| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 101/2016/05417/и |
| Дугаар | 988 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 988
2016 оны 10 сарын 17 өдөр Дугаар 181/ШШ2016/00988 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 хороолол, Гал унтраах 14 дүгээр ангийн урд өөрийн байранд байрлах, “Яармаг хөнгөн бетон” ХХК /РД:5135435/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, “Эй Би” төвийн 9 давхарт байрлах, “Ай Ди Си Проперти” ХХК/РД:5583705/-д холбогдох,
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 46,137,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Манай компани нь “Ай Ди Си Проперти” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба бид гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нийт 587,9 м.куб хөнгөн блокийг тус компанид нийлүүлж 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дууссан болно.
“Ай Ди Си Проперти” ХХК энэ хугацаанд нийт 72,137,500 төгрөгийн хөнгөн блок авсан бөгөөд 30,000,000 төгрөгийг нь төлж барагдуулсан. Гэрээний үлдэгдэл төлбөр болох 42,137,500 төгрөг, мөн 2015 оны 12 дугаар сард “Ай Ди Си Проперти” ХХК нь хүүний төлбөрт 4,000,000 төлөхөөр амаар тохиролцсон.
Манай компани 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэх явуулж төлбөрөө төлөхийг шаардсан боловч нийт 46,137,500 төгрөгийг одоог хүртэл төлөлгүй биднийг хохироож байгаа болно.
Иймд гэрээний үүргийг хангуулж тус компаниас үлдэгдэл төлбөр болон хүүгийн төлбөрт нийт 46,137,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Нэхэмжлэлийн шаардлагаас 42,137,500 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Нийт 587,9 м.куб хөнгөн блокийг хүлээн авч, эхний ээлжийн төлбөрт 30,000,000 төгрөгийг төлсөн. Үүнээс өөр төлбөр хийгээгүй нь үнэн. Харин 4,000,000 төгрөгийг төлөх аман тохиролцоо хийснийг нотлох баримт байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Яармаг хөнгөн бетон” ХХК нь хариуцагч “Ай Ди Си Проперти” ХХК-д холбогдуулан нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 42,137,500 төгрөг, хүүгийн төлбөр 4,000,000 төгрөг, нийт 46,137,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 42,137,500 төгрөгийг зөвшөөрч үлдэх 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч “Яармаг хөнгөн бетон” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрүүдийг хүртэлх хугацаанд нийт 587,9 м.куб /1м.куб 120,000-125,000 төгрөг/ буюу 72,137,500 төгрөгийн үнэ бүхий хөнгөн блок нийлүүлж, худалдан авагч “Ай Ди Си Проперти” ХХК нь 30,000,000 төгрөг төлсөн болох нь 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрүүдэд нийлүүлсэн хөнгөн блокны тооцоо, зарлагын баримтууд болон талуудын тайлбар бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Тогтоогдсон дээрх үйл баримтад талууд маргаагүй.
Шүүх зохигчдын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Худалдагч “Яармаг хөнгөн бетон” ХХК нь гэрээний дагуу 587,9 м.куб буюу 72,137,500 төгрөгийн үнэ бүхий хөнгөн блокийг худалдан авагч “Ай Ди Си Проперти” ХХК-д шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдсон тул худалдан авагч “Ай Ди Си Проперти” ХХК нь 72,137,500 төгрөгөөс төлөөгүй үлдсэн 42,137,500 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Харин талууд гэрээгээр хүү төлөхөөр тохиролцоогүйн дээр “Ай Ди Си Проперти” ХХК-аас 4,000,000 төгрөгийг хүүнд төлөхөөр амаар тохирсон гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл баримтаар нотлогдохгүй байх тул шүүх хариуцагчаас хүүгийн төлбөрт 4,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иймд “Ай Ди Си Проперти” ХХК-аас 42,137,500 төгрөг гаргуулж “Яармаг хөнгөн бетон” ХХК-д олгож, “Яармаг хөнгөн бетон” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан “Ай Ди Си Проперти” ХХК-аас 42,137,500 төгрөг гаргуулж “Яармаг хөнгөн бетон” ХХК-д олгож, “Яармаг хөнгөн бетон” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,650 төгрөгөөс 388,638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 12 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас, 368,637.5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА