Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Шүүгдэгч: В.Х, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914002920156 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт В.Х

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч В.Х нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаансайр 1 дүгээр багийн нутагт Г.Пгийн хүзүүг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1.Шүүгдэгч В.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Бөмбөгөр сумын 1 дүгээр багт мал хариулаад явж байсан чинь Б, П, Б гурав над дээр ирсэн. Тэгээд П надаас машины сэлбэг асуусан тэгэхээр нь би байхгүй гэсэн. Тэгсэн чинь машинаасаа 0.75 граммын “Улаанбаатар” нэртэй архи 1, 0,5 граммтай, ерөөл 1 ширхэгийг гаргаж ирж бид хэд хувааж уусан. Тэгээд П нь машины хайрцагнаас хутга гаргаж ирэхээр нь айсандаа гарыг нь мушигсан чинь хүзүү хэсэгт нь зүсэгдсэн байсан. Тэгээд Пг Б аваад эмнэлэг рүү явж үзүүлсэн. Надад асууж тодруулах зүйл байхгүй ойлголоо. Би гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх мэдүүлэг /хх-ийн 52-56/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Х өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

 3. Хохирогч Г.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр В.Х дээр машины сэлбэг асуух гээд хөдөө гэрт нь Б, Б нарын хамт очсон. Тэгээд 2 шил архийг Б, Х нарын хамт хувааж уусан. Тэгээд би тэр хоёр шил архийг уугаад тасарсан байсан. Нэг мэдэхэд сумын төвийн эмнэлэг дээр ирсэн оёо тавиулж байсан...Миний хутга байгаа юмаа. Би ундааны сав тайрч архи хийж уух гэж гаргаж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

4. Гэрч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдөр Адаг Галаа гэх айлд хоноод Пг хөдөө гэрт нь хүргэж өгөх гээд мал руу нь явах гээд хадмынд нь очтол П, Б нар нь согтуу байсан. Тэгээд би Б, П нарыг аваад хойшоо явж байтал Хтай тааралдсан. П “зогсож бай би Хаас тракторын сэлбэг асууя” гэсэн. Тэгэхээр нь би зогссон. Тэгээд П 0.75 граммтай тал улаанбаатар гаргаж ирээд ууссан. Би машины ард суусан Х машины урд жолоон дээр суусан П жолоочийн эсрэг талд суусан байсан. Тэгээд удалгүй П гутлын түрийнээсээ бор иштэй хутга гаргаж ирээд ундааны сав тайрч архи уусан. Тэгээд Х, П хоёр хоорондоо эхлээд тоглож байсан. Тэгссэн чинь Х хутгийг нь хүзүү нь дээр нь тавьсан байж байгаад авсан. Тэгээд машинд байсан бүх шилтэй архийг ууж дууссаны дараа хартал хүзүү нь ярагдсан байсан. Тэгээд энэ юу болов яав гэхэд мэдэхгүй байсан. Тэгээд би Хтай муудалцсан сум руу хөдөлтөл А өөдөөс гарч ирээд шууд эмнэлэг дээр хүргүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/

5. Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдөр Бид хэд 0.75 граммтай ерөөл, 0.75 граммтай улаанбаатар нийт 2 шил архи уусан. Тэгээд нэг мэдсэн чинь П намайг ийм болгосон байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй сумын төв рүү Пг авчирч эмнэлэг дээр үзүүлсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

6. Гэрч Б.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдөр эмнэлэг дээр байж байсан чинь гаднаас 2 согтуу хүн орж ирсэн. Тэгээд ээлжийн сувилагч ******* ээлжтэй байсан. Тэр хоёроос хүзүүгээ яасан бэ гэхэд яагаа ч үгүй үүнийг оёод өг гэж орж ирсэн Тэгэхээр нь цагдаа дуудсан. Тэгээд Пгийн хүзүүг үзтэл 5 см орчим зүсэгдсэн шархтай байсан тэгээд таны энэ зүсүүлсэн шарх гүрээний үетэй ойрхон байна хэн таныг ийм болгов гэтэл Х гэдэг хүн намайг хутгаар зүссэн гэсэн. Тэгээд Пд оёо тавьж байхдаа яасан талаар асуухад намайг Х гэдэг хүн хутгаар зүссэн гэж байсан. Пд 4 оёо тавсан. гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 225 дугаартай шинжээчийн:

1. Г.Пгийн биед хүзүүнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.гэх дүгнэлт /хх-ийн 39-40/ болон хавтаст хэргийн 67-79 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч В.Хийн нь урьд ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар болон тодорхойлолт, хавтаст хэргийн 09-13 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч В.Хийн эзэмшлийн “Samsung note-3” маркийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 86-87 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч, хохирогч нарын эвлэрлийн гэрээ, хавтаст хэргийн 106 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн прокурорын газрын тогтоол, зэрэг тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч В.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ялаар шийтгэх дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч В.Х нь 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 16 цагийн орчим Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт архидан согтуурч улмаар иргэн Г.Пгийн хүзүүн тус газар хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт болсон нь хохирогч Г.П, гэрч Д.Б, Б.Б, Б.М нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 225 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч В.Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч В.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч В.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хуульч ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д заасан “согтуурсан...үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч В.Хийн үйлдэлд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Иймд Үндсэн хуулийн дөчин долдугаар зүйлийн 1-д заасан “Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэн шүүгдэгч улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч В.Хийн эзэмшлийн “Samsun” маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч В.Хт хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бор иштэй хутгыг эд мөрийн баимтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгав.

Шүүгдэгч В.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч В.Хт нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Шүүгдэгч В.Х нь урьд нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийнх 297 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан бөгөөд уг торгуулийн ялыг 2019 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр төлж дууссан тухай Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 018 дугаартай тогтоол гарсан байх тул түүнийг урьд нь ял шийтгэгдэж байсан гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт В.Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт В.Хийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар ялтан В.Хт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэж байхаар тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан В.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч В.Х нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч В.Хийн эзэмшлийн “Samsung” маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч В.Хт хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч В.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч В.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ