| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00557/И |
| Дугаар | 599 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 599
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 08-15 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ66082061, Борлууд овогт Янживын Оюуны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 22-20 тоотод оршин суух, Тайж овогт Амарын Сайнбуянд холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Хаан банк орчихоод гарч явтал А.Сайнбуян таарсан ба сайн муу болоод 5.000.000 төгрөг 5 хувийн зээлдээч гэж гуйсан. Ингээд манай гэрт 3 дугаар сарын 06-ны өглөө ирээд учир байдлаа хэлээд гуйхаар нь 3 дугаар сарын 07-нд бичиг баримтаа нотариатаар батлуулж мөнгө зээлдүүлсэн. Зээлдүүлсэн мөнгөний хугацаа хэтэрч 5 дугаар сарын 27-нд 5.600.000 төгрөг өгөх ёстой байснаас 5.000.000 төгрөгийг нь өгөөд үлдэгдэл 600.000 төгрөгийг 7 хоноод өөрийн биеэр хүргэж өгнө гэсэн боловч ирээгүй тул би ажил дээр нь очиж уулзахад удахгүй өгнө гэсэн боловч өдий хүртэл залилж, худал хэлж хуурч мэхэлсэн. Иймд танай байгууллагад хандаж байна. Түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Я.Оюун шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч А.Сайнбуянгаас 600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Оюун нь хариуцагч А.Сайнбуянгаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Я.Оюун нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.650 төгрөгөөс 9.325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 150000941 тоот данснаас 9.325 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Оюунд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Я.Оюун нь хариуцагч А.Сайнбуянгаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 9.325 /есөн мянга гурван зуун хорин тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Оюунд олгож, 9.325 /есөн мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ