Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 1848

 

С.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/05764 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч В.Ц , Х.Э нарт холбогдох

 

7 760 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч В.Ц ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр В.Ц ад 3 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр В.Ц ын эхнэр Х.Э д 1 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. В.Ц аас гэрээнд заасны дагуу хүүгээ удаа дараа шаардахад 240 000 төгрөгийг л надад өгсөн. Дээрх хүмүүстэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаж гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өдийг хүртэл шаардлагыг минь хангаагүй намайг хохироож байна. Иймд В.Ц аас зээл 3 000 000 төгрөг, түүний хүү 960 000 төгрөг, алданги 1 800 000 төгрөг, бүгд 5 760 000 төгрөг, Х.Э аас зээл 1 000 000 төгрөг, түүний хүү 400 000 төгрөг, алданги 600 000 төгрөг, бүгд 2 000 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

В.Ц аас 2016 оны 01 дүгээр сарын 07-ноос 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх 3 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөг буюу 300 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 07-ноос 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл сар бүр 300 000 төгрөг буюу 900 000 төгрөг, нийт 1 200 000 төгрөгийн хүү тооцож нэхэмжилж байгаагаас төлсөн 240 000 төгрөгийг хасаж 960 000 төгрөг нэхэмжилж байна. Гэрээний хугацаанд сард 300 000 төгрөгийн хүүг 100 000 төгрөгөөр тооцож авна гэж би зөвшөөрсөн юм. Х.Э аас зээлийн хүүд 2016 оны 3 дугаар сарын 07-ноос 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 400 000 төгрөг, алдангид 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гэрээний хугацаа дууссанаас 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргах хүртэл хоногийн 5 000 төгрөгийг 120 хоногоор тооцож 600 000 төгрөг нэхэмжилсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.Ц аас 4 365 000 төгрөг, хариуцагч Х.Э аас 1 535 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Э т олгож, нэхэмжлэлээс В.Ц аас 1 395 000 төгрөг, Х.Э аас 465 000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Ц аас улсын тэмдэгтийн хураамжид 84 790 төгрөг, Х.Э аас улсын тэмдэгтийн хураамжид 39 510 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Э т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч В.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/05764 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Бидний зүгээс бага насны /нярай/ хүүхэдтэй тул Сүхбаатар аймагт бүртгэлтэй үндсэн хаяг дээр ажиллаж амьдарч байгаа бөгөөд энэ тухай шүүгчийн туслах н.Батчимэгт хэлэхэд та хоёрын амьдарч байгаа хаяг руу хэргийг чинь шилжүүлэх юм байна орон нутагт хэргийг чинь шийдвэрлэнэ хэмээн хэлсэн атлаа биднийг Сүхбаатар аймагт байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэхүү байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хууль буюу гэрээнд өөpөөp заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн. Эхнэр бид 2 Сүхбаатар аймагт амьдарч байсан учир хэргийг харьяаллын дагуу бидний оршин суугаа газрын шүүхэд ирэх юм байна гэж ойлгоод тухайн хэрэг орон нутагт шилжиж ирсний дараагаар зээлийн гэрээтэй холбоотой нотлох баримтууд болон төлбөр төлсөн баримтаа гаргаж өгнө хэмээн бэлдэж байтал шүүх хуралдаанаар шийдвэр гарсан хэмээн дуудсан нь бидний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

2. Биднийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх боломжоор хангаагүй, мөн шүүх хуралдааны товыг ИХШХШТХ-ийн 77 дугаар зүйлд зааснаар мэдэгдэлгүй шүүх хуралдааныг хийсэн нь хуулийн зөрчил гэж үзэж байна.

Хэрэв энэхүү шүүхийн шийдвэрээр мөнгө төлөхөөр бол миний бие шүүхийн шийдвэрээс 350 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрээс шүүхийн шийдвэрээс 350 000 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хариуцагч В.Ц , Х.Э нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 7 760 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч С.Э аас нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч нарын оршин суугаа хаягийг Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 90в байрны 34 тоот гэж тодорхойлсон боловч хариуцагч В.Ц , Х.Э нарын оршин суугаа хаяг нь тэдний иргэний үнэмлэхний хуулбарт Сүхбаатар аймаг, Түмэнцогт сум, 1 дүгээр баг, Лхүмбэ гэсэн байх бөгөөд хариуцагч В.Ц нэхэмжлэлийн хувийг 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гардан авахдаа оршин суугаа хаягаа иргэний үнэмлэх дээр бичигдсэнээр, хариуцагч Х.Э нь ...... дүүрэг, ......дүгээр хороо, Сансар хотхон .......тоот гэж бичсэн байна.

/хэргийн 1, 4, 5, 20, 23 дугаар тал/

 

Иймд хариуцагч нарын иргэний үнэмлэх дээр бичигдсэн хаягтаа албан ёсоор оршин суудаг эсэх, нэхэмжлэлд дурьдсан хаягт шилжин ирсэн эсэх нь тодорхойгүй байх бөгөөд хаягийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.” гэж заасныг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзнэ.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт “Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ.” гэж заасан байх ба шүүх хариуцагч Х.Э д 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хурлын товыг мэдэгдээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх болон мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжээгүй гэх үндэслэл болох юм.

 

Иймд давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг арилгаж, хэргийн үйл баримт, эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/05764 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч В.Ц аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.ОТГОНЦЭЦЭГ

 

            ШҮҮГЧИД                               Ш.ОЮУНХАНД        

 

                                                                                    С.ЭНХТӨР