| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2023/03821/И |
| Дугаар | 210/МА2025/01719 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/01719
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/04814 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт нийт 174,157,000 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 02 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай,
иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Миний бие ******* нь *******тэй 2023 оны 02 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж 116,105,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн. Зээл олгохдоо 66,105,000 төгрөгийг эхнэр *******ын эзэмшлийн ******* банкны ******* тоот данснаас бэлэн бус гүйлгээгээр шилжүүлж, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Зээлийн гэрээний 3.1-т заасан зээлийн төлбөрөө төлж дуусах хугацаа 2023 оны 03 сарын 10-ны өдөр боловч зээлдэгч нь өнөөдөр, маргааш гэж хойшлуулж явсаар өнөөг хүрээд байна.
Иймд хариуцагч *******ээс зээлийн үндсэн төлбөр 116,105,000 төгрөг, алданги 58,052,500 төгрөг, нийт 174,157,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга: ******* миний бие 2023 оны 02 сарын 08-ны өдөр тухайн үед 16,000,000 төгрөгийн авлагатай байсан *******, түүний танил *******той холбож өгсөн, энэхүү хэлцлээс хувь хүртэж байгаа *******, ******* нар *******ыг дагуулан ирсэн. Тэгээд чиний нэр дээр өмнө барьцаалж 16,000,000 төгрөгийн зээл авч байсан Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн барьцааны мөнгийг төлөх хүнээ дагуулаад ирлээ. Энэ хүн чиний байрны төлбөрийг барьцаанаас чөлөөлөхөд ямар нэгэн хүү, нэмэлт төлбөргүй мөнгө зээлэх юм. Тэгээд би буцаагаад мөнгийг нь төлчихнө гэж хэлсэн. Миний бие түүнд итгээд өмнө нь 16,000,000 төгрөг зээлсэн байсан. Тэр мөнгөө авч чадахгүй удаж байсан учраас миний байрны барьцааг суллаад өгөх юм байна гэж бодсон. Тус өдөр эхлээд *******ын эхнэр *******ын данснаас миний байрны барьцааг чөлөөлүүлэхээр 16,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. ******* надад төлөх өрөө үүгээр дарж байна гэж ойлгосон. Тэгээд миний байрны гэрчилгээг аваад нотариат орж гэрээ байгуулахаар болсон. Эхлээд *******, ******* нар гэрээ байгуулах гэж байгаа юм шиг нотариат орсон. Удалгүй тэд гарч ирээд ******* намайг гэрээ байгуулах ёстой гэж хэлсэн. Тэгээд би үнэхээр л хүүгүй, нэмэлт төлбөргүй гэж итгээд гэрээ байгуулахыг зөвшөөрсөн. Нотариат ороод бэлнээр 50,000,000 төгрөг авсан гээд бичүүлмээр байна гэсэн. Гэхдээ ******* 50,000,000 төгрөг огт өгөөгүй. Үүнийг ******* өөрөө ч мэдэж байгаа. Гэсэн хэдийн боловч надаас зээлийн гэрээний үүрэгт нийт 174,157,000 төгрөг нэхэмжилж байгаа нь тэрээр намайг хууран мэхэлж гэрээ байгуулсан юм байна гэдэг хар төрүүлсэн. Үнэндээ би түүнийг ч мөн зальдуулсан байна гэж итгэж ирсэн. Нэгэнт худал нэхэмжлэл гаргаж, их хэмжээний ашиг бага хугацаанд олж байгаа ******* ч намайг хууран мэхэлсэн юм байна гэдгийг ойлголоо. Сүүлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт миний байрны дуудлага худалдаа болох гэж байх үед *******, ******* нар наад байраа *******ын нэр дээр шилжүүлчих, тэр хадгалж байя гэнэ гэх мэтээт ятгаж яриад байсан нь мөн тэднийг цаанаа нэг гэдгийг харуулж байна. Тэгээд гэрээ байгуулаад би ******* банкны данс руу орсон 50,000,000 төгрөгийг 2023 оны 02 сарын 08-ны өдөр тухайн өдөртөө *******, *******, ******* нарт гаргаж өгсөн. ******* надаас хэзээ ч мөнгө шаардаж байгаагүй. Зээл төлөх тухай ч мэдэгдэл хүргүүлж байгаагүй. Гэрээ байгуулах үед ч ямар нэгэн нэмэлт төлбөр гарахгүй гэсэн болохоор миний бие санаа амар байсан. ******* нь надад ямар нэгэн хүү, нэмэлт төлбөр байхгүй гэсэн хэрнээ өөрийн *******т шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг 174,157,000 төгрөг болгож нэхэмжилж байгаа нь намайг энэхүү хэлцэл хийхэд хууран мэхэлсэн гэж үзэхээр байна.
Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 174,157,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 0418 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
3. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: ******* миний бие хариуцагч *******тэй 2023 оны 02 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж 116,105,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээний хугацаа сунгуулахаар хүсэлт гаргаж байсан. Дараа нь 50,000,000 төгрөг зээлэх хүсэлт тавьж байсан. Дахин дахин мөнгө зээлэх хүсэлт гаргаж байсан байж одоо энэ гэрээг хүчингүй гэх нь зохимжгүй. Зээлээ төлөөгүй 2 жил болж байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч *******ээс 99,157,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 74,999,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******д холбогдох 2023 он 02 сарын 08-ны өдрийн 0418 тоот Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,028,735 төгрөг, хариуцагч *******ээс сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 738,475 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 653,737 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
5.1. Хариуцагч миний зүгээс 66,105,000 төгрөг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд *******т тус мөнгийг тухайн өдөрт нь шууд шилжүүлэн өгсөн хэдий ч буруу хийсэн үйлдэлдээ хариуцлагаа хүлээнэ. Миний зүгээс өөрт учирсан нөхцөл байдал, үйл баримтыг үнэнээр мэдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Нэхэмжлэгч нь чухам ******* нартай нийлж худал мэдээлэл өгч, төөрөгдүүлж гэрээ хийсний золиосонд их хэмжээний өр төлбөрт унаж байгаа өөрийн нөхцөл байдлаа мэдүүлж шүүх хуралд оролцсон. Хэрэв анхан шатны шүүх тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол гэрээний үүргийг хэн алинд нь тэгш эдлүүлээгүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс хүчин төгөлдөр гэж үзсэн тус зээлийн гэрээний 3.7-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу алданги талуудад тэгш адил үйлчлэхээр байгуулсан. Гэрээний дагуу шаардлага гаргаж байгаа бол мөн нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ зүгээс ч мөн адил хугацаандаа зээлээ олгоогүй үйлдэлдээ хариуцлага хүлээх учиртай. Иймдээ ч тус гэрээний 3.7-д зээлдэгч эсвэл зээлдүүлэгч гэж онцлон бичээгүй. Зөвхөн талууд гэж хамтад нь цохон тэмдэглэсэн байна.
5.2. Талууд 2023 оны 02 сарын 08-ны өдөр 0418 тоот Зээлийн гэрээ, 0419 тоот Барьцааны гэрээ-г байгуулсан бөгөөд тус өдөр 116,105,000 төгрөг зээлэхээр тохиролцсон. Гэтэл зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргээсээ 66,105,000 олгож, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг огт олгоогүй. Анхан шатны шүүх тухайн зээлээс 50,000,000 төгрөг олгогдоогүй болохыг гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоосон гэсэн атлаа нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдлыг орхигдуулж, нэхэмжлэгчийн төлөх алдангийг тооцолгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.
5.3. Гэрээний дагуу нэхэмжлэгч ч үүргээ хугацаандаа билүүлээгүй бол алданги төлөхөөр заагдсан. Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэлгүй тооцоход 25,000,000 төгрөгийн алданги төлнө. Үндсэн зээл, алдангид нийт 99,157,500 төлөхөөс 25,000,000 төгрөгийн алданги хасаж тооцон хариуцагчаас зээл, алдангид 74,157,500 төгрөг төлөх нь бодит нөхцөл байдал, талуудын байгуулсан гэрээнд нийцнэ. Алдангийг нэхэмжлэгч талд гэрээний дагуу тооцож төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч хариуцагч талд хүлээн аваагүй үүргийн хувьд тооцолгүй орхигдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй нэг талд алданги тооцож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 06 сарын 04-ний өдрийн 4814 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлбөл зохих алдангийн хэмжээгээр буюу 25,000,000 төгрөгөөр төлбөрийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч тал анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа тухайн зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй учир хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах агуулгаар маргадаг. Гэтэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо талуудын хооронд 116,105,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан боловч 50,000,000 төгрөгийг аваагүй учир тухайн мөнгөнд алданги тооцуулна гэх ойлгомжгүй, нэг асуудлыг 2 өөрөөр тайлбарласан гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцээгүй тул давж заалдах шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэж, дүгнэлт өгөх боломжгүй гэж үзэж байна.
Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 116,105,000 төгрөг, алданги 58,052,500 төгрөг, нийт 174,157,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Хэргийн 4-р талд 2023 оны 02 сарын 08-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ авагдсан, уг гэрээгээр ******* нь 116,105,000 төгрөгийг хүүгүй зээлдүүлэх, ******* нь уг 116,105,000 төгрөгийг 2023 оны 03 сарын 10-ны өдөр буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх нөхцөлийг тохирчээ.
4. Хариуцагч ******* нь дээрх Зээлийн гэрээ-ний дагуу 66,105,000 төгрөгийг хүлээн авсан гэж тайлбарлаж байх ба үлдэх 50,000,000 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй гэж маргаж байна.
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д ...зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх ... үүргийг ... хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус зохицуулжээ.
6. Зээлийн гэрээ-ний 3.4-т ...бэлэн бусаар ******* банкны ******* тоот дансанд 2023 оны 02 сарын 08-ны өдөр 66,105,000 төгрөгийг шилжүүлсэн. 50,000,000 төгрөгийг бэлнээр 2023 оны 02 сарын 08-ны өдөр өгсөн гэж бичсэнийг хэргийн 5-р талд авагдсан ******* банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хэргийн 222-р талд авагдсан гэрч ******* (Зээлийн гэрээ-г баталсан нотариатч)-ы өгсөн ...Зээлдүүлэгч, зээлдэгч хоёр гэрээ байгуулахад хэлснийг бичсэн. ...50,000,000 төгрөгийг өгсөн гэж зээл өгч байгаа хүн *******, зээл авч байгаа хүн ******* хоёул хэлсэн, би хоёулангаас нь асуугаад бичсэн, тэгэхээр хоёулаа өгсөн авснаа хүлээн зөвшөөрч бичүүлсэн... гэсэн мэдүүлэг зэрэгтэй харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч ******* нь Зээлийн гэрээ-нд заасан 116,105,000 төгрөгийг хариуцагч *******ийн өмчлөлд бэлэн болон бэлэн бусаар шилжүүлэн өгсөн байна гэж үзэхээр байна.
Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журамтай нийцээгүй байна.
7. Өмнө дурдсанчлан Зээлийн гэрээ-гээр талууд алданги тохирсон тул нэхэмжлэгч ******* нь 2023 оны 03 сарын 10-ны өдрөөс (үүрэг үүссэн өдөр) 2023 оны 07 сарын 19-ний өдөр (шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр) хүртэлх хугацаанд алданги тооцон шаардах эрхтэй.
8. Ийнхүү тооцоход 116,105,000 х 0.5% х 129 хоног = 74,887,725 төгрөг болж байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь 116,105,000 х 50% = 58,052,500 төгрөгийн алданги шаардах эрхтэй. Иймд хариуцагч *******ээс 116,105,000 + 58,052,500 = 174,157,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай тус тус нийцнэ.
9. Гэсэн хэдий ч анхан шатны шүүх хариуцагч *******ээс 66,105,000 + 33,052,500 = 99,157,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх уг шийдлийг хэвээр үлдээнэ.
10. Хариуцагч *******ийн гаргасан ...анхан шатны шүүх Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр гэж үзсэн атлаа нэхэмжлэгчийн (зээлдүүлэгчийн) зүгээс хугацаандаа 50,000,000 төгрөгийг олгоогүй явдалд дүгнэлт хийгээгүй, хугацаандаа гүйцэтгээгүй 50,000,000 төгрөгөөс алданги тооцоход 25,000,000 төгрөг болж байгаа тул уг дүнг анхан шатны шүүхийн хангаж шийдвэрлэсэн 99,157,500 төгрөгөөс *******аж тооцох ёстой байсан... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
10.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-115.2.3-т тус тус зааснаар анхан шатны шүүх нэхэмжлэл/сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээд шийдвэр гаргана.
Өөрөөр хэлбэл, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд шүүх давж заалдах гомдолд дурдсан асуудлаар шийдвэр гаргах боломжгүй.
10.2. Энэхүү магадлалын хянавал хэсгийн 6-д дүгнэсэнчлэн нэхэмжлэгч *******оос 116,105,000 төгрөгийг хариуцагч *******ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч *******ыг үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх боломжгүй.
11. Анхан шатнзы шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулна.
12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/04814 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...232.4... гэснийг ...232.6... гэж өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 08 сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 282,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Д.НЯМБАЗАР