Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2025/01685

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/05123 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 5,900,000 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* нь 2023 оны 11 сарын 01-ний өдөр Баянгол дүүрэг, ******* хороо, ******* эмнэлгийн автобусны буудал орчим таксигаар зорчиж явахдаа таксины жолооч *******той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүнийг араас нь боож, нүүрэн тус газар толгойгоороо мөргөсөн үйлдлийн улмаас эрүүл мэндэд 2 шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан. Уг хохирлыг тухайн үед Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гарган эрүүгийн ******* дугаартай хэрэг үүсгэж, улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 03-ны өдрийн ******* дугаартай шийтгэл тогтоол үйлдэж, хохирлоо иргэний журмаар шийдүүлэх боломжтой гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний үүдэн 4 шүд унаж гэмтэл учирсан. Хуучин хиймэл шүдтэй байсан ба нийт 5 шүд унасан, нэг шүд хөдөлгөөнд ороод байгаа. Би буйлаа өрөмдүүлж имплант шүд суулгуулах шаардлагатай байна.

Иймд имплант шүд суулгуулахад шаардлагатай төлбөр 5,900,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. 

2. Хариуцагчийн тайлбарын агуулга: Шүд бол бүтэн булгаралтай байгаагүй. Энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Эхлээд 2 шүд гэж хэлсэн, тэгээд 4 шүд болсон. Сүүлдээ 6 шүд унасан гэж хэлсэн. Одоо 5 шүд унасан болчихлоо. Эрүүл мэндэд нь хохирол учруулсныг хүлээн зөвшөөрнө. Миний бие 3,000,000 төгрөгийг өгөх боломжтой тохироё гэсэн боловч нэмж сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэж байх шиг байна гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Хөндлөнгийн шинжээчийн үнэлгээний дагуу 4,600,000 төгрөг гаргуулах саналтай байна гэжээ. 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд хариуцагч *******аас 4,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 88,550 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн эрхийг ноцтой зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу, дутуу үнэлж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

5.1. Миний хувьд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтээр ...*******ын гэм буруутай үйлдлийн улмаас *******ын биед 2 шүдний булгарал гэмтэл тогтоогдсон... гэж тогтоосон байтал нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа эхлээд 2 шүд, дараа нь 4 шүд, сүүлдээ 6 шүд унасан гэж тайлбар гаргадаг. Дээрх шинжээчийн дүгнэлтээр 2 шүдний булгарал гэмтэл тогтоогдсон бөгөөд тухайн 2 шүд нь бүтэн булгаралттай байгаагүй.

5.2. Түүнчлэн ******* ХХК-ийн шинжээчийн 2025 оны 04 сарын 22-ны өдрийн 112 дугаартай дүгнэлтээр ...имплант хийлгэх дундаж үнэ 2,200,000 төгрөг... гэж гарсан нь ******* ХХК-ийн дүгнэлтээс зөрүүтэй байгаа дээр анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,600,000 төгрөгийн шаардлагыг хасаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн буруутай үйлдлээс болж үндсэн 2 шүд унасан боловч би авахуулсан шүдээ оруулж тооцсон учир 3 шүдний талаар ярьж байна гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч *******ын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт шинжээчийн зардлыг хуваарилсан өөрчлөлтийг оруулж, гомдлыг хангахгүй орхив. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 5,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 3,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 2,900,000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

3.  Хэргийн баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. Хариуцагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн ******* хороо, Улсын гуравдугаар төв эмнэлгийн автобусны буудлын орчимд таксигаар зорчиж байхдаа жолооч *******той маргалдан түүний араас нь боож, нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөсөн үйлдлийн улмаас *******ын эрүүл мэндэд нь хоёр шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан;

3.2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 03-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас түүнд учирсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан.

4. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ... эрүүл мэнд ... -д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ... ийнхүү эрүүл мэндэд гэм хол учруулсантай холбогдон гарсан ... хиймэл эрхтэй хийлгэх ... зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч *******аас шаардах эрхтэй байна.

5. Нэхэмжлэгч *******ын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шүүхээс томилогдсон шинжээч ******* ХХК нь ...31, 32-р шүдний имплант хийлгэх үнэ тус бүр 2,000,000 төгрөг, шаардлагатай тохиолдолд яс нөхөлт хийхэд 500,000 төгрөг, булгарсан гэх 3******* шүдний сувгийн эмчилгээ хийх, бэхлэх зэрэгцээ 2 бүрээс хийхэд 1,300,000 төгрөг, нийт 5,800,000 төгрөг гэж, шинжээч ******* ХХК нь ...имплант хийх дундаж үнэ 2,200,000 төгрөг, хуванцар хиймэл шүд хийх үнэ 100,000 төгрөг, рентген зураг авах үнэ 100,000 төгрөг, бүгд 4,600,000 төгрөг гэж тус тус тогтоожээ.  

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 сарын 10-ны өдрийн 14045 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ-г дээр дурдсан шинжээчийн дүгнэлтүүдтэй харьцуулан үзсэний үндсэн дээр шинжээч ******* ХХК-ийн дүгнэлтийг илүү үндэслэлтэй гэж үзэн хариуцагч *******аас 4,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасантай нийцсэн байна.

Тодруулбал, анхан шатны шүүхийн хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн 4,600,000 төгрөг нь 2 ширхэг имплант шүд хийлгэхэд шаардлагатай зардал байх тул хариуцагчийн гаргасан ...*******ын биед 2 шүдний булгарал гэмтэл тогтоогдсон байтал шүүх гэм хорын хохиролд 4,600,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Анхан шатны шүүх шинжээч ******* ХХК-ийн гаргасан дүгнэлтийг ямар учраас шийдвэрийнхээ үндэслэл болгосон талаар шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт тусгасан байх тул хариуцагчийн гаргасан ...шинжээчийн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн... гэх давж заалдах гомдлыг мөн хангах үндэслэлгүй.

8. Харин анхан шатны шүүх шинжээчийн зардлыг хуваарилаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасантай нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүх уг алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт шинжээчийн зардлыг хуваарилсан өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/05123 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...оруулсугай гэснийг оруулж, шинжээчийн зардалд нэхэмжлэгч *******оос 36,356 төгрөг, хариуцагч *******аас 128,644 төгрөгийг тус тус гаргуулан шинжээч ******* ХХК-д олгосугай гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 07 сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 40,550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ  

Д.НЯМБАЗАР