Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/251

 

                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн,

Иргэдийн төлөөлөгч Ж.Наранбаатар,

Улсын яллагч С.Алтай,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхчимэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа,

Шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч Ө.Батболд, Э.Ганбат,

Шүүгдэгч Х.Бын өмгөөлөгч Б.Мянган,

Гэрч Э.Хартогоо, М.Болормаа, Г.Амгаланбаяр,

Шинжээч эмч Н.Уянга, Э.Энхтүвшин /онлайнаар/,

Шүүгдэгч Д.М, Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

            Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Д.М, мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт Х.Б нарт холбогдох 201611000324 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, ...... оны ...... дугаар сарын .....-ний өдөр Дорнод аймгийн ....... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ........................... оршин суух, гавьяа шагналгүй, урьд нь Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Д.М. /РД: ................/

2. Монгол Улсын иргэн, ...... оны ...... дүгээр сарын .....-ны өдөр Төв аймгийн ........ суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ээж, охины хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг ...................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ....... овогт Х.Б. /РД: ....................../

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.М нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Дашзэвэг гэх айлын хашааны хойд талд согтуугаар мал хулгайлсан гэх шалтгаанаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Эрдэнэбаатарыг зодож алсан,

Шүүгдэгч Х.Б нь Дорнод аймгийн Цагдаагийн газарт Сэргэлэн сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өглөөний 06-07 цагийн орчимд Б.Эрдэнэбаатарын нүүр болон хэвлий орчимд цохиж бие махбодыг шаналган зовоож эрүү, шүүлт тулгасан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.М нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Дашзэвэг гэх айлын хашааны хойд талд согтуугаар мал хулгайлсан гэх шалтгаанаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Эрдэнэбаатарыг зодож алах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Х.Б нь Дорнод аймгийн Цагдаагийн газарт Сэргэлэн сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өглөөний 06-07 цагийн орчимд Б.Эрдэнэбаатарын нүүр болон хэвлий орчимд цохиж бие махбодыг шаналган зовоож эрүү, шүүлт тулгасан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 201611000324 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүгдэгч Д.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би өмнө нь болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн. Энэ удаа товчхон ярьна. 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр найз “Бааяа”-гаар мотоциклоо засуулчихаад, 1 шил архи авч өгөөд, гэртээ харихаар явж байтал Ганболд ахын баруун талд 3-4 хүн сууж байсан. Тэнд сууж байсан хүмүүсийн нэг нь намайг дуудахаар нь зогсоод уулзсан. Зүүн талаас Баярцогт, Эрдэнэбаатар ах хоёр ирсэн. Бид нарын ууж байсан пиво дуусаад Амарсайхан гэх залууг пивонд явуулсан. Намайг явах гэтэл “талийгаач би зүүн тийш буумаар байна, намайг хүргээд өгчих” гээд миний ард суугаад явсан. Бид хоёр хамт яваад гэрээрээ ороход эхнэр араас орж ирсэн. Би эхнэртээ “Эрдэнэбаатар ахыг гэрт нь буулгаад ирье” гэж хэлсэн. Тухайн үед талаагаачийн нэг нүд хөхөрснийг хараад эхнэр нүд нь яагаад хөхөрснийг надаас асууж байсан. Бид хоёр маргалдаагүй, нүд нь хөхөрсөн байсан талаар хэлсэн. Талийгаач “бие нь өвдөөд байна, ганц шил юм аваад өгчих” гэхээр нь дэлгүүр ороод 0.5 гр шилтэй архи 1, том савалгаатай пиво 1-ийг авсан. Тэгээд бид хоёр авсан юм аа Ганчулуун гэх айлын ойролцоо уусан. Намайг утсаар ярих хооронд талийгаач хэсэг унтсан байсан. Талийгаачийг сэрээгээд малаа алдсан талаар ярилцсан. Талийгаач би “танай малыг авчихсан, ахыгаа уучлаарай, цагдаад битгий хэлээрэй” гэсэн. “Та манай мал гэдгийг мэдсээр байж яагаад авсан юм бэ” гэхэд “ах нь банкны зээл төлөх гээд авчихсан, ахыгаа уучлаарай” гэсэн. Тугалтай үнээ байсныг яасан талаар асуухад “аймгаас машин дуудаж ачаад, тугалыг нь алаад сэвсэн доор нь булсан” гэсэн. Би цагдаа дуудах гэсэн боловч дугаарыг нь мэдэхгүй байсан болохоор дүү рүүгээ залгахад “би мэдэхгүй Болормаа эмчээс асуу” гэсэн. Тэгээд би Болормаа эмч рүү залгаж Х.Бын дугаарыг асуусан. Болормаа эмч Х.Б руу залгаад эргээд ярьна гээд утсаа тасалсан. Болормаа эмч над руу залгаж “Х.Б аймагт байна, Батжаргал цагдаа руу ярь” гэсэн. Тэр үед талийгаач бие нь өвдөөд байна гэсэн болохоор цагдаа дуудсан юм чинь, эмчийг нь дуудчихъя гэж бодоод хоёуланг нь дуудсан. Батжаргал цагдаа, Болормаа эмч хоёр ирээд талийгаачийн нүүр, ам нь яасан талаар асуухаар нь би “бид хоёр хальт маргалдаад 2-3 удаа цохиж, өшиглөсөн” гэдгээ хэлсэн. Батжаргал цагдаагийн хэлтэс дээр очиж шалгана гэсэн. Тэгээд Болормаа эмч, Батжаргал цагдаа хоёр сундлаад, би талийгаачтай сундлаад цагдаагийн хэлтэс орсон. Тэнд очоод Болормаа эмч талийгаачийн хувцсыг тайлаад үзлэг хийсэн. Нүд нь яагаад хөхөрсөн талаар надаас асуухаар нь “Баярцогт гэх хүнээс өр, авлагатай байж байгаад хоорондоо муудсан байсан” гэдгийг хэлсэн. Уруулнаас нь яагаад цус гарсан талаар асуухаар нь “бид хоёр хальт маргалдаад, үхэр, мал авлаа гэж уурлаад уруул руу нь цохиж хөл рүү нь өшиглөсөн” гэдгээ хэлсэн. Болороо эмч үзлэг хийчихээд бага эмч Амгаланбаярыг цэвэрлэгээ хийх хэрэгтээ байна, багажаа аваад хүрээд ир гэсэн. Амгаланбаяр эмч ирээд цэвэрлэгээ хийгээд, гар утсан дээрээ уруул, нүд, булчин, нурууны 5 зураг дараад хөлний зураг дарж байхад утас нь цэнэггүй болсон. Үзлэгийн явцад “даралт хэвийн бага зэргийн согтолттой байна, биеийн байдал муудвал яриараа” гээд явсан. 01 цаг өнгөрөөд Х.Б, Ганзориг нар аймгийн төвөөс ирсэн. Х.Б “энэ хүн яасан хүн юм бэ” гэж надаас асуухаар нь “манай малыг хулгайлсан тэрнээс болоод жаахан муудсан асуудал байгаа, эмч үзлэг хийгээд биеийн байдал хэвийн гээд явсан” талаар хэлсэн. Тухайн үед Батжаргал цагдаа цахилгаан бороохойгоор талийгаачийг цохиж байсан. Х.Б цагдаа бороохой хаана байгааг асуутал Батжаргал “резин бороохой цепьд байгаа, цахилгаан бороохойг би хэрэглэсэн” гэж хэлсэн. Х.Б цагдаа талийгаачийг паарны хажууд зогсож байхад нь “мал нь хаана байна” гээд гараараа цохиход ар дагзаараа цонхны булан мөргөж унасан. Х.Б цагдаа Батжаргалд хандан “чи наадахаа авч гараад толгой дээр нь ус хий” гэж хэлснээр авч гараад толгой дээр нь ус хийгээд орж ирсэн. Х.Б цагдаа “энэ хүүтэйгээ хамт хулгай хийсэн байна, явж хүүхдийг нь барьж ирье” гээд Ганзоригоор машинаа бариулаад, хажууд нь суугаад явсан. Тэгээд шөнийн 01 цаг өнгөрч байхад талийгаачийн гэрт очиж Хартогоог аваад, 2 өнгөрөөгөөд цагдаагийн байранд ирсэн. Ирээд хүүг нь байцааж “чи аавтайгаа хамт хулгай хийсэн байна” гэхэд Хартогоо “би хулгай хийгээгүй” гэсэн. Х.Б цагдаа “аав чинь чамтай хамт байсан гэсэн, чи аваа биз дээ” гээд цахилгаан бороохойг дуугаруулаад цохиж байсан. Өглөө 04-05 цагийн үед талийгаачийг сандалны хажууд зогсож байхад Х.Б “хулгайч минь чи яагаад үнэнээ хэлэхгүй байгаа юм бэ” гээд ханатай чихийг нь хавсарч цохисон. Тэр үед талийгаач чихээ бариад, доош суусан. Х.Б хэргийн газар очно гэсэн. Би “гэрээрээ ороод эхнэр, хүүхэддээ хэлмээр байна” гэсэн чинь “танайд хоол цай байвал очиж идье” гээд хамт явсан. Х.Б, Батжаргал, Ганзориг нар манайхаар ороод цай уугаад гарсан. Тэр үед талийгаач хүүтэйгээ юм яриад гадаа зогсож байсан. Талийгаач “кола уумаар байна гэхээр нь өглөө 06 цагийн үед дэлгүүр хаалттай байгаа” гэж хэлээд, би мотоциклоо асаагаад, Хартогоогоор бариулаад Ганзориг машин бариад, Х.Б хажууд нь суугаад, Батжаргал бид хоёрын дунд талийгаач суугаад явсан. Бид нарыг зүүн тийш явж байхад талийгаачийн архи нь гарчихсан байсан. Талийгаачийг унтаад байхаар нь Ганзориг цагдаа энэ муу худлаа баашлаад байна гээд сахлыг нь шатаасан. “Хүний сахал шатааж яаж байгаа юм бэ” гэтэл “сэрэхгүй байна ш дээ” гэсэн. Тэгээд 5-6 км яваад сэвс байгаа гэх газар руу очсон. Тухайн газар нь товгор, гүдгэр ихтэй газар байсан. Сэвс байгаа газрыг энд байгаа, тэнд байгаа гэж зааж, олохгүй 20 гаран минут болсон. Машин нэлээд яваад энгэр газар очоод зогссон байхаар бид хоёр очсон. Газраа олохгүй байна гээд очтол “чи муу яагаад олдоггүй юм бэ, хулгайч минь” гээд араас нь 2-3 удаа цохиод унагасан. Унасны дараа босож ирсэн. Намайг урд талын толгой гараад 300-400 метрийн зайтай яваад ирэхэд машины баруун хойд талд зогсож байгаад машины баруун урд талд гараад “чи хулгайлсан биз дээ, хурдан хэлээч” гээд нэлээд хэдэн удаа цохисон. Тэгээд талийгаач сонин болоод унахаар нь “чи хүн алчихлаа ш дээ” гэж хэлтэл “наадах чинь баашилж байгаа” гээд нуруун дээр нь гишгэсэн. Тэгээд Хартогоо аавыгаа өргөөд босгох гэтэл дийлэхгүй, талийгаачийн бүх бие сул тавьсан байсан. Талийгаачийг Батжаргал, Хартогоо хоёр өвдгөөр нь чирээд машинд оруулсан. Би очоод “наад хүн чинь сонин болчихлоо, чи хүн алчихлаа” гэсэн. Х.Б “наадах чинь баашилж байгаа, одоо энийг аймаг руу авч явна” гэсэн. Намайг Хартогоог хүргэж өг гэсэн болохоор би Хартогоог гэрт нь буулгаж өгсөн. Гэртээ хариад унтаж байтал Ганзориг намайг сэрээгээд “Эрдэнэбаатар аймаг явах замд нас барчихлаа” гэсэн. Би “та нар өөрсдөө авч явж, ухаан мэдрэлгүй болтол цохисон байтал яагаад би алсан болох юм бэ” гэтэл аймгаас бүрэлдэхүүн ирж байгаа, чамаас болж энэ хүн нас барсан гээд намайг гавлаад явсан. Х.Б төрсөн хүүхдийнх нь дэргэд эцгийг нь цохиж, өтгөн, шингэнийг нь гоожуулж алчихаад гэрт нь аваачсан. Гэрч Батжаргал, Ганзориг нар илт Х.Бын талд орж худал мэдүүлэг өгсөн. Би худал хэллээ гэж бодоход талийгаачийн хүү худал хэлэхгүй. Ийм зүйл болсонд үнэхээр их харамсаж байна...гэв.

 

     Шүүгдэгч Х.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Цагдаагийн баяр болоод бүх сумдын цагдааг аймгийн төв рүү дуудсан. 23 цагийн орчимд Болормаа эмч над руу залгаад “Д.М Эрдэнэбаатарыг зодсон байна, мал хулгайлсан гэж яриад байна, чи ир” гэсэн. Тэгээд би “та биеийн байдлыг нь үзчих, би эндээс цагдаагаа олоод яваад очъё” гэж хэлсэн. Аймгийн төвөөс гараад 01 цаг өнгөрөөгөөд өөрийн хэсгийн байранд ирэхэд талийгаач цонхны доор доош хараад хэвтсэн, Д.М, Батжаргал нар хамт байсан. Тэднээс юу болсон талаар асуухад Д.М “энэ миний малыг хулгайлсан, тэгээд би зодсон, малын сэвс байгаа газрыг зааж өгнө, бас хүүтэйгээ нийлж хулгай хийсэн” гэж хэлсэн. Батжаргалаас биеийн байдал нь ямар байгааг асуухад “Болормаа эмч, Амгаланбаяр сувилагч хоёр үзлэг хийгээд тариа хийгээд явсан” гэсэн. Би унтаж байгаа хүнийг сэрээгээд яахав гэж бодоод хүүг нь авчираад асууя гэж бодоод Ганзориг цагдаагийн хамт шөнийн 02 цагийн үед Хартогоог гэрээс нь авчирсан. Хартогоог авчираад “аавыг чинь Д.М мал хулгайлсан шалтгаанаар зодсон байна. Чи аавтайгаа нийлж мал хулгайлсан юм уу, ямар учиртай юм бэ” гэж асуусан. Хартогоо аваагүй гээд байхаар нь би “үнэн ярьж байна уу” гээд чанга дуугаар харьцсан гэдгээ үгүйсгэхгүй. Тэгээд ааваас нь асууна, дууд гээд Хартогоод хэлсэн. Талийгаачийн нүүр гарыг угаагаад сэргээ гэж хэлсэн. Талийгаач сэрээд “би хулгай хийсэн, гэхдээ Д.М намайг зодсон” гэж хэлсэн. “Хулгай хийсэн газар чинь хаана юм бэ” гэхэд “манай гэрээс зүүн зүгт Мардайн замын ойролцоо” гэсэн. Өглөө зааж чадах уу, худал яриад байна уу гэдгийг асуухад нөгөө “газраа зааж өгнө” гэсэн. Тэгээд үүр цайхад 5-6 цагийн үед гарцгаасан. Д.М “гэрт хоол хийсэн байгаа очиж идээд явъя” гэсэн. Д.Мынд очоод цай уугаад 06 цаг өнгөрөөгөөд гараад явсан. Тэгээд Мардайн зам ороод, замаас цааш 6-7 км орчим газарт уулын энгэр хавиар салж хайсан. Д.Мыг Эрдэнэбаатартай хамт явуулаад, би өөрөө 2 цагдаагийн хамт тэр хавиар хайсан. 20-30 минут салж хайсны дараа “энэ хулгайч чинь зааж өгөхгүй байна” гэж Д.М хэлсэн. Би “чи яагаад зааж өгөхгүй байгаа юм бэ, авсан чинь үнэн юм уу” гэж асуусан. Би “сэвс нь хаана байна” гээд түлхэж зандрангуй харьцсан нь үнэн. Талийгаач “энд байгаа, тэнд байгаа” гэж нэлээд будилсан. Би “яагаад худлаа заагаад байгаа юм бэ, би баяр ёслолтой явж байна” гэхэд “зааж өгнө” гээд байсан. Тэгээд би дээлнээс нь татаад машинд суу гэхэд үгүй гээд хойшоо гэдийгээд хажуу талруугаа унасан. Унахаар нь “бос үхсэндээ баашлаад байгаа юм бэ” гээд хөлөөрөө биенд нь хүрсэн. Би хоёр цагдаадаа “наад хоёроо суулгачих, аймаг руу аваад явъя” гэж хэлсэн. Сэвс байсан газар олдохгүй болохоор аймаг явах замдаа ахлах руу ярьсан. Ахлахдаа “баяртаа явах гээд байна, сэвс байгаа газраа зааж өгөхгүй байна” гэдгийг хэлсэн. Ахлах “зааж өгөхгүй байгаа юм бол гэрт нь хүргээд өгчих” гэсэн. Тэгээд гэрийнх нь гадаа очоод, буулгахад талийгаач нэг гүнзгий амьсгал аваад царай нь хөхрөөд ирсэн. Тэр даруй гэрт нь орж эмч дуудахад өтгөн, шингэн нь гарч эхэлсэн. Хувцсыг нь солиод машины ард суулгаад сумын зүг явсан. Эмч ирээд даралтыг нь үзээд зүрх нь зогссон байна гээд нас барсан цагийг 09 цаг 20 минут гэж тэмдэглэсэн. Ажил үүргээ гүйцэтгэж яваад энэ хэрэгт холбогдсон. Би хохирогчтой зандрангуй харьцаж байсан нь үнэн. Би одоо болтол хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид “уучлаарай” гэдэг үгийг хэлж чадаагүй байгаа. Надад тийм ч боломж олдоогүй. Намайг уучлаарай. Би өрх толгойлсон эцэг хүн, охиноо 1 настай байхад энэ хэрэгт холбогдож байсан одоо 4 настай болсон. Надад холбогдуулан зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Та бүхэн нөхцөл байдлыг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгнө үү...гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхчимэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: …Шүүгдэгч Д.М, Х.Б хоёулаа худал ярьж байна. Төрсөн хүүхдийнх нь нүдэн дээр аавыг нь зодож алсан. Би маш их гомдолтой байна. Энэ хэргээс болоод би 3 хүүхэдтэйгээ хамт хоцорсон. Би буруутай этгээдээс оршуулгын зардалд 5812000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Д.Мын ар гэрээс сэтгэл санааны хохирлын мөнгө гэж хэдэн төгрөг өгсөн. Шударгаар шийдвэрлэж өгнө үү. Сэтгэл санааны хохирлыг гаргуулж өгнө үү...гэв.

 

     Гэрч Э.Хартогоо шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Д.М, Х.Б нар 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шөнө 02 цагийн үед ирж намайг авсан. Цагдаагийн байранд сайн дурын цагдаа Батжаргал, Д.М, Х.Б бид 4 үлдсэн. Х.Б, Батжаргал хоёр намайг шөнөжин байцаасан. Надаас “та хоёрын авсан тугалтай үнээ хаана байна, аав чинь бид хоёр авсан гэж хэлсэн, сэвс нь хаана байна” гэж асуусан. Би “хулгай хийгээгүй мэдэхгүй гэдгээ хэлж, аав банкны зээлээ хаахаар үнээ аваад явсан” гэж хэлсэн. Тэр хоёр эмээгийн чинь хашаанд үхрийн сэвс байгаа гээд байсан. Би ойлгохгүй байсан болохоор аавыг босгоод ирье гэж хэлсэн. Аавыг босгоход нүүр, ам нь хавдчихсан, цээжин дээр нь 2 бакалны ором гарсан байсан. Би аавынхаа амыг норгож байгаад арчаад, сандал дээр суулгасан. Тэгсэн Х.Б цагдаа “аав чинь хэргээ хүлээсэн, чи одоо хэргээ хүлээ” гээд байцаасан. Би хулгай хийж, худал хэлээгүй. Аавыг сандал дээр сууж байхад үснээс нь зулгааж, босгоод хана руу харуулаад бороохойгоор цохиж, дараа нь аавыг гавласан. Өглөө 06 цагийн үед гараад Д.Мын гэрт очоод Х.Б, Ганзориг, Батжаргал нар хоол идсэн. Тэр үед би аавын нүүр, гарыг угаахаар орох гэтэл Д.М “хүүтэйгээ нийлж хулгай хийдэг хурган уулын нууц хулгайч нар нүүрээ угааж яадаг юм бэ” гэсэн. Тэр үед надад их муухай санагдсан. Бид хэд 07 цагийн үеэр Сэргэлэн сумаас гарсан. Надаас бусад нь машинд суугаад, би мотоцикл жолоодоод явсан. Намайг “урд гараад үхрийн сэвс байгаа газрыг заа” гэсэн. Би мэдэхгүй гэдгээ хэлсэн. Бид хэд зүүн хойш яваад “Баян” уулын хойно айлын хашааны урд талд зогссон. Д.М, аав хоёрыг “сэвсээ хай” гээд мотоциклтой явуулсан. Тэр хоёр хайж, хайж байгаад ирээд “Эрдэнэбаатар ах сэвсээ зааж өгөхгүй байна” гэсэн. Х.Б “урд цагдаагийн баяр болж байгаа хурдан зааж өг” гэсэн. Тэгээд Д.М урагшаа давхиад яваад өгсөн. Аав, Х.Б, Батжаргал, бид дөрөв үлдсэн. Х.Б аавыг “хурдан сэвсээ заагаад өг пизда минь” гээд цохиж унагасан. Тэгснээ “чи аавыгаа машин руу оруул, урд цагдаагийн баяр болж байгаа” гэсэн. Тэгээд аавыг “Бүдүүн хамарт” бид хоёр түшиж суулгасан. Тэр үед аав минь бараг л амьсгал хураасан байсан. Х.Б цагдаа “би аавыг чинь урагшаа аваад явлаа, чи Батжаргал, Д.М нараар хүргүүлээрэй” гэсэн. Удалгүй зүүн талаас машин давхиад ирсэн. Давхиж ирээд “өмхий үнэртээд байна аавыгаа ав” гэсэн. Тухайн үед аав миний шар дээлийг өмссөн байсан. Аавыг буулгах гээд цээжнээс нь өргөтөл дээл нь сугараад ирсэн. Тэр үед аавын ах Эрдэнэбаяр, эхнэртэйгээ хамт байсан. Х.Б цагдааг “аавыгаа машинаас ав, өмхий үнэртээд байна” гэхэд аав минь өнгөрчихсөн байсан. Эмнэлгийн тэрэг ирээд эмч үзээд өнгөрчихсөн байна гэсэн. Миний аавыг хамгийн сүүлд Х.Б цагдаа миний нүдэн дээр цохиж унагасан. Яагаад хэргээ одоо болтол хүлээхгүй байгаа юм бэ. Миний аав нас бараад бүтэн 3 жил 1 сар 12 хоночихоод байна. Аавын хэрэг одоо болтол шийдэгдэхгүй байна. Хэргийг хурдан шийдвэрлүүлмээр байна...гэв.

 

Гэрч М.Болормаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би Д.Мыг манай сумын хүн гэдэг утгаар танина. Би эмчээр 31 жил ажиллаж байгаа. Д.М 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр надруу залгаад “би хүн зодчихлоо, цагдаа аваад хүрээд ир” гэсэн. Тэгээд би цагдаа Х.Б руу залгахад “цагдаагийн баяр болоод аймгийн төвд байна, Батжаргалтай хамт очоод байж бай” гэсэн. Батжаргал бид хоёрыг очих үед гадаа харанхуй болж, үзэгдэх орчин бага байсан. Тухайн үед талийгаачийн нүд хөхөрч, хавдаж, уруулнаас нь цус гарсан байсан. Тэгээд би цагдаагийн байр руу олон нийтийн байцаагч Батжаргалын ард сундалдаад, талийгаач Д.М нар сундалдаад явцгаасан. Цагдаагийн байранд ирээд сувилагч Г.Амгаланбаярыг яаралтай тусламжийн хайрцгаа аваад ир гээд дуудсан. Талийгаач Д.Мад зодуулсан гэж хэлж байсан. Тэгээд талийгаачийн биед үзлэг хийж, даралт, пульс, захийн судасны цохилт зэргийг үзлэгийн багжаар үзэхэд талийгаачийн амин үзүүлэлт хэвийн, талийгаач өвдөх зовиургүй, цээжин тус газар дарахад хавирганы хугарал мэдрэгдээгүй болохоор ил байгаа шарх, сорвийг зургаар баталгаажуулж, хөхөрсөн, гэмтсэн газруудын зургийг дарсан. Өмдийг нь тайлаад зураг дарж байхад утасны цэнэг дуусч унтарсан. Талийгаачид цус тогтоох үйлчилгээтэй тариа тарьсан. Талийгаач тухайн үед согтуу байсан болохоор биеийн зовиураа гүйцэд хэлээгүй байж болно. Архи нь гараад зовиур мэдэрч магадгүй гээд эргээд дуудаарай гэж хэлсэн. Талийгаачид үзлэг хийх явцад амин үзүүлэлтүүд хэвийн байсан болохоор би явсан. Хүний биеийн амин үзүүлэлтүүдэд зүрх, судас, пульс, артерийн даралт, тархи мэдрэлийн үйл ажиллагаа зэрэг ордог. Талийгаач тухайн үед согтуу байсан болохоор архи нь гарсны дараа ямар нэг шинж тэмдэг илэрвэл дуудуурай гэж хэлсэн. Өглөө 06 цагийн үед манай гэрт орж ирэхээр нь дуудаж байгаа юм болов уу, гэж бодсон боловч зургийн аппарат асуугаад, талийгаачийн бие муу байна үзүүлье гэж хэлээгүй. Бид тухайн хүн архи уусан байсан ч биеийн байдал нь эмнэлэг авч явахаар байвал эмнэлэг авч явдаг боловч талийгаачийн амин үзүүлэлт хэвийн байсан болохоор архи нь гарсны дараа дуудвал дахин үзнэ гэж бодоод үлдээгээд явсан. Талийгаачийг ганднаас нь харахад цээж нь нэлээд хөхөрсөн байсныг хараад, олон удаа өшиглүүлсэн байх гэж бодсон. Сумын эмнэлгийн нөхцөлд тархины няцрал, цусан хурааг оношлох боломж байгаагүй...гэв.

 

Гэрч Г.Амгаланбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сэргэлэн сумын эмнэлэгт ээлжийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. 23 цагийн орчим Болормаа эмч надад “чам руу цагдаа очино, хамт ирээрэй” гэж хэлсэн. Тэрнээс хойш цагдаа ч ирээгүй, дуудлага ч ирээгүй. 00 цаг 05 минутын үед Болормаа эмч над руу залгаад цагдаагийн байр руу яаралтай тусламжийн цүнхээ аваад ир гэсний дагуу би очсон. Талийгаачид үзлэг хийхэд би туслах байдлаар оролцсон. Үзлэгийн явцад талийгаачийн зүрхний цохилт, даралт, пульс хэвийн байсан. Үзлэгийн дараа талийгаачийн шарх сорвины зургийг бэхжүүлэхээр 6 кадр зураг дараад хөл хэсгийн зургийг авах үеэр утасны цэнэг дуусаад унтарсан. Би тухайн үед Д.Мын зургийг аваагүй. Хэрэг гарснаас хойш Ууганбаяр хошууч миний гар утсыг хурааж аваад оролдоод байсан. Яагаад миний утсан дээр Д.Мын зураг байгааг би мэдэхгүй байна...гэв.

 

Шинжээч Э.Энхтүвшин шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Хэргийн материалтай бүрэн танилцаж шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Талийгаачийн үхлийн шалтгаан буюу тархины баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорх цус хуралт, баруун талын чамархай хэсгийн тархины няцрал, зөөлөн бүрхүүл доорх цусан хураа үүссэн байсан. Хэргийн материалаас талийгаачийн үхлийн цаг хугацааг будагч бодисоор тогтоосон эд эсийн шинжилгээг шүүх эмнэлгийн шинжээч нар гаргасантай танилцсан. Бид дүгнэлтээ тухайн тавьсан асуултын хүрээнд хариулж гаргадаг. Шинжээчээс асуусан асуултанд “тухайн гэмтлийг авсан хугацаанд амьд явах боломжтой байсан уу, ухаан саруул байх боломжтой байсан уу” гэсний дагуу мэдлэг, мэргэжлийн хүрээнд хариулсан. Талийгаач дээрх гэмтлүүдийг авснаас хойш 12-18 цаг амьд байх боломжтой байсан. Гэхдээ дээрх 12-18 цаг гэдгийг шүүхийн шинжээч эмч тогтоосон бөгөөд яаж тогтоосон талаар шүүхийн шинжээч эмчээс асуух нь зүйтэй. Ерөнхийдөө эд эсийн шинжилгээнд цусны бүлэнг явуулж, будагч бодисоор будаж, цаг хугацааг тогтоосон байсан. Тархинд гэмтэл учрахдаа дан ганц цус хуралт, тархины бяцралаар илрэхгүй. Тархины дарагдалтын үед цонх үе гэж байдаг. Энэ цонх үед ямар ч шинж тэмдэг илрэхгүй байж болно. Энэ үе нь 6-72 цаг хүртэл үргэлжилж болдог гэв. Өөрийн биеэр эд эст үзлэг хийгээгүй учраас цусан хураа аажимдаа нэмэгдсэн үү, нэг доор үүссэн үү гэдгийг шууд хэлэхэд хэцүү. Хэргийн материалтай танилцахад аажимдаа үүссэн байх магадлалтай байсан. Тархины гэмтлийн цонх үед ямар нэгэн клиник шинж тэмдэг илрэхгүй, зөвхөн толгой өвдөх, дотор муухай оргих, бөөлжих шинж илрэхийг үгүйсгэхгүй. Шинж тэмдэг хүн болгонд харилцан адилгүй байдаг. Зарим хүмүүст шууд илэрч байхад заримд нь 6-72 цагийн хооронд илэрч болдог. Нас ахисан хүмүүс буюу 40-өөс дээш насныханд шинж тэмдэг харьцангүй удаан илэрдэг. Гэмтэл аваад удаагүй цусан хурааны шинж тэмдэг нь зарим тохиолдолд өтгөн, заримдаа цус, нусны шингэнтэй холилдосноос болж шингэн гараад, сүүл хэсгээр нөж хэлбэрээр гарах тохиолдол байна. Ерөнхийдөө нөжирсөн болсон бол удсан цусан хурааны шинж юм. Хар хүрэн өнгийн цусан хураатай, гялалзсан, зөөлөн, нойтон шинжтэй байгаа нь 12-18 цаг хүртэлх хугацанааны цус хуралт юм. Тухайн үед эмнэлгийн бус хүмүүсийн мэдүүлгээр талийгаачийг зовиургүй гэсэн боловч, тодорхой хэмжээний зовиур илэрсэн байх магадлалтай. Хэргийн материалаас харахлаар нас барахаасаа 8-10 цагийн өмнө гэмтэл авсан гэж үзвэл, тархийг дарсан цусан хурааг мэс ажилбараар авбал амь насыг нь аврах боломж байсан байх гэж бодож байна. Би шүүхийн шинжээч биш мэдрэлийн эмч боловч будагч бодисын талаар уншиж судлаад үзэхлээр судсанд байгаа цус, эд эс рүү орсны дараа улаан эсийн задралаар шинжилдэг шинжилгээний багж гэж тодорхойлж болно. Эцэст нь хэлэхэд шинжээч зөвхөн өөрийн мэдлэг, мэргэжлийн хүрээнд дүгнэлт гаргадаг...гэв.

 

Шинжээч Н.Уянгын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Цусан хураанаас дээж аваад эд эсийн шинжилгээнд хүрээлэн рүү явуулсан. Нарийн хугацааг тогтоо гээгүй учраас бүлэн аваад явуулсан. Шинжилгээнд цусан бүлэнг зайлшгүй явуулдаг учраас дээж авсан. Анх дүгнэлт гаргахдаа талийгаачийг тархины гэмтлийн улмаас нас барсан. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт гаргасан байсан. Талийгаачийн тархинд үүссэн цусан хураа нь 12-18 цагийн үед үүссэн байх боломжтой. Талийгаачид учирсан гэмтэл шинэ гэмтэл...гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...өглөө нь буюу 2016 оны 07 сарын 29-ний өглөө 08 цаг өнгөрч байхад Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 13-19 тоотод оршин суудаг ээж Жунхаар руу утсаар ярихад “Б.Эрдэнэбаатар сумын төвд цагдаад зодуулчихсан бие нь муу байна гэнэ. Чи хурдан ир” гэж хэлэхээр нь ...Сарантуяа эгч рүү утсаар яриад “Эрдэнэбаатарын биеийг асуухад сумын цагдаа нар машинтай хүргэж ирлээ, ухаангүй байдалтай байхаар нь түргэн дуудчихаад байна” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа утсаар ярихад “нас барчихсан байна” гэж хэлсэн. ...оршуулгын зардал бол байцаалт өгөхөөр ирж, очих зардал ...нийтдээ 6 сая төгрөг зарцуулсан, буруутай этгээдүүдээс дээрх мөнгийг нэхэмжилж байна. Д.М нь манай малчны зээл болох 3 сая гаруй төгрөг төлж зээл барагдуулсан, бэлнээр 1 сая төгрөг өгсөн. Энэ хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шуурхай шийдвэрлэж өгнө үү. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 хавтас 45-49, 2 хавтас 220,  5 хавтас 146 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Хартогоогийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2016 оны 07 сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн үед би хөдөө гэртээ унтаж амарч байхад манай сумын хэсгийн төлөөлөгч Х.Б, цагдаа Ганзориг нар машинтай гэрт ирээд хэсгийн төлөөлөгч Х.Б нь чамайг яаралтай байцаах хэрэгтэй байна, хурдан хувцсаа өмс гэсэн. Хувцсаа өмсөөд хэсгийн төлөөлөгч, цагдаа нартай хамт сумын төвд ирээд цагдаагийн байранд ороход ширээн дээр олон нийтийн байцаагч сууж байсан. Аав Эрдэнэбаяр өрөөний урд талд доошоо хараад хэвтэж байсан. Хэсгийн төлөөлөгч Х.Б нь надаас “Мөнхөөгийн үхэр хаана байна” гээд асуугаад шалгаагаад байхаар нь би “мэдэхгүй” гэж хэлсэн. ...Хэсгийн төлөөлөгч Х.Б нь танай аав та хоёрын үг зөрөөд байна. Ааваас чинь асууна гээд аавыг татаад босгоод ирэхэд аавын нүүр царай ам, уруул нь аймаар хавдаж хөхөрсөн, нэг нүдний доод талаас цус гарсан байдалтай байсан. ...тэгээд ааваас юм асуухад юм ярих тэнхэлгүй, цээж нь аймаар улаан эрээн болсон хоёр бакал гуталны оромтой байсан. Тэгээд Баятбаяр төлөөлөгч аавыг үсдэж /миний санаж байгаагаар үснээс нь 2-3 удаа зулгааж байсан/ босгоод цахилгаан бороохойгоор цохиулаад үхэр чинь хаана байна гээд асуугаад байсан. Аав харин юм ярих тэнхэлгүй байхад хүчээр хэлүүлэх гээд цахилгаан бороохойгоор цохиулаад байсан. Мөн олон нийтийн байцаагч нь манай аавыг цахилгаан бороохойгоор цохиулаад сэргэ гээд ус цацаад байсан. Аавын ам нь бөөн цус болчихоор нь би өөрийнхөө бүсээр аавынхаа амыг арчсан, тэгэхэд аавын шүд унасан байсан. Хэсгийн төлөөлөгч Х.Б намайг байцаагаад чи худал хэлээд байна гээд цахилгаан бороохойгоор гэдэс хэсэг рүү 2-3 удаа цохиулсан. ...Өглөө болтол өрөөнд байж байгаад өглөө 06 цагийн үед би мотоцикл бариад хэсгийн төлөөлөгч Х.Б, цагдаа Ганзориг, олон нийтийн байцаагч, Мөнхөө, манай аав нар машинд суугаад малын сэвс байгаа газрыг заа гээд хөдөө “Баян- Уул” гэх газраас үхрийн сэг хайж яваад олоогүй. ...хөдөө малын сэг хайж явж байхад хэсгийн төлөөлөгч Х.Б нь манай аавын зүүн шанаа хэсэг рүү нь их хүчтэй биш зөөлхөн 2-3 удаа цохисон. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ 1 удаа гэж буруу мэдүүлсэн байна. ...тэгээд аав хамгийн сүүлд цохиход нь унаад өгсөн. ...Хэсгийн төлөөлөгч аавын цээж /аймхай/ орчимд 2 удаа зөөлхөн өшиглөөд “малын сэгээ ол” гээд байсан. ...Хэсгийн төлөөлөгч, сумын цагдаа нар аавыг аймаг руу аваад явна гээд явчихсан, үүнээс хойш нэлээн хугацааны дараа хэсгийн төлөөлөгч, цагдаа нар аавыг гэрт аваад ирсэн. Аймаг руу ярьсан чинь согтуу хүнийг авахгүй гэж байна, гэрт нь хүргэж өг гэж хэлсэн. Машины хаалга онгойлгосон чинь аав ямар ч ухаангүй байсан, нэг гүнзгий амьсгаа аваад дахиад амьсгалаагүй, аав нас барчихлаа гэсэн чинь төлөөлөгч гайгүй гээд байсан. ...Мөнхөө надад өөрөө ярихдаа би танай аавыг зодсон, аав чинь манай үхрийг хулгайлсан гэж хүлээсэн. Тэгээд би цагдаад хэлсэн гэж ярьсан...” гэх мэдүүлэг /1 хавтас 50-55, 5 хавтас 147 дугаар хуудас/,

 

Гэрч М.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 23 цаг 20 минутын орчимд гэртээ унтаж байхад Д.М нь 99424556 гэсэн дугаараас залгаад “би хүн зодсон, та цагдаа аваад ирэх хэрэгтэй байна. Би тэр хүнийг малыг маань хулгайлсан болохоор зодсон, цагдаа эмч хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би Ганзориг цагдаа руу залгасан чинь холбогдохгүй байсан. Хэсгийн төлөөлөгч рүү залгасан чинь аймагт байна. Олон нийтийн цагдаа Батжаргал руу залгаад оч гээд хэлье гэсэн. ...Батжаргал бид хоёр Дашзэвэг гэх хүний байшингийн хойд талд очиход Эрдэнэбаатар нь дээш хараад хэвтэж байсан, Д.М хажуу талд нь сууж байсан. Би Эрдэнэбаатарын нүүр рүү гар чийдэн тусгаад харахад уруул нь хавдсан, амнаас нь цус гарсан, нүүрний баруун хэсэгт зулгарсан шарх харагдсан, бусад шарх гар чийдэнд сайн харагдахгүй байсан. ...цагдаагийн хэсгийн байранд орж ирээд би Эрдэнэбаатарын бүх биед анхны үзлэг хийсэн. Тэгэхэд Эрдэнэбаатарын биед баруун чамархай хэсэгт хөхөрч шалбарсан, баруун нүдний доод талд зулгарсан, баруун чих хөхөрсөн, зүүн нүдний доод талд хавантай, зүүн нүдний зовхийг татаж харахад цус хуралттай, дээд доод уруул битүү хавантай, амнаас цус гарсан, шүдийг татаж үзэхэд хөдөлгөөнгүй бүрэн байсан, баруун гарын бугалганы булчин хэсэг хөхөрсөн, цээж хэсэг нь нэлэнхүйдээ хөх алаг болж, цус хурсан, нурууны баруун хэсэгт 11 см орчим зулгарсан шарх, гуя шилбэ хэсгээр олон тооны жижиг, хөхрөл няцралттай байсан. Өөр шарх байгаагүй. Жижүүрийн сувилагч Амгаланбаярыг дуудаж, шархыг харуулж, утсан дээр нь зурагнуудыг даруулсан. Тухайн үед Амгаланбаярын утас унтраад хөл хавиарх шархны зургийг дарж чадаагүй. Эрдэнэбаатарын амнаас архи үнэртэж байсан. Эрдэнэбаатараас “хэн зодсон юм бэ” гэж асуухад “Д.М зодсон” гээд юм яриад байсан. ...дотуур цус алдаж байж магадгүй гэж бодоод “Виказол” цус тогтоох тариа хийгээд амыг нь цэвэрлээд явахдаа Батжаргалд наад хүний чинь архи нь гараад янз бүрийн зовиур хэлбэл бид хоёрт дуудлага өгөөрэй гээд явсан. ...амин үзүүлэлтүүдийг нь үзэхэд гайгүй байсан.  Д.М нь нилээн согтуу байсан. Д.М цагдаагийн байранд ирээд Эрдэнэбаатар нь миний үхрийг хулгайлсан, хэргээ хүлээсэн. Би тэгээд зодсон гэж яриад байсан. ...Өглөө ажил дээрээ байхад 08 цаг 55 минутын үед 80570406 дугаараас Сарантуяа залгаад Эрдэнэбаатарыг 2 цагдаа хөдөө гэрт нь авчирсан, Эрдэнэбаатар ухаангүй, бие нь хөрөөд уруул ам нь хөхрөөд байна гэж хэлсэн. ...сумаас зүүн тийш гараад явж байхад гэрээс нь нааш хэсгийн төлөөлөгч Х.Б, цагдаа Ганзориг, ар талд нь Хартогоо Эрдэнэбаатарын толгойг өвөр дээрээ тавьчихсан, хажууд нь Сарантуяа нар суусан явж байсан. Эрдэнэбаатарын биед үзлэг хийхэд даралт унасан, зүрх зогссон байсан. Тухайн үед цаг харахад 09 цаг 23 минут болж байсан...” гэх мэдүүлэг /1 хавтас 59-63, 2 хавтас 225, 6 хавтас 73-74 дүгээр хуудас/,

- Эмч М.Болормаагийн 2016 оны 07 сарын 29-ний өдрийн анхны үзлэгийн тодорхойлолт: “Сэргэлэн сумын 2-р багийн иргэн Дорж овогтой Д.М 23 цаг 20 минутын орчимд сумын төвд Дашзэвэг гэдэг айлын ар талд хүн зодчихлоо цагдаагийнхантай хамт ирнэ үү гэсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч Х.Б руу ярихад би аймагт байна манай олон нийтийн цагдаа Батжаргалд хэлнэ үү гэсэн. Утасны дугаар мэдэхгүй тул дахин залгахад утсаа авахгүй байна. Гэрт нь очно уу гэсэн тэр хооронд сувилагч Амгаланбаярт ирсэн дуудлагаас хамт хэрэв цагдаа очвол хамт яваарай гээд дахин цагдаатай яриад өөрөө цагдаагийн газарт очсон. Тэгээд Батжаргалтай хамт мотоциклоор дуудлага өгсөн газарт очсон. Очиход айлын байшингийн ар талд Д.М суугаад хажууд нь Эрдэнэбаатар хэвтсэн байсан. Очоод үзэхэд нүүр хавагнасан, амнаас цус гарсан, уруул хавагнасан. Гадаа харанхуй тул өвчтөнийг босгож мотоциклийн ард суулгаад цагдаагийн газарт авчиран үзлэг хийсэн. Үзлэг хийхэд өвчтөн өөрөө согтуу, хэнд зодуулсан гэхэд Мөнхөөд зодуулсан гээд ярьж байсан. Өөр зовиур хэлээгүй. Үзлэгээр: pult-109, А/Д-130/80, 120/70, сагурац-98, баруун нүдний доод хэсэг баруун чамархай хөхөрч зулгарсан, зүүн нүдний доод талаар хавантай цус хурсан, баруун чихний дээд талын дэлбээ хөхөрсөн, амнаас бага зэргийн бүлэнтэй цус гарсан, амыг ангайлгаж үзэхэд шүд хөдлөөгүй, уруулын дотор тал язарсан, 2 уруул /дээд доод/ хавагнасан, зүүн талын бөөрний орчимд 11 см орчим урт зурагдсан шархтай, цээжин бие хоёр хөхний дээд талаар нилэнхүйдээ хөхөрч цус хурсан, дарж үзэхэд хавирганы хугарал байхгүй байсан. Өмдийг тайлж үзэхэд хоёр гуяны гадна талд хэсэг хэсэг жижиг, жижиг хөх толботой байхыг үзэж тодорхойлсон. 24 цаг 20 минутын үед дахин үзэхэд pult-90 болсон байсан. Цээжинд гадна талын зөөлөн эдийн гэмтэлтэй байсан тул Виказол хийсэн. Аймгаас хэсгийн төлөөлөгч гарсан гэсэн. Үзлэг дууссан өвчтөн гайгүй байсан тул өвчтөний архи гараад ямар нэгэн зовиур хэлбэл дахин дуудаарай гэж зөвлөгөө өгөөд гэртээ харьсан...” гэх тодорхойлолт /2 хавтас 36 дугаар хуудас/,

Эмч М.Болормаагийн 2016 оны 07 сарын 29-ний өдрийн анхны үзлэгийн тодорхойлолт: “Өглөө 08 цаг 55 минутанд эмнэлгийн 91582303 утсанд 80570406 дугаараар Ням овогтой Сарантуяа нь “Баттөмөр овогтой Эрдэнэбаатар 43 настай эрэгтэй ухаангүй бүх бие хөрсөн уруул ам нь хөхрөөд байна” гэсэн дуудлага өгсөн. Дуудлагыг их эмч Сарнайд танилцуулаад 9.00 цагт дуудлаганд Лхамсүрэн жолоочтой гарсан. Эмнэлгийн машин хөл хугарсан өвчтөн аваад аймаг явсан байсан. Дуудлаганд явж байхад цагдаагийн машин зогсоож өвчтөнийг үзүүлсэн. Үзэх үед өвчтөн нас барсан байсан...” гэх тодорхойлолт /2 хавтас 37 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Амгаланбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2016 оны 07 сарын 28-ны өдөр сумын эрүүл мэндийн төвд ээлжийн ажилтай байсан юм. Гэтэл 23 цаг өнгөрч байхад эх баригч эмч Болормаа залгаад “чам руу цагдаа очих байх шүү, чи хамт яваарай” гэж хэлсэн. Тэгээд би цагдаа хүлээгээд байж байхад цагдаа ажил дээр ирээгүй,  ...23 цаг 50 минутын орчимд Болормаа эмч дахин над руу залгаад “анхны тусламж үзүүлэх хэрэгсэлээ аваад цагдаагийн байранд хүрээд ир” гэсэн. ...Намайг өрөөнд ороход Эрдэнэбаатар гэх хүн хэсгийн өрөөний урд талд цонхны доод талд хэвтэж байсан. ...Эрдэнэбаатарын биед үзлэг хийхэд Эрдэнэбаатар нь намайг хараад ийш тийш хөрвөөгөөд байсан. Эрдэнэбаатарын даралт пульсийг үзэхэд эхлээд 109 гэж зааж байсан. Хэсэг ажиглаж байгаад дахин үзэхэд 90 болсон. Энэ нь хэвийн гэсэн үг юм. Эрдэнэбааатарын биед үзлэг хийхэд цээж нэлэнхүйдээ хөхөрсөн, нүүр хэсэг хавдаж хөхөрсөн, уруул хэсэгт язарч хавдсан, нурууны зүүн хэсэгт хөндлөн зураасан шалбархайтай, баруун гарны булчин хэсэгт хөхөрсөн байдалтай байсан. Ингээд би шархны зургийг утсан дээрээ дарж аваад Виказол гэх тариаг хийгээд явсан юм. Болормаа эмч бид хоёр гарахдаа олон нийтийн цагдаад хандаж “өвчтөн сэргэх юм бол бид нартай холбогдоорой” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хавтас 64-66 дугаар хуудас/,

 

 - Гэрч Б.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2016 оны 07 сарын 28-ны орой ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд хэсгийн төлөөлөгч Х.Б 23 цаг өнгөрч байхад над руу залгаад “сумын орлогч даргын гэрийн хойд талд байх айлын хойд талд 2 согтуу хүн зодолдсон гэж байна. Чи сумын эмчийг дагуулаад оч” гэсэн. ...Болормаа эмч цагдаагийн байранд ирэхэд бид хоёр ...хашааны хойд талд очиход Д.М гэх залуу сууж байсан түүний хажуу талд Эрдэнэбаатар хэвтэж байсан. Эрдэнэбаатарыг босгоод мотоциклийн ар талд суулгаад цагдаагийн байранд авчирсан. Болормаа эмч Эрдэнэбаатарын биед үзлэг хийгээд бас нэг эрэгтэй эмчийг дуудаж хамт үзээд тариа хийгээд одоо зүгээрээ гээд тэр хоёр эмч яваад өгсөн. Ингээд би Х.Б хэсгийн төлөөлөгчийг хүлээгээд сууж байхад Х.Б, Ганзориг нар шөнө 01 цаг өнгөрөөж ирээд Д.Маас юу болсон талаар асуухад “Эрдэнэбаатар манай малыг хүүтэйгээ хулгайлсан байна. Тэгээд би зодсон” гэж хэлж байсан. Ингээд Х.Б хэсгийн төлөөлөгч Ганзориг цагдаагийн хамтаар Эрдэнэбаатарын хүүг авч ирэхээр яваад шөнийн 03 цагийн үед Хартогоо гэх залууг дагуулаад ороод ирсэн. ...аав чинь чамтай хамт Д.Мын үхрийг хулгайлсан гэж хэлсэн гэж асуухад Хартогоо нь Д.Мын үхрийг хулгайлаагүй гээд байсан. ...Х.Б хэсгийн төлөөлөгч Эрдэнэбаатар гэх хүнийг хэвтэж байхад нь сэрээгээд босгож сандал дээр суулгаад “та Д.Мын үхрийг авсан юм уу, хаана нядалсан юм бэ” гэх мэт асуулт тавьхад “би Д.Мын үхрийг авсан, тэр үхрийг нь гэрийнхээ ойролцоо нядалсан” гэх мэтээр ярилцаж байсан. ...ингээд 05 цаг өнгөрөөгөөд бид нар Эрдэнэбаатарын нядалсан малын сэгийг харахаар явсан. ...Би хэсгийн байранд Болормаа эмчийн хамтаар Эрдэнэбаатарыг авч ирсэн юм.  Эмч Эрдэнэбаатарыг үзээд цээжинд нь хөхөрч улайсан байна гэж хэлсэн. Би яг тэрийг нь хараагүй. Миний харсанаар Эрдэнэбаатарын нүүрэнд шархтай, нүд, уруул хэсэг нь хөхөрч хавдсан байдалтай байсан. Би Д.Маас уруул ам нь яагаад ийм болчихов гэхэд Д.М ярихдаа Эрдэнэбаатар манай малыг хулгайлсан гэдгээ надад хэлсэн, тэгээд би зодсон юмаа гэж хэлсэн. Яг яаж зодсон талаараа надад нарийн сайн яриагүй... Эрдэнэбаатарыг хэсгийн төлөөлөгч Х.Б зодож цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / 1 хавтас 69- 73 дугаар хуудас/,

Гэрч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2016 оны 07 сарын 28-ны өдрийн 23 цаг 40 минутын үед хэсгийн төлөөлөгч Х.Б манай хүргэн дүүгийн хамтаар манай гэрт ирээд Сэргэлэн сум явах яаралтай ажил гарчихлаа гэсэн. ...01 цаг өнгөрч байхад цагдаагийн хэсгийн байранд ирэхэд манай олон нийтийн цагдаа Батжаргал, Д.М, Эрдэнэбаатар нар байж байсан. Өрөөнд ороход Д.М ширээний хажууд сууж байсан. Харин Эрдэнэбаатар цонхны доод талд өөрийн гэсэн ухаантай хэвтэж байсан. ...Хэсгийн төлөөлөгч юу болсон талаар асуухад Д.М бид хоёр хамт архи уусан. Эрдэнэбаатар нь миний 6 тооны үхрийг авсан талаараа хүлээсэн. Тэгээд би жоохон зодсон юм гэж хэлж байсан. ...хэсгийн төлөөлөгч бид хоёр шууд Эрдэнэбаатарын хүүг авчирхаар хөдөө явж, хөдөө гэрээс нь Эрдэнэбаатарын хүү Хартогоог шөнийн 02 цаг өнгөрч байхад хэсгийн байранд авчирсан тэр үед Эрдэнэбаатар нь сэрчихсэн цонхны доор сууж байсан. ...дуудна гэхээр нь би гэртээ ороод унтаж амарсан. Би Х.Быг Эрдэнэбаатарыг цохиж зодсон талаар мэдэхгүй байна. ...ингээд өглөө 05 цаг өнгөрч байхад намайг сэрээгээд ...малын сэвс үзнэ гэж хэлсэн. Д.Мын гэрт очиж хоол идээд 06 цаг өнгөрөөгөөд сумаас зүүн тийш хөдөө гарч Мардайн замын зүүн талд очоод малын сэвс хайж байгаад ...олоогүй. ...хөдөө явж байхад ар талд суугаад юу ч ярихгүй унтаа байдалтай яваад байсан. Хөдөө хээр очоод Х.Б нь Эрдэнэбаатараас “малын сэвс чинь хаана байгаа юм бэ” гэж  асуухад “энд байгаа тэнд байгаа” гээд байсан. ...түүнийг мал нядалсан газраа олохгүй байхад нь ... хурдан машинд суу гэж хэлээд зүүн мөрнөөс нь татахад би өөрөө сэвс байгаа газраа олж өгнө гээд гараа татаад авахдаа газарт унахад нь Х.Б татаж босгоод машины арын суудал дээр суулгасан. ...Тэгээд гэрийнхээ гадаа ирээд ухаангүй болчихсон...” гэх мэдүүлэг /1 хавтас 79-85 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Баярцогтын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Амарсүрэн, Х.Б бид гурав үлдсэн архиа аваад гэрээс нь гараад баруун талынх нь байшингийн сүүдэрт суугаад Жаргалсайхан ахыг сэрэхийг хүлээгээд үлдэгдэл архиа хувааж уусан ...ууж байхад удалгүй Эрдэнэбаатар зүүн талаас ирээд бидний дэргэд суусан. Тэгэхэд нь би Эрдэнэбаатар ахаас “та хэзээ ирсэн юм бэ, надад өгөх өглөгөө юу болгож байна вэ?” гэж асуухад “өгнө өө” гэж хэлэхээр нь “би унаа унш олж байгаад очъё, та бүтээгээд өгөөрэй” гэхэд “за” гэж хэлсэн. ...Тэгээд би юм ярьж сууж байгаад нойр хүрээд байхаар нь байшин налаад хэвтэж байхад Д.М ганцаараа мотоциклтой ирээд бид нарын дэргэд суугаад пиво уусан. Тэгж байхдаа Эрдэнэбаатар ахыг үхэр мал авсан байна гэж загнаад жижиг чулуу аваад түүн рүү няслаж байсан. Тэгэхэд нь Эрдэнэбаатар ах юм дуугарахгүй байсан бөгөөд Д.М түүнийг загнаж байгаад хоёулаа явнаа, уулзанаа гэж хэлж байсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй би буруу харж хэвтэж байгаад унтчихсан байсан. Намайг унтаж байгаад сэрэхэд Х.Б, Жаргалсайн ах, Ганболд ах, Амарсүрэн нар дэргэд пиво уугаад сууж байсан. Би босоод тэд нараас Д.М, Эрдэнэбаатар ах хоёр муудаад байсан яасан бэ гэж асуухад мотоцикльд сундалдаад хамт явсан гэж байсан. Тэгээд би ...хоол идчихээд мотоциклоо унаад шууд гэртээ очоод адуу малаа усалчихаад унтаж амарсан. ...Эрдэнэбаатар ахыг бид нарын дэргэд ирэхэд түүний нүүр ам, биеийн ил харагдах хэсэгт гэмтэл бэртэл, шарх сорви харагдаагүй зүгээр байсан...” гэх мэдүүлэг /1 хавтас 96-98 дугаар хуудас/,

Гэрч Т.Цэрэндуламын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2016 оны 07 сарын 28-ны өдөр дэлгүүртээ сууж байхад 16 цагийн орчимд Эрдэнэбаатар, Д.М нар хамтдаа манай дэлгүүрт орж ирээд манай нөхөр Х.Бтай уулзаад бид 2 танай үхрээр ороод ирлээ, би үхрээ алдаад хайж байгаа юм гээд манай нөхрөөс үхрийн зүс хэлээд асуугаад байсан. Д.М нь үхэр алдсан, тэгээд Эрдэнэбаатартай хамт явж байна. Би өлсөөд байна гээд надаас кимбаб 4 ширхэгийг, том боргио пиво, 0.5 гр ерөөл архийг зээлээд тэр хоёр мотоцикл унаад сундлаад явсан. Би тэр хоёрын араас гарахад дэлгүүрийн үүдэнд том хар өнгийн гар утсаа газарт унагасан байсан. ...Д.М удахгүй ирээд гар утсаа алга болгочихлоо гэхээр нь утсаа унагасан байна гээд утасыг нь буцааж өгсөн. ...Тэр хоёр урагшаа яваад Оюунцэцэг даргын гэрийн гадаа очоод эргэлдэж байгаад хүн байхгүй байсан бололтой удалгүй буцаж яваад Д.М гэртээ орсон. Харин Эрдэнэбаатар гэрийнх нь гадаа завилаад сууж байсан. Удалгүй Д.М гарч ирээд Эрдэнэбаатарыг ардаа суулгаад зүүн тийш хөдлөөд явсан, түүнээс хойш би тэр хоёрыг дахин хараагүй...” гэх мэдүүлэг /1 хавтас 101-102 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..2016 оны 07 сарын 28-ны өдөр гэртээ Жаргалсайхан Х.Б нарын хамтаар архи уугаад сууж байхад 11 цагийн орчимд Эрдэнэбаатар манай гэрт ирсэн. Надад хандаж “ахаа би хөдөө явах хэрэг байна, унаа олдох уу” гэсэн. Би Эрдэнэбаатарт хандаж, “ах нь танай бүрлээч эгчийг таньдаг юм байна, унаа олж өгөхийг бодъё, энэ хавиар унтаж амарч бай” гэсэн. Эрдэнэбаатар нь манайд 20-30 орчим минут болоод гараад явсан. Түүнээс хойш эргэж манайд орж ирээгүй гэх...” мэдүүлэг /1 хавтас 105 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Лхагва-Очирын мөрдөн шалгах ажиллагаааны шатанд өгсөн: “...2016 оны 07 сарын 28-ны өдөр захирал Гантулга Ганболд гэдэг айлд байна гэхээр нь тэднийх рүү явсан. Намайг Ганболд ахынд очих гээд явж байхад баруун талынх нь байшингийн хойд талд манай сумын Х.Б, Баярцогт, Аамаа гэдэг 3 залуу сүүдэрт суугаад пиво ууж байхаар нь тэдэн рүү очоод хамт суусан Эрдэнэбаатар ирээд ...ойр зуурын юм яриад сууж байхад Д.М мотоциклтой ганцаараа ирээд бидэнтэй суугааад Очроо ахаа та Х.Б ахын дэлгүүрээс 2 савтай пиво аваад ирээч, би хэлчихсэн байгаа гэхээр нь би ганцаараа яваад дэлгүүрээс 2.5 литрийн савтай Нийслэл пиво 2 ширхэгийг авчирч Д.Мад өгсөн. ...бид нарыг тойроод сууж байхад ...Эрдэнэбаатарын царай зүс нь зүгээр байсан. Бид нарт зодуулж цохиулсан гэж ямар нэгэн зүйл яриагүй. Түүнд зодуулж цохиулсан шинж тэмдэг байгаагүй. ...Х.Б, Аамаа, Баярцогт нарыг Ганболдын баруун талд байдаг байшингийн сүүдэрт сууж байхад би очсон. Бид нарыг сууж байхад Эрдэнэбаатар, Д.М нар араасаа цувраад ирсэн...” гэх мэдүүлэг /1 хавтас 109-111, 123 дугаар хуудас/,

Гэрч А.Х.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2016 оны 07 сарын 28-ны өглөө 07 цагийн үед саахалт айлын Жаргалсайхан ах над руу яриад Ганболд гэдэг айлд байна. Мотоциклийн гинж тасраад унаагүй болчихоод байна, чи ирээд аваадах гэсэн. ...намайг ороход Жаргалсайхан ах өчигдөр орой архи уусан болохоор шартчихаад байна. Шараа тайлая гээд бид хоёр сургуулийн жижүүр Оргил ах дээр очиж нэг шил архи авахуулаад буцаж Ганболд ахынд очсон. ...Ганболд ах бие засахаар гарч яваад ирэхдээ Эрдэнэбаатарыг дагуулаад орж ирсэн. Б.Эрдэнэбаатар ах гэрт орж ирээд бид нартай юм ярилгүй баруун талын орон дээр хэвтсэн. ...Эрдэнэбаатар ах ирээд бидний дэргэд суусан. Түүнийг хаанаас ирснийг анзаараагүй. ...Д.М баруун талаас мотоциклтой ирээд бид нартай хамт суугаад ...16 цагийн үед хөдөө явна гээд Эрдэнэбаатарыг мотоцикльдоо суулгаад аваад явсан. …Эрдэнэбаатар ах хүнд зодуулж цохиулсан гэж хэлээгүй, түүнийг орж ирэхэд ам болон биеийн ил харагдах хэсэгт гэмтэл, шарх харагдаагүй...” гэх мэдүүлэг /1 хавтас 112-114 дүгээр хуудас/,

Гэрч М.Амарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид хоёр дэлгүүрт ороод Баярцогт ах том савтай пиво нэгийг аваад Ганболд ахынд очиход байшингийнх нь хойд талын сүүдэрт Эрдэнэбаатар ах хүрэн дээлтэй доошоо хараад унтаж байсан. ...Эрдэнэбаатар ах зүүн талаас ирсэн бөгөөд би бодохдоо унтаж байгаад босоод шууд бидэн рүү ирж байна гэж ойлгосон. ...Эрдэнэбаатар ахын нүүр царайнд шарх, гэмтэл огт байгаагүй, зүгээр байсан...” гэх мэдүүлэг /1 хавтас 115-117 дугаар хуудас/,

Гэрч Т.Ганчулууны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2016 оны 07 сарын 28-ны орой ...Эрдэнэбаатар буюу Баб, Д.М нар манайд 18 цаг өнгөрч байхад мотоциклтой ирсэн. 0,5 литрийн Ерөөл архтай ирсэн. Баб нь нэг нүд нь хөхөрсөн байдалтай ирсэн. Нүд чинь яагаад хөхөрчихсөн юм бэ гэхэд хүнд цохиулчихсан юмаа гэсэн. Өөр гэмтэл биед нь харагдаагүй ...манайхаас 19 цаг өнгөрөөгөөд 1 шил архиа уучихаад явсан...” гэх мэдүүлэг /1 хавтас 121-122 дугаар хуудас/,

Гэрч Н.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2016 оны 08 сарын 01-ний орчим байх Энхбадрах нь Хэнтий аймгаас энэ асуудлыг сонсоод шууд ирлээ гэсээр аймгийн төвд байх манай гэрийн хашаанд байх ээжийн пинд ороод надад хэлэхдээ “над руу Д.М яриад би Бабыг зодсон чинь манай үхрийг хүлээчихлээ, тэгсэн чинь Бабын бие муудаад байна, эмч дуудаад өгөөч гэж ярьсан, тэгэхээр нь би Болормаа эмч рүү ярьж очиж үзээд өгөөч гэж хэлсэн. Д.Мад хандаж, наадхаа битгий зодоорой бие муутай шүү, цагдааг нь дуудаад өгөөч гэж бас хэлсэн” гэсэн утгатай зүйлийг ярьсан. Тэгэхээр би Д.М нэлээн зодчихоод Энхбадрах руу ярьжээ гэж бодож байсан...” гэх мэдүүлэг /2 хавтас 224 дүгээр хуудас/,

Гэрч Э.Хартогоо, Б.Ганзориг, Б.Батжаргал нарыг 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрүүдэд нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл: “...гэрч Э.Хартогоо би өмнөх мэдүүлэгтээ болсон зүйлийг үнэнээр нь ярьсан. ...2016 оны 07 дугаар сарын 29-ний өглөө эрт ...аавдаа өөрийнхөө өмсөж явсан дээлийг өмсүүлсэн. Тэр үед аав өөрөө сайн өмсөж чадахгүй, хоёр гараа дээш нь өргөж чадахгүй байсан. ...Д.М ахынд очиход аав надад аавдаа нэг кола аваад өгчих уучихвал болох гээд байна гэсэн. Тэгсэн Мөнхөө ах хулгайч хүнд яахаараа өгдөг юм гээд загнасан. ...бид нар үхрийн сэвс олохоор яваад хөдөө очоод ...сэвсээ олохгүй ирэхэд нь хэсгийн төлөөлөгч Х.Б манай аавын зүүн талын шанааруу өөрийн зүүн гараараа 3 удаа цохисон, тийм хүчтэй биш зөөлхөн цохисон, ...аавыг газарт унасан байхад гэдэснийх нь аймхай хэсэг рүү хоёр удаа өшиглөсөн. ...тийм ч хүчтэй өшиглөөгүй, зөөлхөн өшиглөсөн. ...цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 хавтас 142-145, 5 хавтас 149-152 дугаар хуудас/,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Н.Уянгын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Талийгаач Б.Эрдэнэбаатарын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их тархи баруун тал бөмбөлгийн чамархайн дээд хэсэг, дух дагзны ар хэсэг болон дагуу засвар зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, дух хэсгийн тархины няцрал, баруун зүүн чамархайн хуйх булчингийн цус хуралт, баруун 6,7,8, зүүн 7-р хавирганы хугарал, баруун чихний ар, дээд уруулд язарсан шарх, дух зүүн нүд, хамрын нуруу, баруун хацар, эрүү, хэвлий, нуруу, зүүн гуя, баруун шилбэний зулгаралт, баруун чихний дэлбээ, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүд, баруун хацар, баруун зүүн бугалга, зүүн тохой, зүүн баруун шуу, баруун ташаа, зүүн баруун гуя, зүүн өгзөг, баруун зүүн өвдөг, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байх боломжтой байна.

3.Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтлүүдээс гавал тархины гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг, хавирганы хугарал нь 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, бусад зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл нь 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг болно.

5. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6.Талийгаач тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

7. Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна.

8.Талийгаач нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ гэх дүгнэлт /1 хавтас 152-156 дугаар хуудас/

- Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтас 157-162 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1403 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Дорнод аймгийн ШША-ны шинжээч эмч Н.Уянгын 2016.09.05-ны өдрийн 71 тоот Б.Эрдэнэбаатарт хийсэн задлан шинжилгээний дүгнэлт үндэслэлтэй байна.

2.Талийгаач Б.Эрдэнэбаатарын биед гавал тархины битүү гэмтэл тархины баруун чамархайн хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа тархи дарагдал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дээд хэсэг, дух дагзны ар хэсэг болон дагуу засвар зүүн тал бөмөлгийн дагз хэгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус хуралт, дух хэсгийн тархины няцрал, баруун зүүн чамархайн хуйх булчингийн цус хуралт, баруун 6,7,8, зүүн 7-р хавирганы хугарал, баруун чихний ар, дээд уруулд язарсан шарх, дух зүүн нүд, хамрын нуруу, баруун хацар, эрүү, хэвлий, нуруу, зүүн гуя, баруун шилбэний зулгаралт, баруун чихний дэлбээ, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүд, баруун хацар, баруун зүүн бугалга, зүүн тохой, зүүн баруун шуу, баруун ташаа, зүүн баруун гуя, зүүн өгзөг, баруун зүүн өвдөг, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд бөгөөд үхэлд хүргэсэн тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа нь нас барахаас 12-18 цагийн өмнө үүссэн байна.

5. Талийгаач Б.Эрдэнэбаатарын биед гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа үүсч тархи дарагдаж нас баржээ.

6. Хэргийг материал дахь цогцост хийсэн гадна үзлэгийн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлтээс харахад талийгаачийн зүүн шанаа хэвлийд гэмтэл тогтоогдохгүй байна.

7. Талийгаач Эрдэнэбаатар нь гавал тархины гэмтлийг авсны дараа хатуу хальсан доорх цусан хураа нь тархи дарагдал үүсгэх хэмжээнд хүртэлх хугацаанд үг яриа хэлж үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой гэжээ. /1 хавтас 179-181 дүгээр хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 942 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Талийгаач Б.Эрдэнэбаатар нь гавал тархины битүү гэмтэл, тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, тархи дарагдал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дээд хэсэг, дух дагзны ар хэсэг болон дагуу завсар, зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн зөөлөн бүрхүүлийн доторхи цус харвалт, дух хэсгийн тархины няцрал гэмтлийн улмаас нас барсан байх ба дээрх гэмлийг аваад тархины эдийн цусан хураа аажим томорч, тархи дарагдан амьсгал, зүрх судасны төв дарангуйлагдаж улмаар зүрх судасны үйл ажиллагаа зогсох хүртэл хугацаанд амьд байх боломжтой бөгөөд үхэлд хүргэсэн тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа нь эд эсийн шинжилгээгээр тусгай будгийн аргаар бэхжүүл харахад нас барахаас 12-18 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /5 хавтас 157-160 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1348 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1403 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Талийгаач Б.Эрдэнэбаатар нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хурааны улмаас тархи дарагдаж нас барсан байх ба хохирогч дээрх гавал тархины гэмтлийг авснаас хойш цусан хураа аажмаар нэмэгдэж тархи дарагдаж нас барах хүртэл амьд явах боломжтой.

3. Анхны задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 71 дугаартай дүгнэлтээр баруун чамархайн ар хэсэгт хатуу хальсны доор 100мл орчим хар хүрэн өнгийн цусан бүлэнтэй, бүлэн гялалзсан, зөөлөн нойтон, ...их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дээд хэсэг дух дагзны ар хэсэг болон дагуу завсраар нилэнхүйдээ, зүүн тал бөмбөлгийн дагз хэсэгт зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалттай, баруун тал бөмбөлгийн духны дэлбэн хэсгээр зөөлөн бүрхүүлийн цус харвалт нь зузаан энэ хэсэгт тархины эд няцарч улбайн цус харвасан гэсэн нь үндэслэлтэй байна. Тархинд хатуу бүрхүүл доорх цусан хураа зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, няцралт гэж 3 төрлийн гэмтэл учирсан байна.

4. Дээрх 3 төрлийн гэмтэл тархинд учирсан даруйд толгой өвдөх дотор муухайрах огих бөөлжих тэнцвэр алдагдах зэрэг зовиур илрэх ба согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн согтолт ихтэй хүнд дээрх зовиуруудыг мэдрэх мэдрэмж буурна. Цусан хураа аажмаар нэмэгдэж тархи дарагдах хүртэл идвэхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой.

5. Гэрэлт үе гэж цусан хураа аажмаар нэмэгдэж тархи дарагдах хүртэл хүн ухамсарт ухаантай, идвэхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой хугацааг ойлгоно.

6. Талийгаач нь тархины барууун тал бөмбөлгийн чамархайн хэсгийн хатуу хальсан доох цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж нас барсан бөгөөд тархинд дээрх 3 төрлийн гэмтэл үүссэн үед “гэрэлт үе”-тэй байх боломжтой гэх дүгнэлт /5 хавтас 219-223 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 498 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 1403 дугаартай шинжээчийн дүгнэлт болон 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1348 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

2. Тархины хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл авсан хүн ямар хугацаанд амьд байх нь “...гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсны доорхи цусан хураа үүсч тархи дарагдаж нас барсан байна” гэх дүгнэлт гарсан байх ба тухайн тохиолдолд хохирогч дээрх гавал тархины гэмтлийг авснаас хойш 12-18 цаг /МSB тусгай будгийн аргаар/ амьд байсан байх боломжтой байна.

3. Тус хэсэгт анхны задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2016.09.05-ны өдрийн 71 дугаартай дүгнэлтэд их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дээд хэсэг, дух дагзны ар хэсэг болон дагуу завсар зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн зөөлөн бүрхүүлийн доохи цус харвалт, дух хэсгийн тархины няцрал, баруун чамархайн хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа гэмтлүүд учирсан байна гэсэн байх ба дээрх гэмтлүүд нь хамтдаа тохиолдож болно.

4. Дээрх гавал тархины гэмтлүүд учирсан даруйд толгой өвдөх, огиулах, бөөлжих зэрэг шинжүүд илрэх ба аажимдаа үг яриа ойлгомжгүй болох тэнцвэр алдагдлын шинж илрэх , ухаан балартах, ухаан алдах зэрэг шинжүүд илэрнэ. Дээрх гэмтлийн үед тархи дарагдах хүртэлх хугацаанд ухамсарт үйлдэл хийх боломжтой.

5. Гэрэлт үе гэдэг нь гавал тархины гэмтлийн дараа тархи дарагдлын шинж илэрх хүртэлх хугацаанд ухаантай байж ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийх чадвартай байх үеийг хэлнэ.

6. Тархинд дээрх 3 төрлийн гэмтэл үүссэн үед тархины хатуу бүрхүүл доорхи цусан хураатай холбоотой гэрэлт үе байж болно гэх дүгнэлт /5 хавтас 93-97 дугаар хуудас/,

- Эрүүл мэндийн яамны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19/04 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Эд судлалын шинжилгээний өөрчлөлтийг дүгнэвэл тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн үлэмжийн хаван, эд дэх цус харвалтын хуучин голомт, элэгний тархмал өөхөн хуримтлал, уушигны цус харвалт, хаван, голомтот шалчийлт болон тэлэгдэл зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.

2. Хэргийн материал дахь задлан шинжилгээний явцад авсан фото зурагнуудыг харахад тархины хатуу бүрхүүл доор байгаа цусан хураа нь тархийг дарж шахах нөлөө үзүүлсэн байж болно.

3. Үхлийн шалтгаан: Тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа тархины аалзан бүрхүүл доорх цус харвалтаас тархины эд хавагнаж төвийн гаралтай амьсгал зүрхний дутагдал үхлийн шалтгаан болсон гэж үзэх талтай гэх дүгнэлт /5 хавтас 102-103 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 7121 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Эрдэнэбаатарын саарал өнгийн майк, хөх өнгийн судалтай футболк, Д.Мын саарал өнгийн бэлтгэлийн цамц, хөх өнгийн малгай, цэнхэр өнгийн өнгийн жинсэн өмдөн дээр цус илэрсэн. Бусад хувцасан дээр цус илрээгүй.

2. Б.Эрдэнэбаатарын саарал өнгийн майк, Д.Мын саарал өнгийн бэлтгэлийн цамцан дээр холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн ба Б.Эрдэнэбаатар, Д.М нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

3. Б.Эрдэнэбаатарын хөх өнгийн судалтай фудволк, Д.Мын хөх өнгийн малгай, цэнхэр өнгийн өнгийн жинсэн өмдөн дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Б.Эрдэнэбаатарын гэх цусны ДНХ-тэй тохирч байна...гэх дүгнэлт /1 хавтас 173-174 дүгээр хуудас/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Д.М нь сэтгэцийн хувьд эрүүл байна.

2. Д.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо өөрийн үйлдэл эс үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байна.

3. Д.М нь үнэн зөв мэдүүлэг өгч, хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /1 хавтас 195-198 дугаар хуудас/,

- Шинжээч Н.Уянгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1 хавтас 199-200, 5 хавтас 163 дугаар хуудас/,

- Шинжээч А.Амгаланболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл /2 хавтас 240 дүгээр хуудас/,

- Шинжээч М.Энхбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /5 хавтас 224 дүгээр хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 7- 10 дугаар хуудас/,

- Талийгаач Б.Эрдэнэбаатарын өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хавтас 11-14 дүгээр хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хавтас 25-27 дугаар хуудас/,

- Хураан авах тухай тогтоол, хувцсанд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1 хавтас 15-24 дүгээр хуудас/,  

- Харьцуулсан шинжилгээнд хэв хэлбэр авах тухай тогтоол /1 хавтас 30-31 дүгээр хуудас/,

- Хүний биед үзлэг хийх, тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 32-36 дугаар хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 37-41 дүгээр хуудас/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1 хавтас 56-58, 6 хавтас 67-72 дугаар хуудас/,

 - Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 163-169 дүгээр хуудас/,  

- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1 хавтас 250 дугаар хуудас/,

- Хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтыг устгасан талаар гэрч М.Батмөнхийн мэдүүлэг, Дорнод аймгийн Прокурорын газрын шаардлага, Дорнод аймгийн Цагдаагийн газрын хариу хүргүүлсэн албан тоот, Монгол услын Ерөнхий Прокурорын сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал /6 хавтас 127-135 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Д.Мын иргэний үнэмлэхийн хуулбар /2 хавтас 5 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хавтас 6 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /2 хавтас 10-13 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Ч.Раднаагий, Н.Даваадорж, Т.Оюун, Т.Мөнзул, Б.Сарангав, Г.Одончимэг, Д.Энхбадрах нарын мэдүүлсэн мэдүүлэг,

- Шүүгдэгч Х.Бын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2 хавтас 41 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хавтас 39 дүгээр хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014.06.26-ны өдрийн 440 дугаартай тушаалын хуулбар /2 хавтас 42 дугаар хуудас/, 2014 онд хууль сахиулахын их сургуулийн цагдаагийн сургууль төгсөгчдийн томилолтын хуваарь /2 хавтас 42-43 дугаар хуудас/, ажлын байр албан тушаалын тодорхойлолт /2 хавтас 44-47 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Р.Оюунчимэг, У.Баатарсүрэн нарын мэдүүлсэн мэдүүлэг,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаартай тэмдэглэл /3 хавтас 132-245 дугаар хуудас/, Сүхбааатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дугаартай тэмдэглэл /4 хавтас 145-199 дүгээр хуудас/, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128 дугаартай тэмдэглэл /6 хавтас 36-45 дугаар хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхчимэгийн хохирол нэхэмжилсэн баримт /2 хавтас 83-86 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Д.Маас хохирол төлсөн тухай баримт зэрэг болно.

Эрүүгийн 201611000324 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны шөнийн 19-23 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Дашзэвэг гэх айлын хашааны хойд талд согтуугаар мал хулгайлсан гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Эрдэнэбаатарыг зодож алсан,

Шүүгдэгч Х.Б нь Дорнод аймгийн Цагдаагийн газарт Сэргэлэн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тайлбар мэдүүлэг авах хэрэг хүлээлгэх зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн өглөөний 06-07 цагийн орчимд Б.Эрдэнэбаатарын нүүр болон хэвлий орчимд нь цохиж бие махбодыг нь шаналган зовоож эрүү шүүлт тулгасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Нэг: Шүүгдэгч Д.М нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны шөнийн 19-23 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Дашзэвэг гэх айлын хашааны хойд талд согтуугаар мал хулгайлсан гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Эрдэнэбаатарыг зодож алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Гэрч М.Болормаагийн: “...Д.М нь 99424556 дугаарын утаснаас ...залгаад “Би Бабыг /Эрдэнэбаатар/-ыг зодчихлоо, манай малыг хулгайлсан учир зодсон чинь бие нь сонин болоод байна. ...Жижүүрийн сувилагч Амгаланбаярыг дуудаж, шархыг харуулж, утсан дээр нь зурагнуудыг даруулсан. Эрдэнэбаатараас хэн зодсон юм бэ гэж асуухад Д.М зодсон гээд яриад байсан...” гэх мэдүүлэг,

  • Гэрч Г.Амгаланбаярын: “...Эрдэнэбаатарын биед үзлэг хийхэд намайг хараад хөрвөөгөөд байсан. ...цээж нь нилэнхийдээ, нүүр хэсэг нь хавдаж хөхөрсөн, уруул хэсэг нь язарч хавдсан, шархных нь зургийг утсан дээрээ дарж авсан...” гэх мэдүүлэг,
  • Гэрч Б.Батжаргалын “…эмч Эрдэнэбаатарыг үзээд цээжинд нь хөхөрч улайсан байна гэсэн. ...Миний харснаар Эрдэнэбаатарын нүүрэнд шархтай, нүд, уруул хэсэг нь хөхөрч хавдсан байдалтай байсан. ...Би Д.Маас “уруул ам нь яагаад ийм болчихов оо” гэхэд “Эрдэнэбаатар манай малыг хулгайлсан гэдгээ надад хэлсэн, тэгээд би зодсон юмаа” гэж хэлсэн, ...малын сэвс заахаар явахын өмнө Эрдэнэбаатар толгой өвдөөд байна хүйтэн ундаа уумаар байна гэж ярьж байсан...” гэх,
  • Гэрч Э.Хартогоогийн: “...Цагдаагийн байранд байхдаа Д.М намайг зодсон гэж ярьсан. ...ер нь юм ярьж чадахгүй, ухаан санаа нь орж гараад байсан. ...Мөнхөө надад өөрөө ярихдаа би танай аавыг зодсон, тэгээд аав чинь манай үхрийг хулгайлсан гэж хүлээсэн гэж хэлсэн. ...сэвс хайхаар явахын өмнө ...аавдаа өөрийнхөө өмсөж явсан дээлийг өмсүүлсэн. Тэр үед аав өөрөө сайн өмсөж чадахгүй, хоёр гараа дээш нь өргөж чадахгүй байсан. Мөнхөө ахын гэрийн гадаа очоод аав надад хандаж кола аваад өг гэж хэлсэн би Мөнхөө ахын гэрт оруулж ус уулгая гэхэд Мөнхөө ах наад хулгайчдаа ус уулгаж яадаг юм гээд байсан...гэх, 
  • Гэрч Б.Ганзоригийн: “...01 цагийн үед ...цагдаагийн хэсгийн байранд ирэхэд ...Эрдэнэбаатар нь цонхны доод талд өөрийн гэсэн ухаантай хэвтэж байсан. ...Д.М нь ярихдаа бид хоёр архи хамт уусан. Эрдэнэбаатар нь миний 6 тооны үхрийг авсан талаараа хүлээсэн. Тэгээд би жоохон зодсон юмаа гэж хэлж байсан...” гэх,
  • Гэрч Н.Энхтуяагийн: “... 2016 оны 08 сарын 01-ний орчим байх Энхбадрах нь ...надад хэлэхдээ “над руу Д.М яриад би Бабыг зодсон чинь манай үхрийг хүлээчихлээ, тэгсэн чинь Бабын бие муудаад байна, эмч дуудаад өгөөч гэж ярьсан, тэгэхээр нь би Болормаа эмч рүү ярьж очиж үзээд өгөөч гэж хэлсэн. Д.Мад хандаж, наадхаа битгий зодоорой бие муутай шүү, цагдааг нь дуудаад өгөөч гэж бас хэлсэн” гэсэн утгатай зүйлийг ярьсан. Тэгэхээр би Д.М нэлээн зодчихоод Энхбадрах руу ярьжээ гэж бодож байсан...” гэх мэдүүлгүүд,
  • Гэрч Э.Хартогоо, Б.Ганзориг, Б.Батжаргал нарыг 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрүүдэд нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл: “...гэрч Э.Хартогоо би өмнөх мэдүүлэгтээ болсон зүйлийг үнэнээр нь ярьсан. ...аавдаа өөрийнхөө өмсөж явсан дээлийг өмсүүлсэн. Тэр үед аав өөрөө сайн өмсөж чадахгүй, хоёр гараа дээш нь өргөж чадахгүй байсан. ...Д.М ахынд очиход аав надад аавдаа нэг кола аваад өгчих уучихвал болох гээд байна гэсэн. Тэгсэн Мөнхөө ах хулгайч хүнд яахаараа өгдөг юм гээд загнасан...” гэх,
  • Эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 7121 дугаартай шинжээчийн дүгнэлтийн: “...Б.Эрдэнэбаатарын саарал өнгийн майк, Д.Мын саарал өнгийн бэлтгэлийн цамцан дээр холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн ба Б.Эрдэнэбаатар, Д.М нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...Эрдэнэбаатарын хөх өнгийн судалтай фудволк, Д.Мын хөх өнгийн малгай, цэнхэр өнгийн өнгийн жинсэн өмдөн дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Б.Эрдэнэбаатарын гэх цусны ДНХ-тэй тохирч байна...” гэх,

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Н.Уянгын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлтийн: “...Талийгаач Б.Эрдэнэбаатарын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их тархи баруун тал бөмбөлгийн чамархайн дээд хэсэг, дух дагзны ар хэсэг болон дагуу засвар зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, дух хэсгийн тархины няцрал, баруун зүүн чамархайн хуйх булчингийн цус хуралт, баруун 6,7,8, зүүн 7-р хавирганы хугарал, баруун чихний ар, дээд уруулд язарсан шарх, дух зүүн нүд, хамрын нуруу, баруун хацар, эрүү, хэвлий, нуруу, зүүн гуя, баруун шилбэний зулгаралт, баруун чихний дэлбээ, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүд, баруун хацар, баруун зүүн бугалга, зүүн тохой, зүүн баруун шуу, баруун ташаа, зүүн баруун гуя, зүүн өгзөг, баруун зүүн өвдөг, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Талийгаач тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ” гэх,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1403 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн: “...Дорнод аймгийн ШША-ны шинжээч эмч Н.Уянгын 2016.09.05-ны өдрийн 71 тоот Б.Эрдэнэбаатарт хийсэн задлан шинжилгээний дүгнэлт үндэслэлтэй байна. ...Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд бөгөөд үхэлд хүргэсэн тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа нь нас барахаас 12-18 цагийн өмнө үүссэн байна. ...Хэргийг материал дахь цогцост хийсэн гадна үзлэгийн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлтээс харахад талийгаачийн зүүн шанаа хэвлийд гэмтэл тогтоогдохгүй байна…” гэх,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 942 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн: “...Талийгаач Б.Эрдэнэбаатар нь гавал тархины битүү гэмтэл, тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, тархи дарагдал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дээд хэсэг, дух дагзны ар хэсэг болон дагуу завсар, зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн зөөлөн бүрхүүлийн доторхи цус харвалт, дух хэсгийн тархины няцрал гэмтлийн улмаас нас барсан байх ба дээрх гэмтлийг аваад тархины эдийн цусан хураа аажим томорч, тархи дарагдан амьсгал, зүрх судасны төв дарангуйлагдаж улмаар зүрх судасны үйл ажиллагаа зогсох хүртэл хугацаанд амьд байх боломжтой бөгөөд үхэлд хүргэсэн тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа нь эд эсийн шинжилгээгээр тусгай будгийн аргаар бэхжүүл харахад нас барахаас 12-18 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна...” гэх,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1348 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн: “... Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1403 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. ...Гэрэлт үе гэж цусан хураа аажмаар нэмэгдэж тархи дарагдах хүртэл хүн ухамсарт ухаантай, идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой хугацааг ойлгоно...гэх,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 498 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1403 дугаартай шинжээчийн дүгнэлт болон 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1348 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. ...тухайн тохиолдолд хохирогч дээрх гавал тархины гэмтлийг авснаас хойш 12-18 цаг /МSB тусгай будгийн аргаар/ амьд байсан байх боломжтой байна...” гэх дүгнэлтүүд,

- Эрүүл мэндийн яамны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19/04 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

 

Хоёр: Шүүгдэгч Х.Б нь Дорнод аймгийн Цагдаагийн газарт Сэргэлэн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тайлбар мэдүүлэг авах хэрэг хүлээлгэх зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн өглөөний 06-07 цагийн орчимд Б.Эрдэнэбаатарын нүүр болон хэвлий орчимд нь цохиж бие махбодийг нь шаналган зовоож эрүү шүүлт тулгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Гэрч Э.Хартогоогийн: “...сандал дээр сууж байхад хэсгийн төлөөлөгч ирээд аавыг үснээс нь татаж үхэр хаана байна вэ гэж байсан. Миний санаж байгаагаар 2-3 удаа үснээс нь зулгааж байсан. Мөн цахилгаан бороохоогоор зүүн бугалга хэсэгт хувцасны гаднаас зөөлхөн хэд хэдэн удаа цохиулж байсан. ...хөдөө малын сэвс олохоор хөдөө очоод Х.Б нь аавын шанаа руу хүчтэй биш 2-3 удаа цохисон. Хамгийн сүүлд цохиход аав хөл алдаад унаад өгсөн, унасных нь дараа төлөөлөгч аавын аймхай орчимд 2 удаа зөөлхөн өшиглөсөн...” гэх,

- Гэрч Б.Ганзоригийн: “...Хөдөө очоод Х.Б нь Эрдэнэбаатараас малын чинь сэвс хаана байна ...чи худлаа заалаа гээд нэг удаа бие хэсэг рүү нь хүрэх шиг болсон...” гэх,

- Гэрч Э.Хартогоо, Б.Ганзориг, Б.Батжаргал нарыг 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрүүдэд нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл: “...гэрч Э.Хартогоо би өмнөх мэдүүлэгтээ болсон зүйлийг үнэнээр нь ярьсан. ...бид нар үхрийн сэвс олохоор яваад хөдөө очоод ...сэвсээ олохгүй ирэхэд нь хэсгийн төлөөлөгч Х.Б манай аавын зүүн талын шанааруу өөрийн зүүн гараараа 3 удаа цохисон, тийм хүчтэй биш зөөлхөн цохисон, ...аавыг газарт унасан байхад гэдэснийх нь аймхай хэсэгрүү хоёр удаа өшиглөсөн. ...тийм ч хүчтэй өшиглөөгүй, зөөлхөн өшиглөсөн...” гэх,

- Шүүгдэгч Д.Мын: “...талийгаачийг яагаад газраа зааж өгөхгүй байгаа юм бэ гээд газар унагаагаад хэд хэдэн удаа өшиглөсөн..., Талийгаач газар унаад сонин болсон. Тэгээд цагдаа Х.Б битгий баашлаад бай гээд байсан...” гэх,

- Шүүгдэгч Х.Бын: “...би хохирогчтой зандрангуй харьцаж байсан нь үнэн. ...би өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Залуу туршлагагүй байснаасаа болоод хэрэгт холбогдсон... Надад холбогдуулан зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Та бүхэн нөхцөл байдлыг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч нар “Д.Мын үйлдлээс хохирогч нас бараагүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй” гэж байгаа хэдий ч энэ нь хавтас хэрэгт авагдсан “...Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1403 дугаартай шинжээчийн дүгнэлтийн: “...үхэлд хүргэсэн тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа нь нас барахаас 12-18 цагийн өмнө үүссэн байна. ...Хэргийг материал дахь цогцост хийсэн гадна үзлэгийн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлтээс харахад талийгаачийн зүүн шанаа хэвлийд гэмтэл тогтоогдохгүй байна… гэх, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1348 дугаартай, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 498 дугаартай болон хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмч нарын мэдүүлгүүд, гэрч Э.Хартогоо, Батжаргал, Б.Ганзориг нарын мэдүүлэг, тэдгээрийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэж байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Х.Бт холбогдох хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар түүний өмгөөлөгч “...2002 оны Эрүүгийн хуулиар зөвхөн мэдүүлэг авах үед эрүү шүүлт тулгадаг гэсэн ойлголтыг 2015 оны Эрүүгийн хуулиар хүрээг тэлсэн. Тухайн үед Х.Б албан ёсоор хохирогч, сэжигтнээр тооцож мэдүүлэг аваагүй. Х.Б гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг газар дээр нь шалгах зорилго байсан. Улмаар гомдол мэдээллийг шалгаад, хэргийн газар үзлэг хийхээр явж байсан. Энэ үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуульд нийцэж байгаа боловч 2002 оны Эрүүгийн хуульд эрүүгийн хэрэгт тооцдоггүй байсан. Иймд дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй. Иймээс манай үйлчлүүлэгчийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргаж байгааг шүүх үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь: Х.Б нь хэрэг үйлдэх үедээ төрийн албан хаагч буюу Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Сэргэлэн сум дахь хэсгийн төлөөлөгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч эрх бүхий албан тушаалтан байсан ба өөрт хууль, журмаар олгогдсон эрх, үүргийн дагуу иргэн Д.Маас өгсөн “Эрдэнэбаатар мал хулгайлсан” гэх гэмт хэргийн талаарх гомдлын дагуу гэмт хэргийн ул, мөрийг илрүүлэх зорилгоор иргэн Эрдэнбаатарыг хөдөө авч явж малынхаа сэвсийг ол гэж шанаанд цохиж, хэвлийд нь өшиглөсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон.

Шүүгдэгч Х.Бын дээрх үйлдэл нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байна.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын Прокурор С.Алтайгаас шүүгдэгч Д.Мыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.Быг мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Шүүгдэгч нар нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх чөлөө, эрүүл мэндэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсэн атлаа шүүгдэгч Д.М нь хохирогч Б.Эрдэнэбаатарыг “өөрийнх нь малыг хулгайлсан гэх хувийн сэдэлтээр шалтаглан зодож” алах, шүүгдэгч Х.Б нь төрийн албан хаагчийн хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэхдээ хохирогч Б.Эрдэнэбаатарыг “мал хулгайлсан” гэх хэрэг хүлээлгэх зорилгоор үснээс нь зулгааж, нүүрэнд нь гараар цохих, өшиглөх зэргээр бусдын бие махбодийг зориуд шаналган зовоож эрүү шүүлт тулгах гэмт хэргийг тус тус гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхчимэг нь амь хохирогчийн оршуулгын зардалд 5.812.562 төгрөг нэхэмжилснийг баримтаар тооцоход 5.338.898 төгрөг гарсан ба Д.М нь оршуулгын зардалд 5.350.000 төгрөгийг нөхөн төлсөн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохирол болон оршуулгын зардал нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх баримт гаргаж өгөөгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд Шүүгдэгч Д.М, Х.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзсэн болно.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Быг мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хүлээлгэх зорилгоор бие махбодийг шаналган зовоож  эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэстэй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Д.Мын үйлдсэн дээрх гэмт хэргийн хувьд “...учруулсан хохирлыг төлсөн” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч Ө.Батболдын эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор гаргаж буй “…Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан хорих ялыг доош нь татаж өгнө үү” гэх хүсэлт нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх... ялыг хөнгөрүүлэх” зохицуулалт бөгөөд Д.Мын хувьд гэм буруугийн талаар маргаж байгаа, мөн түүний үйлдлээс бусдын амь нас хохирсон зэрэг гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзвэл дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай, шүүгдэгч Х.Бт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагуудад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.М нь 562 хоног, шүүгдэгч Х.Б нь 84 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 562 хоног, шүүгдэгч Х.Бын цагдан хоригдсон 84 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцох нь зүйтэй байна.

Д.Мын Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багт байрлах 750 м.кв газар, 2 настай 80 тооны эм хонийг тус тус битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдийн “Эд хөрөнгийг битүүмжлэх” тухай тогтоолыг, шүүгдэгч нарт урьд авсан хилээр гарах эрх хязгаарлах арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй бөгөөд баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Мын ....................тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Х.Бын ................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ............. овогт Д.Мыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ................ овогт Х.Быг мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хүлээлгэх зорилгоор бие махбодыг шаналган зовоож эрүү шүүлт тулгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай, шүүгдэгч Х.Бт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагуудад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 562 хоногийг, шүүгдэгч Х.Бын цагдан хоригдсон 84 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар ялтан Д.М, Х.Б нарт урьд авсан хилээр гарах эрх хязгаарлах арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Мын Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багт байрлах 750 м.кв газар, 2 настай 80 тооны эм хонь зэргийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдийн “Эд хөрөнгийг битүүмжлэх” тухай тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Мын ................. тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Х.Бын ..................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

7. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М, Х.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.БАТСАЙХАН

                                                               ШҮҮГЧИД                         Л.БАТЖАРГАЛ

                                                                                                         Х.САНЖИДМАА