Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 819

 

    Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Ц.Ариунтуяа (томилолтоор),шүүгдэгч Г.Г-ыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д овогт Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908001700236 хэргийг 2019 оны 07 дугаар16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овогт Г.Г, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 20 дугаар гудамжны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар****, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 378 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Г нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн **** тоот өөрийн гэртээ 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн үед өөрийн төрсөн хүүхэд болох 09 настай Г.А-ыг ээжийгээ олж ир гэж толгой, нүүр, нуруу, гар, хөл рүү нь олон удаа, 20-30 минутын турш гар, хөлөөрөө цохиж зодож, олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгаж, тарчлаан зовоож, Г.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу онц харгис хэрцгийгээр, хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Д овогт Г.Г нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 20 дугаар гудамжны *** тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн хүү 09 настай Г.А-ыг “эхийгээ олж ир” гээд толгой, нүүр, нуруу, гар, хөл рүү нь олон удаа гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж,20-30 минутын туршзодож, түүний бие махбодод зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зулайн хуйх, нуруу, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, цээжний зулгаралт бүхий олон тооны шарх гэмтэл үүсгэж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Г-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

2.Насанд хүрээгүй хохирогч Г.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн үед өөрийн 02, 04, 06 настай эрэгтэй 3 дүүгээ хараад гэртээ байж байхад аав Г гаднаас согтуу орж ирээд надаас ээж чинь хаана байна гэхээр нь мэдэхгүй гэхэд чи яахаараа мэддэггүй юм гээд баруун, зүүн гар луу 20 гаран удаа өөрөө зогсож байгаад өшиглөөд байсан. Өшиглөсний дараа гараа зангидаж байгаад зүүн нүд рүү, баруун хацар луу, зулай руу тус тус цохисон. Би хэзээ зодохоо болих юм болоо, хурдан болиосой гэж бодсон бараг 20-30 минут үргэлжилсэн. Ингэж байгаад 06 настай дүү А бид хоёрыг А-ийн багш Ө гэх цэцэрлэгийн багшийн гэр лүү дагуулж явсан. Аав хэлэхдээ ээж чинь Ө багшийнд байгаа биз гэж хэлсэн. Ө багшийн гэрт очиход ээж гэрт нь байгаагүй ба А бид хоёрыг үлдээгээд өөрөө яваад өгсөн. Ингээд аав ээж хоёрыг хүлээж байгаад унтсан ба сэрээд цагаа харахад 23 цаг болж байхад эмээ С ирээд, бид хоёрыг авч явсан.Урьд нь аав намайг ганц нэг цохиж байсан боловч ингэж аймар зодож байгаагүй. Яг юунаас болж намайг зодоод байсныг биойлгоогүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-17 дугаар хуудас);

3.Гэрч Н.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай хүү Г.Г нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн *** тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Би хааяа хүү Г болон бэр А нарыг ажилтай үед нь гэрт нь ирж хүүхдүүдийг нь хардаг. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай ач А-ийн багш Ө яриад танай том ач А-ын толгой нь хагарсан байна одоо гэртээ унтуулж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би кино үйлдвэрээс сандраад такси бариад яваад очсон. Очиход А, А 2 ач маань унтаж байсан. Хоёр хүүхдээ хувцаслаад сэргээгээд Г-ын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн **** тоотод очсон. Гэрт нь хүн байхгүй байсан. Хажуу айлаас нь 3 настай, 2 настай ач нараа авсан. А-аас миний хүүг хэн ингэж зодов гэж асуухад аав намайг зодсон гэж хэлсэн. Яагаад чамайг зодсон юм бэ гэж асуухад А мэдэхгүй гэсэн. А-ын толгойг нь угаагаад хагарсан хэсгийг цэвэрлээд байж байхад 00 цагийн орчим А ороод ирсэн. Тэгээд би Г-ын гэрт ор засаад унтсан өглөө 08 цагт сэрэхэд Г гэртээ ирсэн унтаж байсан. Тухайн өдөр бүгд унтаад хүүхдүүдээ цэцэрлэгээс хоцроосон байсан. Тэгэхээр нь би“чи яахаараа хүүхдээ зодсон юм бэ” гэж асуухад мэдэхгүй байна ээжээ би юу ч санахгүй байна гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-24 дүгээр хуудас);

4.Гэрч Д.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 214 дүгээр цэцэрлэгийн багш ажилтай. Манай цэцэрлэгт Г.А гэх 5 настай шавь суралцдаг. 2018 оны 12 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед манай гэрийн хаалгыг хүн цохиод байсан. Хэн бэ гэж асуухад дуугарахгүй байсан. Дахиад хэн бэ гэж асуутал А багшаа би байна гэхээр нь хаалгаа тайлж өгсөн. Хаалгаа тайлахад А болон ах А, аав Г нар нь байсан. Аав Г дунд зэргийн согтолттой байх шиг байсан. Надаас манай эхнэр байна уу гэж асуухад би “танай эхнэр манай гэрт байхгүй” гэж хэлсэн. Согтуу байх шиг болохоор нь 2 хүүхдийг аваад үлдсэн. Учир нь А-ын толгойноос цус гарсан байхаар нь  чи хүүхдээ зодсон юм биш үү гэж асуухад үгүй би хүүхдээ зодоогүй гэж хэлсэн. Би гэрээсээ түлхэж гаргаад гэрээ цоожилсон. Ах А-аас сайн асуухад ээжийгээ олж ир гээд аав намайг зодсон гэж хэлсэн. Ээжийнхээ гар утасны дугаарыг өг гэтэл утас холбогдохгүй байхаар нь эмээгийн дугаар луу залгаад 00 цаг өнгөрч байхад ирээд 2 хүүхдээ аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-26 дугаар хуудас);

5.Гэрч Л.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ЕБС-н **дүгээр сургуулийн 2-р ангийг хариуцан аваад Г.А-ын ангийн багшаар одоо хүртэл томилогдон ажиллаж байна. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай сурагч А-ын 2 нүд бага зэрэг хөхөрсөн, дагз, зулай нь язраад хавдсан байдалтай байсан. Тэгэхээр нь түүнээс юу болсон юм бэ гэж асуухад аав Г-д зодуулсан гэж хэлсэн. Аав чинь чамайг юунаас болж зодсон юм бэ? Чи хэрэг тарьсан уу? гэж асуухад би хэрэг тариагүй аав архи ууж ирээд намайг зодсон гэж хэлсэн. Би сургуулийнхаа нийгмийн ажилтан, эмч нарт үзүүлж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27-28 дугаар хуудас);

6.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 491 дугаартай “...Г.А-ын биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зулайн хуйх, нуруу, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, цээжний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 35 дугаар хуудас);

7.Шүүгдэгч Г.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 56 дугаар хуудас), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 66 дугаар хуудас);

8.Шүүгдэгч Г.Г-ын яллагдагчаар өгсөн: ”...Манайх Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн **** тоотод эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гадуур найзтайгаа архи ууж байгаад гэртээ ирсэн. Гэрт ирэхэд том хүү Г.А, 5 настай хүү Г.А, 3 настай хүү Г.Б, бага хүү 1 нас 08 сартай Г нар байсан. Эхнэр А байхгүй хүүхдүүдээ орхиод гараад явсан, харах хүн байхгүй болохоор нь миний уур хүрсэн. Хүү Г.А-аас ээж нь хаана байна гэж асуухад мэдэхгүй гэсэн. Архи уусан байсан энхэр байхгүй болохоор уурлаад А-ыг загнаад чи яахаараа ээжийгээ хаана байгааг мэддэггүй юм бэ? гэж хэлээд хөл, гар луу зөөлөн өшиглөсөн. Тэгээд ээжийгээ хаана байгааг хэлэхгүй болохоор  нь гараа зангидаж байгаад баруун хацар, зулай руу 1-2 удаа цохисон. Тэгээд хүү А-ыг дагуулж гараад Ө гэх цэцэрлэгийн багшийн гэр лүү явсан. Уг багшийн гэр манай гэрээс ойрхон байдаг. Ө багшийн гэрт эхнэр байхгүй байсан болохоор хүү Г.А, Г.А нарыг үлдээгээд гэр лүүгээ харьсан. Гэртээ хариад унтаад өгсөн.Өглөө сэрэхэд төрсөн ээж С, эхнэр А нар ирсэн байсан ба тэд яагаад архи ууж байгаа юм бэ? А-ыг зодсон байна, яаж байгаа юм бэ? гэсэн. Тэгээд эхнэр болон Г.А-аас уучлалт гуйгаад буруугаа хүлээсэн. Гадуур хүний машин янзлах гээд явж байтал энхэр А яриад хүү А-г хорооны цагдаа ирээд аваад явчихлаа гэж хэлсэн. Хэлтэс дээр очиход цагдаагийн байгууллага шалгана гэсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 75-76 дугаар хуудас) зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.А-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Г.Г-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр насанд хүрээгүй хохирогч Г.А-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүгдэгч Г.Г, насанд хүрээгүй хохирогч Г.А нар нь эцэг, хүүгийн харилцаатай бөгөөд нэг гэр бүлд хамт амьдардаг гэр бүлийн гишүүд болохнь нотлогдон тогтоогдож байх тулГэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэхзаалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Г.Г-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүгдэгч Г.Г нь бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллээ 20-30 минутын турш удтал үргэлжлүүлж, хүүхдийг айдас түгшүүрт автуулж, олон тооны шарх гэмтэл учруулсан байх тул энэ гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн“гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Г-ыг“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр бага насны хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч Г.А нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Г.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Г бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна... ” гэв.

Хүүхдийн эсрэг онц харгис хэрцгийгээр хүчирхийлэл үйлдсэн хэргийн нөхцөл байдлын хувьд улсын яллагчийн санал ялын төрөл тохирох боловч хэмжээний хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нэг нөхцөл байдлыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ньтүүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж чадна гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан бөгөөд хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байх тул Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаарСонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 20 дугаар гудамжны ****тоотод оршин суудаг насанд хүрээгүй хохирогч 9 настай Д овогт Г-ын А (***)-д хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, цаашид хүүхдийн эрх хамгаалах чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг тус дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Д овогт Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг онд харгис хэрцгийгээр бага насны хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Г.Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар 9 настай хохирогч Г.А (хаяг:Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунднаран *** тоот, Регистрийн дугаар:****)-д хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, хүүхдийн эрхийг хамгаалах талаар арга хэмжээ авахыг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгасугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА