Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2025/01674

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/03174 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: газрыг битүүмжилсэн, хураасан тогтоол, уг газрыг үнэлсэн үнэлгээ болон банк дахь дансыг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай 

иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Шүүхийн шийдвэрийн дагуу ******* ХХК нь 139,537,583 төгрөгийг бусдад төлөх үүрэг хүлээсэн. ******* нь миний өмчлөлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хэнтий аймаг, ******* сум, *******баг, ******* хороолол, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах 700 м.кв газрыг 3,105,000 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээг 2023 оны 12 сарын 20-ны өдөр мэдэгдсэн. Энэ газар нь зам дагуу байрлалтай, цаашид үнэ өсөн нэмэгдэх, аймгийн төвөөс холгүй, цэвэр цэнгэг агаартай бөгөөд зах зээлийн үнээс доогуур үнэлсэн байгааг зөвшөөрөхгүй. Иймд миний өмчлөлийн 700 м.кв газрыг 3,105,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэрээр ******* ХХК-аас төлбөр гаргуулж шийдвэрлэсэн буюу *******аас төлбөр гаргуулахаар заагаагүй байхад миний хувийн өмчид хууль бусаар халдаж Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3, 9.5-д заасныг зөрчиж, хууль бус ажиллагаа явуулж байна. Миний бие 2022 оны 05 сард *******гийн ятгалгаар түүний 100 хувь эзэмшиж байсан ******* ХХК-ийг өөрийн нэр дээр түр шилжүүлж авсан бөгөөд буцааж шилжүүлэх гэсэн боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хориг тавьсан учир одоог хүртэл буцаан шилжүүлж чадахгүй байна. Мөн компанийн хувьцаа худалдах худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд иргэний хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, шийдвэр гүйцэтгэгч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хуулийг ноцтой зөрчиж байна. Миний шилжүүлж авсан компанийн дүрэмд хөрөнгийн хэмжээг 20,000 төгрөг гэж заасан бөгөөд би хариуцлага хүлээх бол зөвхөн дүрэмд заасан 20,000 төгрөгийн хэмжээнд хариуцлага хүлээх зохицуулалттай. Гэтэл компанийн хөрөнгө, миний хувийн эд хөрөнгийн эрхэд хувийн хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан эсэхийг тогтоогоогүй, энэ компанийг шилжүүлж авахаас өмнө өмчилсөн газрыг минь хурааж, борлуулах ажиллагаа хийж байгаа нь хуульд нийцэхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үнэлгээг хүчингүй болгож, газар болон арилжааны банк дахь данс битүүмжилсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбарын агуулга: Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/01228 дугаар захирамжаар "*******" ХХК-аас 95,097,360 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 633,437 төгрөгийг гаргуулж *******т олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх баримт бичигт ажиллагааг 2022 оны 08 сарын 12-ны өдөр үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн эзэмшил, өмчлөлд үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй эсэхийг холбогдох байгууллагаас тодруулахад эд хөрөнгө тогтоогдоогүй, харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг төлбөрийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банканд хүргүүлж ажилласан. Тухайн хуулийн этгээдийн нэр дээр битүүмжлэгдсэн мөнгөн хөрөнгө байхгүй нь тогтоогдсон. ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч *******-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д зааснаар хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс төлбөр гаргуулах мэдэгдлийг биечлэн танилцуулсан боловч төлбөр төлөгдөөгүй тул төлбөр төлөгч хуулийн этгээдийн 100 хувийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал *******ын өмчлөлийн Хэнтий аймаг, ******* сум, *******баг, ******* тоот хаягт байрлах газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, уг хөрөнгийг 2023 оны 08 сарын 22-ны өдөр битүүмжилж, 2023 оны 11 сарын 20-ны өдөр хураан авсан. Хураасан газарт талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулан 2024 оны 01 сарын 30-ны өдрөөс эхлэн 2/37 тоот хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулан талуудад мэдэгдэл хүргүүлж, анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ компанийг зөвхөн нэр төдий шилжүүлсэн авсан гэдэг боловч 2022 оны 12 сарын 20-ны өдөр Манай байгууллага нь Ковид-19 өвчин гарч хил гааль хаагдсаны улмаас үйл ажиллагаа доголдож, түрээслэгч нар түрээсийн гэрээ цуцалж эхэлснээр санхүүгийн хямралд орсны улмаас өнөөдрийг хүртэл дээрх төлбөрийг төлж чадахгүй байна гэж компанийн тамга тэмдэгтэй, *******ын гарын үсэгтэй хүсэлт ирүүлсэн. Үүгээр захирал буюу шийдвэр гаргах хүн гэдэг нь нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.  Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан *******ын өмчлөлийн, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, Хэнтий аймаг, ******* сумын *******баг, ******* хороолол, ******* гудаамжны ******* тоот хаягт байрлах газрыг 3,105,000 төгрөгөөр үнэлсэн ******* ХХК-ийн 2024 оны 12 сарын 15-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, *******ын 2022 оны 11 сарын 25-ны өдөр ******* дугаар төлбөр төлөгчийн банкин дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, 2023 оны 09 сарын 12-ны *******дугаар эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Шүүхийн шийдвэрээр ******* ХХК-аас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд иргэн *******аас гаргуулахаар шийдвэрлээгүй. Гэтэл ******* нь ******* ХХК-ийн өмчлөлийн бус нэхэмжлэгч *******ын өмчлөлийн газрыг хурааж, дуудлага худалдаанд оруулж шийдвэрлэсэн нь Компанийн тухай хууль болон холбогдох бусад хуулийг ноцтой зөрчсөн. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3, 9.5-д зааснаар нэхэмжлэгчээс уг компанийн дүрэмд зааснаар 20,000 төгрөгийн хөрөнгөөр хариуцлага хүлээх байтал хувийн өмчид халдсан нь хууль бус үйлдэл болно.

4.2.  Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг 2023 оны 11 сарын 28-ны өдөр төлбөрийг барагдуулах арга хэмжээ авах тухай баталгаа гаргасан гэж байгаа боловч бодитоор миний бие төлбөрийг барагдуулах баталгаа гаргаагүй. Нэхэмжлэлд дурдсанаар ******* надаас гуйж энэ компанийг түр өөрийн нэр дээр шилжүүлэн авч бай, ямар ч асуудалгүй гэж гуйсан тул хамт ажилладаг дотно ах дүүсийн хувьд туслая гэж бодоод түр шилжүүлэн авсан. Тухайн үед өр төлбөртэй талаар надад хэлээгүй. Гэвч дөнгөж авсны дараа их хэмжээний өр төлбөртэй гээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаар мэдсэн бөгөөд ийнхүү ноцтой төөрөгдөж, хууран мэхлүүлсний улмаас өөр хүмүүсийн өрийг би төлөх болсон байхад миний эд хөрөнгө болон данс, гадаадад зорчих эрх зэргийг түдгэлзүүлсэн нь шударга ёсонд нийцэхгүй. Анхан шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлуудыг тогтоолгүй хэргийг шийдвэрлэж миний эрхийг зөрчиж байгааг харгалзан үзнэ гэж найдаж байна.

4.3. Шүүх хуралдаан 2025 оны 04 сарын 22-ны өдөр болсон боловч шүүх хуралдааны зарыг нэхэмжлэгч ******* болон манай өмгөөлөгчид мэдэгдээгүйн улмаас өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг эдлээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай баримт хэрэгт авагдаагүй.

4.4. Анхан шатны шүүх хувьцаа эзэмшигчийн хувийн эд хөрөнгийг компанийн эд хөрөнгөөс зааглагдсан эсэх нь нотлогдоогүй гэх дүгнэлтийг хийсэн байна. Хэрэв хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг заагласан баримт хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримт болж байгаа тохиолдолд холбогдох байгууллагаас тодруулсны дараа хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл дээрх нөхцөл байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлсэн нь буруу гэж үзэж байна.

4.5. Миний өмчлөлийн газрыг хэт доогуур үнэлсэн бөгөөд тухайн газар нь ашигтай байрлалтай, цэвэрхэн зэрэг зах зээлийн бодит ханшнаас хэт доогуур үнэлсэн байгаа тул үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан. Гэвч анхан шатны шүүх үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэж үзэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав. 

2. Нэхэмжлэгч ******* нь газрыг битүүмжилсэн, хураасан тогтоол, уг газрыг үнэлсэн үнэлгээ болон банк дахь дансыг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 сарын 11-ний өдрийн 183/ШШ2021/01726 дугаар захирамжаар хариуцагч ******* ХХК-аас 38,362,076 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д, мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 29-ний өдрийн 183/ШШ2021/02439 дугаар шийдвэрээр хариуцагч ******* ХХК-аас 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т, мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/01228 дугаар шийдвэрээр хариуцагч ******* ХХК-аас 95,097,360 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т тус тус олгож шийдвэрлэжээ.

4. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч ******* нь 2022 оны 01 сарын 07-ны өдөр, 2022 оны 01 сарын 25-ны өдөр, 2022 оны 08 сарын 12-ны өдөр тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2022 оны 11 сарын 25-ны өдөр төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжилж, нэхэмжлэлд дурдагдсан газрыг 2023 оны 09 сарын 12-ны өдөр битүүмжилж, 2023 оны 11 сарын 20-ны өдөр хураан авч, 2023 оны 12 сарын 04-ний өдөр шинжээч томилсон байна.

5. Нэхэмжлэгч ******* нь шаардлагын үндэслэлээ ...шүүхийн шийдвэрээр ******* ХХК-аас төлбөр гаргуулан шийдвэрлэсэн байтал миний өмчлөлийн газрыг битүүмжилж, хураан авч, үнэлүүлэх ажиллагаа хийж, мөн миний эзэмшлийн банк дахь дансыг битүүмжилж байгаа нь хуульд нийцэхгүй... гэсэн агуулгаар, хариуцагч ******* нь татгалзлын үндэслэлээ ...******* нь ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д заасны дагуу ажиллагаа хийсэн... гэсэн агуулгаар тус тус тайлбарлан маргажээ.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж, 9.5-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус зохицуулжээ.

7. Хэрэгт төлбөр төлөгч буюу ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн талаарх мэдээлэл авагдаагүйгээс гадна хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ын ******* ХХК-д оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээр нь нэхэмжлэгч *******ын хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан эсэхийг хэрхэн тогтоосон талаарх баримт авагдаагүй байна.

8. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарах тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

9. Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгч талын гаргасан ...шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн нөхцөл байдлыг тогтоолгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй, хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлээгүй, миний өмчлөлийн газрыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн... гэх давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/03174 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

Д.НЯМБАЗАР