Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Шүүгдэгч: Ж.Д, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000100036 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт Ж.Д

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч Ж.Д нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт 2018 оны 12 сарын 21-ний өдөр иргэн Г.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ж.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 12 дугаар сарын 21-ний өглөө би хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх гээд явж байхад 17 дугаар байрны гадаа манай машин байсан хүүхдээ цэцэрлэгт нь өгчихөөд эргээд машин дээрээ очиход манай нөхөр машин дотроо жолооны ард унтаж байсан. Арын суудал дээр согтуу хүүхнийг унтаж байсан. Тэгэхээр нь би нөхрийгөө сэрээгээд нөгөө хүүхнийг нь үсдээд царайг нь харах гэсэн чинь харуулаагүй. Тэгэхээр нь би тэр хүүхнийг үсдэж байгаад өшиглөсөн. Тэгэхэд би өөрөө өшиглөх явцдаа хаалга давхар өшиглөөд уг охин толгой руу нь өшиглөсөн. Тэгээд тэр хүүхнийг буугаад зайл гэсэн чинь тэр хүүхэн “би хаашаа явдаг юм” гэхээр нь машины хаалгыг хаагаад цонхоор нь тэр хүүхэн рүү ”Та 2 хэзээнээс явдаг болсон юм“ гэж загнасан. Тэгээд би зөндөө л үг хэлсэн заримыг нь санахгүй байна. Тэгж байхдаа машинаа асаах гэхэд машин асахгүй болохоор нь дүү рүүгээ болон хадам ээж рүү залгаад манай дүү Б ирсэн. Тэгээд машин асааж өгчихөөд явсан. Манай дүү яаруу ирээд машин асааж өгчихөөд яваад өгсөн.

Тэр хүүхэн манай дүүг ирэх хооронд надад “эгчээ би танай нөхөртэй ямар ч хамааралгүй 3 цагдаатай архи уусан 2 нь алга байна” гэж байсан. Тэгээд тэгж яриад ард нь цагдаа малгай байхаар нь би ямар ч байсан энэ 2 хоёулханаа яваагүй юм байна бас өөр хүн явсан юм байна гэж бодсон. Тэгээд би “чи тэгвэл хамаагүй гэдгээ юугаар нотлох юм шинжилгээ өг” гэсэн чинь тэр хүүхэн “тэгье” гэсэн. Машинаа асаасаны дараа би машиныг бариад тэр хүүхэнтэй хамт Эрүүл мэндийн газарт очиж шинжилгээ өгүүлсэн. Б машин дотор байхад би сэрээсэн чинь босож ирээд зугатаасан. Тэр хүүхнийг би үсдэхээс өмнө Б зугатаасан байсан. Би тэгж зодоогүй харин үсдэж байгаад нүүр хэсэгт нь өшиглөсөн тэгэхэд хамрын хажуугийн шарх үүссэн байх бусад газарт нь би хүрээгүй. Үгүй би ганцаараа Эг аваад эмнэлэг явсан. Би хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна.гэх мэдүүлэг /хх-ийн 64-66/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Г.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би найз Бтай хамт явж байгаад цагдаагийн газарт 2018 оны 12 дугаар сарын 21-ний шөнө цагдаа дээр 04 цаг өнгөртөл Н бид 2 суугаад Б эрүүлжүүлэгдсэн. Тэгээд цагдаа нар Н бид 2-ыг эрүүлжүүлэх гэснээ болиод гэр гэрт нь хүргүүлэх болоод эргүүлийн цагдаа Б М Ш нараар хүргүүлэх болсон. Н бид 2 Бийн машинд суугаад бүгдээрээ Мгийнд очоод Н тэндээ үлдээд би гэртээ хүргүүлэх гээд цагдаа нартай хамт явсан. Тэгээд би цагдаа нартай явж байгаад 2 шил архи уусан. Гэхдээ эхний шил архийг уухад би уугаагүй. Тэгээд Ш цагдаа нь явсан. Дараагийн шил архинаас би уугаад нэг сэрэхэд өглөө Б бид 2 байрнуудын дунд байсан. Яг хаана байсаныг мэдэхгүй. Нэг мэдэхэд миний толгой руу хүн өшиглөхөөр нь харахад эмэгтэй хүн байсан ба Бийн эхнэр гэж байсан. Тэр эгч “та 2 ингэж явдаг юм уу” гээд намайг машинаасаа үсдэж буулгаад газар унагааж толгой руу олон удаа өшиглөсөн. Мөн машинд буцаж суухад цээж болон нүүр рүү бас өшиглөсөн. Тухайн үед Б машин дотор сууж байсан ба яваад өгсөн. Тэгтэл эхнэр нь хүн рүү залгаад дүүгээ дуудаад байсан. Тэгтэл дүү нь гээд нэг эмэгтэй ирээд тэр эмэгтэйн машинд намайг чирж оруулаад эмнэлэг рүү хамт явсан. Тэгээд Соогоо сейко сургуулын урдах эмнэлэг рүү очоод Бийн эхнэр нь намайг чирж оруулсан. Эмнэлэг рүү оруулахдаа Бийн эхнэр нь намайг баахан алгадсан. Нөгөө дүү нь зүгээр хэл амаар намайг доромжилж байсан. Тэгээд эмнэлэгт оруулаад О эмч дээр шууд мазокын шинжилгээ өгсөн. Мөн хажуугийнх нь өрөө рүү оруулж цусны шинжилгээ өгүүлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 11-13/,

...Тэгээд цагдаа дээр намайг дүүгийнхээ хамт хүргэж ирээд явцгаасан. Би цагдаа нартай архи уугаад нэлээн согтсон. Тэгээд унтсан юм шиг байна лээ. Би шөнө өөр хүнд зодуулаагүй зүгээр байсан. Намайг Бийн эхнэр л зодсон. Өөр хүнд би зодуулаагүй. Эмч нь намайг “Чааваас даа дотуур хувцас нь урагдсан” гээд доромжилоод байсан.Бийн эхнэрийн дүү нь намайг зодоогүй завхан эхнэр нь зодсон. гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/

4. Гэрч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                                 

 …Би Богд суманд гэртээ байхад 2018 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө манай хүргэн Ш над руу залгаад “ээжээ цаг хэд болж байна” гэхээр нь би “02:55 болж байна” гэсэн. Тэгтэл Ш “ээжээ Э орой гарчихаад ирье гэхээр нь 1 цаг явуулчихсан чинь ирдэггүй цагдаа дээр байгаа бололтой цагдаагаас над руу залгалаа” гэсэн. Тэгээд “юу болсон юм” гэхэд “найз залуутайгаа байгаа юм шиг байна” гэсэн. Тэгэхээр нь “тэгээд одоо яах вэ” гэж асуухад Ш “би цагдаа нарыг хүргээд өг гээд хэлчихсэн хүргээд ирэх байх” гэсэн. Тэгээд би Ш руу залгаагүй. Маргааш нь өглөө би аймагт 11 цаг өнгөрөөгөөд ирэхэд Шынд охин байхгүй байсан. Ш цагдаа руу манай нөхөртэй хамт яваад өгсөн. Тэгээд 12 цагийн үед манай нөхөр надад “Э хүнд зодуулчихсан юм шиг байх юм нүүр нь хавдартай байна гэхдээ би уулзаагүй байна” гэж утсаар ярьсан. Би тэгээд итгээгүй бөгөөд Шын 3 настай хүүхдийг хувцаслаад эмнэлэг рүү хүүхдийг нь аваад ирсэн. Тэгэхэд Э, Ш, манай нөхөр 3 эмнэлэг дээр орж ирсэн. Тэгээд харахад нүүр нь хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд би маск авч өгсөн. Би охиноосоо “яасан” гэж асуухад Э уйлаад юм ярихгүй байсан. Тэгээд би эмнэлэг дээр үлдээд Э, Ш манай нөхөр 3 эмнэлэг, цагдаагаар явж байгаад орой 17 цаг өнгөрөөд Э, Ш манай нөхөр 3 гэртээ ирэхээр нь яг юу болсоныг асуусан. Тэгэхэд Э 12 сарын 20-ны орой цагдаа дээр. дуудлагаар ирээд шөнө нь цагдаа нараар хүргүүлэх гэж яваад 3 цагдаатай машинаар нь яваад өглөө нь нэг цагдаагийнх нь эхнэр нь машинд унтаж байхад нь ирээд зодсон” гэсэн. Гэхдээ нөгөө 2 цагдаа нь өглөө нь зодуулахад байхгүй байсан гэсэн. Эг зодуулахад Б гэдэг цагдаа болон түүний эхнэр 2 байсан ба эхнэр нь манай охиныг зодсон гэсэн. Тэгээд эхнэр нь манай охиныг зодчихоод дүүгээ дуудсан чинь дүү нь гээд эмэгтэй ирээд манай охиныг аваад эмнэлэг рүү очиж машинаас нь 2-уулаа чирж буулгаад эмнэлэг рүү чирж оруулаад бэлгийн замын шинжилгээ авдаг О гэдэг эмчид хүчээр үзүүлж биенээс нь цус авч мазокын шинжилгээ хийлгэсэн гэсэн. Тэгээд цагдаа дээр авч ирсэн гэсэн. Манай охиныг тэр цагдаа нь хүчиндсэн гэсэн тэр хэрэг нь цагдаад шалгуулж байгаа. Охин маань цагдаагийн эхнэрт зодуулаад хамаг бие нь өвчтэй байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/

 5. Гэрч М.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би эргүүлд Бийн хамт гарсан. Тэгээд 21-ны 04 цагт эргүүлээс буугаад Ш, Б бид 3 цагдаагаас явахдаа жижүүрээс 2 эмэгтэйг хүргээд өгөөч гэхээр нь хамт Бийн машинаар явсан. Тэгээд нэг эмэгтэй нь 10 мянгатад айлаас утас авах гээд буухад нөгөөдөх нь хамт буусан Тэгээд нэг нь үлдээд нөгөө эмэгтэй нь бидэнтэй хамт явсан. Тэгээд Ш цагдааг гэрт нь буулгаад би Б болон нөгөө эмэгтэй бид 3 үлдээд би буугаад Б нөгөө эмэгтэйтэй явсан. Түүнээс уг эмэгтэйг зодож цохисон асуудлыг би мэдэхгүй. Маргааш өглөө нь ажил дээр ирээд уг эмэгтэйг Бийн эхнэрт зодуулсан гэж мэдсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 20-21/

 6. Гэрч Г.Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр оройн эргүүлд цагдаагийн дэслэгч М.М, дэд ахлагч Б нарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд шөнө 04 цагийн үед буухдаа цагдаа дээрээс Бийн машинд дайгдаж гэртээ хүргүүлсэн. Ингэхдээ цагдаа дээр дуудлагаар ирсэн гэх 2 эмэгтэй байсан. О ахмад Б М нарт уг 2 эмэгтэйг гэрт нь хүргээд өг гэсэн. Бид нар бүгдээрээ Бийн машинд суугаад хөдөлсөн. Тэгээд 10 мянгатад 2 эмэгтэйн найзынх нь гэрт очсон. Тэндээ 2 эмэгтэй нь бууснаа буцаад 1 эмэгтэй нь машинд суусан. Тэгээд би гэртээ буусан. М, Б нөгөө буцаж суусан эмэгтэй нар машинтайгаа явсан.гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

 7. Гэрч Ж.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2018 оны 12 дугаар сарын 21-ны өглөө хүүхдээ хүргэж өгөх гээд явж байхад манай эгч Д над руу залгаад “машин асахгүй байна хүрээд ир” гэж Амар худалдааны төвийн хажуугийн байшингуудын дунд дуудсан. Тэгээд тэнд нь яваад очиход Д эгчийн цагаан өнгийн машин дотор нь нэг согтуу охин арынх нь суудал дээр сууж байсан. Тэгээд Д эгчийн машин нь асахгүй болохоор нь би холбож асааж өгчихөөд явсан. Д эгч надад ямар нэг зүйл хэлээгүй. Би машиныг нь асааж өгчихөөд хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ажил дээрээ очсон. Тэгэхэд манай эгч ажил дээс ирчихээд согтуу охин дагуулж ирж шинжилгээ өгүүлчихээд явсан гэж байсан. Би бол эгчтэйгээ уулзаагүй. Намайг очиход машины арынх нь суудал дээр үс нь сэгсийсэн байдалтай сууж байсан. миний нүдэн дээр зодож харагдаагүй. Би хамт яваагүй. Намайг очиход Д эгч охины шинжилгээг өгүүлээд явсан байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

 8. Гэрч Ж.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны орой Э гэртээ байж байхдаа хүнтэй уулзаад ирье гээд надаас гуйгаад гараад явсан. тэгэхдээ зүв зүгээр гарч явсан. Тэгээд шөнө 03 цагийн орчимд цагдаагийн жижүүрээс над руу» О яриад “танай дүү гээд эмэгтэй ирсэн байна” гэхээр нь би санаа зовоод юу болсон талаар нь асуухад О надад “бага зэргийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна хэдэн хачин хүмүүстэй цуг явж байна дүүг чинь хүргээд өгье” гэхээр нь би “тэг тэг” хэлээд Г.Э рүү залгаад юу хийгээд яваад байгааг нь асуухад “найз залуутайгаа уулзсан тэгээд найз залуугийнх нь хамаатны хүмүүс асуудал үүсгээд цагдаад баригдаад ирсэн. Тэгэхэд нь би хамт машинд нь суугаад цагдаа нар цуг аваад ирлээ” гэж байсан. Би Г.Эг бага зэргийн загнаад “цагдаа нар хүргэж өгнө гэж байна хүргүүлээд ир” гэсэн. Тэгээд би унтаад өглеө 06 цаг өнгөрөөгөөд сэрэхэд байхгүй утас руу нь нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд цагдаа руу залгаад асуухад “М, Ш Б нар аваад явсан” гэхээр нь би Мын утас руу залгахад М “04-05 цагийн орчимд хүргэж өгсөн ш дээ” гэж хэлэхээр нь би хаачсан юм бол гэж бодоод ээжтэй ярисан. Тэгж байтал цагдаагаас залгаад хүрээд ир гэхээр нь цагдаа дээр ирэхэд Г.Э зодуулсан байдалтай нүд нь хөхөрсөн, үс нь сэгсийсэн уйлж нүд нь хавдсан өрөөсөн гуталгүй байсан. Тэгээд юу болсон гэж асуухад “Б гэдэг цагдаагийн эхнэр намайг зодсон намайг үсдээд эмнэлэг рүү аваачиж хүчээр цус болон мазокын шинжилгээ авсан” гэж хэлсэн Манай дүү надад хэлэхдээ “байшингийн гадаа машин дотор байхад нэг эмэгтэй ирээд үсдээд зодсон” гэсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/

8. Гэрч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө эгчийндээ очоод хүргэнтэй муудалцаад цагдаа дээр ирсэн. Тэгэхэд надтай хамт М, Э, Н нар хамт явж байгаад цагдаа ирсэн. Тэгээд М бид 2 эрүүлжүүлэгдээд Н Э 2 цагдаа дээр үлдсэн. Би маргааш нь Эг зодуулсан гэж мэдсэн. Ээж надад хэлэхдээ Шүүхийн шинжилгээний албаны үүдэнд Эгийн нүүр ам нь шалбарсан үзүүлэх гээд зогсож байна лээ гэж хэлсэн. Тэгэхдээ Этэй ээж уулзаагүй юм шиг байна лээ Түүнээс хэнд яагаад зодуулсаныг би мэдэхгүй. 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө цагдаа дээр бид нар ирэхэд Э зүгээр байсан юм. Би тэгээд эрүүлжүүлэгдсэн. /хх-ийн 33-34/

9. Гэрч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2018 оны 12 дугаар сарын 21-нд өглөө би эхнэрийн хамт аймагт ирсэн. Тэгээд хүргэн Шын байхад Ш намайг цагдаа дээр очьё гээд дагуулж ирсэн. Тэгсэн чинь Э цагдаа дээр хүнд зодуулсан байдалтай байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлж шинжээчид бас үзүүлсэн. Эд надад хэлэхдээ өглөө нь цагдаагийн эхнэрт зодуулсан гэж хэлсэн. Надад Э зодуулсан гэж хэлсэн. Эг Бийн машинд байхад нь эхнэр нь ирээд үснээс нь чирж гаргаж ирээд гадаа өшиглөж зодоод дүүгээ дуудаад эмнэлэгрүү авч яваад ахиж эмнэлэгийн үүдэнд чирж зодоод эмнэлэгт оруулан шинжилгээ өгүүлсэн гэсэн. Тэгээд шинжилгээ өгүүлчихээд эмнэлэгт авч ирсэн гэсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

10. Гэрч С.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2018 оны 12 дугаар сарын 20-д гарсан байсан он сарыг нь яг одоо санахгүй байна. Тухайн өдөр би ажилдаа ирсэн байсан чинь 9 дүгээр багийн дарга ирээд энэ хүүхдийн шинжилгээг өгүүлэх гэсэн юм гэсэн. Тэгээд би “хувцсыг нь тайлуулаад оруулчих” гэсэн. Тэгээд тухайн охин шинжилгээний өрөөнд орж ирсэн. Багийн дарга өрөөний гадаа байсан байх тэр охин ганцаараа орж ирсэн. Тэгэхэд тэр охины үс нь урд руугаа унжсан их архи үнэртсэн байдалтай байсан эхлээд жаахан хүүхэд байх шиг байсан чинь асуухад оюутан гэж байсан. тэгээд би мазокын шинжилгээ аваад цусны шинжилгээний бичиг хийж өгөөд хажуугийн өрөе рүү оруулсан. Тэгээд Б гэдэг сувилагчид цусны шинжилгээ өгүүлсэн. Тэр охин тэгээд явсан байх эргэж орж ирээгүй. Би тэр охинд өдөр 15 цагаас шинжилгээний хариуг аваарай гэсэн чинь ирж хариугаа аваагүй Сүүлд нь цагдаагаас авсан. Над дээр орж ирэхдээ багийн дарга Д дагуулж орж ирсэн Тэр охин шинжилгээ өгөхөөс татгалзаагүй. Тэр охин өөрөө бол их согтуу байсан би нэг их юм дуугараагүй. Би “одоо чамаас 2 төрлийн шинжилгээ авах гэж байна гэж хэлээд шинжилгээ авсан. Би гэхдээ үйлчлүүлэгчийн санаачлагаар ирсэн учраа шинжилгээ авсан. Би үйлчлүүлэгч гэж Дг хэлж байгаа юм. Би тэгж авч ирсэн хүн болгоноос энэ хүнийг яагаад авч ирсэн юм гэж асуудаггүй. Над дээр зөндөөн хүн ар гэрээс нь юм уу цагдаагаас, багийн дарга, нийгмийн ажилтан хүн авч гэж шинжилгээ өгүүлдэг. Тухайн хүүхдийг би гадуур дотуур яваад ирсэн хүүхэд гэж байх дээ гэж бодсон юм. Ганц энэ хүүхдийг ч тэгээгүй олон хүн ирдэг учраас тийм л хүн ирсэн юм байх гэж бодож шинжилгээ авсан. Надад ямар учиртай хүн авч ирсэнийг ч хэлээгүй би ч асуугаагүй. Д энэ хүүхдийн шинжилгээг өгүүлэх гэсэн юм гэхээр нь л би шинжилгээ авсан юм. гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/

11. Гэрч Э.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Тухайн шөнө буюу 2018 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 02 цагийн орчим 5 дугаар багт хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага ирээд тэгээд дуудлага өгсөн хаягнаас Мөнх-эрдэнэ жолооч 6 хүн авч ирсэн. Тэдний дунд Г.Э гэх охин байсан. Тэгээд гомдол гаргагчаас хэсгийн байцаагч М шалгаж мэдүүлэг авч байсан. Г.Э согтуу байсан бөгөөд уг дуудлагатай хамаагүй дуудлагаар ирсэн холбогдогчтой найз гэж байсан тул эрүүлжүүлээгүй ар гэр хүлээлгэж өгөх гэхэд тэр охин Шын эхнэрийн дүү гэхээр нь Штай утсаар холбогдоход “би очих боломжгүй байна хүүхэдтэйгээ хоёулханаа байна машинаараа хүргүүлчих” гэхээр нь эргүүл буусны дараа 04 цаг өнгөрч байхад эргүүлийн офицер М дуудлагын машинаар уг охиныг хүргээд өгчих гэхэд М “бид нар бууж байгаа юм чинь хувийн машинаар хүргээд өгчихье” гэсэн. Тэгээд уг охиныг хамт байсан охинтой цуг аваад явсан. Гэтэл өглөө нь эрт Ш дүүгээ асууж утасдсан. Тэгэхээр нь Маар хүргүүлсэн очоогүй юм уу гэсэн. Тэгээд яриа тарсаны дараа жижүүрээс буух гэж байхад Бийн эхнэр нь нөгөө Э гэдэг охиныг аваад орж ирсэн. Г.Эгийн үс арзайсан хамар нь шалбарсан өрөөсөн гуталгүй хөл нүцгэн зодуулсан шинжтэй уйлсан байдалтай байсан. Бийн эхнэр нь “миний машинд малгай байна энэ охинтой архи хувааж уусан байна. Б урд суудалд энэ охин хойно суудалд тасарсан байдалтай байхаар аваад ирлээ би энэ охины хамар руу нь уурнаасаа болоод цохисон юм“ гэсэн утгатай зүйл ярьж байсан. Тэгээд Бийн эхнэр нь яваад өгсөн юм... Тэр охин зүгээр ирсэн ба Мад хүлээлгэж өгч явуулахад зүгээр явсан. Харин бага зэргийн согтолттой байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/

12. Гэрч Н.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тухайн өдрийн өглөө 09 болох гэж байхэд байх Ж.Д над руу утсаар яриад “ээжээ Б энд машин дотроо хүүхэнтэй унтаж бай хүрээд ирээч та” гэсэн. Тухайн үед манайд хүн байсан учир би очиж амжаагүй юм Тухайн үед би санаа зовоод “хаана” гэхэд Б машин дотроо жолоонэ ард унтаж байна, арынх нь суудал дээр бас нэг хүүхэн унтаж байна гэсэн. Ж.Д наад хэлэхээр нь би тайвширсан. Өөр зүйл яриагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

13.Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 53 дугаартай дүгнэлт:

1.Г.Эгийн биед тархи доргилт, дух, хөмсөг, хэвлий, нуруунд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, хамар, зүүн шуу, сарвуунд цус хуралт , зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тархи доргилт болон гадна биеийн хэсгийн зулгаралт, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

3. Дээрх гэмтлүүд нь тухайн үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй

5.Дээрх гэмтэлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.”гэх дүгнэлт /хх-н 48-49 / болон, хавтаст хэргийн 103 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ж.Дгийн урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, автаст хэргийн 103 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ж.Дгийн багийн Засаг даргын тодорхойлолт, автаст хэргийн 103 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ж.Дгийн орлого төлсөн баримтын хуулбар, хавтаст хэргийн 67-71 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 124 дүгээр хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө ялсын яллагчийн зүгээс шүүх хуралд хохирогч Г.Э, шинжээч эмч Б.Баяртогтох нарыг оролцуулах талаар хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байгаа талаар илэрхийлсэн тул шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой, мөн хохирогч нь шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй зэргийг үндэслэж хохирогчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах боломжтой гэж үзэж хохирогч шинжээч нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг мянган нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруу болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүний цалин орлогыг харгалзан дөрвөн зуун тавин нэгжээр торгох дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч Ж.Д нь 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Эг нөхөртэйгөө хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Г.Эгийн мэдүүлэг, гэрч Б.Оюунэрдэнэ, М.М, Г.Ш, Ж.Бь, Э.Ш, Д.Б, Б.Г, С.О, Э.О, нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 53 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Дг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Ж.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ж.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “...хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Харин шүүгдэгч Ж.Дгийн эзэмшлийн Samsung-7 маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ж.Дд буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Харин шүүгдэгч Ж.Дгийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Д нь урьд ял шийтгэгдэж байгаа талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Ж.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Ж.Дг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг ялтан Ж.Дг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ж.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Ж.Д нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ж.Дгийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ж.Дд хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ