Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 621

 

               Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

               Нэхэмжлэгч: Увс аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй,

               Хариуцагч: “Дөрвөн Ойрад” ХХК-д холбогдох,

        Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 28.426.079 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 4.866.546 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

               Нэхэмжлэгч Увс аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дөрвөн Ойрад ХХК нь 36 айлын орон сууцны өмнөх 63х23м=1449 м2 болон хуучин Хархираа буудлын өмнөх 62х 20м=1240 м2 нийтийн эзэмшлийн цэцэрлэгийн нийт 2689 м2 талбайд төв гудамжны дагуу ойн зурвас, ногоон байгууламж байгуулах УВНБ-01/2013 ажил гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалтад шалгарч аймгийн Засаг даргатай 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын төв гудамжны дагуу ойн зурвас, ногоон байгууламж байгуулах ажил гүйцэтгэх гэрээг 44.753.596 төсөвт өргтөгтэйгээр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч нь Улаангом сумын Төв гудамжны дагуу ойн зурвас, ногоон байгууламж байгуулах ажил гүйцэтгэх ажлыг 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр эхэлж, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтанд оруулна, 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газарт хүлээлгэн өгнө гэсэн ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй, ажлаа гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй, ажлын гүйцэтгэлээр нийт 28.426.079 төгрөгийн санхүүжилт авсан байгаа нь одоогийн хийсэн гэх гүйцэтгэлийг хангахгүй байна. Гэрээнд зааснаар Төв гудамж дагуу ойн зурвас, ногоон байгууламж байгуулах ажлын зургийн даалгаврын дагуу 336 м хашаа барих, 3300-аас доошгүй суулгацтай мод тарих байтал нэг ч мод тариагүй, явган хүний зам хийгээгүй, элсэн талбай 4-ийг байгуулах ёстой атал хийгээгүй, хогны сав 10-аас доошгүйг байрлуулах байтал байршуулаагүй зэрэг хийх ёстой ажлын 80 гаруй хувийг хийгээгүй байна. Хийсэн ажил гэх барьсан хашаа, цэцгийн мандал, саравч нь гэрээнд заасан шаардлагыг хангахгүй байгаа болно. Иймээс Дөрвөн Ойрад ХХК-ны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ажлын гүйцэтгэлээр олгосон 28.426.079 төгрөгийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Дөрвөн Ойрад ХХК-ийн захирал Д.Цэгмид шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Засаг дарга Д.Цэндсүрэнгийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд тэрээр хийгдсэн бодитой байгаа ажлыг хийгдээгүй мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй болохыг тайлбарлаж байна. Түүний гаргуулсан үнэлгээ нь бодит бус гэж үзэж байна. Манай Дөрвөн Ойрад ХХК нь түүнээс ч илүү зардал гаргаж уг ажлыг хийсэн гэдгээ хэлсээр байна. Энэ талаар сөрөг нэхэмжлэлийг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гаргана” гэжээ.

                Хариуцагч Дөрвөн Ойрад ХХК-ийн захирал Д.Цэгмид шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Манай Дөрвөн Ойрад ХХК нь Увс аймгийн Засаг даргад Улаангом сумын төв гудамжны дагуу ойн зурвас, ногоон байгууламжийн ажлыг 44.753.596 төгрөгөөр буюу тендер шалгаруулалтад оролцсон нөгөө 2 компаниас даруй 4.200.000 төгрөгөөр хямд хөлсөөр гүйцэтгэх үнийн санал тавьсныг хамгийн хямдхан байна гэж захиалагч тал хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсоноор 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Уг ажлыг гүйцэтгүүлэхээр орон нутгаас баталсан төсөв нь 50.000.000 төгрөг байсан. Ажил гүйцэтгэж эхэлснээс хойш 53 хоногийн дараа 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гэрээний талууд хийгдсэн ажлыг харилцан дүгнэж, гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл буюу хийгдсэн ажлыг 75 хувьтай байна хэмээн 33.292.625 төгрөгөөр баталсан байдаг. Өөрөөр хэлбэл Дөрвөн Ойрад ХХК нь гэрээний дагуу 33.292.625 төгрөгийн ажил гүйцэтгэснийг захиалагч тал баталсан нотлох баримт байна. Гэтэл Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн нь компаний үүсгэн байгуулагчдын нэг болох Л.Пүрэвдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас өс хонзон санаж нэгдүгээрт гүйцэтгэх ажлын зургийн даалгавраа өөрчилж ажил гүйцэтгэх эрх зүйн орчноор хангаж өгөхгүй, хоёрдугаарт гүйцэтгэлээр батлагдсан гэрээний төлбөрийг гүйцэт төлж ажил гүйцэтгэх санхүүгийн боломжийг олгохгүй эрх зүй болон эдийн засгийн байдлаар нь хувийн ашиг сонирхлын үүднээс хавчин гадуурхаж албан тушаалын байдлаа урвуулсаар компанийг хохироон эцэстээ гэрээгээ цуцалж, батлагдсан гүйцэтгэлээс нь дутуу олгосон ажлын хөлсөө ичихгүйгээр нэхэмжилж шүүхэд ханджээ. Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан компанид үлэмж хэмжээний хохирол учруулж байгаа асуудлаар нь цаашид холбогдох байгууллагад нь хандаж шалгуулах бодолтой байна. Иргэний шүүхээр шийдүүлчихээр эрүүгийн хариуцлагаас мултарна гэж эндүүрч байгаа бололтой. Манай компани тухайн үед гүйцэтгэлээр баталгаажсан санхүүжилтээ гүйцэд авахаар 4.866.546 төгрөг нэхэмжлэл сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд Увс аймгийн Засаг даргаас 4.866.546 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэсхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Дөрвөн Ойрад ХХК нь 36 айлын орон сууцны өмнөх 63х23м=1449 м2 болон хуучин Хархираа буудлын өмнөх 62х 20м=1240 м2 нийтийн эзэмшлийн цэцэрлэгийн нийт 2689 м2 талбайд төв гудамжны дагуу ойн зурвас, ногоон байгууламж байгуулах УВНБ-01/2013 ажил гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалтад шалгарч аймгийн Засаг даргатай 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын төв гудамжны дагуу ойн зурвас, ногоон байгууламж байгуулах ажил гүйцэтгэх гэрээг 44.753.596 төсөвт өртөгтөгтэйгээр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч нь Увс аймгийн Улаангом сумын төв гудамжны дагуу ойн зурвас, ногоон байгууламж байгуулах ажил гүйцэтгэх ажлыг 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр эхэлж, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оруулна, 2013 оны 8 дугаар сарын 14-нд Хотын хөгжил цэцэглэгжүүлэлтийн газарт хүлээлгэн өгнө гэсэн ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй, ажлаа гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй, ажлын гүйцэтгэлээр олгосон нийт 28.426.079 төгрөгийг “Дөрвөн Ойрад” ХХК-аас нөхөн төлүүлэхээр шүүхэд гаргасан аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй “Дөрвөн Ойрад” ХХК-д холбогдох хэргийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.            

            Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Увс аймгийн Засаг дарга нь ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 28.426.079 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Дөрвөн Ойрад” ХХК-д холбогдуулан гаргасан ба хариуцагч “Дөрвөн Ойрад” ХХК нь Увс аймгийн Засаг даргаас санхүүжилтээр дутуу олгосон 4.866.546 гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

                 Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэсхүү нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэхээр хуульчилсан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэх боломжгүй байна.      

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь  зүйтэй.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

               1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэсхүү хариуцагч “Дөрвөн Ойрад” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 28.426.079 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

               2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Дөрвөн Ойрад” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 4.866.546 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцээгүй болохыг дурдсугай.

               3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Засаг даргын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ                                 Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ