Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 833

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Амуударь,      

Улсын яллагч Х.Еркебулан,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Монгол овогт Б-н Ат холбогдох эрүүгийн 1909025510855 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, Гадаад Харилцааны Яаманд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 5 дугаар гудамжны 137 тоотод оршин суух,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 368 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бие эрүүл, ухаан бүрэн, / РД:СЭ 77012773 / Монгол овогт Б-н А нь:  

 

-  2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гадаад Харилцааны Яамны хашаанд хохирогч Ч.Мөнхбаярыг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь нэг удаа толгойгоороо мөргөж, түүний эрүүл мэндэд хамарт няцарсан шарх, цус хуралт, зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ч.Мөнхбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагийн үед Гадаад Харилцааны Яаманд ажил дээрээ байж байтал надтай хамт ажилладаг жолооч ажилтай Б.А-тай таарсан ба Б.А нь согтуу байсан. Ганцаараа амандаа үглэж байгаад намайг анзаараагүй байхад миний хамар руу духаараа нэг удаа хүчтэй мөргөсөн. Миний хамраас их хэмжээний цус гараад цус тогтож өгөхгүй ариун цэврийн цаасаар дараад гэмтлийн эмнэлэг рүү таксидаж явсан. Гэмтлийн эмнэлэг рүү явж байхдаа эхнэр Доржхандыг дуудаад бид хоёр миний хамрыг үзүүлтэл: “зургийг нь авхуул” гэсэн ба зэргийг нь авахуулаад шүүх эмнэлэгт үзүүлсэн. Б.А нь намайг ямар ч шалтгаангүйгээр мөргөсөн. Тухайн үед Б.А ухаанаа алдчихсан согтуу байсан. Би өөрт нь “Чи намайг мөргөөд гэмтээчихлээ” гэхэд намайг мөргөснөө ч мэдэхгүй байсан гэжээ. / хх 6-7,8 /

 

 Гэрч М.Батсайхан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Гадаад Харилцааны Яамны хашааны үүдэнд байдаг харуулын байрандаа цуйван хийгээд идэж байтал 14 цагийн үед жолооч Б.А машинаа хашаанаас авах гэж орж ирсэн. Бид хоёр юм яриад тамхилаад сууж байтал гаднаас Ч.Мөнхбаяр орж ирсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг үлдээгээд архивт ороод хоёр давхраа шалгачихаад 30-40 минутын дараа ирэхэд тэр хоёр байхгүй байсан. Анх орж ирэхдээ тэр хоёрын биед ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан гэжээ. / хх 14 /

 

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 8123 дугаар дүгнэлтэнд:

1. Ц.Мөнхбаярын биед хамарт няцарсан шарх, цус хуралт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ.  / хх 23 /

 

Шүүгдэгч Б.А-ыг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 31-35 /

 

Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 45  / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш  ихээр гэмшиж байна. Хохиролд 500.000 төгрөг төлсөн гэв.

 

Шүүгдэгч Б.А  2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гадаад Харилцааны Яамны хашаанд хохирогч Ч.Мөнхбаярыг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь нэг удаа толгойгоороо мөргөж, түүний эрүүл мэндэд хамарт няцарсан шарх, цус хуралт, зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Б.А-тай таарсан ба Б.А нь согтуу байсан бөгөөд ганцаараа амандаа үглэж байгаад миний хамар руу духаараа нэг удаа хүчтэй мөргөсөн. Миний хамраас их хэмжээний цус гараад цус тогтож өгөхгүй гэмтлийн эмнэлэг рүү таксидаж явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ч.Мөнхбаярын мэдүүлэг / хх 6-7,8 /, ... жолооч Б.А машинаа хашаанаас авах гэж орж ирээд бид хоёр юм яриад тамхилаад сууж байтал гаднаас Ч.Мөнхбаяр орж ирсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг үлдээгээд архивт ороод хоёр давхраа шалгачихаад 30-40 минутын дараа ирэхэд тэр хоёр байхгүй байсан. Анх орж ирэхдээ тэр хоёрын биед ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.Батсайханы мэдүүлэг / хх 14 /, ...Ц.Мөнхбаярын биед хамарт няцарсан шарх, цус хуралт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 8123 дугаар дүгнэлт / хх 23 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.А нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг нөхөн төлж, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Б.А-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:                                                                

1. Шүүгдэгч Монгол овогт Б-н А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б-н А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 / дөрвөн зуун ная / нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ