| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Цогт |
| Хэргийн индекс | 128/2024/0848/З |
| Дугаар | 001/ХТ2026/0029 |
| Огноо | 2026-03-17 |
| Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2026/0029
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын
ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын
татварын улсын байцаагч нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0642 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2025/0764 дүгээр магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 65 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах.
Хэргийн нөхцөл байдал:
2.Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актаар “А” ХХК-ийн 2018.01.01-ний өдрөөс 2021.12.31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2019, 2020, 2021 онд нийт 99,664.30 тонн жоншийг экспортод гарган борлуулахдаа нийт 59,785,953,656.87 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулаагүй, төсөвт төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хууль /2019.03.26-ны өдөр өөрчлөн найруулснаар/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.1.2, 47.2, 47.2.1, 47.3, 47.3.3, 47.5, 47.8-д заасныг тус тус зөрчсөн гэж 6,092,673,749.12 төгрөгийн нөхөн татвар, 2,379,428,540.58 төгрөгийн торгууль, 960,518,033.74 төгрөгийн алданги, нийт 9,432,620,323.44 төгрөгийн төлбөр тавьжээ.
3.Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч “… зах зээлийн үнээс хэт өндөр, Үндсэн хууль зөрчсөн, сайдын тушаалаар тогтоосон “жишиг үнэ”-ийг мөрдөх үүрэггүй. Экспортод гаргасан өдөр тус бүрийн ханшаар тооцоогүй. ... Манай экспортыг хайлуур жонш, жоншны хүдрээр тооцон нэмэлт хувийг 5 хувиар тооцсоноос тооцооллын илт алдаа гарсан. Экспортын дийлэнх хэсгийг гар аргаар ангилсан 75 хувиас дээш агуулгатай жонш, мөн 92 хувиас дээш агуулгатай флотацийн баяжмал эзэлдэг” гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0642 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хууль /2019 он/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.3.2, 47.4, 47.5, 47.8, 47.10, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль /2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн/-ийн 47 дугаар 47.1, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн/-ийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.3.3, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасныг тус тус баримтлан “А” ХХК-ийн Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2025/0764 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
6.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ. (Гомдлыг агуулгаар тусгав)
6.1.Бид нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “А” ХХК-ийн 2019-2021 онуудад хайлуур жоншны хүдэр экспортод гаргасан үйл ажиллагааны татварын ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийж, нөхөн татвар ногдуулсан татварын улсын байцаагчдын акт нь экспортод гаргасан бүтээгдэхүүний үнийг монгол төгрөгт хөрвүүлэхдээ монгол банкнаас зарласан ам.долларын өдөр тутмын ханшаар тооцолгүй сарын дундаж ханшаар тооцож татвар төлөгчийн эрх ашгийг зөрчсөн, боловсруулсан жоншны агууламж харилцан адилгүй байхад ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулахдаа өндөр хувь хэмжээ тогтоосон хуулийн заалтыг баримталж, татвар ногдуулж хууль бус акт тогтоосон гэж гол үндэслэлээ болгон маргасан.
6.2.Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсгийн 7 дахь хүснэгтэд хайлуур жоншны хүдэр, баяжмалд 0.90-4.50 хүртэлх хувийн нэмэлт татвар ногдуулахаар заасан, харин дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсгийн 8 дахь хүснэгтэд жоншны флотацийн баяжмалд 0.70-3.50 хувь буюу хүдэр, баяжмалд ногдуулах нэмэлт татвараас бага хэмжээний хувиар тогтоосон байдаг.
6.3.Нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагаас татварын акт тогтоохдоо үндэслэл болгосон гаалийн мэдүүлгийг бичгээр гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд нийт 598 ширхэг гаалийн мэдүүлгийг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн. Дээрх гаалийн мэдүүлгийг бид ирүүлсэн дарааллаар нь шүүж үзэхэд 119-202 хүртэлх дугаарт байгаа 85 ширхэг мэдүүлэг, 396-426 хүртэлх дугаарт байгаа 30 ширхэг мэдүүлэг, 559-593 дугаарт байгаа 34 ширхэг мэдүүлэг, нийт 149 ширхэг мэдүүлэгт 92-95 хувийн агуулгатай жоншны хүдэр экспортолсон гэдэг нь нотлогдож байгаа.
6.4.Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 488 дугаар тогтоолоор 75% хүртэлх жоншны агуулгатай бол хүдэр, 75%-92% хүртэлхийг баяжмал, 95%-аас дээш бол флотацийн баяжмал буюу нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гэж үзэхээр тогтоосон.
6.5.Манай компанийн 2019-2021 онуудад экспортолсон бүтээгдэхүүн дотроос дээрх 149 ширхэг гаалийн мэдүүлгээр БНХАУ-д гаргасан жонш нь 93%-94% хүртэлх агуулгатай флотацийн баяжмал байсан. Энэхүү агууламж нь Засгийн газрын дээрх тогтоолоор тогтоосон хувь хэмжээнд баяжмал болон флотацийн баяжмал хоёрын дунд хамаарч байгаа боловч татварын байгууллага татвар төлөгчийн эрх зүйн байдалд эерэг байдлаар нөлөөлөх хуулийн хувь хэмжээ буюу Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсгийн 8 дахь хүснэгтэд заасан хувь хэмжээгээр нөхөн татвар ногдуулах ёстой байсан гэж үзэж бид шүүхэд маргасан.
6.6.Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэх хэсэгт "... хэргийн оролцогч нь өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх эсхүл эх сурвалжаа заах үүрэгтэй бөгөөд маргаж буй үйл баримтаа тодорхой заагаагүйгээс шүүх нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол болон хариуцагчийн тооцооллын аль нь зөв болох, эсхүл энэ нь шүүхийн шинжлэн судлах боломж хэтэрсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна ...” гэж дүгнэснийг бид хүлээн зөвшөөрөхгүй байна.
6.7.Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д “татварын тайланд тусгах, бүртгэх, төлбөр тооцоо гадаад валютаар хийгдсэн тохиолдолд тухайн гүйлгээ хийсэн өдрийн Монгол банкны албан ханшаар тооцож төгрөгөөр илэрхийлнэ” гэж хуульчилсан байдаг. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс дээрх санхүүгийн тооцооллыг нарийвчлан гаргаж нотлох баримтаар өгөх боломжгүй бөгөөд үүнийг санхүүгийн шинжээчийн дүгнэлт эсхүл дээрх захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, тухайн акт гаргасан байгууллагаар зөвтгүүлж дахин улсын байцаагчийн шинэ акт гаргуулахаар шийдвэрлэх ёстой байсан.
6.8.Гэтэл шүүх нэхэмжлэгч талаас гаргасан татварын улсын байцаагч нарын актыг хүчингүй болгуулах үндэслэлийг няцаалгүй зөвхөн энэ үндэслэлээ өөрсдөө нотолж чадаагүй гэж дүгнэж байгаа нь бидний маргаанд үндэслэл бүхий хариулт өгөлгүй нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Учир нь бид өөрсдөөс шалтгаалах нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн бөгөөд гагцхүү санхүү, тооцооллын нарийвчилсан асуудлыг шүүх нэхэмжлэгч байгууллагын тайлбар, нотлох баримтад үндэслэн хөндлөнгийн байгууллагаар эсхүл хариуцагч байгууллагын аль нэгээр гүйцэтгүүлж, маргааныг эцсийн байдлаар шийдвэрлэх ёстой байсан.
Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 65 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
8.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
9.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нар нэхэмжлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн нөхөн ногдуулалтын актаар 119,571,907,313 төгрөгийн зөрчилд 6,092,673,749.12 төгрөгийн нөхөн татвар, 2,379,428,540.58 төгрөгийн торгууль, 960,518,033.74 төгрөгийн алданги, нийт 9,432,620,323.44 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
10.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсгээр нэхэмжлэгч нь 2019 онд 7,206.82 тонн, 2020 онд 37,856.72 тонн, 2021 онд 54,600.76 тонн нийт 99,664.30 тонн жоншийг экспортлохдоо борлуулалтын гэрээний үнийн дүнгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (цаашид “АМНАТ” гэх)-ийг тооцсоныг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасан олон улсын зах зээлийн үнийг баримтлаагүй буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу ногдуулсан зөрчилд тооцжээ.
Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:
-Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан хувь тэнцүүлэн тооцох аргачлалыг уг тогтоол батлагдахаас өмнө хугацаанд хэрэглэж, АМНАТ ногдуулсан нь хуульд нийцсэн эсэх тухай байна.
11.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан” гэж, 47.2.3-т “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэж тус тус заасны дагуу зарчмын хувьд ашигт малтмалыг экспортолсон бол олон улсын зах зээлийн үнээс АМНАТ ногдуулна. Харин олон улсын зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд борлуулалтын орлогоос АМНАТ тооцно.
12.Зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдлын талаар өмнөх Улсын дээд шүүхийн хэд хэдэн тогтоолоор дүгнэсэн. Тухайлбал, Г ХХК ба ТЕГ, УДШ 2024.11.11, ХТ-113 дугаар тогтоолд “хариуцагч нар ФК-75 хувиас бага агуулгатай хайлуур жоншны борлуулалтын үнэлгээг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зарласан олон улсын жишиг үнэ байхгүй байхад тухайн үед зарласан ФК-75 хувийн агуулгатай хайлуур жоншны хүдэр, баяжмалын олон улсын FOB-www.indmin.com жишиг үнээс хувь тэнцүүлэх зарчмаар тооцсон нь хууль бус гэж үзэхээр байна. ... Уг аргыг Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолд анх удаа зохицуулсан байна” гэж дүгнэсэн.
13.Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2.2-т “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн тухайн ашигт малтмалын агуулгын хувиас ялгаатай тохиолдолд нийтэд мэдээлсэн жишиг үнийн мэдээлэлд заасан агуулгын хувь, үнээс тухайн ашигт малтмалын нэгж агуулгын хувьд ногдох үнийг тодорхойлон борлуулж байгаа ашигт малтмалын агуулгын хувь, хэмжээнд хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцно” гэж экспортолсон ашигт малтмалын агууламжийн хувь нь олон улсын зах зээлийн үнийн хүрээнд зарлагдсан агууламжийн хувиас ялгаатай тохиолдолд хувь тэнцүүлэн АМНАТ тооцох аргачлалыг анх журамласан байна.
14.Энэ зохицуулалт нь гарсан цагаасаа хойш хугацаанд үйлчлэх тул тухайн Засгийн газрын тогтоол батлагдахаас өмнө буюу 2020 оноос өмнөх хугацаанд хувь тэнцүүлэн тооцох аргачлалыг буцаан хэрэглэж, ФК-75 хувиас бага агууламжтай жоншинд олон улсын зах зээлийн үнээр АМНАТ ногдуулах үндэслэлгүй.
15.Маргаан бүхий тохиолдолд хариуцагчийн АМНАТ-ийн тооцооллоос үзвэл 2019 онд нэхэмжлэгч нь ФК-57.21 хувийн агууламжтай жоншийг 2 удаа экспортолсон, ФК-53.11 хувийн агууламжтай жоншийг 2 удаа экспортолсон байхад хариуцагч хувь тэнцүүлэн АМНАТ тооцсон нь дээрх байдлаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т заасан зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд борлуулалтын орлогыг үндэслэн АМНАТ тооцох зохицуулалтад нийцээгүй байна.
16.Иймд маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын нэхэмжлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр экспортолсон 57.21 хувийн агууламжтай, 12 дугаар сарын 21-ний өдөр экспортолсон 57.21 хувийн агууламжтай, 12 дугаар сарын 02-ны өдөр экспортолсон 53.11 хувийн агууламжтай, 12 дугаар сарын 05-ны өдөр экспортолсон 53.11 хувийн агууламжтай жоншинд ногдуулсан нөхөн татвар, нэмэлт татвар, торгууль, алдангийг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй.
17.Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “хариуцагч нь хайлуур жоншинд ногдох нэмэлт АМНАТ ногдуулсан нь үндэслэлгүй, жоншны баяжмалд ногдох нэмэлт АМНАТ-өөр тооцох ёстой, мөн АМНАТ тооцохдоо олон улсын зах зээлийн ханшийг Монголбанкнаас зарласан ханшны сарын дунджаар тооцсон нь буруу” гэж маргасан.
18.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д “Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно” гээд, мөн хэсгийн 7-д хайлуур жоншинд ногдох нэмэлт АМНАТ-ийн хувь, мөн хэсгийн 8-д жоншны баяжмалд ногдох нэмэлт АМНАТ-ийн хувийг тус тус зохицуулжээ.
19.Маргаан бүхий тохиолдолд дээрх зохицуулалтад заасныг буруу хэрэглэж илүү нэмэлт АМНАТ-ийн хувь тооцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд жоншны баяжмалын зах зээлийн үнэ нь хайлуур жоншны зах зээлийн үнээс өндөр тул нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар жоншны баяжмалын нэмэлт хувиар АМНАТ ногдуулах нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй.
20.Мөн хариуцагч нар нь АМНАТ-ийн олон улсын зах зээлийн үнийг төгрөгт шилжүүлэхдээ Монголбанкнаас зарласан сарын дундаж ханшийг баримталсан нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй талаар тодорхой тайлбар, тооцоолол ирүүлээгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0642 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2025/0764 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.2.1, 47.2.3, 47.3.3, 47.5, Зөрчлийн тухай хуулийн (2019 он) 11.19 дүгээр зүйлийн 1.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасныг тус тус баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актын нэхэмжлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр экспортолсон 57.21 хувийн агууламжтай, 12 дугаар сарын 21-ний өдөр экспортолсон 57.21 хувийн агууламжтай, 12 дугаар сарын 02-ны өдөр экспортолсон 53.11 хувийн агууламжтай, 12 дугаар сарын 05-ны өдөр экспортолсон 53.11 хувийн агууламжтай жоншинд нөхөн татвар, нэмэлт татвар, торгууль, алданги ногдуулсан хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ