| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0810/Э |
| Дугаар | 822 |
| Огноо | 2019-08-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 822
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,улсын яллагч Ж.Отгончимэг, шүүгдэгч Ү.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ү-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908025190791 дугаартай хэргийг 2019 оны 07дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Ү-ын Т, Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй,бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ****, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ү.Т нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 11 дүгээр байрны *** тоотод иргэн Т.С-ын гэдсэнд хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овогт Ү-ын Т нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны*** тоотод хохирогч Т.С-ын гэдсэнд хутгаар зүсэж, түүний бие махбодод“...хэвлийд шарх...”бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1.Шүүгдэгч Ү.Т шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;
2.Хохирогч Т.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 01-ний орой 20 цагийн үед хуучин ажиллаж байсан Б, түүний эхнэр Т хамаатны ах П бид дөрөв Б-ийн түрээслэн амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд ирсэн. бид нар хоол хийж идээд Б дэлгүүр орж 2.5 литрийн савлагаатай хоёр том пиво авч ирсэн. Б, эхнэр Т-тай хэрэлдээд эхэлсэн бөгөөд би юунаас болж хэрэлдсэнийг санахгүй байна. Тэгээд нэг харахад Б эхнэрийнхээ дээрээс гараад суучихсан хоорондоо ноцолдоод эхлэхээр нь би явж очоод тэр хоёрын голоор орж салгаад Б-ийн урдаас тэврээд байж байхад эхнэр Т нь нэг хутга аваад хутгатай гараараа миний гэдэс рүү хутгалж гэдсийг маань зүссэн. Тэгээд миний гэдэс эвгүй оргиод цус гарахаар нь би хамаатны ах П-д хэлээд гэдсээ харуулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36-37 дугаар хуудас),
3.Гэрч С.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дүү Б босоод тэр хоёрыг голоор нь салгаад Б-ийн хөдөлгөөнийг хориод урдаас нь тэврээд салгасан. Дүү миний хажууд суугаад гэдсээ надад үзүүлээд Т намайг хутгалчихлаа гэж хэлээд гэдсээ гаргаж үзүүлэхэд арьс нь зүсэгдсэн цус гарч байсан. Би Б, Т хоёрт хандаж та хоёр чинь тэнэг юм уу дүү С-ыг хутгалсан байна гэж хэлэхэд Б босож ирээд цагдаа дууд гээд байсан...” (хх-ийн 41 дүгээр хуудас),
4.Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С ирээд миний араас тэвэрч бариад намайг хойш нь татаад босгоход эхнэр босож ирээд ширээн дээр байсан хар өнгийн хуванцар иштэй хутгыг аваад хутгатай гараараа С бид хоёр луу чиглүүлээд нэг удаа чичилсэн. Тэгэхэд П ах хөөе наадах чинь хутга барьчихсан байна шүү дээ гэхээр нь би шууд эхнэрийн хоёр гарыг нь бариад эхнэрийг доош нь дараад газар хэвтүүлэхэд С ах П-д үүнийг хараа гээд гэдсээ үзүүлж байсан ба гэдэс нь бага зэрэг зүсэгдсэн байсан...” (хх-ийн 43 дугаар хуудас),
5.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5496 дугаартай “...Т.С-ын биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгтхамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 63 дугаар хуудас);
6.Шүүгдэгч Ү.Т-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 88 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 42 дугаар хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 89 дүгээр хуудас), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хх-ийн 90 дүгээр хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 40 дүгээр хуудас), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хх-ийн 41 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
7.Шүүгдэгч Ү.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С ирээд нөхрийн араас тэврээд хойш нь татаад босгохоор нь би бас босоод ширээн дээр байсан хар цагаантай хуванцар иштэй хутгыг аваад хутгатай гараараа Б-ийн баруун талын гар луу хатгасан. Тэгэхэд нөхөр Б миний хоёр гарыг бариад намайг газар дарж унагаасан. Тэгсэн чинь П та хоёр чинь хүн алчихлаа гэхээр нь С-ыг харахад гэдэснийх нь хэсгээс цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 82 дугаар хуудас);
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ү.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн төлсөн, хохирогч Э.С нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 203дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.С-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Ү.Т-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Э.С-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ү.Т-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Э.С нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Ү.Т-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ү.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнбайгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээндэрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Т-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн гурвансарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоортогтоов.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ү.Т цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Ү-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Т-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөрторгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Т-т оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Ү.Т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэннэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ү.Т цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ү.Т-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА