Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 624

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОК61081006, Илжгэн овогт Цэдэвийн Өнөрсайханы нэхэмжлэлтэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Өнөрсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

      Нэхэмжлэгч Ц.Өнөрсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1961 онд төрсөн, 55 настай. Би 1979 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн барилгад шаварчнаар ажиллаж байсан ба тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт орох болсон бөгөөд Шинэ зам нэгдлийн контор шатсан, хөдөлмөрийн дэвтрээ нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Миний бие нь 1990 оноос 2000 он хүртэл ажилласан жилээ нөхөн тооцуулсан тул 1979 оноос 1989 оныг дуустал Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд шаварчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Д.Баянжаргал, Ч.Төөрүүл нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Ц.Өнөрсайхан нь 1979 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд шаварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

      Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 186 дугаар архивын лавлагаанд: “Увс аймгийн Өндөрхангай сумын Үйлдвэр бригадын 1979 оноос 1989 оны хоорондох цалинг шүүн үзэхэд Цэдэв овогтой Өнөрсайхантай холбогдох баримт гараагүй нь үнэн болно” гэжээ.

      Өндөрхангай сумын Намын хороо, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, нэгдлийн зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ц.Өнөрсайханыг шагнаж байсан баярын бичиг, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шагнаж байсан диплом, талархал, 1984 онд хамт олонтойгоо авахуулж байсан гэх гэрэл зураг, нэгдлийн гишүүний үнэмлэх зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

            Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Баянжаргал, Ч.Төөрүүл нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Баянжаргалын “Миний бие Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1976 оноос эхлэн нэгдэл тарах хүртэл шаварчнаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед Ц.Өнөрсайхан нь 1979 онд Шинэ зам нэгдэлд туслах ажилтан буюу шаварчнаар ажилд орсон бөгөөд нэгдэл тарах хүртэл ажилласан. Тухайн үед Шинэ зам нэгдлийн даргаар М.Памаж, Цэрэннадмид, Төөрүүл гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ч.Төөрүүлийн “Миний бие Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1969 оноос эхлэн 1992 он хүртэл барилгын мастер, бригадын даргаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед Ц.Өнөрсайхан нь 1979 онд Шинэ зам нэгдэлд туслах ажилтан буюу шаварчнаар ажилд орсон бөгөөд нэгдэл тарах хүртэл ажилласан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

         Нэхэмжлэгч Ц.Өнөрсайханыг шагнаж байсан гэх талархал, нэгдлийн гишүүний үнэмлэх зэрэг баримтуудын нэр, огноо нь засвартай байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

         Хэдийгээр Ц.Өнөрсайханы 1979 оноос 1989 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалин Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй байгаа боловч нэхэмжлэгч нь 1979 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд шаварчнаар ажиллаж байсан болох нь Өндөрхангай сумын Намын хороо, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, нэгдлийн зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ц.Өнөрсайханыг шагнаж байсан баярын бичиг, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шагнаж байсан диплом, 1984 онд хамт олонтойгоо авахуулж байсан гэх гэрэл зураг, гэрч Д.Баянжаргал, Ч.Төөрүүл нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

          Иймд нэхэмжлэгч Ц.Өнөрсайханы хүсэлтийг хангаж, түүний 1979 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд шаварчнаар 11 /арван нэг/ жил ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.               

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Илжгэн овогт Цэдэвийн Өнөрсайханы 1979 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд шаварчнаар 11 /арван нэг/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.   

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Ц.Өнөрсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ