Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/01718

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/05228 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний хохиролд 25,508,724 төгрөг гаргуулах тухай,

Сөрөг шаардлага: 2023 оны 05 сарын 15-ны өдрийн ачаа тээвэрлэлтийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, тээврийн хөлс 4,500,000 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Тус компани нь 2023 оны 05 сарын 15-ны өдөр ******* ХХК-ийн захиалга бүхий цэцгийг *******-ын Эрээн хотоос Улаанбаатар хот руу тээвэрлүүлэхээр жолооч *******тай харилцан тохиролцож ачилт хийгдсэн ба Улаанбаатар хотод ирэх үед хэлэлцээг баталгаажуулж гэрээг нөхөж байгуулсан. Цэцэг тээвэрлэх температур 2-5 хэмд байх талаар болон тээвэрлэлт эхэлснээс хойш хөргүүрийг тогтмол ажиллуулах талаарх зааварчилгааг *******д утсаар өгсөн байдаг. Ачаа Улаанбаатар хотод 2023 оны 05 сарын 19-ний өдөр ирж хүлээлцэх үед тээвэрлэгдэн ирсэн цэцэг муудаж, илжирсэн байдалтай байсан ба үүнийг жолооч ******* хүлээн зөвшөөрч ачаа хүлээлцэх акт үйлдэн баталгаажуулсан. Цэцгийг тээврийн хэрэгсэлд ачсанаас хойших 2023 оны 05 сарын 15-ны өдрөөс 2023 оны 05 сарын 19-ний өдрүүд буюу тээвэрлэлт явагдаж байх үед хөргүүр огт ажиллаагүй нь тээврийн хэрэгслийн бүхээг доторх температур хэмжигчийн мэдээлэл, илгээгчээс цэцгэн дунд хийсэн температур хэмжигчийн мэдээлэл, ачаа хүлээлцэх акт зэрэг баримтаар нотлогддог. Цэцэг муудаж, илжирснээс болж захиалагч ******* ХХК-д 25,508,724 төгрөгийн хохирол учирсан бөгөөд манай байгууллага энэ хохирлыг төлж барагдуулсан. Тиймээс жолооч *******ас гэрээний 5.8, 5.12, 6.1-т зааснаар хохирлыг шаардаж байна.

Иймд тээвэрлэлтийн горим алдагдсаны улмаас манай байгууллагад учруулсан хохирол болох 25,508,724 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч байгууллага нь гэрээ, хүлээлцэх акт зэрэгт гарын үсэг зуруулж аваагүй зөвхөн хоосон цаасанд гарын үсэг зуруулж авсан. Энэ талаар тайлбарлахдаа таныг манай байгууллагын ажилтан гэж цэцэг тээвэрлүүлсэн байгууллагад хэлж улмаар таны хөлсийг бүрэн авч өгөх учиртай, та хоосон цаасанд гарын үсэг зураад үлдээ гэсний дагуу өөрийн гарын үсгээ зурсан. Энэ нөхцөл байдал нь *******ыг хууран мэхэлж гарын үсгийг нь зуруулж авсан, цаашлаад тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдох боломжтой. Мөн Иргэний хуулийн 381 дүгээр зүйлийн 381.1, 386 дугаар зүйлийн 386.1, 386.2-т заасан зохицуулалтыг зөрчсөн. Хариуцагч ******* нь 2023 оны 05 сарын 14-ний өдрөөс 2023 оны 05 сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд *******-д байсан бөгөөд уг гэрээ хэлцлийг байгуулах боломжгүй байсан. Уг ачааг Улаанбаатар хотод 4,500,000 төгрөгийн хөлстэй хүргэж өгөхөөр тохиролцсон бөгөөд төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар талуудын хооронд бичгээр байгуулсан гэх 2025 оны 05 сарын 15-ны өдрийн ачаа тээвэрлэлтийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, тээврийн хөлс 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Гэрээг 7 сард байгуулсан гэж байгаа нь худлаа. ******* 2023 оны 05 сарын 19-ний өдөр ачаа бараа хүлээлцсэний дараа цэцэг илжирсэн талаар хүлээн зөвшөөрч ачаа хүлээлцэх актад гарын үсэг зурсан. Гэрээг нөхөн байгуулсан нь үнэн, маргахгүй гэжээ.

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1, 393 дугаар зүйлийн 393.1-д зааснаар хариуцагч *******аас 25,508,724 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 59.1, 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас 3,985,280 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2023 оны 05 сарын 15-ны өдрийн Ачаа тээвэрлэлтийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах болон 514,720 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,493 төгрөг, хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 173,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 285,493 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгч ******* ХХК-аас 78,714 төгрөг гаргуулж, хариуцагч *******д олгож шийдвэрлэжээ.  

5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

5.1. Талууд бодит байдалд гэрээг ачаа тээвэрлэж ирснээс хойш 2 сарын дараа байгуулсан бөгөөд гэрээний заалт бүхэн урьдчилж бус хожим нь үүрэг болгосон мэтээр нөхөж байгуулсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Бичгэн хэлбэрээр гэрээ байгуулсан гэх цаг хугацаанд буюу 2023 оны 05 сарын 15-ны өдөр хариуцагч ******* нь *******-д байсан болох нь түүний гадаад паспортын хуулбараар нотлогддог. Мөн бичгээр байгуулсан гэрээний заалт бүхэн гэрээ бүрэн биелэгдсэн буюу амаар тохирсноор ачааг хаана, хэзээ, хэдэн төгрөгийн хөлсөөр тээвэрлэгдэх гэх мэт асуудал бүрэн шийдвэрлэгдсэний дараа нөхөж бичигдсэн гэдгийг ойлгохгүй, уг бичгийн гэрээний дагуу шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуульд үндэслээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ачааг *******-ын Эрээн хотод хариуцагчид хүлээлгэн өгч, харин хариуцагч хэлэлцэн тохиролцсон цаг хугацаандаа 2023 оны 05 сарын 19-ний өдөр ачааг хүлээлгэн өгвөл зохих Улаанбаатар хот дахь ******* ХХК-ийн гаалийн хяналтын талбайд хүлээлгэн өгсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог.

5.2. Мөн уг ачааг тээвэрлэх хөлсийг 4,500,000 төгрөгөөр тохиролцсон, уг хөлсөө өгөөгүй талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Харин нэхэмжлэгчээс бичгэн гэрээнд 8,000 юань гэж үнийн дүнг бууруулсан байдлаар бичсэнийг шүүх үнэн зөв гэж үнэлсэн нь хэргийн үйл баримтын талаар зөв дүгнэлт хийж чадаагүйтэй шууд холбоотой.

5.3. Бодит байдалд цэцэг муудсан эсэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд үүнийг мэргэжлийн байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулах, бусад этгээдийг гэрчээр асуулгах зэрэг ажиллагаа хийгдээгүйг дурдах нь зүйтэй байна. Үүнээс гадна нэхэмжлэгчийн тээвэрлүүлсэн ачаа болох цэцэг нь муудсан бол яг хэзээ илжирч муудсан талаар хэрэгт огт баримт байхгүй бөгөөд үүнийг шууд хариуцагч *******ын ачааг тээвэрлэж байхдаа муутгасан гэж үзэж нь өрөөсгөл бөгөөд, ямар буруутай үйлдэлээс улбаалж цэцэг муудсан нь тодорхой бус, огт нотлогдохгүй байгаа юм.

5.4. Харин хариуцагчийн тээвэрлэж очсон цэцгийг ******* ХХК-д 2023 оны 05 сарын 19-ний өдөр хүлээлгэж өгөөгүй харин 2023 оны 05 сарын 22-ны өдөр буюу *******аас ******* ХХК-д хүлээлгэн өгснөөс хойш 3 хоногийн дараа хүлээлгэн өгч улмаар нэхэмжлэх хуудсыг хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Энэ нь *******аас ачааг хүлээн авснаас хойш цэцгийг муутгасан буруутай этгээд нь ******* ХХК болох нь нотлогдож байгаа. Гэвч шүүх *******ыг ямар учир шалтгаанаар гэм буруутай гэж үзэн цэцгийн үнэ буюу хохирол 25,508,724 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал цэцгийг хүлээж авах үед буюу 2023 оны 05 сарын 15-ны өдөр хариуцагч ******* нь *******-д байсан талаар бид маргаагүй. *******ыг *******-д байх үед *******-ын Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэл цэцэг тээвэрлүүлье, үнэ хөлсийг нь ийм байдлаар тохиролцъё гэж талууд аман байдлаар хэлцэл хийсэн. 2023 оны 05 сарын 19-ний өдөр ачаа хүлээлцэх акт үйлдсэн, мөн ачаа тээвэрлэлтийн 2023 оны 05 сарын 15-ны өдөр хийсэн хэлцлийг баталгаажуулж, гэрээ байгуулсан учир уг гэрээ албан ёсны хүчин төгөлдөр гэрээ юм. 2023 оны 05 сарын 19-ний өдөр ******* ХХК-ийн гаалийн хяналтын талбайд ачааг хүлээлцсэн бөгөөд ачаа хүлээлцэх актад ******* цэцэг муудсан, илжирсэн талаар хүлээн зөвшөөрсөн байдаг. Хариуцагч талын гаргаж буй тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

2. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч *******д холбогдуулан гэрээний хохиролд 25,508,724 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, 2023 оны 05 сарын 15-ны өдрийн ачаа тээвэрлэлтийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, тээврийн хөлс 4,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

3. Хэргийн 5-8-р талд 2023 оны 05 сарын 15-ны өдрийн 23/05 дугаартай Ачаа тээвэрлэлтийн гэрээ, гэрээний хавсралт авагдсан, уг гэрээнд ******* нь 25,508,724 төгрөгийн үнэ бүхий 1,824 ширхэг, 23 хайрцаг амьд цэцэгийг *******-ын Эрээн хотоос Улаанбаатар хот руу тээвэрлэх, ******* ХХК нь тээврийн хөлсөнд 8,000 юань төлөх нөхцөл тусгагджээ.

Талууд уг гэрээг хожим нөхөж байгуулсан талаар маргадаггүй боловч нэхэмжлэгч тал 2023 оны 05 сарын 19-ний өдөр нөхөж байгуулсан гэж, хариуцагч тал 2023 оны 07 сард нөхөж байгуулсан гэж харилцан адилгүй тайлбарладаг.

4. Хэргийн 59-61-р талд авагдсан хариуцагч *******ын гадаад пасспортын хуулгаас үзвэл ******* нь 2023 оны 05 сарын 04-ний өдрөөс 2023 оны 05 сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын нутаг дэвсгэрт байгаагүй болох нь тогтоогдож байх тул Ачаа тээвэрлэлтийн гэрээ-г хожим нөхөж байгуулсан гэсэн зохигчийн тайлбар бодит үнэнд нийцсэн байна.

5. Харин хэргийн 9-р талд авагдсан Ачаа бараа хүлээлцэх акт үйлдсэн буюу 2023 оны 05 сарын 19-ний өдөр хариуцагч ******* нь Монгол улсын нутаг дэвсгэрт байсан байна.

Уг актад ...17,130 ширхэг амьд цэцэг илжирч муудан ашиглах, худалдаалах боломжгүй болсон, үүний улмаас 25,508,724 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлыг барагдуулахаар нэхэмжилсэн... болохыг тээвэрлэгч ******* хүлээн зөвшөөрч өөрийн гарын үсгээр баталгаажуулжээ.

6. Нэхэмжлэгч тал хариуцагч талаар хоосон цаасанд гарын үсэг зуруулсан гэх, хариуцагч талыг хууран мэхэлж Ачаа тээвэрлэлтийн гэрээ, Ачаа бараа хүлээлцэх акт-д гарын үсэг зуруулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.  

7. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж заасан тул талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 05 сарын 15-ны өдрийн Ачаа тээвэрлэлтийн гэрээ, 2023 оны 05 сарын 19-ний өдрийн Ачаа бараа хүлээлцэх акт-ыг тус тус хүчин төгөлдөр гэж үзэх тул нэхэмжлэгч нь тэдгээрийг үндэслэн хариуцагчаас хохирлоо шаардах эрхтэй.

Иймд гэрээ, актын хүчин төгөлдөр байдлын талаарх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

8. Иймд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******аас өөр учирсан хохирол болох 25,508,724 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.

Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

9. Харин анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 3,985,280 төгрөгийг хангаж, үлдэх 514,720 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 42 дугаар зүйлийн 42.3, 42.4-т заасан зохигчийн тайлбарыг үнэлэх зохицуулалтад нийцээгүй байна.

Тодруулбал, 2025 оны 02 сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч тал нь ...Ачааны төлбөрт 4,500,000 төгрөг авая гэсэн. Энэ төлбөрийг амаар тохирсон нь үнэн... гэсэн тайлбарыг өгсөн тул нэхэмжлэгчээс 4,500,000 төгрөгийг гаргуулан хариуцагч *******д олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон үнийн дүнгийн өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/05228 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ...386 дугаар зүйлийн 386.1... гэснийг хасаж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...3,985,280... гэснийг ...4,500,000... гэж, ...болон 514,720 төгрөгт холбогдох... гэснийг хасаж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...78,714... гэснийг ...86,950... гэж тус тус өөрчлөлт оруулж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 08 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 388,536 /16,092+86,950+285,494/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 Д.НЯМБАЗАР