| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/01118/И |
| Дугаар | 207/ма2025/00104 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 207/ма2025/00104
| 2025 оны 09 сарын 25 өдөр | Дугаар 207/МА2025/00104 |
****** ХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Г.******т холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 312/ШШ2025/01205 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : ****** ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.******т холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 30,306,363.34 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч Г.******ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Булгантамир /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одгэрэл, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****** ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга:
“Зээлдэгч ******ын ****** нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-07-03-нд ****** тоот Цахим зээлийн гэрээг байгуулж төгрөгийн зээлийг сарын 1,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан ****** тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 198 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан ****** тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2026-12-05- нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд, дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ****** тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 27,149,662.5 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 3,061,596.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 72,104.30 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 30,306,363.34 төгрөгийг зээлдэгч ******ын ******аас гаргуулна” гэжээ.
Хариуцагч Г.******ын татгалзал, хариу тайлбарын агуулга:
“****** ХК-ийн нэхэмжлэлтэй Г.******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 30,306,363.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт тайлбар гаргаж байна. ******наас 2024.07.03-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулан 30 сарын хугацаатай зээл авсан. Уг мөнгөөр өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлэх гэсэн боловч болсонгүй. Би үндсэн зээл болох 27,149,662.5 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үндсэн хүү 3,061,596.59 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү болон 72,104.30 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний эхнэр одоо 7 сартай жирэмсэн өндөр өртөгтэй эм тариа хэрэглэдэг. Оюутан болон дунд ангийн гурван хүүхэд өсгөдөг, ганц ажил хийдэг хүн нь” гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 227 дугаар зүйлийн 227.1., 451 дүгээр зүйлийн 451.1.1., 453 дугаар зүйлийн 453.1.1. дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Г.******аас зээлийн гэрээний үүрэгт 30,306,363.34 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****** ХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,481.82 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Г.******аас улсын тэмдэгтийн хураамжид 309,482 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****** ХК-нд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Г.******ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
“Миний бие Г.****** нь ******наас зээл авч, хийх гэж байсан ажил маань бүтээгүйн улмаас зээлээ төлж чадаагүй. Би гэртээ ганцаараа ажил хийж, зөвхөн миний орлогоор амьдардаг, эхнэр маань сая амаржаад 10 гаран хонож байна. Мөн оюутан, дунд сургуулийн 2 хүүхэд, 6 ам бүлээ тэжээдэг. Миний одоогийн байгаа нөхцөл байдлаар банкны шаардсан үндсэн хүү 3,061,596.59 төгрөгийг төлөх боломжгүй, тус банкны шаардсан хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул харгалзан үзнэ үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ****** ХК хариуцагч Г.******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,306,363.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан./хх1х/
Хариуцагч “...үндсэн зээл 27,149,662.5 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үндсэн хүү 3,061,596.59 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 72,104.30 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гаргасан./хх28х/
3. Зээлдэгч Г.****** нь ****** ХК-тай 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хувь хүнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ, Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ****** тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлж авсан, тэрээр дээрх зээлийг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргийн зөрчил гаргасан болох нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэл, зохигчийн тайлбараар тогтоогджээ./хх15-18х/
4. Зохигчийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452.-т нийцсэн байна.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгч гэрээний үүргийг биелүүлж, хариуцагчид зээл олгосон тул тэрээр үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв.
5.Талуудын хооронд байгуулсан “Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ”-ний 4.2.2-т зааснаар хариуцагч Г.****** нь зээлийн төлбөрийг тус гэрээ болон Цахим зээлийн гэрээнд заасны дагуу зээл, түүний хүүг тогтоосон хугацаа, хуваарийн дагуу эргэн төлөх, 6.1-д “Зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй бол банк нь зээлдэгчид дарах арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэнэ” гэж, 6.1.1-д “Нэмэгдүүлсэн хүү тооцох” гэж, Цахим зээлийн гэрээний 2-д зээлдэгчийн гаргасан зээлийн хүсэлтийн дагуу банкнаас санал болгосон дор дурдсан нөхцлийг зээлдэгч хүлээн зөвшөөрч, зээлийг хүлээн авах, зээлийн төлбөр, хүү, шимтгэлийн хамт тогтоосон хугацаанд төлж барагдуулахаа үүгээр баталгаажуулж байна” гэж тус тус тохиролцсон байх тул хариуцагч Г.******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 27,149,662.5 төгрөг, хүү 3,061,596.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 72,104.30 төгрөг, нийт 30,283,363.34 төгрөг, үүнээс гадна шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан зардал буюу нотариатын үйлчилгээний зардалд 23,000 төгрөг, бүгд 30,306,363.34 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ****** ХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
6. Иймд “…хүү, нэхэмдүүлсэн хүү хасч өгнө үү” гэсэн хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 312/ШШ2025/01205 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.******ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Г.******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 63,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ
Р.ҮҮРИЙНТУЯА