсан тохиолдолд тухайн хохирлыг хариуцан барагдуулах үүргийг ногдуулсан байтал анхан шатны шүүх гэм хорын хохирлыг барагдуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт гэрээний хохирол, гэм хорын хохиролд нийт 113,766,663 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д Нэхэмжлэгч нарын амины орон сууцанд гарсан халаалтын далд шугамын гэмтэл юунаас болж гэмтсэнийг тодорхойлоогүй, ийнхүү ус алдсан шалтгаанд хариуцагч ******* ХХК-ийн гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй ба үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоогүй гэж дүгнэсэн атлаа хариуцагч ******* ХХК-аас 16,335,500 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

5.2. Мөн шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримталсан тохиолдолд мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлах ёстой. Эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч шаардлагаа гаргах ёстой.

5.3. Хариуцагч ******* ХХК нь барилгын материал үйлдвэрлэдэггүй бөгөөд түүний чанар, стандартад хариуцлага хүлээдэг хуулийн этгээд биш. Монгол Улсын хил, гаалиар орж ирсэн чанар, стандартын шаардлага хангасан барилгын материалыг худалдан авч, барилгадаа ашигладаг хэрэглэгч юм. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д заасныг шүүх хэрэглээгүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хариуцагч ******* ХХК-аас 16,335,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, *******нарт олгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч *******, *******нар хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний хохирол, гэм хорын хохиролд нийт 113,766,663 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. ******* ХХК, ******* нар 2021 оны 06 сарын 23-ны өдөр 25/04 тоот Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Хан-Уул дүүрэг, *******хороо, ******* ам, ******* тоот хаягт байршилтай, 6 өрөө, 205 м.кв талбайтай амины орон сууцыг барьж, ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, ******* нь гэрээний үнэ 750,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохирсон;

3.2. Дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө буюу Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* ам /*******/, ******* тоот хаягт байршилтай, 219.11 м.кв талбайтай амины орон сууцыг 2023 оны 05 сарын 02-ны өдөр *******/*******ийн эхнэр/-ийн нэр дээр бүртгэсэн;

3.3. ******* тоот хаягт байршилтай амины орон сууцны шатны доод талын шалан доорх халаалтын далд шугам задарсны улмаас их хэмжээний халуун ус алдсан;

3.4. ******* хотхоны дулааны эрчим хүч, халуун хүйтэн усаар хангах, бохир ус зайлуулах үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлдэг гэх ******* ХХК-ийн гаргасан 2024 оны 02 сарын 20-ны өдрийн 1 тоот Орон сууцанд гарсан гэмтлийн дүгнэлт-д ...******* тоот айлд халаалтын далд шугамын гэмтлээс шалтгаалан ус алдсаны улмаас паркетан шал хөвсийсөн, хананы обой будаг хуурсан, буйдан норсон, сандал ширээ хөгцөрсөн, цонх хагарсан, цахилгаан бараа гэмтсэн, гал тогооны тавилга хөвсийсөн... тухай дурдсан;

3.5.  ******* ХХК-ийн гаргасан 2023 оны 12 сарын 11, 12-ны өдрийн Хохирол үнэлгээний тайлан-д ус алдсаны улмаас учирсан хохирлыг нийт 51,179,248 (24,220,530 + 26,958,718) төгрөг болохыг тогтоосон.

4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч ...ус алдсан шалтгаанд ******* ХХК-ийн гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй ба үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоогүй... гэж дүгнэн тэдгээрийн маргааныг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн зохицуулалтыг баримтлан маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний эрх, үүргийн харилцаа үүссэн байтал шүүх маргааныг гэм хорын үүргийн харилцааны зохицуулалтыг тайлбарлан маргааныг шийдвэрлэсэн нь буруу.

5.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус зааснаар ******* ХХК нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг *******ийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгах үүргийг хүлээнэ. 

6. Хариуцагч талын гаргасан ...доголдлын талаар шаардлага гаргах 6 сарын хугацаа өнгөрсөн, ******* ХХК нь барилгын материал үйлдвэрлэдэггүй учир чанар, стандартын асуудлыг хариуцахгүй, барилгын стандарт, нормд нийцсэн барилгын материалаар шугам сүлжээг хийж гүйцэтгэсэн... гэх татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Тодруулбал:

6.1. Халаалтын далд шугамын гэмтлээс шалтгаалан ус алдсан нөхцөл байдал тогтоогдсон тул худалдан авагч тал амины орон сууцыг хүлээн авах үедээ уг доголдлын талаар мэдэх боломжгүй байсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, худалдан авагч тал нь ус алдсан тухайн цаг хугацаанд доголдлын талаар мэдсэн байна.

Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан гомдлын шаардлага гаргах 6 сарын хугацаа тус маргаанд хэрэглэгдэхгүй.

Харин талууд 2021 оны 06 сарын 23-ны өдрийн 25/04 тоот Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-ний 3.3-т Гүйцэтгэгч нь орон сууцны чанарт барилгын хууль тогтоомжийн дагуу баталгаа гаргах ба баталгаат хугацаанд гарсан аливаа техник, инженерийн шугам сүлжээний тоноглолын зэрэг ашиглалтын буруугаас шалтгаалаагүй, гүйцэтгэгчийн гаргасан алдаанаас үүдэлтэй, эсвэл үйлдвэрийн чанараас шалтгаалсан доголдлыг арилгана. Доголдлын талаархи гомдлыг гүйцэтгэгч газар дээрх нь үзэж, баримт үйлдэн засна гэж тохирсны дагуу Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах 1 жилийн хугацааг баталгаат хугацаатай адилтган үзнэ.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар дээр дурдсан 1 жилийн хугацааг барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш тооцох тул *******/*******ийн эхнэр/-ийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан 2023 оны 05 сарын 02-ны өдрөөс хойш 1 жилийн хугацааг тоолоход гомдлын шаардлага гаргах хугацаа дуусаагүй байхад амины орон сууцанд ус алдсан байна.

6.2. Аливаа амины орон сууцны инженерийн далд шугам сүлжээний ажил нь барилгын материал авах, угсрах, хяналт тавих, шалгах буюу нэгэн цогц ажил байдаг тул барилгын материалын үйлдвэрлэгч, худалдагчийг буруутгах боломжгүй юм.

Харин ******* ХХК нь тухайн барилгын материалыг худалдан авах, далд шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэх, гүйцэтгүүлэх, ажилд хяналт тавих, ажлыг шалгах, хүлээн авах үйл ажиллагааг хариуцан ажиллах этгээд болохын хувьд *******, *******нарт учирсан хохирлыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 228 дугаар зүйлийн 228.1-д тус тус заасны дагуу хариуцах учиртай.

7. Өмнө дурдсанчлан ******* ХХК-ийн гаргасан 2023 оны 12 сарын 11, 12-ны өдрийн Хохирол үнэлгээний тайлан-гаар ус алдсаны улмаас учирсан хохирлыг нийт 51,179,248 (24,220,530 + 26,958,718) төгрөг болохыг тогтоосон тул уг дүн болон хохирлын үнэлгээ хийлгэхэд төлсөн 800,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас тус тус гаргуулан нэхэмжлэгч *******, *******нарт олгох нь зүйтэй.

Түүнчлэн ийнхүү ус алдсаны улмаас нэхэмжлэгч *******, *******нар бусдын орон сууцыг хөлсөлж, тэдгээрээс зардал гарсан байх тул уг зардлыг хохиролд тооцох үндэслэлтэй.

Ийнхүү тооцохдоо нэхэмжлэгч талаас шүүхэд бичгээр гаргаж өгсөн Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ-нд тусгагдсан үнийн дүн болох 11,200,000 төгрөгөөр хохирлыг тодорхойлсон болно.

Учир нь, нэхэмжлэгч тал шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа түрээсийн төлбөрийг 12,000,000 төгрөг гэж, хожим нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ 14,000,000 төгрөг гэж тус тус тодорхойлсон боловч түрээсийн төлбөрт шилжүүлсэн гэх баримтын дүн 16,800,000 төгрөг буюу эдгээр нь өөр хоорондоо зөрүүтэй, уг зөрүү 5,600,000 төгрөг нь бичгээр байгуулсан гэрээгүй тул түрээсийн төлбөр гэж үзэхэд эргэлзээтэй байна.

8. Иймд хариуцагч ******* ХХК-аас нийт 63,179,248 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, *******нарт олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 228 дугаар зүйлийн 228.1-д тус тус заасантай нийцнэ.

9.  Харин нэхэмжлэгч талын нэхэмжилсэн цонх засварлах, сантехник шинэчлэхтэй холбоотой гарсан гэх материалын зардал, ажлын хөлс нийт 48,182,445 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь, шүүх нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн ус алдсаны улмаас үүссэн хохирол үнэлгээний тайланг үндэслэн маргааныг шийдвэрлэсэн тул уг хохирол үнэлгээний тайланд тусгагдаагүй ажил, ажлын хөлс, материалын зардлыг гаргах үндэслэлгүй.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/03981 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 228 дугаар зүйлийн 228.1-д тус тус зааснаар хариуцагч ******* ХХК-аас 63,179,248 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, *******нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 50,587,415 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...239,627... гэснийг ...473,846... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 239,630 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 645,106 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР 

Д.НЯМБАЗАР