| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0250/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/135 |
| Огноо | 2019-05-09 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,
Шүүгдэгч: М.Б, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814005610345 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт М.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Г.Бын эзэмшлийн 11 тооны адуу буюу алдуул малыг Баянхонгор аймгийн Жинст, Баян-Овоо сумын зааг нутаг болох Аман ус гэх газарт байхад бусдын өмчлөл, эзэмшлийнхийг мэдсээр завшиж бусдад 6 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1.Шүүгдэгч М.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манайхыг Баянхонгор аймгийн Жинст, Баян-Овоо сумын зааг “Аман ус” гэх газар нутаглаж байхад буюу 2018 оны 08 дугаар сарын сүүлээр 09 дүгээр сарын хүртэлх хугацаанд бараг 10 гаран хоног бороо орсон юм. Тэр үед манай адууны ойролцоо зөв талынхаа гуяндаа 6 тоо тамгатай 11 тооны адуу ирчихсэн байсан бөгөөд манай адуутай хамт усанд орчихоод гарч бэлчээрлээд бараг 1 сар гаран болсон. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 04-05-ны үед манайх Жинст сумын 3 дугаар баг руу нутаг руугаа нүүсэн бөгөөд тэр үед манай адууны морьдтой нийлчихээд салахгүй болохоор хамт туугаад явсан юм. Түүнээс би уг адуунуудыг хулгайлаагүй. Тэдгээр адуунуудыг ирэх үед манайхтай саахалт байсан айлын хүмүүс мэдэж байгаа...Би тэдгээр адуу нь эзэнгүй манай адуутай ойролцоо бараг 1 сар гаран болсон бөгөөд азарган зээрд зүсмийн үрээ нь манай гүүнүүдийг хураагаад салахгүй байхаар нь адуутайгаа авч явсан юм. Манай адуу тухайн үед азаргагүй байсан юм...Тэдгээр адуунууд нь эзэнгүй байсан болохоор нэг адууг нь өрөнд өгсөн юм. Гэхдээ сүүлд нь өөрийнхөө нэг адуугаар солиод авчих гэж бодож өгсөн юм. Одоо тэр шар хээр зүсмийн морь нь Г.Иын адуунд байгаа байх гэж бодож байна. гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манайх 2018 оны 08 дугаар сарын дугаар сард Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Асгамба 3 дугаар баг “Уртын гол”-ын “Хайрханы шил” гэх газар нутаглаж байсан бөгөөд тэр үед буюу 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр бэлчээрээс нь 11 тооны адуу алдсан. Тэгээд алдсан адуугаа Цагдаагийн байгууллагад тэмдэглүүлчихээд түүнээс хойш олон газраар хайсан боловч олдоогүй бөгөөд одоогоос 7 хоногийн өмнө буюу 2018 оны 11 дүгээр сарын 09-10-ны үед би Баянхонгор аймгийн Жинст сумын нутгаар хайж яваад Тариатын нуруу гэх газарт манай алдсан адуунууд айлын адуунд байхыг нь олсон. Тэгээд манай адуу нийлсэн байсан адуу хэний адуу гэдгийг асууж сурагласан чинь Босоо гэх хочтой Б гэх айлын адуу гэдгийг мэдсэн. Тухайн үед тэр Б гэх айлын адуунд миний алдсан 10 тооны адуу байсан бөгөөд шар хээр зүсмийн нас гүйцсэн морь ганцаараа байхгүй байсан. Тэгээд би энэ талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Миний хувьд бол тэр Б гэгчтэй уулзаж асуугаагүй шууд Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 /
4. Гэрч С.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн Жинст, Баацагаан, Баян-Овоо сумын нутгийн зааг Хүрэн толгойн Аман ус гэх газарт отроор нутаглаж байсан...Манайхтай ойролцоо нутаглаж байсан айлууд нүүхээс нэлээн хэд хоногийн өмнө хэдэн өдөр дараалж бороо орсон юм. Тэр борооны дараа сартай хүрэн азаргатай 11 тооны адуу ирчихсэн байсан бөгөөд уг адуунд байсан азарган үрээ нь М.Бгийн ганц гүүг хураах гээд байгаа бололтой яваад байсан. Тэгээд түүнээс хойш нэлээн удаж бараг 1 сар шахам болоод нүүсэн бөгөөд тэдгээр адуунууд Бгийн адуутай л хамт байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/
5. Гэрч Г.Иын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 11 дүгээр сард М.Б ах над руу богино долгионы станцаар яриад чи нөгөө адуугаа ирж ав гэж хэлсэн. Тэгээд би Б ахынд яваад очиход шар хээр зүсмийн зөв талын гуяндаа 6 тоо тамгатай, нас гүйцсэн морийг бариад уячихсан байсан бөгөөд уг адууг надад өгсөн. Тэгээд би уг адууг гэртээ аваачиж хоноод маргааш нь унах гэсэн чинь их догшин адуу байхаар нь адуундаа тавиад 2 хоногийн дараа адуугаа хураасан чинь нөгөө шар хээр зүсмийн морь алга болчихсон байхаар нь би богино долгионы станцаар М.Б ахтай ярьсан чинь адуундаа ирчихсэн гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/
6. Гэрч Д.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манайх отроор нутаглаж байхад буюу 2018 оны 08 дугаар сарын сүүлээр нэлээн хэд хоног бороо орсон бөгөөд тэр борооны дараа сартай хүрэн азаргатай зөв талын гуяндаа 6 тоо тамгатай 10-аад тооны адуу ирчихсэн байсан. Тэр адуунд байсан азарган үрээ нь Бгийн адууг хураагаад яваад байсан. Тэгээд манайх 2018 оны 09 дүгээр сарын 20-ны үед нутаг руу буцсан. гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/
7. Шүүгдэгч М.Бгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:
... 2018 оны 09 дүгээр сарын 05-ны үед Баянхонгор аймгийн Жинст сумын Гүний нурууны орчимоор 11 тооны Хүрэн азаргатай адуу 20 гаруй хоносон юм тухайн үед эзэн нь гарч ирэхгүй байсан учраас би уг адууг өөрийн адуутайгаа нийлүүлээд авч явсан. Тэгзэд 1 адууг нь Эрхээ гэх залууд өртэй байж байгаад өгчихсөн юм. Одоо манай адуунд 10 адуу нь байгаа. Би тухайн үедээ тийм зүйл бодоогүй. Үхэр хулгай хийсэн хэргээр шалгагдаж байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/
8. Гэрч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 08 дугаар сард би амралтаа аваад хот руу яваад 2018 оны 09 дүгээр сарын дундуур ажилдаа орсон. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын эхээр манай сумын бүх багуудийн урлаг спортын наадам сумын төвд болсон бөгөөд тэр үед М.Б азаргатай 10-аад тооны адуу ирж нийлсэн, эзэн нь гэж хүн ирээгүй, одоо манай адуунд байгаа гэж хэлсэн...Тухайн үед М.Б бид хоёр сумын төвд гудамжинд тааралдаад ярилцаж байхад М.Б нь хэлсэн...Би тэр талаар сумын Цагдаагийн ажилтнуудад мэдэгдээгүй. М.Б нь надтай уулзаад тэр талаар хэлэх үед би гудамжинд тааралдсан болохоор бичиж тэмдэглээгүй. Тухайн багийн иргэдийн урлаг, спортын наадам яг болж байсан ажил ихтэй байсан болохоор ажилдаа түүртээд мартагнаад өнгөрсөн.Мөн уг урлаг спортын арга хэмжээ дуусаад би хэдэн хүний хамт Хятад улс руу аялалаар явсан болохоор үнэндээ түүнийг санаж Цагдаагийн ажилтнуудад хэлж чадаагүй. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын эхээр малын тооллого болох үеэр эзэнд нь буцаагаад өгчихсөн гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 151-153/
9. Баянхонгор аймаг дахь Энх-Нахиа ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн:
1. Сартай хүрэн азрага 1 толгой 600.000 төгрөг
2. Нас гүйцсэн бүдээн морь 5 толгой, нэг нь 600.000 төгрөг бүгд 3000.000 төгрөг.
3. Нас гүйцсэн бүдээн гүү 4 толгой, нэг нь 500.000 төгрөг бүгд 2000.000 төгрөг
4. Хүрэн зүсмийн үрээ 1 толгой 400.000 төгрөг бүгд зургаан 6000.000 сая төгрөг.....гэх дүгнэлт /хх-ийн 55-56/ болон хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч М.Бгийн эзэмшлийн 5-н тооны адуу битүүмжилсэн тэмдэглэлүүд, хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч М.Бгийн багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч М.Бгийн ял шалгах хуудас, хавтаст хэргийн 03 дугаар хуудсанд авагдсан хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч хохирол төлсөн талаарх нэг хуудас хохирогчийн гараар бичсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэг гэм буруу, эрүүгийн хариуцлага гэсэн хоёр шаттай явагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулж, түүнд мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүгдэгч нь хохирлоо бүрэн нөхөн төлсөн гэхдээ хавтаст хэрэгт нотлох баримт хавсаргагдаагүй боловч хохирогч нь хохирлоо авсан талаар гараар тодорхойлолт бичиж өгсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналыг тус тус гаргасан болно.
Шүүхээс шүүгдэгч М.Б нь 2018 оны 08 дугаар арын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын иргэн Г.Бын 11 тооны алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бусдад зургаан сая / 6 000 000 / төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Г.Б гэрч С.Баттулга, Г.И, Д.Д, Д.А нарын мэдүүлэг, Энх-Нахиа ХХК-ний шинжээчийн 247 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.Бг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Харин хохирогч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрж хайсан шатахуун, телевизээр зарлуулсан, болон ганданд ном уншуулсаны зардал нэг сая зургаан зуун арван таван мянган / 1.615.000 / төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шатахууны зардал таван зуун арван гурван мянга найман зуун хорин есөн / 513.829 / төгрөгний баримтыг нотлох баримтын шаардлага хангаж хэрэгт хавсаргасан бөгөөд бусад зардлын нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүй байх тул таван зуун арван гурван мянга найман зуун хорин есөн / 513.829 / төгрөгийг шүүгдэгч М.Бгээс гаргуулж Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн малчин Готовын Бт / ВЮ62092916 / 2019 оны 06 дугаар сарын 01-ний дотор олгохыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогч Г.Бын нэхэмжилсэн нэхэмжлэлээс нэг сая нэг зуун нэг мянга нэг зуун далан нэгэн мянган / 1.101.171 / төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б нь хохирогч Г.Бын төлөгдөөгүй байгаа хоёр адуу болон эрж хайсны зардал нэг сая зургаан зуун арван таван мянган / 1.615.000 / төгрөгийг төлсөн гэж мэдүүлж энэ талаар нэг хуудас хохирогч Г.Бын гараар бичсэн гэх тодорхойлолтыг гаргасан боловч уг тодорхойлолтод “2 адуугаа хүлээж авсан” гэж бичсэн байх тул шүүгдэгч М.Бг нэг сая зургаан зуун арван таван мянган / 1.615.000 / төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ.
Иймд нотлох баримтын хүрээнд хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хохирогч нь алдсан 11 тооны адуунаас 2 адуу төлөгдөөгүй байгаа талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нь 11 тооны адуугаа бүрэн төлөгдсөн талаар мэдүүлсэн тул алдагдсан адууг бүрэн төлсөн гэж үзэж шүүгдэгч М.Бг энэ талаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Бгийн эзэмшлийн таван тооны адууг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх адууг эзэмшигч М.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Б нь энэ хэргийн улмаас адууны хохирлын талаар төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Шүүгдэгч М.Б нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг урьд нь ял шийтгүүлж байгагүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт М.Бг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт М.Бг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар ялтан М.Бд хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, зааснаар ялтан М.Б нь хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч М.Бгээс энэ гэмт хэргийн улмаас гарсан шатахууны зардал таван зуун арван гурван мянга найман зуун хорин есөн / 513.829 / төгрөг гаргуулж хохирогч Г.Бт 2019 оны 06 дугаар сарын 01-ний дотор олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхинй шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогч Г.Бын нэхэмжилсэн нэхэмжлэлээс нэг сая нэг зуун нэг мянга нэг зуун далан нэгэн мянган / 1.101.171 / төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Энэ хэргийн учир шүүгдэгч М.Б нь хулгайлагдсан адууны үнийг төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч М.Бгийн эзэмшлийн таван тооны адууг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх адуунуудыг эзэмшигч М.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ