| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0835/Э |
| Дугаар | 843 |
| Огноо | 2019-09-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Э |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 843
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,
Улсын яллагч С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Эрхэттанд овогт М-н А-т холбогдох эрүүгийн 1909029020899 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, “Морин сувд” ХХК-д засал чимэглэлээр ажилладаг, ам бүл 3, эх, эхнэр нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булангийн 20 гудамжны 1021 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: СЭ99121915 / Эрхэттанд овогт М-н А нь:
- 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санзайн амралтанд хохирогч Р.Чинбаатартай “Тамхи байна уу” гэх шалтгааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Р.Чинбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн үед Пүрэвдавга, Баярбаясгалан, Батлхагва, найз охин Баярмаа нарын хамтаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай амралтад амарсан. Тэгээд архи, пиво уугаад байж байтал зүс таних М.А нь амралтын гэрийн хаалгыг онгойлгоод гэрийн үүдэн дээр зогсоод бид хэдээс тамхи асуугаад байхаар нь тамхи байхгүй байна гэж хэлсэн. Би М.А дээр очоод “Би найзуудтайгаа амрах гэж ирсэн. Амралтын гэр рүүгээ явчих” гэж хэлэхэд явахгүй байхаар нь гэрийн үүднээс түлхсэн чинь хойшоогоо уначихсан юм. М.Аыг түүний найз охин гэх эмэгтэй хүн нь босгоод нойл руу аваад явчихсан. Удалгүй Баярбаясгалан намайг дуудаж гэрээс гаргаад “Чи М.Ааас уучлалт гуйчих гэж хэлэхээр нь М.А дээр очоод уучлалт гуйх гэсэн чинь үгийн зөрөөгүй миний нүүрэн тус газарт нэг удаа мөргөж, газарт унагаан дээрээс хөлөөрөө нэг удаа дэвсэж өшиглөөд миний шүдийг унагаасан. Тэгээд манай найзууд гэрээс гүйж гарч ирээд салгаад “Манай найзын шүд нь унасан байна ш дээ. Цагдаа дууд” гэж хэлээд цагдаа дуудсан гэжээ. / хх 17-19 /
Гэрч Г.Урангоо мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Манай нөхөр М.А-ын хажууд Р.Чинбаатар нь ирж зогсоод мөрийг нь мөрлөөд тамхи байна уу гэж манай нөхрөөс асуусан чинь манай нөхөр би чиний тамхийг бэлдэх юм уу гэж хэлсэн чинь Р.Чинбаатар ньтүлхээд газарт унагаасан. Р.Чинбаатар нь “Чи муу ганц тамхи өгчихгүй” гэж хэлээд тэр хавиар орилоод манай нөхөр рүү дайраад байсан. М.А нь уурлаад Р.Чинбаатартай хэрүүл хийж эхэлсэн. Тэгсэн чинь Баясаа нь эр хүн шиг М.Атай зодоон хийчих гэж хэлээд Р.Чинбаатарын өмсөж байсан футболкыг тайлсан чинь Р.Чинбаатар нь манай нөхөр дээр очоод манай нөхрийг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа алгадаад авсан. Манай нөхөр Р.Чинбаатарын нүүрэн тус газарт нь нэг удаа толгой хэсгээрээ мөргөсөн чинь газарт унахаар нь нэг удаа нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөсөн гэжээ. / хх 27-29 /
Гэрч Т.Баярмаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэгээд би гэрээс гараад ирэхэд Р.Чинбаатар, Баярбаясгалан, Пүрвээ нар 3 хүнтэй уулзаад явж байсан. Тэгээд нэг залуу нь Р.Чинбаатартай яриад өдөөд байхаар нь Р.Чинбаатар тэр залууд “Бид нар найзуудаараа амрах гэж ирсэн. Чи явчих” гэсэн. Тэгээд би Р.Чинбаатарыг “Боль. Хоёулаа явж шийдэн дээр тоглоё” гэтэл нөгөө залуу ярилцах завдалгүй Р.Чинбаатарыг мөргөж унагаагаад толгой руу нь өшиглөсөн. Тэгээд би гүйж очоод Баясаа, Пүрвээ нар салгаад нөгөө бандийг нь аваад явсан гэжээ. / хх 33-34 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8774 дугаар дүгнэлтэнд:
1. Р.Чинбаатарын биед баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, угийн буйлны цус хуралт, зүүн дээд 2-р шүдний хугарал, зүүн доод 3-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна гэжээ. / хх 35-36 /
Яллагдагч М.А мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би газраас босож ирээд Баясаа гэх ахад наад найздаа хэлээрээ зүгээр байж байхад гэж хэлсэн чинь Баясаа найзынхаа футболкыг тайлаад эр хүн шиг учраа олчих гэж хэлсэн чинь Р.Чинбаатар нь над дээр ирснээ миний нүүрэн тус газарт алгадаад авахаар нь зөрүүлээд би Р.Чинбаатарын эрүү хэсэг рүү нэг удаа толгой хэсгээрээ мөргөсөн чинь газарт унаад өгсөн гэжээ. / хх 3-6 /
Шүүгдэгч М.А-ыг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 3-6 /
Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 42 / зэрэг болно.
Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш ихээр гэмшиж байна. Хохиролд 1.000.000 төгрөг төлсөн гэв.
Шүүгдэгч М.А 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санзайн амралтанд хохирогч Р.Чинбаатартай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...М.А дээр очоод уучлалт гуйх гэсэн чинь үгийн зөрөөгүй миний нүүрэн тус газарт нэг удаа мөргөж газарт унагааж дээрээс хөлөөрөө нэг удаа дэвсэж өшиглөөд миний шүдийг унагаасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Р.Чинбаатарын мэдүүлэг / хх 17-19 /, ...Р.Чинбаатар нь манай нөхөр дээр очоод манай нөхрийг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа алгадаад авсан чинь манай нөхөр Р.Чинбаатарын нүүрэн тус газарт нь нэг удаа толгой хэсгээрээ мөргөөд унахаар нь нэг удаа нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Урангоогийн мэдүүлэг / хх 27-29 /, ... Р.Чинбаатарыг мөргөж унагаагаад толгой руу нь өшиглөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Баярмаагийн мэдүүлэг / хх 33-34 /, ...Р.Чинбаатарын биед баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, угийн буйлны цус хуралт, зүүн дээд 2-р шүдний хугарал, зүүн доод 3-р шүдний эмтэрэл гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8774 дүгээр дүгнэлт / хх 35-36 /, ... Р.Чинбаатар нь над дээр ирснээ миний нүүрэн тус газарт алгадаад авахаар нь зөрүүлээд би Р.Чинбаатарын эрүү хэсэг рүү нэг удаа толгой хэсгээрээ мөргөсөн чинь газарт унаад өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч М.Аын мэдүүлэг / хх 3-6 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч М.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг нөхөн төлж, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.А нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч М.А-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрхэттанд овогт М-н А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.А нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. М.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ