Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01389

 

  

 

*******ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/04833 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 547,170,533 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө, фидуцийн зүйлээр хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.*******ББСБ ХХК нь зээлдэгч *******тай 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 22/Б-02 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр 200,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт зээл 199,990,000 төгрөг, зээлийн хүү 163,791,810 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,500,323 төгрөг, нийт 403,282,133 төгрөгийг төлөөгүй.

Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 259.1 м.кв талбайтай, орон сууц, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

1.2.Мөн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 22/153 тоот зээлийн гэрээгээр 72,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба зээл 72,000,000 төгрөг, зээлийн хүү 54,769,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,119,200 төгрөг, нийт 143,888,400 төгрөгийг төлөөгүй.

Тус зээлийн барьцаа хөрөнгө нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон *******тай 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан барьцааны гэрээнд заасан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол /16094/, ******* байр, зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-д заасан ******* УБМ улсын дугаартай суудлын автомашин болно. Мөн одоо манай компанийн өмчлөлд шилжсэн байгаа тул эдгээр хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

2.Хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй болно.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 22/Бб-02 дугаартай зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт үндсэн зээл 199,990,000 төгрөг, хүүгийн төлбөрт 129,393,530 төгрөг нийт 329,383,530 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, хүү 34,398,280 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,500,323 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 22/153 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 72,000,000 төгрөг, зээлийн хүү 54,769,200 төгрөг нийт 126,769,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17,119,200 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 154 дүгээр зүйлийн 154.4, Үл хөдлөх эд хөрөнгө барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь үүргээ сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, ******* байр, ****** тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээний дугаартай, Ү-******* тоот улсын бүртгэлийн дугаартай, 259.1 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,351,303 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч *******аас 2,508,913 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн.

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Дээрх шийдвэрийн Үндэслэх хэсэгт 4.Нэхэмжлэгчээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар 2024 оны 10 сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргасан өдрөөр зээлийн гэрээг дуусгавар болгож, зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас нэхэмжилсэн гэж үзэхээр байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 04 сарын 18-ны өдрийн байдлаар хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 41,277,936 төгрөгийг нэмж нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна гэжээ.

Манай байгууллагын зүгээс 2024 оны 10 сарын 28-ны өдрийн 24/238 тоот албан бичгээр нийт 362,004,197 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Бид зээлийн гэрээг нэг талын буюу зээлдэгчийн санаачилгаар цуцлаад улмаар үлдэх хэсгийг нэхэмжилсэн, шаардлагаа цуцалсан хэсгээс үргэлжлүүлэн нэхэмжилсэн бол шүүхийн шийдвэрийг хүндэтгэн ойлгох ба хугацаа дууссан зээлийн гэрээний үүргийг үргэлжлүүлэн шаардсан. Учир нь хариуцагч шүүхэд хандсан өдрөөс хойш зугтаагаад олдохгүй, хариуцагчийг шүүхэд албадан ирүүлэх захирамж гаргаж, цагдаагийн байгууллагаар албадан ирүүлж нэхэмжлэл гардуулж, шүүхүүд салж нийлснээс болж буюу биднээс шалтгаалалгүй удаан хугацаа өнгөрсөн, хариуцагч нэхэмжлэлээ гардаж аваад шалтгаан үндэслэлгүйгээр олон удаа шүүх хурал хойшлуулсан, үүнээс болж бид улам ихээр хохирсон учир анхны зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 04 сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 41,277,936 төгрөгөөр нэмэгдүүлэх хүсэлт гаргаж, хариуцагч гардан авч, зээл, хүүний төлбөрийн талаар тухайн үед маргаагүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн эрхийн хүрээнд дээрх нөхцөл байдалд үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой.

4.2.Дээрх шийдвэрийн Үндэслэх хэсэгт 5.Зээлдэгч *******тай байгуулсан 2022 оны 06 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ нь 2 сарын хугацаатай байгуулагдсан байх бөгөөд хариуцагчаас 2023 оны 01 сараас хойш зээл, хүүгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй зөрчил үүссэн байхад нэхэмжлэгч нь шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүйгээс хариуцлагын үүрэг болох нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж байна. Иймд 2022 оны 06 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 10 сарын 28-ны өдрөөс хойш хугацааны хүү 34,398,280 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,500,323 төгрөг, нийт 73,898,603 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв гэжээ. Тус банк бус санхүүгийн байгууллага нь ашгийн төлөө ажилладаг, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд дээр дурдсан хууль болон 22/5-02 тоот зээлийн гэрээний 1.9-д зааснаар гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй.

Манай зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгчид хүссэн үйлчилгээг нь үзүүлсэн байхад биднийг "шаардах эрхээ шударгаар биелүүлээгүй" гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хийж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн ихэнх хэсгийг хэрэгсэхгүй болгосонд туйлын гомдолтой байна. Хувийн эрх зүйн харилцаанд талууд өөрийн санаачилгаар гэрээ хэлэлцээр байгуулж явдаг, хариуцлагаа өөрсдөө бие даан хүлээдэг зарчимтай байхад хариуцагчийн "маргаагүй" асуудлаар шүүх байгууллагыг хохироох байдлаар үнэлэлт дүгнэлт өгсөнд гомдолтой.

Зээлдэгч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, удаа дараа сунгах хүсэлт болон төлөх амлалтууд өгч хугацаа хожимдуулсан, холбогдохгүй алга болсон явдалд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийг шууд буруутгаж шүүх үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.3.Дээрх шийдвэрийн Үндэслэх хэсэгт 7.Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 11 сарын 19-ний өдөр дууссан бөгөөд мөн адил хариуцагчаас зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа 2022 оны 11 сарын 19-ний өдөр дууссан байхад нэхэмжлэгчээс 2024 оны 02 сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгаа нь шаардах эрхийг шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 17,119,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв гэжээ.

Иргэний хуулийн 451.1, 452.2, 453.1-д заасанд нийцээгүй. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгчид хүссэн үйлчилгээг нь үзүүлсэн байхад биднийг "шаардах эрхээ шударгаар биелүүлээгүй" гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хийж нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

4.4.Дээрх шийдвэрийн Үндэслэх хэсэгт 8.Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 05 сарын 19-ний өдрийн 22/153 дугаартай зээлийн гэрээний 1.13-т ББСБ нь зээлдэгчийг гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 19/352, 20/339 дугаартай барьцааны гэрээнүүд, 20/339, 20/5-02 дугаартай үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнүүд байгуулсан болно гэх бичвэрээр тэдгээрийн хооронд үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэхээрүй байна. Иймд зохигчдын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй гэж үзэхээр байна. Дурдсан үндэслэлээр 2022 оны 05 сарын 19-ний өдрийн 22/153 дугаартай зээлийн гэрээний хувьд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв гэжээ.

Иргэний хуулийн 153.1, 154.1-д заасанд нийцээгүй. Зээлийн гэрээнд ББСБ нь Зээлдэгчийг гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор 20/339 дугаартай барьцааны гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан болно гэж заасан, 2020 оны 08 сарын 12-ны өдөр байгуулсан 20/339 тоот авто зогсоолын барьцааны гэрээг 2020 оны 08 сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгэлд бүртгүүлж барьцаалсан.

Хариуцагчтай 2020 оны 08 сарын 12-ны өдөр 20/339 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, Тоёота камри, ******* УБМ улсын дугаартай, мөнгөлөг, ******* арлын дугаартай авто машиныг өмчлөлд шилжүүлсэн. Барьцаа хөрөнгийн бүртгэлийг Иргэний хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хийлгэсэн байхад шүүхээс барьцааны гэрээ байгуулагдаагүй гэж үзэхээр байна гэж дүгнэж ямар ч үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

4.5.Анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон 2022 оны 06 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 10 сарын 28-ны өдрөөс хойшхи хугацааны хүү 34,398,280 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,500,232 төгрөг, нийт 73,898,603 төгрөг, 2022 оны 05 сарын 19-ний өдрийн гэрээний үүрэгт нэмэгдүүлсэн хүү 17,119,200 төгрөг, нийт 91,017,803 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү. Манай банк бус санхүүгийн байгууллагаас хариуцагч *******тай байгуулсан 2022 оны 05 сарын 19-ний өдрийн 22/153 тоот зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан 20/339 тоот барьцааны гэрээ болон 20/339 тоот зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу тус тус үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

4.6.Хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, өмгөөлөгч авах хүсэлт гаргасан, хариуцагч өвчтэй гэх магадлагаа ирүүлсэн, хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан гэх үндэслэлүүдээр нийт 4 удаа шүүх хуралдаан хойшилсон. Тиймээс 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4 дэх хэсэгт заасныг үндэслэж, хариуцагчийн эзгүйд анхан шатны шүүх хуралдааныг явуулсан. Мөн хариуцагч нь шүүхэд бичгээр тайлбар гаргадаггүй, шүүх хуралдаанд огт биечлэн ирж оролцдоггүй.

Хариуцагч нь зээлийн хүүг үндсэн зээлийн хэмжээнээс 50 хувиар хэтэрсэн гэж тайлбарладаг. Иргэний хуульд заасан анз гэх ойлголт энэ хэрэг маргаанд хэрэглэгдэхгүй буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзын тухай хуулийн зохицуулалтад 50 хувиас хэтрэхгүй гэж заасан байдаг. Зээлийн харилцаа нь Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлүүдэд зааснаар нэмэгдүүлсэн хүүний зохицуулалттай. Тиймээс нэмэгдүүлсэн хүү нь үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй гэх журмыг манай байгууллага баримталж байгаа. Гэтэл хариуцагчийн зүгээс зээлийн хүүг дурдаж 50 хувиас хэтэрсэн гэх байдлаар тайлбарладаг.

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй гэх гомдлын тухайд 200,000,000 төгрөгийн зээлийн барьцаа нь улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах үйлчилгээ, конторын зориулалттай барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргасан гэжээ.

 

5.Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1.Миний бие нь шүүх хуралдаан болох өдрийг тухайн үед нь мэдээгүй, гадаадад явсан байсан ба миний өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт хүргүүлсэн боловч шүүхээс шүүх хуралдааныг үргэлжлүүлж, намайг байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийсэнд гомдолтой байна. би уг нь өөрөө оролцож хариу тайлбарыг хэлэх байсан ч энэ боломж хангагдсангүй.

5.2.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 22/Б-02 дугаартай зээл, барьцааны гэрээний үүрэгт үндсэн зээл 199,990,000 төгрөг, хүүгийн төлбөрт 129,393,530 төгрөг, нийт 329,383,280 төгрөгийг гаргуулсан боловч 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 22/153 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 72,000,000 төгрөг, зээлийн хүү 54,769,200 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэсэн байгаагаас зээлийн гэрээний хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь өмнө нь маш их хүү төлсөн, энэ талаараа нэхэмжлэгч тал шүүхэд тайлбарласан. Үндсэн зээлийн төлбөр 199,990,000 төгрөг байхад зээлийн хүү 129,393,530 төгрөг болсон байгаа нь үндсэн зээлийн 50 хувиас хэтэрсэн. Мөн 22/153 дугаартай гэрээний үүрэгт 72,000,000 төгрөг гаргасан боловч зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 54,769,200 төгрөг гаргасан нь мөн л үндсэн зээлийн 50 хувиас хэтэрсэн. Би барилгын бизнес эрхэлдэг ба санхүүгийн хямралаас шалтгаалж маш хүнд байдалд орсон тул зээлийг шийдвэрлэж чадахгүй өдийг хүрсэн.

5.3.Мөн барьцаа хөрөнгө болох Ү-******* тоот улсын бүртгэлтэй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шийдвэрийг ч гэсэн зөвшөөрөхгүй байна.

Иймд шүүхээс зээлийн хүүгийн төлбөрт гаргуулсан 184,162,730 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул шүүхийн шийдвэрт хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч *******ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 547,170,533 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө, фидуцийн зүйлээр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.*******ББСБ ХХК нь *******тай 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 22/153 тоот зээлийн гэрээ байгуулж, 72,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, мөн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 22/Б-02 тоот зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ******* нь хуваарийн дагуу зээл, хүүг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн.

Мөн зээлийн хүүний талаарх талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцжээ.

4.Нэхэмжлэгч нь 22/153 тоот гэрээний дагуу 72,000,000 төгрөг, 22/Б-02 тоот гэрээний дагуу 200,000,000 төгрөгийг тус тус хариуцагчид шилжүүлж үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байна.

Зээлийн дансны хуулгад 22/153 тоот гэрээгээр хүүнд 34,690,800 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд, 22/Б-02 тоот гэрээгээр зээл 10,000 төгрөг, хүү 45,078,961 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,258,039 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд төлсөн талаарх тооцоолол хийгджээ.

5.Нэхэмжлэгч нь шүүхэд анх 22/Б-02 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 364,042,367 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр уг гэрээтэй холбоотой шаардлагыг 41,277,936 төгрөгөөр нэмэгдүүлж, үүнээс гадна 22/153 тоот гэрээний үүрэгт зээл 72,000,000 төгрөг, хүү 54,769,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,119,200 төгрөг, нийт 143,888,400 төгрөг гаргуулах болон барьцаа, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тайлбар, нотлох баримт гаргаагүй.

5.1.Зээлийн гэрээнүүдийн 1.6-д ББСБ нь зээлийг ашигласны хариу төлбөр болох хүүг зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулж дуусах хүртэл хугацаанд ашигласан хуанлийн хоногоор тооцож зээлдэгчээр төлүүлнэ, 1.9-д Зээлдэгч нь гэрээний 1.1-т заасан хугацаа дуусахад зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд энэхүү хугацаа нь цаашид үндсэн төлбөр, хүүг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй, 1.12-т Зээлдэгч энэхүү гэрээний 1.2-т заасан хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлж барагдуулаагүй нөхцөлд Иргэний хуулийн 453.1 дүгээр зүйлийн дагуу зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлнө, 4.1-д ...нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус тохиролцсон байна.

Эдгээр нөхцөл нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж тус тус заасанд нийцжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй.

5.2.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг зээлийн гэрээний хугацаа дууссан үеэс шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн үндэслэлээр нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь, мөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг дуусгавар болгосон гэсэн үндэслэлээр нэмэгдүүлсэн шаардлагаас 22/Б-02 тоот гэрээний хүүнд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалт болон гэрээний нөхцөлд нийцээгүй.

Өөрөөр хэлбэл банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцааг хуульд дээрх байдлаар тусгайлан зохицуулсан, мөн гэрээний нэг тал шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь нөгөө талыг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь төлүүлэх тухай нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Харин энэ үндэслэлээр хүүнд 184,162,730 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгуулах агуулга бүхий хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.

6.Талууд 22/Б-02 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 22/Б-02 тоот барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 259.1 м.кв талбайтай, орон сууц, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулахаар харилцан тохиролцсон.

Дээрх барьцааны гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасанд нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр болохыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан тул тус барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

7.Харин 22/153 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хувьд, нэхэмжлэгч нь уг зээлийн гэрээний 1.13-т ББСБ нь Зээлдэгчийг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 19/352, 20/339 дугаартай барьцааны гэрээнүүд, 20/339, 20/Б-02 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнүүд /фидуци/ байгуулсан болно гэж заасныг үндэслэн дээр дурдсан Сүхбаатар дүүрэгт байршилтай үл хөдлөх эд хөрөнгөөс гадна эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол /16094/, ******* байр, зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон ******* УБМ улсын дугаартай суудлын автомашинаар хангуулахаар шаардсан.

Анхан шатны шүүх тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дээрх хөрөнгүүдээр хангуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв. Учир нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана, 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасан бөгөөд талууд 22/153 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгайлан барьцааны гэрээ, фидуцийн гэрээ байгуулаагүй.

Өөр зээлийн гэрээний үүрэгт холбоотой 20/339 тоот барьцааны гэрээ, 20/339 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 22/Б-02 тоот барьцааны гэрээ нь тухайн гэрээндээ хамааралтай болно. Иймээс эдгээр хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

8.Барьцаа хөрөнгө болон фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт тус тус зааснаар тодорхойлогдох ба анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.4, 156 дугаар зүйлийн 156.3, 169 дүгээр зүйлийн 169.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийг тус тус баримталсан нь оновчгүй тул дээр дүгнэснээр зөвтгөнө.

Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт зээлийн гэрээ тус бүрээр шаардлагыг задлаж томъёолсон, барьцаатай холбоотой шаардлагыг 2 заалтад салгаж тусгасан, барьцаа хөрөнгө болон фидуцийн зүйлийн мэдээллийг бүрэн тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй тул залруулна.

9.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. Хариуцагч болон түүний өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн, тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаантай талаар хүсэлт, баримт шүүхэд ирүүлээгүй учир нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцсэн. Иймээс шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

10.Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 547,170,533 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон, мөн үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, хууль хэрэглээ, найруулгыг зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/04833 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 547,170,533 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ББСБ ХХК-д олгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, ******* байр, *******тоот хаягт байршилтай, 259.1 м.кв талбайтай орон сууц, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлээс үлдэх эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол /16094/, ******* байр, зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон Тоёота камри маркийн, ******* УБМ улсын дугаартай суудлын автомашинд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, 2,508,913 гэснийг 3,279,903 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 683,240 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 1,148,964 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

Д.ЗОЛЗАЯА