| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 183/2024/06451/И |
| Дугаар | 210/МА2025/01539 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/01539
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Азбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/04828 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох
*******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/302 дугаар “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал үндэслэлгүй болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ОМ 161 УБ-Истанбул-УБ чиглэлийн нислэгт үүрэг гүйцэтгэж, зочид буудал руу явах замдаа болон зочид буудалд очоод тус нислэгийн багийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.
1.2. Ажил олгогчоос Хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2.7, Хөдөлмөрийн гэрээний 10.4.4, 10.4.13-т тус тус заасан зөрчил гаргасан буюу албан томилолттой үедээ ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй.
Ажил үүргээ гүйцэтгэж байгаа үе гэдэгт хөдөлмөрийн гэрээний хавсралт болох ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэж байх үеийг хэлэх бөгөөд харин гадаадад албан томилолтоор яван ажил үүргээ гүйцэтгээгүй буюу зочид буудалд амарч байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй.
Мөн тухайн өдөр ямар нэгэн компанийн бараа бүтээгдэхүүн хүлээж аваагүй, компанийн гал тогооны бүтээгдэхүүн гээд байгаа зүйлийг ахлах ажилтны орлогч болон тухайн өдөр хариуцаж байгаа гал тогооны хэсэг дээр өгсөн үйлчилгээний ажилтнууд хүлээж авдаг тул онгоцны бараа бүтээгдэхүүнийг ахлахын орлогч болон ахлахын зөвшөөрөлгүйгээр ямар ч зүйлийг авч гарахгүй. Иймд хөдөлмөрийн гэрээний 10.4.13-т заасанд нийцэхгүй байгаа.
1.3. Дээрх асуудалтай холбоотойгоор бүхээгийн ажилтан *******, *******, ******* бид дөрвийг халах шийдвэр гарсан. Гэтэл ижил зөрчил гаргасан зарим ажилтанд цалин бууруулах, албан тушаал бууруулах арга хэмжээ авсан нь хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхсан гэж үзэх үндэслэлтэй.
Иймд *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/302 дугаар “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал үндэслэлгүй болохыг тогтоож, урьд эрхэлж байсан бүхээгийн ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн дундаж цалин, хөлс 3,930,000 төгрөгөөр тооцож 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс Улаанбаатар-Истанбулын чиглэлд зорчиж явсан бүхээгийн ажилтнууд агаарын хөдөлгөөн үйлчилгээнд зориулагдсан зорчигчийн бараа бүтээгдэхүүнээс согтууруулах ундаа вино, пиво зэргийг цүнхэлж гараад нислэгийн хугацаа дуусаад зочид буудалдаа хүрэх замдаа ууж согтуурч, буудалд үргэлжлүүлэн пиво уусан улмаар хоорондоо муудалцаж зодоон үүссэн асуудлаар Хөдөлмөрийн гэрээний 10.4.4, 10.4.13, Хөдөлмөрийн дотоод журмын 12.2.7, 12.2.15-д заасан харилцаа үүссэн гэж үзсэн.
2.2. Нэхэмжлэгчийн зүгээс архи, согтууруулах ундааны зүйл уусан үйл баримтад маргаагүй боловч ажлын байр биш, зочид буудалд байхдаа хэрэглэсэн гэж тайлбарладаг. Гэвч иргэний агаарын тээврийн салбарын үйл ажиллагаа бүхэлдээ иргэний нисэхийн багц дүрэмд заасан зохицуулалтын хүрээнд явагддаг бөгөөд бусад тээврийн байгууллагуудаас онцлогтой. Энэ нь олон зорчигч тээвэрлэж явж байгаа аюулгүй ажиллагаатай холбоотой, дээрээс нь нислэг саатлын асуудал үүсэх, нисэх бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ явж байж тогтвортой тасралтгүй үйл ажиллагааг хангадаг учраас нислэгийн үеэр амарч байгаа ажилтнуудыг архи согтууруулах ундаанаас ангид байх талаар хөдөлмөрийн гэрээ, холбогдох дүрэм, журам, тушаалд тусгасан.
2.3. Ажилтан эд хөрөнгийн хариуцлагын гэрээгээр эд, бараа хүлээж аваагүй, ахлагчийн зөвшөөрөлгүйгээр онгоцноос юм авах эрхгүй. ******* маргаан таслах комиссын хуралдааны 6 дугаар сарын 18-ны хуралд “...бүхээгийн ажилтнууд ахлахын зөвшөөрөлгүй ямар нэгэн юм авч чаддаггүй гэхдээ тэр өдөр 3 ширхэг пиво, 2 ширхэг цагаан дарс аваад цүнхэнд багтахгүй байна гээд миний чемоданд хийсэн ...” гэж хэлсэн байдаг. Иймд зорчигчдод үйлчлэх компанийн өмчийг шамшигдуулсан үйл баримтаар ажил олгогч хариуцлага тооцсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.4, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 07-ны “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” Б/302 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийг *******-ийн Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн Бүхээгийн ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 51,821,217.5 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, 417,056 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн 100200100941 дансанд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хариуцагчийн ажлаас халсан тушаалын эрх зүйн үндэслэл, гаргасан сахилгын зөрчилд тохирсон хэмээн дүгнэлт хийсэн мөртлөө хэргийн оролцогч бус бусад этгээд буюу компанийн бусад ажилтнуудад ногдуулсан сахилгын шийтгэлтэй холбоотой асуудалд хөндлөнгийн дүгнэлт хийж нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөрчилтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тодруулбал, анхан шатны шүүх ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчилд тохирсон сахилгын шийтгэлийг ногдуулах бүрэн эрхгүй, уг эрхийг ямар нэг хязгаарлалттай хэрэгжүүлэх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхсан болохыг тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргаагүй байхад анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудалд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Гэтэл анхан шатны шүүх хавтаст хэргийн 44 дэх талд авагдсан авагдсан “2024.05.28-ны өдрөөс 2024.05.31-ний өдрүүдэд УБ-Истанбул-УБ чиглэлийн нислэгт үүрэг гүйцэтгэж байсан нэр бүхий ажилчдад сахилгын шийтгэл оногдуулсан *******-ийн Гүйцэтгэх захирлын тушаалыг ажил олгогчийн зүгээс ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд үл ялгаварлан гадуурхах зарчмыг баримтлаагүй, нэхэмжлэгчийг илт ялгаварлан гадуурхсан болохыг нотлосон хэмээн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалт болон Хөдөлмөрийн тухай хуулийн “үл ялгаварлан гадуурхах”-ыг хориглосон хуулийн зүйл заалттай нийцэхгүй байна.
4.3. Анхан шатны шүүх *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/302 дугаартай тушаалын бас нэг үндэслэл болсон Хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2.15 дахь заалт болон Хөдөлмөрийн гэрээний 10.4.13 дахь заалт буюу бүхээгийн ажилтан ******* нь Истанбул хотод томилолтоор ажиллаж байх хугацаандаа онгоцны үйлчилгээний бараа бүтээгдэхүүн завшсан эсэх үйлдэлтэй холбогдуулж огт дүгнэлт хийгээгүй.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан *******-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тэмдэглэлд /хх-13 тал/ ******* нь компанийн бараа бүтээгдэхүүнийг шамшигдуулсан, хэрэглэсэн гэх асуудалд дараах тайлбар өгсөн байдаг. Үүнд: “...Тэр өдөр 3 ширхэг пиво, 2 ширхэг цагаан дарс аваад хэн нэгний цүнхэнд багтахгүй байна гэхээр нь миний чемоданд авч гарсан...” гэх.
Улаанбаатар-Истанбул чиглэлийн нислэгийн дараа бүхээгийн нэр бүхий бүхээгийн ажилчид үгсэн тохиролцож агаарын хөлгийн зорчигчийн үйлчилгээнд хэрэглэгддэг пиво, виног агаарын хөлгөөс авч гаран зочид буудал хүргэх унаанд хэрэглэж, улмаар нэхэмжлэгч нь зочид буудалд нэр бүхий ажилчдын хамт үргэлжлүүлэн ууж согтуурсны улмаас хоорондоо хэрүүл үүсгэн, танхайрсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, бусад ажилчдын мэдүүлэг, аудио бичлэг, хурлын тэмдэглэлээр тогтоогддог.
Нэхэмжлэгч *******ийн гаргасан зөрчлүүд нь онгоцны үйлчилгээний бараа бүтээгдэхүүн завшсан, албан томилолтоор ажиллаж байх хугацаандаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн, хоорондоо хэрүүл маргаан үүсгэн маргалдан, үүний улмаас бусдын биед гэмтэл учирсан нь нотлогдсон тул ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан.
Өөрөөр хэлбэл, ажилтны гаргасан зөрчилд ажил олгогч бүрэн эрхийнхээ хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу тохирсон сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Давж заалдах гомдолд ажил олгогч ажилтны гаргасан зөрчилд тохирсон шийтгэлийг ногдуулах эрхгүй мэтээр, эрхтэй байсан ч уг эрхийг хязгаарласан мэтээр анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дурдсан. Үүнд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэн. Ялгаварлан гадуурхсан гэх үндэслэлийг нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон учраас энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт ялгаварлан гадуурхаж үл болно гэх зарчмыг оруулж өгсөн. Ажилтан болон ажил олгогчийн хоорондын хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд Үндсэн хуулийн суурь зарчмыг хуульчилж өгсөн учраас нэг цаг, нэг орон зайд болсон зөрчилд ялгаатай байдлаар сахилгын шийтгэлийг ногдуулсан нь уг зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Дээр дурдсан ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн зарчмыг Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь хэсэгт тодорхой тайлбарласан. Хуулийн энэ заалтаас үзэхэд шууд бусаар ялгаварлан гадуурхсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан, хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн.
5.2. Ажлаас чөлөөлсөн тушаалд хөдөлмөрийн гэрээний 10.4.4-т заасан үндэслэлийг дурдсан. Уг заалтад ажлын болон ажлын бус цагаар, ажлын байранд, албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн буюу хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж заасан атлаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэрээнд амралтын цагаа зүй зохистой эдлэхгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж дурдсан. Энэ хоёр заалт нь хоорондоо уялдаа холбоогүй байна. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэл гаргахдаа ялгаварлан гадуурхалтын талаар дурдаагүй гэх боловч нэхэмжлэлийн 4 дүгээр талд үл ялгаварлан гадуурхсан талаар тусгасан. Тухайн үед 10 ажилтан буюу 2 нисгэгч, 8 бүхээгийн ажилтан байсан. Түүнээс 9 ажилтан архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн нэр бүхий 4 ажилтантай онгоцны дарга нь хэрүүл маргааны үеэр хамт байсан байхад онгоцны даргад цалингийн 20 хувийг 3 сар хассан сахилгын шийтгэл ногдуулсан атлаа бүхээгийн шинэ 4 ажилтныг ялгаварлан гадуурхаж ажлаас чөлөөлсөн. Иймд хариуцагчийн гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/302 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан бүхээгийн ажилтнаар эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, зарим үйл баримтыг зөв тогтоосон боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас алдаатай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно. Мөн зарим нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсныг нэмж дүгнэх боломжтой байна.
3.1. *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/302 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.5, Компанийн дүрмийн 8.8.11, Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.1, 9.1.2, 9.1.3, 9.1.3.5, 10.2.2.7, 10.2.2.15, Хөдөлмөрийн гэрээний 8.1, 8.2, 10.3, 10.4, 10.4.4, 10.4.13, “Эрсдэлээс урьдчилан сэргийлж, нислэгийн томилолтын сахилга, дэг журмыг сайжруулах тухай” Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/411 дугаартай тушаал, ажилтнуудын гаргасан тайлбарыг тус тус үндэслэн Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийнабүхээгийн ажилтан *******ийг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд БНТУ-ын Истанбул хотод томилолтоор ажиллаж байх хугацаандаа онгоцны үйлчилгээний бараа, бүтээгдэхүүнийг завшсан, амралтын цагаа зүй зохистой эдлэлгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар зан харилцааны доголдол гаргаж хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлийг зааж 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. /хх-ийн 6 дугаар тал/
Нэхэмжлэгч нь нислэгийн бус амралтын хугацаанд буюу зочид буудалд байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, агаарын хөлгийн зорчигчдод үйлчлэх бараа бүтээгдэхүүнээс вино, пиво авч, ууж хэрэглэсэн үйл баримтад маргаагүй, харин эдгээр үйлдэл нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлд хамаарах эсэх, мөн сахилгын шийтгэл ногдуулахдаа үл ялгаварлах зарчмыг зөрчсөн эсэх асуудлаар маргасан.
Дээрх тушаалд заасан зөрчлөөс 2024 оны 5 дугаар сарын 28-30-ны өдрийн хооронд БНТУ-ын Истанбул хотод томилолтоор ажиллаж байх хугацаандаа амралтын цагаа зүй зохистой эдлэлгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар зан харилцааны доголдол гаргаж хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг зөв үнэлсэн. Учир нь
Хариуцагч байгууллагаас 2021 онд баталж, үйл ажиллагаандаа мөрдөж буй Бүхээгийн үйл ажиллагааны зааварт “Бүхээгийн багийн гишүүн нь нислэгийн үүрэг гүйцэтгэх буюу нөөц багийн гишүүний үүрэг гүйцэтгэх хугацаандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглоно” гэж заажээ. /хх-ийн 58-64 дүгээр тал/
Улмаар, *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/411 дугаартай Эрсдэлээс урьдчилан сэргийлж, нислэгийн томилолтын сахилга, дэг журмыг сайжруулах тухай тушаал гарч, уг тушаалаар нислэгийн үүргээр гадаад улсад томилолтоор ажиллаж буй нисгэгч, бүхээгийн ажилтан, инженер техникийн ажилтнуудыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангуулах, сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу архи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээнээс ангид байхыг үүрэг болгожээ. /хх-ийн 45 дугаар тал/
Эдгээр нотлох баримтуудаас үзэхэд бүхээгийн ажилтны нислэгийн үүрэг гүйцэтгэж буй хугацаа нь томилолтоор ажиллаж байгаа хугацаанд хамаарч байх ба энэ үед согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актаар хориглосон байх тул ажил үүргээ гүйцэтгээгүй буюу зочид буудалд амарч байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгавар болгох зөрчилд хамаарахгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 10.4.4, хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2.7-д “ажлын цагаар болон ажлын бус цагт ажлын байран дээр, түүнчлэн албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн” гэж заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5 дахь хэсэгт тус тус нийцсэн, энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.
3.2. Мөн нэхэмжлэгч нь агаарын хөлгийн зорчигчдод үйлчлэх бараа, бүтээгдэхүүнээс вино, пиво авч, ууж хэрэглэсэн болох нь өөрийнх нь тайлбар болон хэргийн 48-49 дүгээр талд авагдсан 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нэр бүхий ажилтнуудтай хийсэн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.
Энэ нь байгууллагын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн авсан хууль бус үйлдэл бөгөөд хөдөлмөрийн гэрээний 10.4.13-т заасан “өөрт хариуцуулсан компанийн эд хөрөнгө, эд зүйлийг хууль бусаар ашигласан, ... завшсан, ...” гэж заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамаарч байна. Иймээс хариуцагч байгууллагын даргын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/302 дугаартай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэнэ.
3.3. Ийнхүү хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь тогтоогдсон байхад нэг цаг хугацаанд, ижил төрлийн сахилгын зөрчил гаргасан бусад ажилтнуудад ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид ногдуулснаас өөр төрлийн сахилгын шийтгэл ногдуулж үл ялгаварлах зарчмыг зөрчсөн гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон нь хууль зүйн үндэслэл муутай болжээ. Учир нь:
Ажилтны эрхлэх ажил, ажлын байрны чиг үүргийн хүрээнд ажилтан, ажил олгогч ямар эрх, үүрэг, хариуцлага хүлээх талаар хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцох бөгөөд үүнээс хамааран ажилтны гаргасан ямар үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчил гэж тооцох, ямар хариуцлага хүлээлгэх нь харилцан адилгүй байх боломжтой, энэ нь хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглосон зохицуулалтыг зөрчсөн үндэслэлд хамаарахгүй юм.
Иймд ажил олгогч нь сахилгын зөрчил гаргасан ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг сонгож ногдуулах эрхтэй бөгөөд энэ нь гагцхүү ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх учиртай.
Хариуцагч байгууллагын хувьд нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байгааг үндэслэн шийдвэр гаргасныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд анхан шатны шүүхийн үл ялгаварлах зарчмыг зөрчсөн гэх дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт нийцэхгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдол хангагдана.
4. Дээрхийг нэгтгэвэл ажил олгогчоос ажилтны гаргасан зөрчлийн шинж чанар, үр дагаврыг харгалзан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн, ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.
5. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/04828 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдох *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/302 дугаар “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал үндэслэлгүй болохыг тогтоолгож, бүхээгийн ажилтнаар эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417,056 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Т.ГАНДИЙМАА