| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00447/И |
| Дугаар | 514 |
| Огноо | 2016-08-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 514
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр багт оршин суух, 1963 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЕ63092911, Алтмаа овогт Тунхуугийн Өлзийтэгшийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Өлзийтэгш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1963 онд төрсөн, 53 настай. Би 1979 оноос эхлэн Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд мал маллаж байгаад 1982 оны 7 дугаар сард цэргийн албанд татагдан явсан. Цэргийн албанаас халагдаж ирээд 1985 оны 7 дугаар сараас Давшилт нэгдэлд үргэлжүүлэн мал малласан ба 1991 оныг дуустал мал малласан. Миний бие тэр үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул тэтгэврээ тогтоолгох боломжгүй болоод байна. Иймд миний Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд хонь, үхэр маллаж байсан 1979 оны 10 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг дуустал, 1985 оны 7 дугаар сараас 1990 оныг хүртэлх ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт мал маллаж байсан О.Оюунцэцэг, Ж.Отгонтөр нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Өлзийтэгш нь 1979 оны 10 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг дуустал, 1985 оны 7 дугаар сараас 1990 оныг хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Тунхуугийн Өлзийтэгшийн 1979 оны 10 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг дуустал, 1985 оны 7 дугаар сараас 1990 оныг хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Түүнчлэн Зүүнхангай сумын Намын хороо, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаа, Давшилт нэгдлийн ззөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос Т.Өлзийтэгшийг шагнаж байсан диплом зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч О.Оюунцэцэг, Ж.Отгонтөр нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч О.Оюунцэцэгийн “Миний бие нь 1981 оноос 1990 он хүртэл Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд мал маллаж байсан. Голдуу хонь малладаг байсан. Т.Өлзийтэгш нь нэгдэлд багаасаа мал маллаж эхэлсэн бөгөөд нэгдэл тарах хүртэл буюу 1991 он хүртэл малчнаар ажилласан. Тухайн үед Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн даргаар Палам, Памаж Сүхбаатар, Намсрайжав гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ж.Отгонтөрийн “Миний бие нь 8 дугаар ангиа төгсөөд Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд 1982-1990 он хүртэл мал маллаж байсан. Т.Өлзийхишиг нь аав, ээжийнхээ хамт Давшилт нэгдэлд мал маллаж байсан. Т.Өлзийхишиг нь 1991 он хүртэл Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Т.Өлзийхишиг нь голдуу хонь малладаг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 496 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Т.Өлзийтэгш нь 1979 оны 10 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг дуустал, 1985 оны 7 дугаар сараас 1990 оныг хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Зүүнхангай сумын Намын хороо, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаа, Давшилт нэгдлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос түүнийг шагнаж байсан диплом, гэрч О.Оюунцэцэг, Ж.Отгонтөр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Т.Өлзийтэгшийн хүсэлтийг хангаж, түүний 1979 оны 10 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг дуустал, 1985 оны 7 дугаар сараас 1990 оныг хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар 7 жил 3 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь “шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Алтмаа овогт Тунхуугийн Өлзийтэгшийн 1979 оны 10 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг дуустал, 1985 оны 7 дугаар сараас 1990 оныг хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар 7 /долоо/ жил 3 /гурав/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т.Өлзийтэгшийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ