Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 623

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны 712 тоотод оршин суух, 1965 онд төрсөн 51 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОМ65032007, Харагчууд овогт Ноостын Отгонноровын,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сайнбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

    Нэхэмжлэгч Н.Отгонноров шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сайнбуян шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1965 онд төрсөн, 51 настай. Би 1983 онд Хүнсний үйлдвэрийн техникийн сургуульд элсэн суралцаад 1984 оны 7 дугаар сард тус сургуулийг төгсөөд 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 95 дугаар тушаалаар Хүнсний үйлдвэрийн нарийн боовны цехэд нормчноор ажиллах болсон. Улмаар 1986 оны 8 дугаар сард Дархан хотын Хүнсний политехникумд суралцах болсон тул Увс аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд тус сургуулийг төгсөж ирээд Эрчим хүч уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Хартарвагатайн нүүрсний уурхайн захиргааны даргын 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 25 дугаар тушаалаар тус уурхайд нүүрс борлуулагчаар томилогдон ажиллаж байгаад 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 27 тоот захирлын тушаалаар нүүрс борлуулагчийн ажлаас чөлөөлөгдөж, Хартарвагатайн нүүрсний уурхайн тооцооны нягтлан бодогчоор ажиллах болсон. Тус уурхайд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2002 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 18 тоот захирлын тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие ажиллаж байх хугацаандаа өөрийн ажил үүргээ сайн биелүүлж ажиллаж байсан болно. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах болсон бөгөөд тэтгэвэрт гарах гэтэл тухайн үед ажиллаж байхдаа авч байсан цалингийн тодорхойлолтоо Увс аймгий Архиваас шүүлгэж ир гэсэн. Гэтэл Тариалан сумын тухайн үеийн архивын баримт бичиг бүгд шатсан тул Увс аймгийн архивт тэр үеийн баримт байхгүй байна. Иймээс тухайн үед ажиллаж байсан цалингийн тодорхойлолтоо авах боломжгүй байна. Иймд миний 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хүнсний үйлдвэрийн нарийн боовны цехэд нормчноор, 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрчим хүч уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Хартарвагатайн нүүрсний уурхайд нүүрс борлуулагч, тооцооны нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Х.Катав, Н.Эрдэнэбилэг нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Отгонноров нь 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хүнсний үйлдвэрийн нарийн боовны цехэд нормчноор, 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрчим хүч уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Хартарвагатайн нүүрсний уурхайд нүүрс борлуулагч, тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

      Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 266 дугаар архивын лавлагаанд: “Увс аймгийн Хартарвагатайн уурхайн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Ноост овогтой Отгонноровын ажилласан хугацааг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.

        Хүнсний үйлдвэрийн техникийн сургуулийн захиргаанаас 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Н.Отгонноровт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хүнсний үйлдвэрийн техникийн сургуульд сурагчаар элсүүлэв, 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сургуулиа төгссөн тул ХХҮЯ-ны боловсон хүчний газрын мэдэлд шилжүүлэв, 1984 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Хүнсний үйлдвэрийн нарийн боовны цехэд нормчноор авч ажиллуулав, 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дархан хотын Хүнсний политехникумд суралцах болсон тул нарийн боовны цехийн нормчны үүрэгт ажлаас чөлөөлөв, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Дархан хот дахь Политехникумын цахилгааны ангид элсүүлэн суралцуулав, 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Цахилгааны мэргэжлээр суралцаж төгссөн тул ЭХУУҮГЯ-ны боловсон хүчний газрын мэдэлд шижлүүлэв, 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хартарвагатайн уурхайд нүүрс борлуулагчаар авч ажиллуулав” гэжээ.

      Н.Отгонноровыг Хүнсний үйлдвэрийн нарийн боовны цехэд нормчноор томилсон тушаалын хуулбарт: “Н.Отгонноровыг Хүнсний үйлдвэрт 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 95 тоот тушаалаар нарийн боовны цехэд нормчноор ажилд авсан” гэжээ.

      Эрчим хүч уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Хартарвагатайн нүүрсний уурхайн захиргааны даргын 1990 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар “Отгоннноровыг ажилд томилох тухай” тушаалд: “Политехникийн дунд сургууль төгсөж яамны хуваариар ирсэн Ноост овогтой Отгонноровыг 1990 оны 4 дүгээр сарын 01-нээс эхлэн нүүрс борлуулагчаар томилон ажиллуулсугай” гэжээ.

      Эрчим хүч уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Хартарвагатайн нүүрсний уурхайн захиргааны даргын 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаар “Тооцооны нягтлан бодогчийг талоны няравтай хавсаргаж ажиллуулах тухай” тушаалд: “...Н.Отгонноровыг 11 дүгээр сарын 15-наас эхэлж талон борлуулагчийн ажлаас чөлөөлж мөн өдрөөс эхлэн тооцооны нягтлан бодогчоор авч ажиллуулах нь зүйтэй гэж үзсүгэй” гэжээ.

          “Хартарвагатай” хувьцаат компанийн захирлын 2002 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 18 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Тус хувьцаат компанийн борлуулалтын албаны ажилтан Ноост овогтой Отгонноровын өөрийн хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас нь 2002 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсүгэй” гэжээ.

          Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Х.Катав, Н.Эрдэнэбилэг нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Х.Катавын “Миний бие нь 1988 оноос 2003 он хүртэл Эрчим хүч уул уурхайн геологийн яамны харьяа Хартарвагатайн нүүрсний уурхайд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Н.Отгонноров нь тус уурхайд 1990-1994 он хүртэл нүүрс борлуулагч, тооцооны нягтлан зэрэг ажлуудыг хийдэг байсан. Н.Отгонноров нь уурхайн борлуулалтын албанд ажилладаг байсан бөгөөд ажилдаа идэвх санаачилгатай ханддаг уурхайн тэргүүний ажилтан байсан юм. Тухайн үед Эрчим хүч уул уурхайн геологийн яамны харьяа Хартарвагатайн нүүрсний уурхайн даргаар Пүрэвжав, Нямдагва, Санхүү, Сурмаажав гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Н.Эрдэнэбилэгийн “Миний бие нь 1985 оноос 1994 оныг дуустал Эрчим хүч уул уурхайн геологийн яамны харъяа Хартарвагатайн нүүрсний уурхайд талбайн мастер, инженерээр ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Н.Отгонноров нь Хартарвагатайн нүүрсний уурхайд 1990-1994 он хүртэл нүүрс борлуулагч, тооцооны нягтлан зэрэг ажлуудыг хийдэг байсан. Н.Отгонноров нь нүүрсний талон, нүүрс борлуулах ажлыг хариуцан ажилладаг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

             Нэхэмжлэгч Н.Отгонноров нь 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хүнсний үйлдвэрийн нарийн боовны цехэд нормчноор, 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрчим хүч уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Хартарвагатайн нүүрсний уурхайд нүүрс борлуулагч, тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь Хүнсний үйлдвэрийн техникийн сургуулийн захиргаанаас 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хүнсний үйлдвэрийн нарийн боовны цехэд нормчноор томилсон тушаалын хуулбар, Эрчим хүч уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Хартарвагатайн нүүрсний уурхайн захиргааны даргын 1990 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар “Отгоннноровыг ажилд томилох тухай” тушаал, Эрчим хүч уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Хартарвагатайн нүүрсний уурхайн захиргааны даргын 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаар “Тооцооны нягтлан бодогчийг талоны няравтай хавсаргаж ажиллуулах тухай” тушаал, гэрч Х.Катав, Н.Эрдэнэбилэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

         Иймд нэхэмжлэгч Н.Отгонноровын хүсэлтийг хангаж, түүний 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хүнсний үйлдвэрийн нарийн боовны цехэд нормчноор 2 жил 10 хоног, Эрчим хүч уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Хартарвагатайн нүүрсний уурхайд 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нүүрс борлуулагчаар 3 жил 7 сар 14 хоног, 1993 оны 11 дүгээр сарын 15-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор 1 жил 1 сар 16 хоног, нийт 6 жил 9 сар 10 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

           Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.               

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Харагчууд овогт Ноостын Отгонноровын 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хүнсний үйлдвэрийн нарийн боовны цехэд нормчноор 2 /хоёр/ жил 10 /арав/ хоног, Эрчим хүч уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Хартарвагатайн нүүрсний уурхайд 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нүүрс борлуулагчаар 3 /гурав/ жил 7 /долоо/ сар 14 /арван дөрөв/ хоног, 1993 оны 11 дүгээр сарын 15-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 16 /арван зургаа/ хоног, нийт 6 /зургаа/ жил 9 /ес/ сар 10 /арав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.               

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Н.Отгонноровын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ