| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 184/2024/05923/И |
| Дугаар | 210/МА2025/01541 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/01541
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/05256 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******эд холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанаас учирсан хохирол 28,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******тэй 2022 оны 4 дүгээр сард 25,000,000 төгрөгөөр санхүүгийн программ хийлгэх зорилгоор тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу *******ийн Хаан банкны ******* тоот дансанд 4 удаагийн шилжүүлгээр 23,000,000 төгрөг, серверийн үнэ 5,000,000 төгрөг нийт 28,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
1.2. Ажил эхэлснээс хойш 2022 оны 6 дугаар сарын сүүлээр программыг ажилчдын компьютерт суулган сургалтаа эхлүүлэн тестэлж эхэлсэн боловч олигтой үр дүнд хүрээгүй засаж залруулах зүйл гарсан, дээр нь 2022 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлан гаргах шаардлагатай болсон учраас сургалтыг 1 сараар хойшлуулсан. Тайлангаа дуусгаад сургалтаа эхлүүлье гэтэл хөдөө яваад ажил төрөл амжихгүй байна гэсэн шалтгаанаар 2023 оны 10 сар хүртэл ирээгүй. Сургалтаа эхлүүлсэн боловч сургалт хариуцсан туслах нь 2 хоног ирээд асууж тодруулсан зүйлд хариулт өгч чадахгүй сууж байгаад ирэлгүй 2 сар гаран сураггүй алга болсон.
Дахин online сургалт явуулахаар болж, 2023 оны 2 сарын сүүлээр нягтлангууддаа өдөрт 2 цагийн online сургалтад хамруулан эхний үлдэгдлүүдээ программд оруулан эхэлсэн бөгөөд асууж тодруулах зүйл гарахад холбогдох боломжгүй, оnline сургалт явуулна гэдэг бүтэхгүй юм байна гээд энэхүү программыг нэвтрүүлсэн өөр компанийн ажилтангаас сургалт авсан боловч программд нэмэлтээр хийж хөгжүүлэх олон зүйл хийх шаардлагатай тэгэхгүй бол энэ программ ажиллахгүй гэж хэлээд явсан.
1.3. Энэхүү программ нь засвар орох боломжгүй, эргэх холбоо байхгүй, түүхий эд материал бүтээгдэхүүн, орц солих боломжгүй, орлуулах бүтээгдэхүүн оруулах боломжгүй, нягтлан бодогч нар түүхий эд болон бараагаа өөрсдөө оруулахаар тохируулсан, борлуулагч нарын борлуулалтыг нягтлан бодогч нар татдаг болсон нь өмнөх программаас дордсон зэргээр манай шаардлагыг хангаж чадахгүй программ болсон. Өнөөдрийг хүртэл программыг нэвтрүүлж чадалгүй 2 жил 2 сар болж байгаа тул 28,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. 2022 оны 3 сард *******-ийн Ерөнхий захирал *******, түүний хүү *******, Ерөнхий ня-бо ******* нартай *******, ******* нар уулзан ******* программыг ААН-н өгөгдлүүдийг оруулан модулууд өөрчлөх ажлуудыг хийхээр тохиролцсон.
2.2. ******* нь шинэ сервер худалдан авч серверт байх бүх зүйлийг шинээр суулган бүх тохиргоо, сүлжээний ерөнхий зураглал тохиргоо, хамгаалалт, лиценз зэргийг шийдвэрлэж 2022 оны 12 сар гэхэд программ ажиллуулах талбар буюу серверийг бүрэн хийж дуусган компанид хүлээлгэн өгсөн.
2.3. ******* тухайн компанийн төлөөний хүмүүстэй удаа дараа уулзалт хийн бараа бүтээгдэхүүний нэршил, түүний эд материалийн жагсаалт, эхний болон эцсийн үлдэгдэл зэргийг оруулж олон улсад ашиглагддаг ******* программын модулиудын хөгжүүлэлтийг хийж туршилт, сургалт мэдээллийг тодорхой хэмжээнд хийсэн учраас тохиролцсон ажлууд бүрэн хийгдсэн тул 28,000,000 төгрөгийг буцаан төлөх боломжгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.6, 355 дугаар зүйлийн 355.2-д зааснаар хариуцагч *******ээс 14,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 227,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6.6-д “Гэвч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээгээр харилцан тохиролцсон санхүүгийн программын ажлын 1 дүгээр шатны ажил болох сервер шинээр худалдан авч суурьлуулсан талаар маргаагүй...” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд бодит байдалд нийцэхгүй юм.
Учир нь, сервер шинээр худалдан авч буй хариуцагчийн үйлдэл нь санхүүгийн программ хийж гүйцэтгэх 1 дүгээр шатны ажил биш бөгөөд санхүүгийн программыг хийж гүйцэтгэх урьдчилсан нөхцөл юм. Өөрөөр хэлбэл, санхүүгийн программ хийхийн тулд хариуцагч нь сервер худалдан авсан, нэхэмжлэгч нь хариуцагчийг “санхүүгийн программыг доголдолгүй, бүрэн хийж гүйцэтгэнэ” гэдэгт итгэж серверийн төлбөрт 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч хариуцагч нь санхүүгийн программыг бүрэн, доголдолгүй хийж гүйцэтгээгүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүйн улмаас нэхэмжлэгч нь ямар ч санхүүгийн программыг хүлээн авч ашиглаж чадаагүй бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчийн худалдан авсан серверийг ашиглах боломжгүй ба сервер худалдан авсан үйлдлийг 1 дүгээр шатны ажил хэмээн дүгнэх боломжгүй юм.
Гэтэл анхан шатны шүүх “сервер худалдан авсан” хариуцагчийн үйлдлийг 1 дүгээр шатны ажил хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн бөгөөд тухайн серверийг нэхэмжлэгч ашиглах боломжгүй, хэрэгцээ шаардлагагүй болсон үйл баримтад дүгнэлт хийж чадаагүй байна.
4.2. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6.6-д “...программыг ажлын компьютерт суулган тестэлсэн боловч ажиллаагүй гэж нэхэмжлэгч тайлбарласан тул хариуцагчаас санхүүгийн программын ажлын хөлс, серверийн төлбөрт шилжүүлсэн 28,000,000 төгрөгийн 50 хувь болох 14,000,000 төгрөгийг гаргуулж, ...нэхэмжлэлээс 14,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв” хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хариуцагч нь ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй бөгөөд хийж гүйцэтгэсэн гэх ажил нь бүрэн бус, доголдолтой, зориулалтын дагуу ашиглах ямар ч боломжгүй. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг доголдолтой хэмээн дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 343.1, 343.2, 343.3, 353.2-т заасныг тус тус зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагаас 14,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
4.3. Анхан шатны шүүх хууль хэрэглээний болон үйл баримтын ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр зөвхөн өөрийн үзэмжээр нэхэмжлэлийн шаардлагаас 14,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна.
Мөн хариуцагч нь ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, хийж гүйцэтгэсэн гэх ажил нь доголдолтой буюу зориулалтын дагуу ашиглах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж буй тохиолдолд Иргэний хуулийн 205.1-д заасны дагуу гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаах үүрэгтэй. Энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан ажлын хөлс болох 28,000,000 төгрөг буцаан өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэгчээс хариуцагчид буцаан шилжүүлэх үүрэг үүсэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгчээс ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, программ доголдолтой агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа программ суулгаж өгсөн хэдий ч сургалт зохион байгуулаагүй агуулгаар нэхэмжлэл гаргасан.
5.2. ******* нь шинээр сервер худалдан авч, захиалагч талын өгөгдлүүдийг суурилуулсан. Нэхэмжлэгчээс тухайн суурилуулсан серверийн доголдолтой холбоотой засварлах асуудлаар хариуцагчид хандаж байгаагүй.
5.3. Шүүхээс Иргэнийн хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч тодорхой хэмжээний ажил гүйцэтгэсэн учир талуудын байгуулсан гэрээг цуцалсанд тооцож сургалттай холбоотой ажлыг хийж гүйцэтгээгүй гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Нэхэмжлэгч нь “...Санхүүгийн муу программ хийж биднийг хохироосон, хохиролд 28,000,000 төгрөг гаргуулах...” гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон бөгөөд тус нэхэмжлэлд программ хүлээлгэж өгөөгүй талаар дурдагдаагүй, харин хүлээж авсан, доголдолтой гэх агуулгатай байдаг. Тухайлбал, ажил эхэлсэнээс хойш 2 сарын дараа буюу 2022 оны 6 сарын сүүлээр программыг ажилчдын компьютерт суулган сургалтуудаа эхлүүлэн тестэлж эхэлсэн... бид 2022 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлан гаргах шаардлагатай болсон тул сургалтыг 1 capaap хойшлуулсан...”, “...энэхүү программыг нэвтрүүлсэн өөр компаний ажилтныг ажил дээр ирэн сургалт хийсэн боловч программ нэмэлтээр хийж хөгжүүлэх олон зүйл хийх шаардлагатай тэгэхгүй бол энэ программ ажиллахгүй юм байна гэж хэлээд явсан болно...” гэж үндэслэлээ тайлбарласан агуулгаас үзэхэд хариуцагч санхүүгийн программ нэхэмжлэгч талд хүлээлгэж өгсөн харин доголдолтой байсан талаар дурдсан байдаг.
Харин анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ программ шаардлага хангаагүй, тестэлж үзээгүй, үр дүнг хүлээлгэн өгөөгүй, ажлын доголдлыг засаж өгөөгүй, цаашид засаж өгөхгүй нь тодорхойгүй учраас гэрээнээс татгалзаж, төлсөн 28,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байгаа гэж анх гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээс өөр үндэслэлтэйгээр мэтгэлцэж оролцсон. Өөрөөр хэлбэл, анх программыг ажилчдын компьютерт суулгаж тестэлж үзээгүй, үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэх зэргээр маргааны үйл баримтыг өөрчилсөн.
Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн бодит болон хууль зүйн үндэслэлд бодитой дүгнэлт хийж чадаагүй. Учир нь гэрээнээс татгалзах, цуцлах үндэслэл журмыг хуульд зохицуулсан бөгөөд тухайн үндэслэл журмын дагуу татгалзах, цуцлах хүсэл зоригоо хэрэгжүүлсэн эсэх, гэрээнээс татгалзах, цуцлах үндэслэл бий болсон эсэхэд үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгч талын нотлоогүй үйл баримтыг үнэн гэж үзсэн.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2-т зааснаар нэхэмжлэгчийг ажлын хөлсөнд шилжүүлсэн төлбөрийг буцаан шаардах эрхтэй байна гэж дүгнэсэн. Гэтэл тухайн хуулийг хэрэглэх урьдач нөхцөл бий болсон эсэхийг дүгнээгүй, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол гэж урьдач нөхцөлийг тодорхой заасан. Хариуцагч талыг нэхэмжлэлд дурдснаар хүлээлгэж өгсөн санхүүгийн программ нь манай шаардлагыг хангаж чадахгүй дутагдалтай зүйлүүдийг доор дурьдвал гээд жагсаан бичсэн доголдлуудыг үүргийн зөрчил гэж үзэхээр байгаа бол хариуцагч талыг үүргээ ноцтой зөрчсөн гэх үйл баримтаа нэхэмжлэгч нь нотлох үүрэгтэй. Гэвч нэхэмжлэлд дурдаад буй ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг нотолсон баримт хэрэгт байхгүй учир Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2-т зааснаар гэрээг цуцлах, татгалзах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээг цуцлах үндэслэл болсон үйл баримтыг хэрэгт авагдсан баримтаар тогтоогоогүй.
Мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т зааснаар гэрээг цуцлах бол мөн хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу гэрээг цуцлахаар зохицуулсан. Нэхэмжлэгч нь хариуцагч талд хандаж санхүүгийн программ шаардлага хангахгүй байна, гэрээгээ цуцлах, татгалзах талаар огт мэдэгдэж байгаагүй ямар нэгэн шаардлага гаргаж байсан удаа байхгүй байхад гэрээг цуцлах үндэслэл журам хэрэгжээгүй байхад гэрээг цуцалж төлбөр гаргуулсан нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч талыг доголдолтой үр дүн хүлээлгэж өгсөн гэж үзэж байгаа бол үүргийн зөрчил болох гэрээний зүйлийн доголдлыг нотлох үүрэгтэй, ингэснээр гэрээнээс татгалзах, цуцлах үндэслэлд бодит үнэлэлт өгөх нь хууль зүйн үндэслэл байтал анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл нь тухайн программыг тестэлсэн боловч үр дүнд хүрээгүй, засаж залруулах шаардлагатай агуулгаар гаргасан. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн хариуцагч санхүүгийн программыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй. Сургалтын талаар талууд тохиролцсон боловч үүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулаагүй. Тус нөхцөл байдлын улмаас ажилчид санхүүгийн программыг ажиллуулж чадаагүй. Хэрэв гэрээгээр тохиролцсон ажлын үр дүн гаргасан тохиолдолд санхүүгийн программын өгөгдөл, эх хувь, дата зэрэг нь хариуцагчид байх ёстой. Хариуцагч тухайн асуудалтай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь ажлын үр дүн гараагүй нөхцөл байдлыг илтгэж байна.
7.2. Ажил гүйцэтгэх гэрээний гол зорилго нь гэрээгээр тохиролцсон нөхцөл журмын дагуу ердийн байдлаар ашиглах боломжтой программ хүлээж авах байдаг. Уг санхүүгийн программ нь өнөөдрийн байдлаар захиалагчид байхгүй. Хариуцагчаас гаргаж өгсөн *******тэй харилцсан зурвас хэрэгт авагдсан. Тухайн баримтад санхүүгийн программын үйл ажиллагаа хэвийн бус, сургалт орох шаардлагатай агуулгаар хариуцагчтай харилцсан байдаг. Энэ талаар нэхэмжлэгч цаасан хэлбэрээр мэдэгдэж байгаагүй хэдий ч хариуцагчид шаардлага тавьж байсан. Мөн энэ үйл баримттай холбоотойгоор хариуцагч шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй. Иймд хариуцагчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд төлсөн 23,000,000 төгрөг, серверийн үнэ 5,000,000 төгрөг нийт 28,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон маргааны үйл баримтыг зөв тодорхойлсон боловч нотлох үүргийн хуваарилалтыг буруу тогтоосон алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, нэхэмжлэлээс ажлын хөлс буцаан шаардсан хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулна.
3.1. ******* нь *******тэй 2022 оны 4 дүгээр сард ******* санхүүгийн программ хангамжийн хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгүүлэхээр амаар харилцан тохиролцжээ.
Дээрх гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
Гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллагаас ажлын хөлс 23,000,000 төгрөг, серверийн тоног төхөөрөмжийн үнэ 5,000,000 төгрөг нийт 28,000,000 төгрөг төлсөн, хариуцагчийн хувьд серверийн тоног төхөөрөмжийг худалдан авч, хийж гүйцэтгэсэн гэх программыг суурилуулсан үйл баримтад маргаагүй, талуудын маргааны зүйл нь гэрээгээр тохирсон ажлыг хариуцагч бүрэн гүйцэтгэсэн эсэх, ажлыг хүлээлгэн өгсөн эсэх асуудал болжээ.
4. Ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэгчийн үндсэн үүрэг нь гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэж, ямар нэг доголдолгүй ажлын үр дүн хүлээлгэн өгөх, харин захиалагчийн хариу үүрэг нь ажлын үр дүнг хүлээн авч, түүнд тохирсон хөлс төлөх үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт тус тус зохицуулсан.
4.1. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс хариуцагч нь программыг компьютерт суулгаж, тестэлж үзэхэд үр дүнд хүрээгүй засаж залруулах зүйл гарсан боловч засварлаагүй буюу ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэж, харин хариуцагч нь гэрээний дагуу программын ажлыг бүрэн гүйцэтгэж, сүлжээний ерөнхий зураглал, тохиргоо, хамгаалалт, лиценз зэргийг шийдвэрлэж, 2022 оны 12 дугаар сард ажлыг хүлээлгэн өгсөн, ******* нь туршилт, сургалтын мэдээллийг тодорхой хэмжээнд хийсэн гэж маргажээ.
Энэ тохиолдолд нотолгооны үүргийн хуваарилалтын хувьд хариуцагч нь ажлыг бүрэн гүйцэтгэж, ямар нэг доголдолгүй ажлын үр дүн хүлээлгэн өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотлох үүрэгтэй.
Талуудын гэрээгээр тохирсон программ хангамжийн ажлыг бүрэн гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн гэж үзэхэд уг ажлын гүйцэтгэл нь гэрээгээр тохирсон нөхцөл, шаардлагад нийцсэн, энэ нь тест буюу туршилтын үр дүнгээр баталгаажсан байхыг шаардана.
Хэргийн 15-44, 46-56 дугаар талд авагдсан хариуцагчийн гаргаж өгсөн банкны дансны хуулга, *******тэй харилцсан гэх зурвас, ажлын гүйцэтгэл гэх бичгэн баримтуудаар хариуцагч ажлыг бүрэн гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн нь нотлогдсон гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь:
Хариуцагч болон ******* нарын харилцсан гэх зурвасыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан журмаар нотлох баримтаар бэхжүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэлд тооцохгүй тул уг нотлох баримтыг үнэлэх хууль зүйн боломжгүй.
Мөн ажлын гүйцэтгэл гэх бичгэн баримтууд /анхан шатны шүүхийн шийдвэрт гарын авлага гэж нэрлэсэн/ нь ажлын гүйцэтгэлийн тайлан, программыг ажиллуулахтай холбоотой гарын авлага биш байх ба эдгээр баримтуудаар хариуцагчийн гүйцэтгэсэн гэх ажил нь санхүүгийн бүртгэл бүрэн хийгдэж, ямар нэг доголдолгүй ажиллаж байгааг нотлохгүй байна.
Харин банкны дансны хуулга нь нэхэмжлэгч байгууллагаас ажлын хөлс болон серверийн тоног төхөөрөмжийн төлбөрийг шилжүүлсэн талуудын маргаагүй үйл баримтад хамааралтай байх ба ажлын хөлсийг төлж байсан нь ажлыг бүрэн гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй.
Иймд хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу тохирсон ажлыг бүрэн гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотолж чадаагүй байх тул гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзнэ.
4.2. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардах эрхтэй.
Хариуцагч нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй үүргийн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон, уг зөрчлөө арилгахыг шаардсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг баримтаар үгүйсгэж чадаагүй байх тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, хохирлоо шаардсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.
Иймд анхан шатны шүүх гэрээ цуцлах нөхцөл бий болсон эсэх талаар дүгнээгүй, хариуцагчийг үүргээ зөрчсөн гэх үйл баримтыг нэхэмжлэгч нотлоогүй байхад төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.
Ийнхүү гэрээ цуцлагдсанаар талуудын гэрээний үүргийн харилцаа дуусгавар болох бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгээгүй ажилд хөлс төлөх үүрэг хүлээхгүй тул ажлын хөлсөнд төлсөн 23,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдана.
Харин серверийн тоног төхөөрөмж нь ашиглах боломжгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул түүний үнийг үүргийн зөрчлийн улмаас учирсан хохиролд тооцох үндэслэлгүй. Иймд серверийн тоног төхөөрөмжийн үнэ 5,000,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дараах гомдлыг мөн хангахгүй орхино.
5.1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-1-3/ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар /хх-151, 152/ зэргээс үзэхэд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа “...программийг тестэлж эхэлсэн боловч алдаа дутагдал гарсан, энэ алдаа дутагдлаа засах шаардлага тавьсан засаагүй” гэх агуулгаар тайлбарласан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилсөн гэх байдал тогтоогдоогүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл, шаардлагаа өөрчлөх эрхтэй талаар заасан. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажлыг хүлээлгэж өгсөн, харин доголдолтой байсан гэж, харин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тестэлж үзээгүй, үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэх зэргээр маргааны үйл баримтыг өөрчилсөн гэх гомдлыг хүлээн авахгүй.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/05256 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс 23,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтын “...56.1” гэснийг “56.2” гэж, “...227,950” гэснийг “272,950” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас урьдчилан төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 228,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Т.ГАНДИЙМАА