| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00627/И |
| Дугаар | 607 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 607
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 5 дугаар хороо, 10-5 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОР61020502, Тайж овогт Цагааны Ундралын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 51 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОС72121411, Хасгууд овогт Ванжилын Нямсамбууд холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.000.000 төгрөг, замын зардал 127.000 төгрөг, нийт 4.127.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн Ц.Ундрал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би В.Нямсамбууг эртнээс таних бөгөөд машинаа зараач гэж гуйсан учир машинаа 4.000.000 төгрөгөөр тохиролцож зарсан. Уг машиныг 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр надаас авч 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр мөнгөө өгнө гэж тохиролцон гэрээ хийсэн бөгөөд бид хоёр гарын үсгээ зурсан баримт байгаа болно. Гэтэл өнөөдрийг хүртэл мөнгөө өгөхгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Би хотоос хоёр удаа ирж уулзсан боловч янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд мөнгөө өгөхгүй байна. Иймд миний хотоос ирж, очсон зардал болон машины үнэд нийт 4.127.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч В.Нямсамбуу шүүхэд гаргасан тайлбартаа: “Би 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Ундрал эгчээс УБД 68-00 дугаарын пургон машин 4.000.000 төгрөгөөр тохиролцож авсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлага 4.127.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ундрал нь хариуцагч В.Нямсамбуугаас худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.000.000 төгрөг, замын зардал 127.000 төгрөг, нийт 4.127.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад В.Нямсамбуу нь нэхэмжлэгч Ц.Ундралын нэхэмжлэлийн шаардлага болох худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.000.000 төгрөг, замын зардал 127.000 төгрөг, нийт 4.127.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч В.Нямсамбуу нэхэмжлэгч Ц.Ундралын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч В.Нямсамбуу нь нэхэмжлэгч Ц.Ундралын нэхэмжлэлийн шаардлага болох 4.127.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн 4.127.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 80.982 төгрөгийн тал хувь болох 40.491 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 40.491 төгрөг, хариуцагч В.Нямсамбуугаас 40.491 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Ундралд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Ундралын нэхэмжлэлийн шаардлага болох худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, замын зардал 127.000 /нэг зуун хорин долоон мянга/ төгрөг, нийт 4.127.000 /дөрвөн сая нэг зуун хорин долоон мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч В.Нямсамбуу хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 40.941 /дөчин мянга есөн зуун дөчин нэг/ төгрөг, хариуцагч В.Нямсамбуугаас 40.941 /дөчин мянга есөн зуун дөчин нэг/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Ундралд олгож, 40.941 /дөчин мянга есөн зуун дөчин нэг/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч В.Нямсамбуу сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ